Thursday, October 1, 2015

Нил цэцэг утсаар услах арга

Цаг зав муутай бид заримдаа цэцгээ услахаа мартна, эсвэл зуны дэлгэр сайхан цагт хөдөө гадаа олон хоногоор явах болно. Хэдэн цэцгэндээ санаа зовоод, явах хэцүү байх хэцүү байдагдаа. Ийм үед хэрэглэх дэндүү энгийн усалгааны арга бол утсан усалгаа. Энэ нь "байнгын" болон "түр хугацааны" гэж байж болно.
Байнгын аргыг ихэвчлэн нил цэцэгт хэрэглээд байдаг ч ер нь бол утсаар ус дамжуулах зарчмыг том жижиг ямар ч цэцгэнд хэрэглэж болно. Сайн муу талуудыг нь доор бичсэн байгаа.
Эхлээд хөрсөө бэлдэнэ. Хөрс - хар шороогүй хөрс байна. Заавал хөвсгөр, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Жирийн хар шороо, элс хольсон хөрс хүнддээд таардаггүй. Иймд:
1 хэсэг ялзмаг,
1 хэсэг хөвд,
1 хэсэг хүлэрт хөрс авч болно.
Өөр нэг хувилбар нь хөвсгөр хөнгөн хүлэрт хөрсийг маш бага хэмжээний голын элс, ялзмагтай хольж болно.
Эсвэл хүлэрт хөрсийг перлит, вермикулиттай ч авч болно. Хөрсөө ариутгаарай. Хар шороотой, болон нягтрал ихтэй хөрс нь ус их уудаг тул үндэс ялзруулдаг юм. Утсан усалгаанд ийм хөрс хэрэглэдэггүй. 
Жижиг цэцгэнд тохирох арга:
Шаардагдах зүйлс:
1. Хөрс
2. Цэцгийн сав: заавал ёроолдоо нүхтэй байх шаардлагатай
3. Тор (цонхонд хийдэг шумуулны эсрэг гэх капронон тор болно), эсвэл цаасан ууттай цайны уутыг нь ашиглаж болно. Илжрэхгүй, усанд дэвтээд алга болохгүй. Энэ нь дренаж доош урсаж/унахаас сэргийлж байгаа юм. Савны ёроолыг бүрэн хаахаар жижиг дөрвөлжин хэсэг хайчилж авна. Хайчилсан дөрвөлжин тороо хоёр цоолно.
4. Синтетик буюу капронон уяа: Синтетик материал нь илжирдэггүй, норох чадвар сайтай доорх сууринаас хөрсрүү чийг дамжуулахад тохирсон материал. Зарим өөр материал ус хэт дамжуулж үндэс илжрүүлдэг, зарим нь дамжуулахдаа маш муу гээд олон янзаар туршсаны үр дүнд капронон утас тодорчээ. Уяаны өргөн 3-5 мм.
"Шилэн" трико нарийхан хайчлаад хэрэглэж болно.
Хүмүүсийн дунд тархсан түгээмэл алдаа бол - утас өргөн байх тусмаа ус сайн дамжуулдаг гэж боддог. Ийм биш юм. Учир нь утас бол зүгээр ус дамжуулагч хоолойны үүрэг гүйцэтгэж байгаа. Харин ус шүүх насосын үүргийг хөрсний дээд өнгөн хэсэг гүйцэтгэдэг байна. Иймээс хөрсөө эхнээсээ зөв найруулсан байх ёстой. Хөрс нь ус, агаар сайн нэвтрүүлж байх ёстой. Хар шороотой нягтарсан хөрс ус дамжуулах нь муу тул усыг гацаагаад байдаг.
Утасны өнгө ямар нэгэн ач холбогдолгүй, гол нь будаг гардагүй байх шаардлагатай. Будагтай ус цэцэг, навчны өнгөнд нөлөөлнө. Ихэнхдээ утсыг хуучин "шилэн трико"-ноос авдаг. Гэхдээ зарим хүмүүсийн дүгнэлтээр ийм утас хэт ус дамжуулаад хөрс чийг ихтэй болдог гэнэ.
Ерөнхий бүдүүвч
Гол анхаарах зүйл бол утасны нэг үзүүр услах шингэнд байнгын дүрээстэй байна. Цэцгийн савны доод тал усанд хүрэхгүй, хуурай байх ёстойг анхаарна уу. Утас урт байсан ч болно, хагас метрээр нь услах шингэнд дүрсэн ч болно. Хамаг учир нь савны доод тал, услалтын шингэн хоёрын хоорондын зайнд байгаа юм. Энэ "агаарын хэсэг" нь бүхнийг хөдөлгөж өгч байгаа. Энэ хоорондох утас хатаж эхлэхэд дээрх хөрс мөн хатаж эхэлдэг байна. 
5. Усны сав: төрөл бүрийн байж болно. Нэг удаагийн стакан ч байж болно. Өндөр, нам нь хамаагүй, гэхдээ илүү таардаг нь баруун талын өндөр нь. Стаканы хажуу бөөрөнд жижигхэн нүх цоолж өгнө. Энэ нүхээр дараа нь услах шингэнээ хийж өгч байх юм. Мөн үндэсэнд агаар очиж байх юм.
Доод савны бөөрөнд нүх хийсэн байгааг хараарай.

"Угсрах" ажил:
Мөн савныхаа доор цагаан хөөсөн зөөлөвч үүрүүлж дренаж болгож хийвэл үндэс ялзрахгүй.

Хөрс эхний услалтын дараа хөрс доош сууж өгөх тул хуурай хөрсийг ирмэг хүртэл дүүргэнэ 

Услах дурэм:
1. Усанд үндэслүүлсэн үрсэлгээг хөрсрүү шилжүүлж байгаа бол дээрх аргаар суулгаж дуусангуут шууд усална. Хөрснөөс хөрсрүү шилжүүлэн суулгасан тохиолдолд нэг хоногийн дараа л дээрээс нь услана. 
2. Эхний 2 долоо хоног жирийн аргаар дээрээс нь услаж цэцгээ шинэ нөхцөлд дасгана. Хэрэв цэцэг чинь шинэ нөхцөлд дасаад дээш сэргэж эхэлвэл ээлжит улсалтаа сайн хийж өгөөд доод стаканруу ус хийнэ. Үүнээс хойш зөвхөн доод стаканд л ус нэмэж байна.
Муу талууд:
1. Дээрх систем буруу хийгдсэн бол хөрс хэт чийгтэй байх болно. Улмаар үндэс илжирнэ.
2. Хэт нойтон хөрснөөс жижигхэн "сциарид" ялаа гарч болзошгүй. 
3. Цэцгээ урд нь ургуулж байсан 10-12 см савтай нь энэ аргаруу шилжүүлвэл нил цэцгийн хэмжээ томроод ирдэг. Жинхэндээ энэ арганд маш жижигхэн сав таардаг юм. 6-8 см сав нил цэцгэнд стандарт хэмжээ болно. Цэцэглэлт их илбэг, тансаг, олон бундуутай байдаг, навчны таваг хэвийн хэмжээнд байна.  Утсан усалгаа хэрэглэхэд цэцэгний хэмжээ томордог.
4. Өвлийн улиралд хүйтэн, сийдэг цонхтой бол сайн цонхоо дулаалж өгөх хэрэгтэй. Сууринд байгаа ус хүйтэн байх тул үндэсэнд муу. Үүнээс хамгаалж цонхоо дулаалах, мөн цэцгийг өөр газар байршуулж болно.
Сайн талууд:
1. Усалгаа жигд явагдана. Хэт услалт, хэт хуурайшилтаас хамгаална. 
2. Бордоо, тэжээлийг зөв найруулж өгвөл хэт бордох, дутуу бордох асуудлаас сална. 
3. Нил цэцгийг ургуулах маш хялбар болно: таны цаг завыг авахгүй, хатаачихлаа илжрүүлчихлээ гэж санаа зовохгүй. Сардаа ихэнхидээ нэг удаа доорх саванд ус хийгээд байхад болдог. Утасны ус дамжуулах чадвар, найруулсан хөрсний бүтэц, цэцэгний хэр их том ургасан, хэр их ус ууж байна гэдэгээс хамаараад дээд тал нь 2 удаа усаа сэлбэнэ.
4. Цэцэг нь өөрийн хэрэгцээнд тохируулаад усаа татаж авдаг.
5. Хэдэн долоо хоногоор санаа зоволгүй үлдээж болно.
6. Олон цэцэг зэрэг ургуулахад нэн тохирсон арга.
7. Навчаар үндэслүүлж байгаа үед мөн тохиромжтой арга. Ялангуяа, хэт олон навч үрслүүлж буй үед бүүр амар болно. 
8. Тааламжтай нөхцөлийг нь бүрдүүлсэн тул цэцэглэлт нь их сайхан өгөөжтэй болдог. Цэцэглэлт эрт эхэлдэг. Мөн цэцгэн бүрхүүл нь илүү том болно.
9. Өдөр бүр услах гэж навч/цэцгийг стресст оруулахгүй тул навч/цэцэг эрүүл ургадаг. Усны толбо навчин дээр үүсэхгүй. Дээд, доод усалгаа хийхэд цэцэг навч хөдөлгөж байгаад навч хугарах, навчин дээр ус дусаж толбо үүсэх, цэцэгний дэлбээ уснаас амархан муудах г.м. зүйл бий болдог. Утсан усалгааны үед ийм юм үүсэхгүй.
10. Услах явцад ус асгарч арчих цэвэрлэх гээд ажиллагаатай. Энэ арга нь цэвэрхэн юм. Ялангуяа оффисын өрөөндөө цэцэг тарихад амар боллоо гэсэн үг. Утсан усалгаа нь цэвэр тул ажлын ширээн дээр ч байрлуулж болно.
Зориулалтын ийм утсан усалгааны савнууд ч байдаг
11. Жижигхэн саванд ургадаг дагжаа нил цэцэг услах хэцүү байдаг. Харин энэ аргаар ургуулах хамгийн тохиромжтой. 
12. Тэжээлийг хөрснөөс бус доорх шингэнээс авч байгаа тул цэцэгний сав нь навчны тойргийн 1/3-аас ч бага байж болно. Эдийн засгийн хувьд энэ нь хэмнэлттэй. Цэцгийн сав томрох тусам үнэ нь өсөөд байдаг. Мөн хөрс бага хэрэглэх тул хэмнэлттэй.
Том савны хэрэг огт байдаггүй гэдэгийг санаарай.
13. Сав жижиг байвал навчны тойрог томрохгүй, жижиг байна. Харин авсан бүх тэжээл, хүч тэнхээ нь цэцэгрүү явдаг тул цэцэглэлт их тансаг байдаг. 
Олон аргаар хийж болдогийг анхаарна уу. Эхний удаадаа туршилт болгоод та өөртөө олон байгаа сортоор туршилт хийгээрэй. Энд байгаа видеонуудыг үзээрэй. Бүгд жижиг жижиг ялгаатай, өөр өөр зөвөлгөөтэй. 
 
Дахин нэг сануулахад - эхлээд "туршилтын туулай" болгож олон ширхэг байдаг нэг төрлийн цэцэгнээсээ нэгийг нь энэ арганд шилжүүлээд, 2-3 долоо хоног ажиглаарай. Тэгээд дараа нь бүх нил цэцгээ шилжүүлээрэй. Энэ аргаар юүлүүргэнэ, баримгана, гээд ер нь л бүгдийг ургуулж болно.
Яваандаа доорх ус булингартаад, ногоон замаг ургаад ирдэг. Иймээс сард нэг удаа, ээлжилт ус нэмэх үедээ доод савыг авч угааж цэвэрлэх хэрэг гарна. Усалгаанд буцалсан, хлоргүйжүүлсэн, бүлээн, жаваргүй ус хэрэглэнэ. 

Заримдаа утас ногоон замаганд идэгдсээр, эсвэл ямар нэгэн шалтгаанаар солих хэрэг гардаг. Энэ тохиолдолд шинээр хөрс солихтой адил эхнээс нь бүх ажиллагаад хийж болно. Хэрэв хөрс саяхан сольсон, мөн хөвсгөр хөрснөөс хуучин утсаа цэцгээ гэмтэлгүй авч чадсан бол зураг дээрх шиг аргаар утас сэлбэж болно.
 Хэрэв хөрс доош суусан бол нэмээд дүүргэж болно. 
Хэрэв үндэс доод нүхээр гараад утасаа дагаад ургаад байвал айх хэрэггүй. 
Дөнгөж суулгасан бол бордох хэрэггүй. 1-2 сарын дараа харин доорх усанд нь маш сулхан бордоо дусааж болно. Хэтрүүлэх хэрэггүй.
 

Утсан усалгаанд байгаа үед навчин таваг далбаагаад том болж ургадаг. Ингэж томруулахгүйн тулд савыг албаар жижиг авдаг.
Сав жижиг тул жилдээ 2 удаа шилжүүлж суулгах, хөрс солих ажил гардаг.
Энэ миний хэрэглэдэг байсан арга. 2-3-хан жилийн өмнө би 60 гаруй сорт уургуулдаг байв. Тэр үед иймэрхүү маягаар утсан усалгаанд оруулаад, навчин тавагийг зөв хэлбэртэй ургуулахын тулд ингэж нэг удаагийн тавагаар тулгуур хийдэг байв. Дараа нь гадны нилчидтэй энэ зурагийг үзүүлээд туршлагаасаа хуваалцаж байхад зарим нь энэ нэг удаагийн тавагаа доош харуулж хийвэл навчны ургалтанд саад болохгүй илүү тохирно гэж байсан. 
Нил ургуулдаг хүнд заавал байх ёстой багаж бол энэ пинцет, мөн навчин таваг зөв ургуулахад энэ цагарийган тулгуур хэрэгтэй. Нилээр ид өвчилж байхдаа захиалаад авч байлаа. Пинцет бол үнэхээр амар. Олноор ургасан зулзагнуудыг салгахад маш хялбар байдаг юм байналээ. Гэмтэх нь ч бага, үндэс салах нь ч илүү хялбар. Туршаад үзээрэй.
Уг материалыг бичихдээ дараах мэдээллийн санг ашиглав: http://www.fialki.ru/; http://dimetris.com.ua/;http://www.fialki-senpolii.ru/

No comments:

Post a Comment