Friday, November 20, 2015

Хятад сарнай: үрслүүлэх аргууд

"City Slicker" сорт
Фэн-шуйгээр гибискус буюу хятад сарнайг "Гал" мах бодийн цэцэг гэдэг байна. Гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалдаг, хүүхдийн уран сэтгэхүйг хөгжүүлдэг ба бизнест хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтооход тус болдог гэдэг юм байна. Цэцэглэж буй хятад сарнай нь эрч хүчээр гэрийг дүүргэж гутранги үзэл бодлоос салхад тус болдог гэжээ.
Үрээр үрслүүлэх арга:
1 сарын дундаас 3 сарын дунд хүртэл үр суулгахад тохирно. Үр хатуу, том ширхэгтэй байдаг. Хурдан соёолуулахын тулд скарификаци буюу гаднах хальсыг цуулах, нимгэлэх ажилбар хийж болно. Жишээ нь, зүлгүүрийн цаасан дээр болгоомжтой үрэх, эсвэл хальсыг хурц хутгаар цуулах зэрэг. Скарификацийн тухай эндээс уншаарай.
Суулгахын өмнө 12 цаг идэвхижүүлэгчийн уусмалд байлгах хэрэгтэй. Энэ нь дэлгүүрээс авсан зориулалтын идэвхижүүлэгч байж болно. Эсвэл гумины бордоог усанд хийж цайвар шаргал өнгөтэй найруулаад (шар айрагнаас цайвар байх) дотор нь үрнүүдийг хийж дэвтээнэ. 
Заримдаа үр хэт хатсан, хэт зузаан хальстай гээд дэвтээх хугацааг уртасгах хэрэг гардаг. Зарим тохиолдолд 3 өдөр ч дэвтээх болдог. Зузаан салфетканд ороогоод гадуур нь "цоожтой зип-лок" гялгар уутанд хийж дээрээс нь дэвтээх уусмалаар норгоод бүлээн газар тавьдаг. Халаалт ирсэн үед танай гэрийн "паар" бүлээвтэр, амьтай төдий бол дээр нь тавьж болдог. +35-40С хэмээс дээш байж болохгүй. Түүнээс дээш халуунд үр "чанагдаад" үхнэ. Битүү уутанд хийсэн бол өдөрт 2 удаа нээж агаар сайн оруулж байгаарай.
Дэвтсэн үр хэмжээ нь томроод, "памбаагаад" ирнэ. Хэрэв скарификаци хийсэн бол хальсны завсараар цагаараад үрний дотор харагдна. Удахгүй үр задраад цагаан "сүүл" цухуйгаад ургаад эхэлнэ. Зураг дээр харуулсан шиг навчлахыг нь хүлээж болно, эсвэл шууд чийгтэй хүлэрт хөрсөнд суулгаж болно. 
10-12 см саванд хүлэрт /коко/ хөрс, эсвэл цэцэгийн ердийн хөрс бэлдмэлийг адил хэмжээний вермикулит/перлит/хөвдтэй холиод хийнэ. Хүлэрт хөрсөө перлиттэй хольж болно, мөн дан элстэй хольж хэрэглэж болно. 
Нэг саванд 4-5 үр хийхэд болно. Үрний хотгор гадаргууг доош, төвгөр талыг нь дээш харуулж байрлуулна. Үрнүүдээ зайтай байрлуулаад дээрээс нь 5 мм зузаан хөрсөөр хучина.
Дараа нь доод дренажны нүхээр ус урстал хангалттай услана. Үр урсахгүй байлгахын тулд доод усалгааг хийх нь дээр байдаг. Үүний тулд өндөр суурь таваганд дунд хүртэл нь усаар дүүргээд үрсэлгээний саваа дотор нь байрлуулна. Хөрс аажмаар чийгтэй болонгуут авна. Цаашид хөрсөө үл ялиг өлөн чийгтэй байлгана. Усархаг нойтон биш. Хэт их чийг, ус үрийг ялзруулдаг.
Дээгүүр нь вакумдна. Үрсэлгээний саваа гэрэлтэй, доороосоо халаалттай дулаан +25-27°C газар тавьна. Хөрсөө чийглэгдүү байлгана. Агаар өдөр бүр оруулж байна. Соёолох хугацаа үрний чанараас хамаарч шинэ үр 7-30 хоног, хуучин үр 1-4 сар байж болно. Үр соёолох тааламжтай агаарын дулаан +22-27 С. Соёолонгуут нь вакумдсан таглааг авна.
Гурван хос жинхэнэ навч гарангуут (эсвэл гол иш хатуураад чангараад ирэнгүүт) тусгаарлаж 10-12 см диаметртэй саванд нэг нэгээр нь тусгаарлаж суулгана. Үндэс гэмтээхгүй байх дээр анхаараарай. 
Хөрсний чийгийг тогтмол жигд байлгана. Хэт хатааж, хэт услаж болохгүй. Сайн гэрэлтэй газар байрлуулна, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаална. 
Яваандаа том ургаад ирэнгүүт азот-фосфор-калийн /20-20-20 харьцаатай/ бордоог зааврын дагуу хэрэглэнэ.
8-10 сарын хооронд шаардлага гарвал танана. Гол мөчирнүүдийг 1/3 богиносгоно. Хатсан болон нарийхан сул дороо мөчирнүүдийг угаар нь тайрна. Тайралт, таналт нь илүү саглагар өтгөн бут бий болгодог ч цэцэглэлтийг хоёроос дээш сараар хойшлуулдаг.
Үрээр тарьсан хибискус 3-4 дэх жилээсээ цэцэглэж эхэлнэ.

Мөчрөөр үрслүүлэх аргууд:
1. Хөрсөнд шууд суулгах:
Зангилаа үеийг тааруулж тайрсан нь дээр

Мөчрөөр үрслүүлэх нь хамгийн амар болон хурдан байдаг. Хавар эрт, эсвэл 7-8 сард үрсэлгээ тасдаж авахад илүү тохирдог. Хурдан үндэслдэг. Мөчирний доод үзүүр нь хагас модорхог байна. Энэ жилийн шинэхэн зөөлөн ногоон мөчир тохирдоггүй.

Хурц хутгаар 45 градусын ташуу мөчир огтолдог. Мөчирний үзүүрээс 10-15см орчим тайрч авна. 
Дээр нь 2-3 навч үлдээгээд, доод навчнуудыг тасдаж авна. Үлдсэн хэдэн навч хэт том хэмжээтэй бол навчнуудын талыг тайрна. Энэ нь хэт их ус чийг ууршихаас хамгаалж байгаа юм.
Доод зүссэн хэсгийг үндэслүүлэгчинд дүрээд сэгсрээд хөрсөнд суулгана. Хэт зузаан үндэслүүлэгч байж болохгүй. Илжрэх магадлал өндөр болно.
Mөчирний үзүүрт байгаа цэцэг, бундууг тайрч үндэслүүлдэг. Энэ харин үндэслэх явцдаа бундуу гаргаад, нэгэнт үндэс татсан тул бундууг нь тасдсангүй.

Үрслүүлж буй саванд заавал доор нь дренажны нүх гаргана. Дээрээс нь хөрсөө хийнэ. Хөрсөнд элс, хүлэрт хөс, хар шорооны бэлдмэл авна. Үүнийгээ чийглээд үрсэлгээгээ суулгана. 
Дээгүүр нь мөн адил хүлэмжний нөхцөл бий болгох үүднээс гялгар уутаар хучиж өгнө. 2 долоо хоноод үндэслэдэг.

Мөчрөөр үрслүүлвэл тэр жилдээ цэцэглэдэг.
 

2. Усанд үрслүүлэх:
Том навчнуудыг тайраад багасгана. Уурших талбайг багасгаж байгаа нь тэр.

Мөчирнөөс авсан үрсэлгээг шууд усанд хийж үндэслүүлж болдог. Гэхдээ усанд үндэслүүлсэн цэцэг сул, ургах нь муу, удаан байдгийг анхаарна уу. Иймээс шууд хөрсөнд суулгаарай - энэ нь бат бөх, эсэргүүцэл сайтай цэцэг өгдөг.
Доор нь үүсэх цагаан ургацагуудыг ховхлох хэрэггүй. Эндээс үндэс ургаж эхэлнэ.
 
Үндэслүүлэхдээ мөчирний доод үзүүр хэт их гүн усанд байх ёсгүй, Усаа 7 хоноод нэг сольж байх нь дээр. Солихдоо усны саваа мөн сайн угаагаарай.
Усанд модны нүүрсний хэлтэрхий хийвэл ус муудах нь удаан байдаг.Үрсэлгээгээ хурц халуун наранд тавьж болохгүй, онгорхой цонхны доор тавьж болохгүй. Шөнө өдөр адилхан жигд хэмтэй байхаар гэрэлсэг газар байрлуулна.

4 comments:

  1. Hi, би бараг хятад сарнайгаа алаад хаясөөн. Янз бүрийн туршилт хийсээр байгаад. Одоо үндэс нь жаааахааан иштэй, бас нэг модорхог мөчир 2той л үлдээд байна. Энэ хоёрыгоо үрслүүлэх гээд шороонд суулгацан байгаа. Модорхог мөчир нь дээр байгаа нахиалцан жижиг мөчир шиг л хэмжээтэй. Урьд нь уг нь зөндөө үрслүүлэх гэж оролдоод дандаа ялзарчихаад байсан. Би усыг нь ихдүүлчихээд байсан бололтой. Ер нь хятад сарнай үрслүүлэх гэж байгаа хөрс маань ямархуу чийгтэй байх хэрэгтэй вэ? Одоо бол би орос ууттай байдаг хөрсөнд суулгаад хөрснийх нь өөрийх нь чийгтэй байснаас нэмж услаагүй. Ундааны саваар вакум сав хийгээд тавьчихсан байгаа. Хөрс нь уг нь овоо сийрэг юм блээ. Суулгаад 3 хоножино. Энэ 2ыгоо авраад үлдээчихмээр байхын яах вэ? Урнаа эгчээ та надад нэг сайхан зөвлөгөө өгөөч.

    ReplyDelete
    Replies
    1. Hi, Uug n neeh ih het modorhog boloogui, nogoon shine muchirnii uzuur joohon hatuuvtar bolood irehed n tairval yag undeslehed taardag ym bilee. Modojson muchir undesleh n udaan bdg. hurs ulun chiigtei bhad bolno. agaar sain nevterdeg huvsgur hurs.Modojson bol udna ooo. 1-2 sar bolno.

      Delete
  2. Энэ мэдээлэл надад их тус боллоо. Би ээжийнхээ 20 жил ажил дээрээ ургуулсан цэцгийг гэртээ авчраад арчилж байгаа юм ээж маань бурхан болоод хагас жил болж байна. Би тэгээд өөрийнх нь хамгийн хайртай байсан хятад сарнайг яаж арчилхаа сайн мэдэхгүй их хэцүү байлаа. Асуух зүйл байна, миний хятад сарнай хааш яаш их замбараагүй ургаад байна яг яаж тайрж зөв хэлбэртэй ургуулах ёстой юм бэ? дээр дурдсан мэдээлэл дээр дөнгөж ургаж байгаа цэцгийг таслах талаар байсан минийх их том модлог болчихсон юм л даа? Зөвлөгөө байна уу?

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu. 20 jil urguulsan bol ih l tom bolson bh, mun undsen ish, muchirnuud n buduun modorhog bolson bgaa. Tairaltiin huvid yag yamar helbertei mod urguulah gej bgaa tanii ooriin huslees bolno. Buurunhii mod bolgoh bol nileen dooguur tairna. Shtamb mod bolhoh uu geeed, odoo urgasan modoo harj baigaad undsen ish bolon undsen 3-4 muchiriin urgasan chigleliig harj baigaad shiideh heregtei bolno.

      Delete