Sunday, September 27, 2015

Гоо даль

Гоо Даль - Зантедеския, Калла, Zantedeschia (Calla) – Ароидын овгийн ургамал. Уугуул нутаг - Өмнөд Африк. Байгальд намгархаг газар ургадаг булцуут үндэстэй олон наст өвсөрхөг ургамал байдаг. Нартай өдөр гоо даль нь хан боргоцойн сул үнэр ялгаруулдаг.
Зантедексия гэсэн нэршил нь Ф. Зантедески (XIX амьдарч байсан) гэх италийн ботаникчийн нэрээр нэрлэсэн байна. Нийт 8 төрлийн гоо даль байдаг байна. Ер нь Калла цэцгийг тасалгааны болон цэцэрлэгийн гэж хувааж болно. Энэ цэцэгт агаарын чийгшлийг өндөр байлгах, амрах үе гаргаж өгөх, нэмэлт гэрэл хийж өгөх хэрэгтэй. Заримд нь сайн цэцэглэхийн тулд нилээн зай, талбай хэрэгтэй байдаг.
Эфиоп гоо даль
Эфиоп гоо даль буюу Zantedeschia aethiopica – том бутархаг тэгш иштэй ургамал. Навч 1м хүртэл урт иштэй, зүрхэн хэлбэртэй, 30-45 см урт, 15-25 см өргөн, ногоон өнгөтэй. Цэцэглэхдээ хэд хэдэн цэцэгний иш гардаг. Цэцэг нь годонг ороосон дэлбээтэй, зарим сортынх хоёр давхар дэлбээтэй. Нөмрөг нь цайвар ногоон, шар ногоон 15- 25 см урт. Цэцэглэлт 1 сараас 7 сар хүртэл. Цэцэглэлтийн дараа 1 см орчим шар өнгийн жимс ургадаг. Энэ цэцэг дээр тулгуурлаж задгай талбайд болон тасалгаанд ургуулах маш олон гибрид сортууд гаргаж авсан. Тасалгаанд ургуулах хүндрэлтэй байдаг. Гэртэй Өмнөд Африкийн нөхцөл бий болгож өгнө гэдэг хэцүү шүүдээ. Манайд дэлгэрсэн төрөл нь голдуу эфиоп гоо даль байдаг. Үүний үндэс махлаг бүдүүн, цагаан өнгийн үндэс ч байдаг, мөн булцуунаас ургасан цагаан өнгийн, махлаг, үдээс маягийн үндэс ч байдаг. 
Zantedeschia albomaculata 
Цагаан толбот гоо даль буюу Zantedeschia albomaculata – том бутархаг тэгш иштэй ургамал. Навч 1 м хүртэл урт бариултай, сунасан сум шиг хэлбэртэй, 30-40 см урттай, навчны дээд тал цагаан толботой ногоон өнгийн. Цэцэглэхэд хэд хэдэн урт цэцэгний иш гаргадаг. Годон нь цайвар шаргал, эсвэл цагаан нөмрөгтэй, нөмрөгний ёроолоор улаан өнгөтэй, урт 10 см, өргөн 5 см. Хатуу булцуутай.
Эллиотын гоо даль, Zantedeschia elliottiana 
Эллиотын гоо даль, Zantedeschia elliottiana – намхан бутархаг төрөл. Навч 60 см хүртэл ургасан бариултай, өргөн зүрхэн хэлбэртэй, 20-25 см урттай, 18-20 см өргөнтэй. Навч ногоон, дээд тал дээрээ цагаан зураас, цэг, толбо болсон хээтэй. Годонтой цэцэг, нөмрөг нь 15 см урттай, шар ногоон өнгинй, дотороо цайвар шаргал өнгөтэй. Энэ төрөл нь Өмнөд Африкийн хэт хуурай газар ургадаг тул цэцэглэлт дуусангуут үүнийг хуурай, сэрүүн газар амраах хэрэгтэй. 
Реманийн гоо даль (Сalla rehmanii)
АРЧИЛГАА
Гэрийн нөхцөлд ихэнхдээ өвөл цэцэглэдэг. Цэцгийг нь тасдаад усанд тэжээл өгөөд байлгаад байвал 2-3 долоо хоног ч байдаг. Цэцэглэж байх үед нь калий фосфорын бордоогоор долоо хоногт нэг удаа борддог. Азотын төрлийн бордоо, эсвэл навчаар гоёдог цэцгийн бордоогоор бордвол навч л хөгжөөд, шинээр гарч ирээд байна, цэцэг гарахгүй. 
Хэрэв цэцэглэлтийн дараа үр гарах гэж байгаа бол түүнийг авч хаяна. Үрэндээ хамаг хүчээ өгөөд сульддаг юм шүү. 8 сар гэхэд буцаад хүчээ аваад, сэргэж эхэлдэг.
Цэцэглэж байх үед нь сайн услаж, шүршиж байх хэрэгтэй. Орчны агаарыг нь чийгтэй байлгах үүднээс том подностой ус доор нь тавьж болно. Ингэхэд цэцэгрүү ус орох ёсгүй, подностой усаа өдөр бүр нэмэж байна. 
Амралт үе
Цэцэглэж дуусаад амрах үе нь эхлэх ёстой. Энэ нь ихэнхдээ 5-7 саруудад болдог. Энэ үед навч нь шарлаад, өсөлт нь удааширна. Гэхдээ үндэс нь доороо хөгжиж ургасан хэвээр байдаг. Энэ үед нь услахаа зогсоодог. Хэрэв доор бичсэн шиг номоор нь амраамааргүй байвал намар хүртэл агаарт гаргах хэрэгтэй. Балкон дээрээ ч юм уу. Нөмөр газар тавьна - хүйтэн, нэвт салхигүй, хурц нарны гэрэлгүй, халуунд шатахгүй байхаар. 
Ер нь бол цагаан гоо далийг зун амраадаг, өнгөт каллаг өвөл амраадаг гэдэг. Гэхдээ гэрийн нөхцөлд энэ нь нэг их хамаарахгүй - ургаж байгаа нөхцөл, арчилгаа бүр өөр өөр байдаг тул. Гол нь аль алийг нь амраах ёстой. Жилд нэг удаа - 1,5-2 сар. Үүний тулд савтай каллаг харанхуй, сэрүүн газар тавиад услахаа зогсоо. Навчийг тайрч болохгүй. Тэд өөрсдөө хатаад унах ёстой. Учир нь навчинд байгаа тэжээл нь булцууруугаа шилжиж, амарч байх хугацаанд булцуу нь томорч байдаг. Ингэж 1-2 сар болсны дараа савнаас нь хатсан хөрс булцуугаа гаргаж, хөрснөөс нь салгаад, навчны үлдэгдэл г. м.-ээс цэвэрлээд шинэ хөрсөнд суулгана. Ингэхдээ булцууны хажууд шинээр гарч ирсэн зулзаган булцуунуудыг салгаж шинээр суулгаж болно. Хэрэв эх булцуу нь хэт томорсон бол түүнийг бас хувааж 2 цэцэг болгож болно. 2-оос илүү хуваах дэмий байдаг. Том булцууг хуваахдаа хутгаар биш, дундуур нь гараараа болгоомжтой хувааж салгасан нь дээр байдаг. “Шархтай” хэсэгт нунтагласан модны нүүрс түрхэж өгөх сайн. Эсвэл марганцын уусмалд дүрсэн ч болно. Ялзрах, нян, бохир орохоос хамгаалж байгаа юм.
 
Каллаг булцуут, үндэст гэж хуваадаг
Хэт гүн суулгаж болохгүй - 5-10 см байхад болно. Хөрсөнд хийхийн өмнө 3-4 хоног “шархыг” нь хатаана. Мөн мэдээж хөрсөө ариутгаж өгөх хэрэгтэй. Хөрсөө бага зэрэг чийглэж байгаад булцуугаа суулгаарай. Гэхдээ хэт усархаг, нойтон байж болохгүй. 
Ингэсний дараа гэрэлд тавиад, бүлээвтэр усаар сайн услаж өгнө. Калла нь азалиятай адил хүчиллэг хөрсөнд дуртай. Иймд заримдаа услах усандаа лимоны хүчил нэг дуслыг найруулаад услаарай. Хэтрүүлж болохгүй. Хүчил ихтэй хөрс маш амархан ялзардаг. Азалияг мөн байн байн ингэж услах сайн. За, ингээд сайн нэг удаа услаж өгнө. 30 минут болоод доошоо гарсан усыг нь асгаад, дахиж 10-14 өдөр услахгүй. Дараагийн услалт - шинэ навч гарах гээд цухуйж эхлэхэд услах хэрэгтэй. Ийм удаан аргаар цэцэгээ нойрноос нь сэрээж байгаа юм. Өдөр бүр услаад байвал булцуу ялзарна. Магадгүй 7 хоноод жоохон шүршиж болох юм, гэхдээ хэт шүршвэл мөн булцуунд муу. Навч гарангуут харин услалтыг ихэсгээд, бордоод эхэлнэ. Шинэ цэцгийг сэрүүн +15-17°С тай газар байлгах хэрэгтэй. Энэ их чухал. Хэт халуун, гэрэл муу газар цэцэгний шинэ навчны иш сунаад, амархан хугардаг, өнгө нь цайвар бүдэг ногоон өнгөтэй болдог ба цаашид гарах цэцэгний тоо эрс цөөрдөг.
Бордоо:
Эхэлж органик бордоогоор бордосны дараа минерал бордоо хэрэглэвэл цэцэг чинь илүү хүч чадалтай болно, иш, навч, цэцэг гээд бүгд их хүч ордог юм. Органик гэдэг нь мэдээж ялзмаг/компост хэлбэрээр. Ингэж эхэлж органик бордоо өгөөд, дараа нь минерал бордоо хийгээрэй. 2-3 сард нэг удаа хөрсний дээрх хэсгийг шинэчилж өгч байх сайн байдаг. Гэхдээ үндэс гэмтээхээс болгоомжлоорой.
Цэцэглүүлдэг бордоо  N-P-K 10-52-10
2 сараас 6 сар хүртэл 10-14 хоногийн зайтай цэцэглэдэг ургамлын бордоо хэрэглэнэ. Фосфор ахиу агуулсан бордоо нь цэцэглэлтийг удаан болгодог ба олон цэцэг гаргадаг. Хэт их азоттой бордоо нь навч олноор гаргаад, томруулаад байхаас цэцэглүүлэхгүй.
Цэцэглэх гэж байхад нь шүрших усандаа минерал бордоо найруулж өгдөг. Үндсээр биш, навч шүршиж бордоно – бор, цинк, молибден, марганц, калий йод, г.м. Мөн өдөр бүр зүгээр усаар сайн шүршиж өгч байгаарай. 
Саглагар сахал шиг цагаан үндэс нь савнаасаа гараад байвал булцуугаа хэт өнгөцхөн суулгасны шинж. Иймээс суулгаж байхдаа савны ирмэг хүртэл шороо дүүргэхгүй байх нь дээр. Дараа нь нэмээд хийгээд байхаар суулгаарай. Ер нь бол том саванд байх дуртай цэцэг. 
Тасалгаанд ургадаг цэцэгт амралт үе яг зун, эсвэл яг тэдэн сард гэж хэлэх хэцүү. Таны цэцэг ямар нөхцөлд ургаж ирсэн гэдэгээс шалтгаалж өвөл унтаад, зун цэцэглэж ч болно.
Усалгаа: 
Зөөлрүүлсэн, хлоргүй, жаваргүй бүлээн ус хэрэглэнэ. Усаа 1-3 хонуулж хлорыг нь гаргах хэрэгтэй. Хавраас намар хүртэл сайн усалдаг. Өвөл багасгана.
Агаарын дулаан:
Гоо даль дулаанд дуртай, +18°C дээш хэмд сайн ургаж цэцэглэдэг. Ер нь байх ёстой хэм нь +22-23°C. Нэвт салхийг үздэггүй. Өвөл сэрүүн өвөлждөг +12°C, усалгаа энэ үед эрс багасгана (Эллиотын гоо далиас бусад нь).
Агаарын чийгшил: 
80—85% байх ёстой. Орчны агаарыг манантуулж нарийн шүршигчээр байнга шүршиж байна. Бүлээн шүршүүрт оруулж, навчийг чийгтэй алчуураар арчиж байна. Савтай цэцгээ дээр дурьдсан шиг нойтон керамзит, хайргаар дүүргэсэн поднос дээр тавьж болно.
4-5 см дээш хэмжээтэй булцуу цэцэглэдэг. Доош бол тэр жилдээ цэцэглэхгүй томруулах хэрэг гарна.
Гэрэл:
Зун, өвөлгүй маш их гэрэлд дуртай. Хэрэгтэй бол нэмэлт гэрэлтүүлэг хийж өгдөг. Гэрэлсэг газар илүү ургана, гэхдээ нарнаас хол. Хагас сүүдэрхэг газар ч ургаад байна. Хойд талын цонх сайхан таардаг. Сэрүүвтэр байхад дуртай. Олон наслах тусам гарч буй цэцэг нь томроод байдаг. 
Цэцэг бүрдэж байх үед илүү гэрэл хэрэгтэй байдаг. Өдөрт 12 цаг гэрэлд байх ёстой. Өвөл цэцэглэдэг тул өдрийн гэрэл нэмэж өгөх хэрэгтэй байдаг. Цэцэг нь бүрэлдсэн үед багасгаад 10 цаг гэрэлд байлгах хэрэгтэй. 
Тайралт, чимхэлт:
7 сарын сүүлээр гоо далийн ёроолд үүссэн бүх жижиг зулзага, бут зэргээс цэвэрлэнэ. Эдгээр нь цэцэгний ургалтыг удаашруулж, цэцэглэлтийг гацаагаад байдаг юм.
Шилжүүлэн суулгалт:

Гоо дальд тэжээллэг хөрстэй том сав хэрэгтэй. Цэцэглэлт дуусангуут (зуны дунд - адаг сард) усалгааг багасгаад, бордоог зогсооно, аажмаар навч шарлаад хатаж унана. Үүний дараа шинэ хөрсөнд суулгадаг.
Хөрс: 
2 хэсэг ширгэн, 
1 хэсэг ялзмаг,
1 хэсэг навчит хөрс, 
1 хэсэг хүлэрт хөрс, 
1 хэсэг элс байна.
Цэцэглэх хэмжээний булцуунууд
Цэцэглэлт: 
Калла 2 нас хүрч байж цэцэглэдэг. Намар цэцэглээд өвөлжингөө цэцэгтэйгээ байдаг. Амралт үеээс бусад хугацаанд цэцэгтэй нь байлгаж болдог. Цэцэглэх хугацааг дулаан хүйтэн агаараар зохицуулж удирдаж болдог. Гэхдээ өвөлийн улиралд цэцэглүүлэх нь дээр байдаг- ойролцоогоор 11 сараас 3 сар хүртэл. Зантедеския нь 2—4 жил дараалалж сайн цэцэглэдэг. Дараа нь хэт их ургасан бутыг салгаж хуваадаг. Эх цэцгийг шинээр суулгаад, бусад үрсэлгээг тус тусад нь саванд суулгана. Цэцэглэлтийн дараа навч шарлаж, ургалт зогссон мэт болдогч үндэс доороо ургаж байгаа хэвээр.

Цэцэглэхгүй байх шалтгаанууд:
Худалдаж аваад эхний жил цэцэглэхгүй байвал амралт үе гэж өгөөгүй юм байна гэсэн үг. Хэрэв 2, 3 дахь жил цэцэглэхгүй байвал танд дэндүү жижиг зулзаган булцуу таарч, томортол нь хүлээх нь дээ. Эсвэл азотын бордоогоор хэт бордсон байна.

Үрслүүлэх арга:
Зуны улиралд (6-7 сард) хажуугийн шинэ ургасан бутнуудыг эх цэцгээс салгадаг. Үүнийг намхавтар, өргөн саванд суулгана. Хөрс дээр бичсэнээр авна. Усалгааг сайн хийнэ. Эхний хэдэн өдөр зөвхөн усаар услана. Дараа нь бордоог 2 дахин багасгасан шингэн уусмалаар услана, үүнээс 2—3 долоо хоногийн дараа 100% концентрацтай бордоогоор.

Өвчин:
Тасалгааны нөхцөлд +18°С болон дээш хэмд аалзан хачиг ихээр үрждэг. Сэргийлэх үүднээс усаар шүршинэ, шүршүүрт оруулж угаана, навчийг иштэй нь хамт чийгтэй зөөлөн алчуураар арчиж байна.

No comments:

Post a Comment