Wednesday, August 12, 2015

Гиппеаструм

Хуучин блогт байсан хэд хэдэн бичлэгийг нэгтгээд тавьлаа. Давхардсан зүйлүүд байгаа шүү. :-)))))
"Philadelphia" сорт 
Hippeastrum hybridum hort нь сонгинон булцуутай ургамлуудын дунд хамгийн ганган эрхэмсэг цэцэг. Навчны урт 70 см, том хэмжээний сараана маягийн цэцэгтэй. Амарилисын овгийн цэцэг. Гиппеаструмыг ихэнхи тохиолдолд амариллис гэж ташаа нэрлээд байдаг.
Жинхэнэ Амариллис (Amaryllis)-ыг гиппеаструмаас өмнө 1737 онд нээсэн байдаг. Үүнээс зуугаад жилийн дараа гиппеаструмыг бүртгэжээ. Одоогоор гиппеаструмын 80 төрөл зүйл байдаг, харин амарилисын - нэг төрөл. Амарилисын цэцэг нь 8 см хүртэл байдаг бол гиппеаструмынх 12-15 см. Амарилис нь навчгүй цэцэглэдэг, харин гипеаструм нь урт тэлээ маягийн навчнуудтай ба энэ нь цэцэгтэй хамт эсвэл цэцэг гарсны дараахан ургадаг. Гиппеаструмын цэцэгний иш нь дотороо хөндий байдаг. Нэг цэцэгний ишэн дээр 2-6 цэцэг гардаг, ихэнхдээ цэцэг нь үнэргүй байдаг. Амарилисын цэцэгний иш хатуу, цулгуй, дээрээ 6-12 анхилуун үнэр бүхий цэцэгнүүдтэй. Мөн цэцэглэх үеэр үнэр ялгарна. Амарилис нь зун-намар цэцэглэж өвөл амардаг бол гиппеаструм нь өвөл-хавар цэцэглээд, зун нь амардаг. 
Гиппеаструмын бусад булцуутай цэцэгнээс (гиацинт, алтан зул) ялгарах зүйл нь насанд хүрсэн том сонгино дотор хэд хэдэн цэцгийн сум зэрэг хөгжиж байдаг. Дөрвөн навч бүрт нэг цэцэг ногддог гэж хэлж болно. Иймд гарсан навчны тоогоор дараа жил хэдэн цэцэг гарахыг тооцоолж болно. Ургалт үед нь сайн арчлах юм бол олон навч гарна. Энэ нь олон цэцэг гарна гэсэн үг. 
Сонирхолтой нь, Amaryllis овгийн нэр нь Эртний Грекийн яруу найрагч Феокритын шүлэглэсэн малчин хүүхний нэрнээс үүдэлтэй гэнэ. Харин Hippeastrum гэдэг нь — hippeios (морь унасан хүн), astron (од) гэсэн утгатай гэнэ.
Гиппеаструмын булцууг худалдаж авахын өмнө сайтар шалгаарай. Булцуу нь яг л сонгино шиг. Гөлгөр гадаргуутай, хүнд жинтэй, алтан бор өнгийн хуурай хальстай, сайн хөгжсөн амьд үндэстэй байх ёстой. Харин савтай цэцэг авах тохиололд гаднах байдлыг нь сайн харах хэрэгтэй байдаг. Эрүүл цэцэгний навч тод ногоон өнгөтэй гялгар, угаараа чанга, тогтвор сайтай. Өвчилсөн, эсвэл сул цэцэгний навч унжийгаад, гялгар нь байхгүй, өнгө алдсан харагддаг. 
Хэрэв сонгино улаан ирмэгтэй, цэгэн хээтэй байвал мөөгний гаралтай өвчин туссан гэсэн үг (улаан түлэгдэл, улаан хөгц, улаан зэв гэх мэт өвчлөлүүд). Ийм сонгино авах хэрэггүй - маш удаан эмчлэх шаардлагатай байдаг юм. 
Гиппеаструм нь ямар ч хар шороотой хөрсөнд ургадаг, гэхдээ ялзмаг болон бага зэрэг модны үнс, ясны гурил нэмэж өгвөл илүү сайн, үзэмжтэй ургах юм байна. Ясны гурилыг суперфосфатаар орлуулж болно (2 цайны халбагыг 1 л саванд). Фосфор нь маш тансаг цэцэглэлт өгдөг. 
Цэцэглэлт эхлэх хугацаа нь сонгины нас, хэр том хэмжээтэй гэдэгээс шууд хамаардаг. Сонгино том байх тусам хурдан цэцэглэдэг.
Хэрэв үрээр тарьсан бол 3—3,5 жилийн дараа цэцэглэж эхэлнэ. Хэрэв зулзаган сонгино салгаж суулгасан бол цэцэглэлт нь 2-2,5 жилийн дараа болно. Гадаа цэцэрлэгт суулгасан гиппеаструм нь  амархан хүч орж томордог.
Тайрсан цэцгийг усанд хийвэл 7—8 өдөр гоё хэвээр байдаг. Том цэцэгтэй тул өндөр, хүнд ваазанд хийж тавьдаг. 2 хоноод доод ишний зүсэлтийг шинэчилж байх хэрэгтэй. Нялцгай шүүс гарч хуримтлагдахаас сэргийлж байгаа юм.
Гиппеаструмыг ургуулахад 3 нууц байдаг:
1. Саванд суулгахдаа сонгиноо эхнээс нь зөв суулгах хэрэгтэй. Намхан, навтгар, өргөн сав сонгоно. Гиппеаструмын сав хэт том байж болохгүй: савны хана, сонгино хоёрын хоорондын зай нь 2-3см, эсвэл нэг хуруунаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үгүй бол цэцэг үндэс ургуулж, навч олноор гаргаад, хажуудаа зөндөө зулзаган сонгино үйсгээд байхаас биш цэцэглэхгүй. Иймд жижиг саванд суулгадаг, гэхдээ тогтвор сайтай сав сонгоорой. Цэцэг том хэмжээтэй тул сав унаад байж магад.
Зарим цэцгийн хэмжээ нь 20–22 см диаметр байдаг, "махровый" буюу давхар дэлбээтэй сортуудын цэцэг бүүр ч хүнд байдаг. Мөн дээр нь сонгиныг бүтнээр нь булдаггүй, 1/2-ыг нь ил гаргаж хагас булдаг тул савтай цэцгийн хүндийн жин дээрээ төвлөрөөд байдаг. Савны ёроолд багавтар, гэхдээ найдвартай дренаж хийж өгдөг. Дренажны нүхийг хөрсөөр бөглөхөөс болгоомжил. Илүүдэл ус шууд гарч байх ёстой. 
Савны багтаамж сонгины хэмжээтэй харьцуулахад бага тул аль болох тэжээллэг хөрс авдаг. Нэг шилжүүлэн суулгалтаас нөгөөг хүртэл бүтэн жилийн нөөцийг нь хангахаар байх ёстой. Зарим туршлагатай цэцэгчид хөрсийг ялзмаг, бүх төрлийн мал амьтны өтөг бууц зэргээр дүүргэхийг зөвлөдөг. Гэхдээ сонгино амархан мөөгний гаралтай өвчин тусдаг тул туршлага багатай цэцэгчид үүнийг дагасны хэрэггүй болов уу.
Үүний оронд үнс, минерал бордооны иж бүрдэл хэрэглээрэй. Суулгахын өмнө гэмтсэн, эсвэл хэт урт үндсийг тайрна. Дараа нь зүсэлттэй хэсгүүдэд үнс, эсвэл модны нүүрс түрхэнэ, хэрэв байхгүй бол нүдсэн шанцай (корица буюу cinnamon) түрхэж болно.
Үндсийг саванд маш болгоомжтой хийгээрэй. Дренаж дээр хөрсөө овоолоод сонгиноо болгоомжтой байрлуулна. Үндсийг нь тарааж өгөөд тал хүртэл нь хөрсөөр булна. Суулгасан сонгиныг дээрээс нь услаж болдоггүй. Сонгины доор, өөрөөр хэлвэл яг ёроолд нь том ширхэгтэй ариутгасан элс дэвсэж өгнө. Сонгины тал нь хөрсөнд булагдсан, тал нь ил байх ёстой. Бүтэн булвад булцуу илжирнэ, мөн хөрс доош сууж нягтардаг, үүнээс болж үндэст агаар очих нь багасна.
2. Зулзаган сонгинуудтай тэмцэх хэрэгтэй. Цэцэгний хамаг хүч сонгино гаргахад явдаг тул цэцэглэх нь мууддаг. Иймээс шилжүүлж суулгахдаа бүх зулзагнуудыг түүж авч, үүссэн шархыг үнсээр түрхэж өгдөг. Идэвхитэй ургалт үед дахиж зулзагууд шинээр гарч ирдэг. Тэдний ургалтыг удаашруулахын тулд зулзагнуудаас гарч ирсэн навчнуудыг тогтмол тайрч байх хэрэгтэй.
Үрээр тарих тухай:
3. Гол нууц - цэцэглэлтийг өөрийн дураар удирдаж болдог. Хэрэв Шинэ жилээр цэцэглүүлэх хүсэлтэй байвал цэцгээ хуурах хэрэгтэй - 9 сард өвөл боллоо, 12 сард зун ирлээ гэж. “Өвөл болно” гэж юу вэ? Агаарын дулаан +10-15°С, харьцангуй хуурай агаар байна гэсэн үг. Зун нь - агаарын дулаан +20-25°С – аас дээш, агаарын чийгшил өндөр.
Ийм нөхцөл халаалттай орон сууцанд гаргах амархан. Ялангуяа хэрэв танайх шилэлсэн балконтой бол бүүрч тохирно. 9 сард цэцгээ гадаа балкон дээрээ гаргана. Хэрэв тэр үед цэцэглэж байвал цэцэглэлт дуусахыг хүлээнэ, дуусангуут цэцэгний яг доор тасдаж авна. Цэцэгний ишийг уртаар нь үлдээнэ. Дараа нь цэцэгний иш шарлаж дуусахыг хүлээнэ. Энэ нь булцууруу хамаг шим тэжээл нь шилжиж байна гэсэн үг. Зөвхөн үүний дараа л цэцгээ "өвөлд" шилжүүлдэг. Усалгааг багасгаж, цонхны хамгийн сэрүүн хэсэгт байрлуулна, эсвэл шилэлсэн балкон дээр гаргана.
Гиппеаструмын навч цэцэглэсний дараа өөрөө хатаж унадаг гэдэг ч энэ нь тэр бүр болдоггүй. Иймд та цэцгэндээ туслаж өгнө. Навчийг болгоомжтой, аяархан, яаралгүй (эс тэгвээс эмзэг, шүүслэг навчнууд хугарч болно) доош хэвтүүлж өгдөг. Яваандаа шарлахлээр нь тайрна. Ингэж та "амралт үед" орууллаа. Үндэсийг хэт хатаахгуйн тулд цөөн удаа бага усаар усалдаг. 12 сарын эхээр цэцэг өөрөө сэрээгүй бол усалгааг ихэсгэж, дулаан газар шилжүүлж байж сэрээж өгдөг. Ингэж цэцэгний "зун" болдог.
Тоос хүртээж үр боловсруулж авах:
Эхний навчнуудтай хамт, зарим тохиолдолд өмнө нь цэцэгний сум гарч ирдэг. Хэдэн долоо хоног иш дээш өсөж, цэцгийн бундуунууд томорч ирдэг. Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол таны цэцэг яг Шинэ жилээр цэцэглэнэ. Зарим хүмүүс ийм аргаар гэр бүлийнхээ гишүүдийн төрсөн өдрүүдэд тохируулж цэцэглүүлдэг.
Гиппеаструмын сонгино бөөрөнхий, махлаг, том байдаг. Нэг сонгино дотор зэрэг хэд хэдэн цэцэг хөгжиж байдаг. Цэцэгийн сум нь 4 навч болгоны дараа бүрэлддэг жамтай. Туршлагатай цэцэгчид жилд 3 удаа цэцэглүүлдэг байна. Жилд хоёр-гурван удаа цэцэглүүлэх сонирхолтой бол цэцэглэлт болгоны дараа амрааж өгдөг.
Дээр бичсэн Шинэ жилийн циклийг үргэлжлүүлээд явбал, 1 дүгээр сар гэхэд цэцгийг амраах хэрэгтэй болно. Тэгвэл 3-4 сард дахин зун болгож цэцэглүүлээд, харин байранд халаалт хаах үед дахин “өвөл” болгож өгнө. Энэ “өвөл” нь маш богинохон байх тул навчийг хатаах гэж хэрэггүй. Усалгааг бага хийж, бордоог зогсоож өгнө. 6-7 сард (дараагийн ургалт үе эхлэхээс өмнө) шилжүүлэн суулгалт хийх нь дээр. Ингээд 8-9 сард 3 дахь удагаа цэцэглэдэг. Цааш дахиад л эхнээс нь явна.
Тасалгааны нөхцөлд ургуулах 3 арга:
1. Сонгиныг хөрсөнд суулгаад, цонхон дээр тавиад бүтэн жил амралт үе өгөлгүй ургуулна. Навч олноор үүсдэг. Ийм тохиолдолд өвөл, хавар, зун гэж цэцэглэдэг. 
2. Хэрэв заавал өвөл цэцэглүүлэх хэрэгтэй бол сонгиноо хөрсөнд суулгаад, маш дулаахан газар тавьдаг. Эхний навч цухуйтал услахгүй байлгана. Навчны үзүүр цухуйнгуут цонхон дээр байрлуулна. Услахдаа бүлээн усаар, доод услагааг хэрэглэнэ. Цэцэглэсний дараа 8 сар хүртэл жирийн арчилгаатай — услалт, бордоо. Харин 8 сард усалгааг багасгаад, 9 сараас хөрсийг зөвхөн чийглэж өгч байна. Хатсан навчийг тасдаж хаяна. Ингэж амралт үе эхэлдэг. Энэ нь 1,5—2 сар үргэлжилнэ. 10 сард сонгиныг шинэ хөрсөнд суулгадаг.
3. Сонгиныг намар шилжүүлж суулгадаггүй, савтай нь дулаан газар байлгаж, хөрсийг бүрэн хатаахгүйн тулд хаяа нэг доод усалгаагаар чийглэж өгч байна. Эхний навч цухуйж эхлэнгүүт шилжүүлж суулгадаг. Үүний тулд цэцгээ савнаас гаргаж, хөрснөөс салгана. Хэрэв хөрс хэт үндэсээр бүрхэгдсэн бол хэдэн талаас нь алгаараа дарж өгөөд бүлээн усанд угаадаг. Үүний дараа бүтэн өдөр хатааж ил байлгана. Хатсаны дараа үхсэн, гэмтсэн үндсийг тайрч хаяад зүсэлттэй хэсгүүдэд нунтаг модны нүүрс түрхэдэг.
Шууд усанд цэцэглүүлж болно:
Агаарын дулаан: Идэвхитэй ургалт үед 17-23°С. Амралт үед 10°С.
Гэрэл: Тод, саринсан гэрэл. Нарны гэрлээс хамгаална. Цэцэглэлт дуусангуут сонгино томорч, хөгжихөд нарны гэрэл илүү их хэрэгтэй. Баруун урд, зүүн урд, урд зүгийн цонхонд байрлуулах нь тохиромжтой байдаг.
Усалгаа: Цэцэглэлт үед – их, хөрс байнгын чийглэг байх ёстой. Амралт үед – хагас хуурай. Усалгааг бүлээн усаар доороос хийсэн нь дээр.
Үржүүлэх арга:

Бордоо: Бордоо нь бага хөрстэй, том цэцгэнд маш их чухал зүйл юм. Хөрс бага тул цэцэг бордоог "идэж өгдөг". 1-2 долоо хоногт нэг удаа цэцгээр гоёдог цэцгэнд зориулсан калий-фосфор агуулсан шингэн бордоогоор бордно. Бордоог хэтрүүлж болохгүй. Бордоог цэцгийн дэлбээ задрангуут эхэлдэг ба навч шарлаж үхэж эхлэхэд зогсоодог. Сонгинот цэцэг маш амархан мөөгний гаралтай өвчин тусдаг тул органик бордоо хэрэглэхгүй байсан нь дээр. Хөрсний хэмжээ маш бага тул ихээр хийсэн бордоо нь үндэс түлээд байдаг. Хэт их тунгаар бордохын оронд маш бага тунгаар олон удаа бордсон нь дээр байдаг. Бордоог усаар сайн шингэлж байгаад долоо хоног бүр бордох хэрэглээрэй.
Агаарын чийгшил: Хэрэв өрөөны агаар хэт хуурай бол дээш таазруу чиглэж ус шүршинэ. Орчны агаарлуу шүршинэ. Ер нь бол нээх шүршээд байх хэрэггүй. Навчны тоосыг бүлээн шүршүүрт хааяа угааж арилгаж болно, мөн чийгтэй зөөлөн алчуураар арчиж байна. Амралт үе эхлэхэд навч, цэцэг, сонгиныг усаар шүршиж огт болохгүй.
Шилжүүлж суулгах: Залуу цэцгийг жил бүр хаврын эхэн сард хөрсийг бүхэлд нь сольж шилжүүлэн суулгадаг. Томорсон цэцгийг 2–4 жилд нэг удаа, гэхдээ шилжүүлэн суулгалт хийх хооронд цэцгийн хөрсний дээд хэсгийг сольж өгдөг. Шилжүүлэн суулгалтыг амралт үеэр хийдэг.
Үрслүүлэх арга: Гиппеаструмыг зулзаган сонгиноор, хальсан бүрхүүлээр, болон том сонгиныг хувааж гэсэн аргуудаар үржүүлдэг байна. Үрээр үржүүлэх нь ихэвчлэн шинэ сорт гаргах, селекци хийхэд хэрэглэгддэг. Хурааж авангуутаа шинээр нь хөрсөнд суулгадаг.
Зулзаган сонгины гарах тоо цөөн. Ямар төрлийн, сортын гиппеаструм вэ, мөн ургуулсан нөхцөлөөс шинэ сонгины тоо хамаардаг байна. Зулзаган сонгинууд нь хэзээ ч хамаагүй гарч ирдэг. Ээлжит шилжүүлэн суулгалт хийхдээ жижиг сонгинуудыг эх цэцгээс бүгдийг нь салгаж авдаг. Салгасан хэсгүүдийг нунтаг модны нүүрсээр түрхэж өгнө. Салгаж авсан зулзаган сонгинуудаа тус тусад нь 12 см диаметртэй саванд суулгана. Сонгины 1/3 ил гаргаж хөрсөнд суулгана. Сайн арчлах юм бол 2-3 жилийн дараа цэцэглэнэ.
Голланд сортын маш том цэцэгтэй гиппеаструмууд цөөн тооны сонгино өгдөг. Иймээс түүнийг хальсаар нь үржүүлдэг. Үүний тулд сонгиныг сайтар угаагаад, навчыг бүгдийг нь уг хүртэл тайрна, үндсийг 2см хүртэл богинсгоно. Ариутгасан хутгаар сонгиноо 8—16 хэсэг болгож хуваана. Хэсэг бүр сонгины үндэстэй ёроолын хэсэгтэй байх ёстой. Бүх хэсгүүдийг үндэс гаргадаг идэвхижүүлэгчид дүрж өгнө. Үүний дараа хэсэг бүрийг ариутгасан том ширхэгтэй элс, эсвэл хөвдөнд суулгадаг. Зөвхөн үзүүр нь харагдаж байхаар. Үндэслэлт дулаахан газар явагддаг тул 20С доош дулаантай газар байрлуулж болохгүй. 
 
Том хэмжээтэй сонгиноос хувааж авсан хэсгүүдийг өндөр суулгадаг. Сонгины доод тал хөрсөн дээр ил байхаар. Дээд хэсэг буюу навч, навч ургах хоолой хэсгийг тайрдаг. Бүрхсэн хатсан хальснаас салгана, сонгиноо 4 хэсэг хуваадаг. Хуваасан хэсэг бүр доороо үндэстэй хэсэгтэй байх ёстой. Шархыг хатаах үүднээс модон савх пунп нь хийж өгдөг. Ингэж бэлдсэн сонгиныг гэрэлтэй газар байрлуулаад доод усалгаа хийж өгнө. Хэсэг хугацааны дараа хэсэг бүрийн доор зулзагнууд гарч ирдэг. Том сонгино хуваах болон хальсаар үрслүүлэх аргуудыг 11 сард эхэлсэн нь дээр байдаг. Энэ үед хальсанд хамгийн их тэжээл хуримтлагдсан байдаг байна.
 
Амралт үе: цэцэгний иш бүрэн хатсаны дараа тайрч хаядаг. Бага багаар усалгааг багасгаж байгаад сүүлдээ бүүр зогсооно. Амралт үе 6-8 долоо хоног үргэлжилдэг. Үүний дараа сонгиноо савнаас гаргаж зулзагнуудаас нь салгаад шинэ хөрсөнд эх сонгиныг суулгадаг. 
"Улаан зэв"
Хүндрэлүүд, өвчлөлт, хортон шавьж: Ургах нөхцөл сайн, гэвч шилжүүлж суулгасны дараа ургахгүй байна – сонгиноо гаргаж аваад сайтар шалга. Хатуу, эрүүл сонгино байх ёстой. Хэрэв суулгаснаас хойш 1,5 сарын дараа ургахгүй гацаатай байвал цаашид ургахгүй сонгино байна. 
Хоёр дахь жилдээ сонгино соёолохгүй байвал – эхний жил сайн бордож өгөөгүйгээс болдог байна. Дээр заасны дагуу бордоод байвал зүгээр болно. 
Навч бүдэг ногоон өнгөтэй болоод цэцэг гундаад байна – удаан услаагүйгээс эсвэл дутуу усалсанаас болсон байх долго не поливали. Цэцэглэлт үед усалгааг арай их хийдэг, хөрс байнга чийглэг байна.
Ургалт сайн явагдаж байснаа гэнэт зогсвол – хортон үүрэлсэн байж болно. Хөрсөнд авгалдай байгаа эсэхийг шалгана уу. Байвал хор цацах. 
Цэцэг харлаж байвал – хэт хүйтэн байна, эсвэл хэт чийгтэй байна. Гэмтсэн цэцгүүдийг тасдаж аваад, савтай цэцгээ дулаан газар байрлуул
Цэцэг цайрч байвал – хэт их нартай байна. Нарны шууд тусгалаас хамгаал. 
Навч сульдаж, унжийсан, өнгө нь цайрч байвал – хэт их чийгтэй байна. Доороо том том дренажны нүхтэй саванд суулга. Дараагийн усалгаа хүртэл хөрсийг хатаана. 
Цэцэглэхгүй байвал – амралт үе гаргаж өгөөгүй бол, өмнөх жил нь сайн бордож өгөөгүй бол, гэрэл дутсан газар тавьсан бол, хэт хүйтэн бол цэцэглэхгүй. 
Гиппеаструм цэцэглэхгүй байна:
- сонгино хэт залуу;
- сав хэт том;
- гэрэл дутсан;
- амралт үе гаргалгүй ургуулаад байна. Заавал амралт үе гаргаж өгнө.
- тэжээл дутсан. Жил бүр хөрс сольж байх нь дээр, цэцэглэлт үед хөрсөн дөх бүх тэжээлээ шингээгээд авчихдаг тул бордоо тэжээл сайн өгч байх хэрэгтэй. Цэцэглэлт үед — фосфор-калий их, бага зэрэг азот агуулсан бордоо хэрэглэнэ. Цэцэглээд дуусмагц — азот-калий их, бага зэрэг фосфортой бордоогоор бордоно.

No comments:

Post a Comment