Monday, September 14, 2015

Нил цэцэг - Арчилгаа

Монгол нэршил: Нил цэцэг
Орос нэршил: Узамбарская фиалка
Ботаник нэршил: Сенполия,  Saintpaulia 
Англи нэршил: African Violet
Энэ цэцгийг тарьдаггүй цэцэгчин гэж ховор байх. Гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж өгдөг, хүүхдийн өрөөнд цагаан, цайвар ягаан өнгөнөөс нь тавих сайн гээд энерги сайтай цэцгүүдийн дунд дээгүүрт орно. Жилийн турш цэцэглэдэг. Дөрвөн улирал цэцэгтэйгээ байдаг тасалгааны ургамал хайж байгаа хүмүүст яг тохирсон сонголт болно.
Нил цэцгийн уугуул нутаг нь Узамбарын уулс юм. Энэ нь Зүүн Африкийн Кени, Танзаний хил орчим байдаг нуруунууд. Нутагтаа ч мөн адил дөрвөн улирал цэцэглэдэг. Дулаахан, гэрэлтэй орчин л байвал өөр олон юм шаарддаггүй, хөрсөө айхтар голоод байдаггүй. Зөв арчлах юм бол маш олон жил болдог. Цэцэг ургуулж эхэлж байгаа хүмүүст тохирсон ургамал.
Нил цэцэг нь өөр ямар ч цэцэгтэй хамт хөршлөж чаддаг, бусад цэцэглэж буй цэцэгний дунд тавьхад нийт композицийг гоё харагдуулдаг үнэхээр "найзархаг" цэцэг. 
Худалдаж авахдаа юуг анхаарах вэ? 
- навч бүгд эрүүл өнгөтэй, зөв хэлбэртэй ургаж байх
- навчин таваг зөв дугуй хэлбэртэй байх 
- аль болох олон цэцгийн бундуутай цэцэг сонгоорой. Бундуу нь дэлбээлээгүй байх.
- цэцэглэж дууссан цэцэгний дэлбэйг нь сайн ажиглаарай. Дээр нь ямарваа нэгэн хорхой, шавьж, өвчин зэрэг байх ёсгүй
- ишний ёроол харлаагүй, зөөлрөөгүй байх ёстой. Ишний ёроолоос эхэлж мууддаг мөөгөнцрийн гаралтай "хар хөлт" нэртэй өвчин байдаг.
Гэрэл: 
Гэрэлсэг цэцэг гэж тооцогддог ч нарны гэрлийг үздэггүй. Урд зүгрүү харсан цонхноос бусад цонх таарна. Нарны хурц гэрлээс хамгаална. Гэрлээс хол байлгавал цэцэглэх нь муу, заримдаа огт цэцэглэхгүй ч байна. Навчны үзүүр борлож хатвал гэрэл ихэдсэн гэсэн шинж тэмдэг.
Сарнисан зөөлөн гэрэлд ар араасаа бундуу гараад байна.
Трейлер нил
Цэцэглэлт: 
Жилийн дөрвөн улирал цэцэглэдэг ховор цэцгүүдийн нэг. Таны нил цэцэг цэцэглэхгүй байвал гэрэл дутсан байж болно. Хүйтэн, эсвэл халуун салхинд дургүй, нэвт салхийг тэвчдэггүй. 
Цэцэгний хажуугаар ургасан жижиг зулзагнуудыг тасдаж байх хэрэгтэй. Энэ нь цэцэгний хүчийг хий дэмий аваад байдаг тул гарч ирэнгүүт тасдах хэрэгтэй. Нэг цэцэг нэг л оройтой байх ёстой. Цэцэгний дэлбээ муудаж эхлэнгүүт цэцгийг хумсаараа тасдаж авч хаях хэрэгтэй. Хайч, хутганы оронд хумсаараа чимхэж авч бай гэж орос сайтанд бичсэнийг олон жилийн өмнө уншиж байсан юм байна. Мөн хуучирсан, хөгширсөн, хатсан зэрэг навчийг дор дор нь тасдаж байвал нилийн анхаарал зөвхөн цэцэг гаргахад чиглэгддэг.
Зөв хэлбэртэй ургуулсан навчин таваг маш чухал
Навч: 
Нил цэцэгний нэг онцлог нь ихэнхи сортууд дугуй тавган хэлбэртэй ургасан навчнуудтай байдаг тул зөв ургуулсан навчин бүрхүүлтэй цэцэг их үнэлэгддэг. Навчны ийм тулгуур цагараг хэрэглэж зөв навчин тавагтай ургуулдаг.
Мөн нил цэцгийн онцлог нь зарим навчийг тасдаад авахад "онгорхой шүд" шиг харагдаж байвал энэ хэсгийг дүүргэх гээд хамаг хүчээ зориулдаг. Энэ хэсэгт тэр бүр шинэ навч гарахгүй, зулзага ургаж болно. Иймээс хөгшин, хуучин навчийг тасдахдаа цэцэгний навчин таваг тэгш пропорцитой байхаар авна. 
Шинэ нилтэй болсон бол та юуны түрүүнд навчин тавгийг зөв хэлбэрт оруулж ургуулах хэрэгтэй. Үүний тулд зөв навчтай болтол цэцэгний бундуу болон жижиг зулзагнуудыг гарч ирэнгүүт нь тасдаж авч байгаарай. Нил цэцэгчид гоё өнгийн цэцэгтэй байхаас зөв ургуулсан навчин тавагтай байхыг илүүд үздэг.

Навчин тавгийг зөв гаргаж авахын тулд цэцэгний бундуу, илүүдсэн навч, наалдаж ургасан бут зэргийг тасдаж авах хэрэгтэй 
Хөрс, сав:
Ер нь бол сийрэг, хөвсгөр хүлэрт хөрсөнд дуртай. Монголын нөхцөлд тэр болгон тусгай хөрс бэлдээд байх боломжгүй байдаг тул хүмүүс янз янзын хөрсөнд суулгасан харагддаг. Нил цэцэг ямар ч хөрсөнд зохицоод ургаад байдаг. 

Гэхдээ байнга цэцэглэсэн эрүүл буттай байхыг хүсвэл хүлэрт хөрс бэлдэж суулгаарай. Савны доор заавал дренаж хийнэ. Жил бүр нил цэцгийн хөрсийг солих хэрэгтэй байдаг. Үндэс нь хурдан ургаж саглаадаг тул өөр саванд суулгана. Шилжүүлж суулгахдаа хуучин, хөгшин навчнуудыг тасдаж авна, мөн муудаж эхэлсэн цэцгийг ишнийх нь доогуур хугалж авна. Цэцэгний орой нь 3-4 үе давхар навчтай байхад болдог.
Хөрс болон савнаас хэр ойр ойр услаж байх шууд шалтгаалдаг. Паалангүй шавар саванд суулгавал хуванцар саванд суулгаснаас илүү ойр услана. Шавар сав нь усыг нэвтрүүлдэг тул ханаараа усаа алддаг юм. Паалангүй шавар савны давуу тал нь "амьсгалдаг" гэж үздэг тул ус, агаар нэвтрүүлдэг "амьд" сав юм. Хэрэв гялгар паалантай шавар сав, эсвэл шаазан сав байх юм бол хуванцар савтай адилхан байна. 
Сав сонгохдоо нам сав сонгох нь дээр байдаг. Нил цэцэгний үндэс урт биш, өргөөшөө саглааж ургадаг тул нам саванд суулгаад доогуур усалгаа хийхэд тохирдог. Суурь тавганд ус хийхэд усаа өөрөө сороод авдаг. Иймээс доод суурь таваг нь өндөр байх хэрэгтэй.
Савны диаметр навчин тавагны диаметрээс 2-3 дахин бага байхад таарна гэж үздэг. Иймээс том саванд суулгах хэрэггүй.
Ямар ч сав сонгосон доор нь заавал дренаж хийж өгнө.
Миний утсан усалгаатай нил нэг иймэрхүү байв. Нэгэн нил цэцэгчдийн бүлэгт навчны доорх нэг удаагийн тавгийг доош харуулж хийж байвал илүү тохирно гэж санаа өгч байсан.

Усалгаа, тэжээл:
- Нил цэцгийг хүйтэн усаар услаж ер болохгүй! 
- Навч болон цэцгэнд ус хүргэж болдоггүй!
- Усаар шүршиж болохгүй! 
Навч цагаан эрээн хээтэй болно, цэцэгний дэлбээ амархан муудна. Усалгааг долоо хоногт 2 удаа бүлээн усаар хийнэ. Дээрээс услахдаа анхааралтай байх хэрэгтэй. Доогуур усалгаа хэрэглэх нь цэцэгний үзэмжинд сайнаар нөлөөлнө, мөн үндэс иш илжрүүлэхгүй юм. Нил цэцгийн брэнд усалгаа бол "утсан усалгаа" байдаг.
Өвлийн улиралд усалгааг багасгадаг. Хавар-зун-намарт 2 долоо хоногт нэг удаа услах усанд нь шингэн бордоо хийж өгдөг. Фосфор-калий агуулсан цэцгээр гоёдог цэцэгний бордоо хийх хэрэгтэй. Навчаар гоёдог цэцэгний азот ихээр агуулсан бордоо хийвэл мөд цэцэглэхгүйг анхаарна уу.
Хөрс чийглэгдүү байх хэрэгтэй. Хөрсийг хатааж болохгүй, мөн агаарын чийгшил их байвал сайн байдаг. Үсэрхэг навчтай энэ цэцгийг усаар шүршиж болдоггүй тул суурь тавагны доор усаар дүүргэсэн поднос тавихад их сайн байдаг. Гэхдээ нил цэцэгт ийм их анхаарал тавихгүй байсан ч ургаад, ямар ч хүний гарын аяыг даадаг хөөрхөн цэцэг
Үрслүүлэх аргууд: 
навчаар, бут хувааж, залуу бутнуудыг салгаж гээд олон аргаар үржүүлж болдог ч навчаар үрслүүлэх нь хамгийн түгэмэл юм.
Доор тавьсан видео хичээлүүдийг үзэхэд илүүдэхгүй байх болов уу. Хэлийг нь ойлгохгүй байсан ч хараад санаа авах зүйлүүд байгаа.
Нил цэцэг шилжүүлэн суулгах тухай видео хичээл

Нил цэцгийг навчаар усанд үрслүүлэх видео хичээл
  

Навчаар үрслүүлсэн цэцгээ саванд тусгаарлах

Хажуугийн ургасан жижиг бутнуудыг тасдаж шинээр үрслүүлэх



Нил цэцгийг шилжүүлэн суулгах

Нил цэцгийг усанд оруулж тоосноос салгах нь
Ашигласан материал: http://dimetris.com.ua/

Бүх цэцэг усанд оруулахад сэргээд ирдэг. Нил цэцгийг угааж болохгүй гэдэг бол эндүүрэл юм. Усаар навчийг шүршиж болдоггүй, услаж байх явцад хүйтэн ус навчинд хүргэж болдоггүй. Харин бүлээн усанд оруулж угааж болно.
www.plant-care.com -оос авсан мэдээллээр бол нил, баримганыг (бусад үсэрхэг навчтай цэцгүүд мэдээж мөн адил) усанд угааж болно. Өрөөний температуртай адил бүлээн усаар угаагаад, сүүдэрхэг хуурай газар бүрэн хаттал нь байрлуулна. Хэрэв хүйтэн усаар угаавал навчин дээр цагаан цагариган хээ үүсэж, цэцэгний бундуунууд үхнэ.
Бүлээн усаар угаасан ч дараа нь тод гэрэл дор, эсвэл наранд тавьбал навч эрээн болно. Нарны гэрэл дор усны дусал нь томруулдаг шил шиг гэрлийг хурцлах тул навч нэвт түлэгдэх аюултай.

No comments:

Post a Comment