Thursday, October 1, 2015

Хаан шимтэглээ

Хэдэн бичлэг хамт нэгтгэсэн тул давхардсан зүйлүүд байгаа байх шүү.
Regal pelargoniums 
"ХААН" шимтэглээ (англ. "Regal pelargonium", орос. "Королевская пеларгония"). Үүнийг мөн "англи том цэцэгт" ч гэж нэрлэдэг. Маш олон төрлийн сорт, хэлбэр дүрс, өнгө туяатай. Гол онцлог нь - доод талын дэлбээнүүд нь бараан өнгийн толботой, тод зураастай. 50 см хүртэл өндөр ургадаг.
Шимтэглэнн энэ төрөл нилээд арчилгаа шаарддаг, ааштай цэцэг гэж тооцогддог. Учир нь цэцэглүүлэхийн тулд өвөл нь сэрүүн +10-12С хэмээс дээшгүй орчинд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгч байж өвөлжүүлдэг. Өвөл энэ үед нь цэцгийн бундуунууд бүрэлдэж эхэлдэг юм. Иймд өвөл цаг бол цэцэглэдэг тасалгааны ургамлуудын маш чухал улирал байдаг. Зунжингаа алаг цэцгэнд умбасан хаан шимтэглээтэй баймаар байвал 2 зүйлийг бий болгоорой: сэрүүн бөгөөд гэрэл ихтэй орчин. Хаан шимтэглээний цэцэглэх хугацаа ердийн бүслүүрт шимтэглээг бодвол богино - 3-4 сар үргэлжилдэг.
Хаан шимтэглэйн сoртууд 

Хаан шимтэглээ нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй, хүмүүсийн дуртай шимтэглээ байдаг. Бусад шимтэглээгээс ялгахад амархан - цэцэгний хэмжээ том, диаметр нь 10-15 см хүрдэг, мөн дэлбээн доторх толбо нь хааны тамга шиг гол шинж тэмдэг нь болдог. Хамгийн анхны Pelargonium x domesticum гибрид 1900 оноос өмнө гарч ирсэн бөгөөд шинэ шинэ гибрид гаргах ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. 
АРЧИЛГАА
Гэрэл:
Хаан шимтэглээ маш гэрэлсэг цэцэг. Гэрэл дутвал цэцэг муу гарна, эсвэл огт цэцэглэхгүй. Цэцэцглэлт 3 сарын сүүлээс зуны дунд хүртэл үргэлжилдэг. Залуу цэцэг ихэнхдээ 2 дахь жилээсээ л цэцэглэж эхэлнэ. Цэцэглүүлэх гэж хүндрэл учирдаг. Гэрлээс гадна хүйтэн сэрүүн орчин байх хэрэгтэй. Иймд дулааны улиралд шөнөдөө +10С хэмээс буурдаггүй бол гадаа байлгах хэрэгтэй. Гэхдээ салхитай, эсвэл бороотой өдөр оруулж байх ёстой.
N-P-K  10-52-10 гэсэн цэцэглүүлдэг бордоо
Бордоо:
Мөн мэдээж сайхан цэцэглүүлэхийн тулд бордож байх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа калий, фосфор агуулсан бордоогоор борддог. Хатаж байгаа цэцэг, навчийг тайрч авч байна. Энэ нь илүү их цэцэглүүлдэг. Шимтэглээ ер нь бол их идэвхитэй ургадаг цэцэг. Иймд цэцэглэлт дуусангуут намрын эхэнд хэлбэржүүлж өгөх хэрэгтэй. Үүний тулд тогтмол тайрч, чимхэж өгч байна. Хавар цэцэглэлт эхлэх үед чимхэлт, тайралтаа зогсооно.
Усалгаа:
Усалгаа зун маш ихээр хийдэг. Харин өвөл маш бага, үндэс хатаахгүй төдий. Өвөл аль болох сэрүүн өвөлжүүлнэ. Олон удаа шилжүүлж суулгах хэрэггүй. Харин ч жижиг савтай цэцэг илүү хурдан цэцэглэдэг. Хөрс тэжээллэг, хөвсгөр, сийрэг, доороо сайн дренаж дэвссэн байх ёстой. Бут хэт томроод ирвэл иш хэт сунаад гоё харагдахаа больдог. Иймд мөчирний дээд үзүүрийг авч тайраад үндэслүүлээд шинээр суулгах хэрэгтэй. Мөчрөөр үрслүүлэхийг ямар ч улиралд хийж болно. Гэхдээ том цэцэгт эрлийз сортууд, жижиг цэцэгт арай тэсвэртэй сортууд нь янз янз үндэслэдэг.
Black Prince
Байршил
Өндөр ургадаг, жижигхэн цэцэгтэй, цэцэг бага гардаг хаан шимтэглээ нь ямар ч нөхцөлд тэсвэртэй ханддаг. Харин маш олон цэцэг гаргадаг, дэрэвгэр ирмэгтэй том дэлбээтэй цэцэгнүүд нөмөр газар байх ёстой. Хурц нар, салхи, нэвт салхи, бороо зэргээс хамгаална.
Агаарын хэм: 
Бусад төрлийн шимтэглэй дулаан газар дуртай бол хаан шимтэглэй сэрүүнд байх дуртай. Хэрэв шөнөдөө агаарын хэм 10-15ºC -ээс дээш байх бол цэцэглэхгүй. Өвөл энэ цэцгийг аль болох гэрэлтэй цонхонд ойртуулж тавих хэрэгтэй. Өвөл байх ёстой хэм 10 - 15ºC.
Чимхэлт: 
Хэрэв шимтэглээг намар суулгасан бол дараа зун 6 сард цэцэглэнэ. Мөчирний үзүүрийг чимхэж өгөх нь олон цэцэг гархад нөлөөлдөг. Чимхэлтийг хавар зогсоодог. 


Цэцэглэлт: 
Цэцэглэлтийг намар хүртэл үргэлжлүүлэхийн тулд долоо хоногт нэг удаа услах усандаа жирийн шингэн бордооноос хийж услаж байгаарай. Үхсэн, хатсан цэцэг тасдаж авч байх нь цэцэглэлтийг удаашруулдаг. Үүнээс гадна калий илүү агуулсан бордоо хэрэглэхэд цэцгийг дэмжиж өгч байдаг. Цэцэглэлт дуусангуут тайрна, ингэхдээ ямар ч хэлбэр оруулж өгч болно.
Өвөлжилт: 
Хаан шимтэглэй бол хүйтэнд тэсвэртэй цэцэг (агаарын хэмийн байж болох доод хязгаар +5°С), гэхдээ мэдээж өвөл бол ийм хүйтэнд байлгах хэрэггүй. +10-15°С бол өвөлжих ёстой дээд хэм. Үүнээс дээш байж болохгүй - зун цэцэглэхгүй. Намар гаднаас гэрт, хаагдмал орчинд оруулж ирсэн цэцэг амархан бөөстдөг, төрөл бүрийн хорхой, аалзанд баригддаг. 
Үрсэлгээ: 
Хаан шимтэглэй суулгах хамгийн тохиромжтой цаг нь 8 сар байдаг. Гэхдээ өөр үед ч болно. Үндэслүүлж байх үед хөрсийг хуурай байлгах хэрэгтэй. Үрсэлгээг дээгүүр нь гялгар уут, шилээр таглах хэрэггүй. Бусад шимтэглэйг үрслүүлэхэд чийглэг орчин хэрэгтэй байдаг бол энэ хаан шимтэглэйд хэрэггүй. 
Тасалгааны бусад цэцгүүд бүтэн жилийн турш мөчрөөр үрслүүлэхэд зүв зүгээр байдаг бол хаан шимтэглээ, бүүр тодруулбал том цэцэгтэй хаан шимтэглээ үндэслэж өгөхгүй зөрөөд суучихдаг. Үндэслүүлэх гэж тодорхой хэдэн нөхцөлийг нь бүрдүүлж өгөх болдог.
Том цэцэгт хаан шимтэглээг үндэслүүлэхийн тулд хавар (3-4 сард) болон зун (6-8 сард) үрсэлгээний мөчир тасдаж авна. Үндэслүүлэхэд агаарын хэм маш чухал. Хавар үндэслүүлэхэд +18–20С хэмээс хэтрэх ёсгүй бол зун бол +25С-аас хэтрэх ёсгүй. Агаарын хэм өөр байх юм бол үндэслэлт маш муу явагдна. Хэрэв сэрүүн, хүйтэн зун байх юм бол харин зунжингаа үрслүүлж болно.
Хавар мөчир үрслүүлж байгаа бол мөчир таслах гэж байгаа эх цэцэг ургаж эхэлсэн байх ёстой. Цэцэг сэрээд, шинэ шүүс, шинэ энерги судсаар нь гүйж эхэлсэн байх ёстой гэсэн үг. Үрслүүлэх хөрсөө урьдчилж бэлдэнэ. Хар шороон бэлдмэл, элс 1:1, эсвэл хүлэрт хөрс, элс, перлит ижил хэмжээтэй авна. Хөрсөө 2–3 өдрийн өмнө урьдчилж буцалсан усаар шалзалж, дараа нь марганцын өтгөн уусмалаар услаж ариутгасан байх ёстой.

Үрсэлгээний ишийг хурц хутгаар зүсэж авна. Энэ нь тайрах явцад мухар хутга, хайч нь мөчирний үзүүрийг дарж, бяцалж гэмтээдэг тул хурц хутгаар цэвэрхэн зүсэж тайрна. Доод навчны доор уртавтар иш үлдээнэ. Дараа нь сахлын татуурга - бриткээр 2-3 навчны зангилаа байхаар хэд хэдэн хэсэгт хуваана. Үрсэлгээний доод зүсэлт ташуу байна. Навчийг жижиглэж тайрна. Том навч нь ууршилтын талбай их байдаг тул үндэслэх процесс удааширдаг. 
Тайрч бэлдсэн үрсэлгээнүүдээ 2–3 цаг ил тавьж хатаана. Дараа нь саванд суулгана. Суулгасан үрсэлгээг гялгар уутаар боох, таглах хэрэггүй. Мөн усалдаггүй. Суулгасны дараа маш цөөн усалдаг. Хэт их ус, чийгнээс болж дорхноо зөөлөрч илжрээд байдаг. Харин өдөр бүр бүлээн усаар шүрсэж өгнө. Үндэслэлт 3 долоо хоног үргэлжилнэ. Үндэслэсний дараа гол ишний үзүүрийг чимхэж эхнээс нь хажуугийн мөчирүүдийг гаргаж эхэлнэ. 2 долоо хоногийн дараа минерал бордооны уусмалаар бордож өгөөд, дахиж 7 хонсоны дараа маш бага тунтай малын баас дэвтээсэн уусмалаар усална.
Хорхой, шавьж:
Хар хөлт (Fusarium Sp.) болон шилбэний хар илжрэлт (Pythium splendens) - үрсэлгээ болон том цэцэгт таардаг өвчин. Хар ялзаралт гэдэг нь ишний ёроолоос эхэлдэг, бага багаар дээшилсээр иш харлаж, навч унаж, ургамал үхдэг. Хийх ажил: цэцгээ тогтмол шалгаж байх хэрэгтэй, үрсэлгээнд зөвхөн эрүүл эх цэцэгнээс тайрч байх, үрсэлгээг хэдэн долоо хоног үндэстэл нь услахгүй байх ёстой, хөрсийг заавал ариутгасан байх ёстой, тайралт хийх хутга ариутгасан байх, суулгах сав ариутгасан байх гээд ариун цэврийг сайн сахисан байх ёстой. 
Саарал ялзаралт: Навч, цэцгэн дээр толбо үүсдэг. Өдөөгч нь - Botrytis cinerea гэх мөөг. Энэ бол шимтэглэйд таардаг маш илбэг өвчин. Гол шалтгаан нь хэт чийглэг, хүйтэн сэрүүн өрөөнд байлгавал мөөг гарч ирдэг. Услахад мөөг халдвартай хэсгээс эрүүл навч, уэуэгрүү дамжиж нүүдэг. Саарал бор өнгийн мөөгний өнгөр гарч ирдэг. Хийх ажил: цэцгээ тогтмол шалгаж байна, хуучин навч цэцэг авч хаж байна, цэцгүүдийг хэт ойрхон наалдуулж тавьж болохгүй, цэцэгс амьсгаалах зайтай байх ёстой. Тод нартай, хуурай газар байрлуулна. 
Зэв: Өдөөгч нь - Puccinia мөөг, ихэвчлэн ууг нь бүсэлсэн шимтэглэйг өвтгөдөг. Навч, иш, мөчир дээр алтлаг бор өнгийн толбо үүсээд, дараа нь мөөг гарч ирдэг. Хөгшин залуу навч бүгд шарлаж, унадаг. Хийх ажил - тогтмол цэцгээ шалгаж байна. Өвчтэй цэцэг битгий авч байгаарай. 
Вирусын өвчлөлтүүд: халдвартай эх цэцгээс үрсэлгээрүү дамждаг. Тогтмол цэцгээ шалгаж, ямарваа нэгэн өвчний шинж тэмдэгтэй ямар ч цэцэгнээс татгалзаж байгаарай. Жишээ нь, мозаика вирусын гаралтай өвчинд навч, цэцэг үрчийгээд, толбожоод, сонин мозаикан хээтэй мэт болдог. Үрсэлгээг суулгахдаа ариун цэврийг сайн сахиж байх хэрэгтэй. Яг л хүнтэй адил. 
Нематод: Хялгасан өт нематодоор өвчилхөд үндэс дээр том том зангилаа булдруу үүссэн байдаг. Энэ дотор хялгасан өт үүрлэж, үржээд, цэцэгний шүүсийг сорохоос гадна үндэсийг гэмтээж үхүүлдэг. Ийм цэцгийг устгадаг. Хөрсөнд нь дахиж цэцэг суулгадаггүй гэдэг. Гэхдээ хүний хялгасан хорхойнд уудаг эмээр хөрсөө услаж болдог гэж өөр эх үүсвэрүүдэд бичсэн байдаг. Жишээ нь, гельминтокс бил үү гельминокс бил үү хялгасан цагаан хорхойн эм авч услаад байвал энэ өт үхдэг гэсэн шүү.
Усан хаван: энэ бол зөвхөн шимтэглэй биш, бусад ямар ч цэцгэнд учирдаг өвчин. Өвлийн турш гардаг өвчин. Цэцэг ургамлууд хаалттай орчинд хэт их устай хөрсөнд, гэрэл байнгын дутагдсан өрөөнд байгаад байвал хавагнаж эхэлдэг. Жишээ нь, "Гундаахай" сэдэвт байгаа хамгийн сүүлийн өвчин бол "усан хаван" юм. Навч гэмтэж, булдруу үүснэ, навчны доод талд хатуудуу ургацууд бий болно. Дараа нь өнгө нь зэвний өнгөтэй болно. Ийм навчийг тасдаж хаяад, усалгааг багасгах, гэрэл ихэсгэх хэрэгтэй.
АСУУЛТ - ХАРИУЛТ: Хаан шимтэглэй үрээр тарих гэсэн юм. Яаж тарьдаг юм бэ? Хаанаас үр авах вэ?
Харамсалтай нь Хаан шимтэглээн (Королевская пеларгония - Regal Pelargoniums (Pelargonium x domesticum)) үр олох хэцүү байдаг. Ууг нь үрээр ургуулсан шимтэглээ илүү олон цэцэг гаргадаг ба удаан цэцэглэдэг. Үр ховор тул хаан шимтэглээг мөчрөөр үрслүүлэх нь илүүтэй байдаг. Хаан шимтэглээн мөчирийг шууд хөрсөнд, эсвэл үр бойжуулагч хүлэрт хөрсөнд үндэслүүлдэг. Усанд хийхэд үндэслэх нь муу.
Хаан шимтэглээ маш цөөн тооны үр өгдөг, иймээс худалдаанд гаргах шатанд хүрдэггүй. Ихэвчлэн мэргэжлийн цэцэгчид хаан шимтэглээн үрийг шинэ сорт гаргаж авах, селекцийн ажилдаа хэрэглэдэг. Иймд худалдаанд бараг тааралддаггүй байна.
Хэрэв та хаан шимтэглээн үр олж авсан бол 1-2 сард суулгахад тохиромжтой цаг. Зун 5-6 сар гэхэд цэцэглэнэ. Ер нь ямар ч шимтэглээг 1-2 сард үрээр тарьж эхэлдэг. Шимтэглээн үр ургуулахад хамгийн амархан, урамтай. Хэрэв та цэцэг тарьж эхэлж байгаа бол шимтэглээ үрээр ургуулж үзээрэй.
АСУУЛТ - ХАРИУЛТ: Кhaan shimteglei turuu jil hudaldaj avsan ym. eroosoo tsetseglehgui bgaa. yaval tsetsegleh ve. turuu jil het ondor urgaad bhaar ni boginosgoj tairsan chin otgon sagsagar urgaj bgaa. mon tsetsegluuldeg bordoogoor bordoj bgaa. gesen ch tsetsegledeggui. omno yvuulsan maild maan hariu bichsend bayrlalaa .
Хаан шимтэглээ (Королевская пеларгония – Regal Pelargonium буюу Pelargonium grandiflorum - Том цэцэгт шимтэглээ)
Цэцэгний хэмжээ 5 - 15 см диаметр хүрдэг. Цэцэглэлт удаан үргэлжилдэггүй (3 сарын сүүл - 4 сараас эхлээд зуны дунд сар хүртэл). Үрээр суулгасан бол 2 дахь жилээсээ цэцэглэж эхлэнэ. Цэцэглүүлэх заримдаа хэцүү байдаг. Учир нь бордоо, гэрэл, усалгаа зэргээс гадна сэрүүн орчин хэрэгтэй байдаг. Иймд дулаараад ирэхэд гадаа тагт, сүүдрэвч зэрэгт гаргаж тавьсан нь дээр. Шөнө температур +10 С хэмээс буухгүй бол гадаа хонуулж болно. 
Харин бороо, салхитай өдөр заавал дотогш оруулж байх ёстойг санаарай. Хатаж эхэлсэн цэцгийг түүж байна. Энэ нь илүү олон шинэ цэцэг гарахад нөлөөлнө. Шимтэглээ маш хурдан ургадаг. Иймээс цэцэглэсний дараа, ойролцоогоор намрын эхээр - 8 сарын сүүлээр хэлбэржүүлэлт хийнэ. Танаж тайрна гэсэн үг. 
Өвөл сэрүүн орчинд цэцгээр гоёдог ихэнхи ургамлуудыг байлгах нь цэцэглэлтэнд маш чухал. Сэрүүн орчинд ирээдуйн бундууны эд эс бүрэлдэж эхэлдэг. Дулаан халаалттай өрөөнд өвөлжүүлээд, дараа нь сайн цэцэглэхгүй байна, эсвэл огт цэцэглэхгүй байна гэх нь элбэг.
Хаан шимтэглэйг бол +10-15 С хэмд өвөлжүүлнэ. 
Ойр ойр шилжүүлж суулгах шаардлагагуй. Бут хэт томроод, урт урт мөчиртэй ургаад ирэхлээр үзэмжгүй харагдаж эхэлдэг. Ийм ургамлыг "залуужуулах" хэрэгтэй. Өөрөөр хэлбэл - үзүүр мөчирнүүдийг тайраад, үндэслүүлээд, шинээр үрслүүлж суулгах. Мөчир үндэслэхдээ амархан, иймд хэзээ ч үндэслүүлж болно. Гэхдээ тохиромжтой цаг нь намар байдаг. Тэгвэл хавар гэхэд цэцэгтэй буттай болно. 
Хаан шимтэглэйг цэцэглүүлэхэд хэдэн зүйл баримтлана. 
1. Энэ бол гэрэлсэг цэцэг. Гэрэл дутвал цэцэг бага гарна, эсвэл огт цэцэглэхгүй. 
2. Хөрс таарсан, тохирсон байх хэрэгтэй. Хөрс тэжээллэг, хөвсгөр, сийрэг, агаар сайн нэвтрүүлдэг байна. Хүлэрт хөрс, элс адил хэмжээтэй аваад, вермикулит нэг стакан, модны нүүрс хагас стакан, ялзмаг болон удаан уусдаг үрлэн хатуу бордоо нэмнэ. 
3. Шимтэглээ том саванд цэцэглэдэггүй. Дренажны нүхээр үндэс цухуйгаад ирэхлээр сав томосгож солино. Шинэ савны голч хуучнаасаа 1,5 см том байна. Үүнээс томыг авч болохгүй. Шилжүүлэн суулгахад тохирсон цаг нь — 2-3 сар, амралт үе дуусангуут. Шилжүүлж суулгаснаас хойш 1,5 сарын дараа л бордоо өгч эхэлнэ. 
4. Бордоо - калий+фосфор түлхүү агуулсан байх ёстой. Улаан лоольд зориулсан бордоо хэрэглэж болно. Мөн хаан шимтэглээний гол бордоо нь Магнийн сульфат (Магнезия сернокислая, Магний сернокислый) MgO - 17%, S - 13,5 % юм.
5. Идэвхитэй ургалт үед сайн услаж байна. Гэхдээ ус хэт удаан суурь таваганд байж болохгүй. Өвөл - сардаа 2 удаа л услана.
6. Амралт үеийг зөв хийж өгвөл цэцэглэлт тансаг, олон, мөн удаан байна. Үүний тулд өвөл 1,5 сар сэрүүн, гэрэлсэг газар байлгана +10-15 С хэмд. 11 сард амралт үерүү нь оруулах гэж байгаа бол сүүлийн чимхэлтийг 8 сард хийнэ. Энэ хугацаанд шинэ нахиа, мөчир ургаж амжина. Энэ мөчрүүдийн үзүүрт л ирээдуйн бундууны эх үүсвэр бүрэлдэж эхэлдэг. 

3 comments:

  1. Сайн байна уу? Би гэртээ нэг шимтэглэй мөчрөөр үндэслүүлэ ургуулсан юм. ямар төрлийг нь сайн мэдэхгүй, том том ногоон навтай тэгээд яг цэцэглэх гд жижинхэн час улаан цэцэг цухуйгаад нэг их удалгүй бараг дэлгэрэлгүй хатаж унаад бх юм ямар нэг юм эь таарахгүй бн уу? Мөн навч нвь их том томроод л бас их өтгөн болж ургаж бгаа

    ReplyDelete
  2. сайн байна уу? би мөчрөөр тарисан хаан шимтэглэй аваад 2 жил болж байна. ердөөсөө цэцэглэхгүй юм. анхны жил нь би савыг нь солиогүй юмаа. Тэгэхэд навчнууд нь томроод аятайхан болж байсанюм. тэгээд цэцэг гарахгүй болохоор нь өнгөрсөн намар би савыг нь соличихсон юм.Одоо болохоор цагаан ялаануудад баригдаад доодох навчнууд нь уначихсан дээрээ хэдхэн навчтай байна. дургүй хүргээд байхаар нь гадаа балкон дээр байгаа. хүлэрт хөрс, ялазмагтай хөрсөнд суулгах нь зөв үү

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу, хаан шимтэглээг цэцэглүүлэх нэг л арга байдаг. Сав хэт томруулахгүй байх, хэтрүүлж бордохгүй байх, гол нь өвөл хүйтэнд өвөлжүүлэх. 60 хоног +5-8С хэмтэй газар байлгаснаар цэцэглэх нөхцөл бүрэлддэг. Халуун өрөөнд өвөлжүүлсэн бол цэцэглэхгүй. Хүйтэн сийдэг цонхтой айлууд цонхондоо наалдуулаад өвөлжүүлээд байдаг. Хавар гэхэд цэцэглээд эхэлдэг юм билээ. Цагаан ялаанаас заавал салах хэрэгтэй. Жижигхэн бут бол гялгар уутанд хийгээд дотор нь хор шүршчихдэг. Тэгвэл өрөөний агаарт хортой бодис хийсэхгүй. Эхлээд ялаанаас сал, дараа нь сэрүүн газар тавь. Балкон дээр гаргасан бол оруулж ирэхгүй тэнд нь байлгахад зүгээр.

      Delete