Wednesday, July 25, 2012

Валлота - Гоёмсог сүлжиг

Vallota purpurea
Монгол нэршил - Гоёмсог сүлжиг
Амаралисын овгийн Валлота бүлэг нь францын ботаник Пьер Валлогийн нэрээр нэрлэгдсэн гэнэ. Энэ бүлэг нэг л төрөл зүйлээс бүрддэг - Үзэсгэлэнт Валлота - Валлота прекрасная (Vallota speciosa).
Валлотаг Европруу Өмнөд Африкаас оруулж ирсэн байна. Бусад нэрс:
- Циртантус возвышенный (Cyrtanthus elatus (Jacq.) Traub.)
- Амариллис возвышенный (Amaryllis elata Jacq. (basionym))
- Амариллис пурпурный (Amaryllis purpurea Aiton)
- Кринум прекрасный (Crinum speciosum L. f.)
- Валлота пурпурная (Vallota purpurea (Aiton) Herb.)
Cyrtanthus elatus Pink Diamond
Валлотаг бусад төстэй сонгинон булцуутай (гиппеаструм болон амарилис) цэцгүүдээс сонгиноор нь ялгаж болдог. Валлотагийн сонгино нь гозгой урт, өндөгөн хэлбэртэй, улаавтар бор хальстай.
Мөн дэвүүр мэт байрласан гүн бараан ногоон өнгийн навчаараа ялгардаг.
Валлотагийн гол гоо үзэмж нь цэцгэндээ байдаг. Цэцгийн иш дундаа хөндий хоосон, ба урт нь 30 см хүрдэг. Нэг цэцгийн ишнээс ойролцоогоор 3-9 цэцэг гардаг. Насанд хүрсэн том сонгиноос хэд хэдэн цэцгийн иш зэрэг гардаг.
Валлота нь гэрт ургуулахад маш сайн тохирдог цэцэг:
- хэмжээ бага тул ямар ч цонхны тавцан дээр багтдаг
- туршлагагуй цэцэгчинд ч удаан болон тансаг цэцэглэдэг
- үзэмж сайтай, цэцэглээгүй үедээ ч гэсэн гоё харагддаг
- ямарваа нэгэн хорхой, шавьжинд халдагдах нь бага
Байршил
Гэрэл маш их шаарддаг цэцэг. Зүүн, баруун, урд зүгрүү харсан цонхон дээр тавьж болно. Бага зэргийн нарны гэрэл тусах зүгээр. Гэхдээ зуны хурц нарнаас халхалсан нь дээр байдаг. Зундаа гадаа тагтан дээрээ гаргавал илүү тохиромжтой.

Агаарын хэм
Хавар зуны идэвхитэй ургалт үед дулаахан +20-25С хэмд байлгана. Хэрэв энэ хэмжээнээс халуун байвал арай сэрүүн газар нүүлгээрэй. Нэвт салхи, агаарын халуун хүйтэн огцом өөрчлөлтөөс болгоомжил!
Өвөл хүйтэнд байлгах нь дээр. Энэ нь ургамлын хэвийн ургалт, хөгжилд хэрэгтэй байдаг. Тохиромжтой агаарын хэм +10-12С байна. Хамгийн байж болох доод хэм +5С, үүнээс доошоо бол үхнэ. Сэрүүн өвөлжүүлвэл маш олон тооны цэцэг гарч, цэцэглэлт удаан үргэлжилдэг.
Цэцэглэж дуусаад амралт үе эхлэнэ. Амралт үе нь ойролцоогоор 2 сар үргэлжидэг.
Усалгаа
Хэт их ус хэрэггүй. Харин ч багавтар услах нь дээр байдаг. Ургалт үед нэг өнжөөд услана. Заримдаа (савны том жижиг, хөрсний найрлага зэрэгээс хамаарч) хоёр өнжөөд услах болдог. Хөрс хатсаны дараа услана. 
Тосгуур саванд хуримтлагдсан илүүдэл усыг заавал асгаж байгаарай. Намар тийш цэцэглээд дуусангуут усалгааг багасгана. Энэ үед харин анхааралтай байх хэрэгтэй. Валлота сулраад, навчаа гөвөх гээд байдаг. Үүнээс сэргийлж хөрсийг удаан хугацаагаар бүрэн хатааж болохгүй, өлөн чийгтэй байлгана. 
Агаарын чийгшил
Онцын шаардлага агаарын чийглэг үгүйд тавиад байдаггүй. Гэхдээ хэрэв хэт хуурай халуун байвал өдөр бүр усаар шүршиж байсан нь дээр. Шүршихдээ цэцгэнд ус хүргэж болохгүй анхаараарай.
Навчны тоосыг долоо хоног бүр чийгтэй алчуураар арчиж байвал чийг өгч цэвэрлэхээс гадна элдэв наалдсан шавж хорхойноос салгана. 
Бордоо
Ямар нэгэн тусгай бордоо хэрэггүй. Цэцэглэдэг ургамалд зориулсан ямар ч бордоо хэрэглэу болно. Сардаа хоёр удаа бордоход болно.
Шилжүүлэн суулгалт
Аль болох цөөн шилжүүлэн суулгалтыг хийж байгаарай. Сайн ургуулж, сайхан цэцэглүүлхийн тулд жижиг саванд суулгадаг. Шилжүүлж суулгахыг болж өгвөл хийхгүй байх хэрэгтэй. Гурван жилд нэг удаа шилжүүлэн суулгалт хийж болно. Үүнээс ойрхон хийх хэрэггүй. Маш болгоомжтой хийхгүй бол үндэс болон сонгино гэмтвэл сонгино дорхноо ялзардаг.
Шилжүүлэн суулгахдаа эх булцууг жижиг жижиг зулзаган сонгинуудаас салгана. Тэгэхгүй бол эх сонгино сульдаж хүчгүй болдог.
Цэцэг анхлан тарьж байгаа хүмүүсийн гол асуудаг зүйл: сонгиноо хэр гүнзгий суулгах вэ? Сайн ажиглавал зулзаган сонгинууд нь эх сонгины ёроолд нь биш дунд хэсгээс, заримдаа бүүр дээд талаас нь ч гарсан байдаг. Эх сонгиноос салахдаа салхиар туугдаад, эсвэл амьтанд наалдаж явсаар эх булцуунаасаа зайтай ургаж эхэлдэг. Энэ нь цаашид ургаж хөгжихөд нь их хэрэг болдог байна.
Хөрстэй холбож барьцалдуулдаг онцгой механизм байдаг – холбогч (богино) үндэс. Энэ үндэс нь валлотагийн үрсэлгээг хөрстэй барьцалдуулж таарсан гүнд суулгаж өгдөг байна.
Хүсвэл та зулзаган сонгиныг өнгөцхөн суулгаад ажиглаарай. Гэхдээ цаг хугацаа хэмнэх үүднээс шууд л талыг нь хөрсөнд суулгаад, талыг нь ил гаргасан нь дээр.
Валлота цэцэглэхгүй байвал:
90% нь хэт том саванд суулгаснаас болдог. Том саванд суулгавал цэцэглэхгүй, харин маш олон зулзага үүснэ. Цэцэглүүлэхийн тулд жижиг саванд байлга.
Шилжүүлэн суулгалт мэдээж хэрэгтэй. Тэжээлгүй болсон хөрсийг 3 жилд нэг удаа сольж болно. Маш болгоомжтой шилжүүлж суулгана. Үндэс гэмтээвэл илжрэх нь амархан. Булцууг хагас ил суулгана. Хамгийн бүдүүн хэсэг хүртэл булна. Энэ нь булцууны ойролцоогоор 1/3 байна.
Хөрс олон янзаар найруулж болно. Тохирох хөрс:
Хар шороо – 1/3 хэсэг
Навсин хөрс – 2 хэсэг
Хүлэрт хөрс – 2 хэсэг
Бүрэн задарсан ялзмаг – 1 хэсэг
Элс – 1 хэсэг
Заавал дренаж хийнэ. 
Шилжүүлж суулгах явцад зулзаган булцуунуудыг салгана. 
Үржүүлэх арга
Зулзаган булцуугаар үржүүлж авдаг. Ийм сонгины цэцэглэлт 2 жилийн дараа болно. Залуу цэцгийг эхний өвөл +16 С дулаанд маш их гэрэлтэй газар өвөлжүүлдэг. Хоёр жилийн дараа цэцэглэнэ. Зулзаган булцууг 9-10 см саванд суулгана. Хөрс дээрхтэй адилхан.
Үрээр тарьж болдог, цэцэг нь 3-4 жилийн дараа гарна.
Өвчлөл, хорхой шавж
Гол өвчлөл нь мөөгний гаралтай фузариоз, саарал хөгц байдаг. Хорхой шавжнаас бол "хуягт бамбайт" щитовка, аалзан хачиг.
Анхаар! Валлота хортой ургамал. Шилжүүлж суулгах, хагдарсан цэцэг тайрах. навч тасдах гэх мэт ажил хийх бол бээлий хэрэглээрэй. Бага насны хүүхэд болон гэрийн тэжээьэр амьтадаас хол байрлуулаарай.
Асуулт: Энэ цэцэгний амралт үеийн талаар дэлгэрэнгүй бичиж өгөөч. Хир удаан амраах вэ, мөн навчтай нь амраана гэж яах ёстой вэ?
Амралт үе
10 сараас 4 сар хүртэл. Намар цэцэглэлт дуусангуут амралт үе эхэлдэг.
Цэцэглэлт дуусангуут 9 сарын дундаас эхэлж усалгааг цөөрүүлж багасгана. Хөрсийг бүүр хатааж болохгүй. Валлотагийн навч бүтэн жил ногооноороо байдаг. Гэхдээ өвлийн улиралд амралт үедээ ордог. Навч сул унжиж эхэлвэл услана, навчийг үхүүлж болохгүй. Навч хатахыг валлота маш эмзэгээр хүлээж авдаг.
Иймээс гиппеаструмыг бодвол навчийг тайрч хаядаггүй. Хавар шинэ нахиа гартал навчтай нь байлгана. Амралт үед борддоггүй. Өвөл боломжтой бол +5-8 С хэмд өвөлжүүлнэ. Сэрүүн газар байрлуулсан тохиолдолд 2 сараас 4 сарын хооронд огт усалдаггүй. Гэхдээ навч үхэхээс сэргийлж шалгаж байна. Сэрүүн газар байрлуулах боломж үгүй бол 10 сараас 4 сар хүртэл усалгааг нэг хэмээр жигд явуулна. Ус хэтрүүлж болохгүй.
Навч нэг нэгээр шарлаж хатаад байвал санаа зовох хэрэггүй. Хавар усалгааг ихэсгээд, бордоод, дулаан газар байрлуулахад маш хурдан олон ногоон навч шинээр гарч ирдэг.
Навчийг зөөлөн чийгтэй алчуураар арчиж байх хэрэгтэй, гэхдээ шүршиж болохгүй. Орчны агаарыг манантуулж шүршдэг. Навч шүршихэд ус сонгиноруу орж илжрүүлэх аюултай. Хавар шинэ навч гарч эхлэнгүүт усалгааг ихэсгэж хуучин байранд нь тавьдаг.

No comments:

Post a Comment