Sunday, November 22, 2015

"Савицийн" алаг навчтай хим

Abutilon x hybridum Savitzii
Латин нэршил: Abutilon "Savitzii"
Орос нэршил: Абутилон Савицкого 
1800-аад оноос эхэлж тарьж эхэлсэн.
Бут: дунд зэрэгийн өндөртэй. Гадаа 1.2 – 1.5 метр өндөр ургадаг. Тасалгаанд хамаагүй намхан 0,8 метр хүрнэ.
Навч: Бусад ийм төрлийн алаг навчтай химүүдээс ялгарах нь навчны ногоон хэсэг маш бага. Ихэнхи талбай нь хлорофиллгүй цагаан тул фотосинтез хийхэд нарны гэрэл ихээр шаардагддаг баймаар. Байгальд далайн эргээр нартай ил газар сайхан ургадаг бол тасалгаанд эсрэгээрээ сарнисан гэрэл болон хагас сүүдэрхэг газар тохирдог. Хурц наранд тавьж болохгүй. Тасалгааны нөхцөлд амархан дасан зохицож чаддаг гэдэг.
Цэцэг: цайвар оранж/сальмон өнгийн дунд зэргийн хэмжээтэй.
Ургалт: удаан талдаа. 
АРЧИЛГАА
Гэрэл:
Шууд хурц наранд тавьж болохгүй. Навч унах, ургалт удаашрах гээд сайн ургаж өгдөггүй. Харин өглөө, оройны зөөлөн нарны гэрэл тусдаг, өдрийн цагт сарнисан тод гэрэлтэй газар тавьбал илүү тааламжтай ургаж, навчны хэмжээ тэлж томордог.
Өвлийн нар илч муу тул өвөл урагшаа харсан цонхонн дээр тавьж болно 2 сараас эхлээд харин байршилыг нь өөрчилсөн нь дээр.
Оролдоход дургуй. Байршил ойр ойрхон солиод байхад дургуй.
Усалгаа:
Бусад химүүдтэй харьцуулахад багавтар услана. Хөрс өлөн чийгтэй байна. Хэт усархаг нойтон байлгаж болохгүй. Хөрсөө бүрэн хатааж болохгүй.
Үндэслүүлэх явцад нилээд чийгтэй хөрс шаардагдна. Яваандаа үндэслээд ирэнгүүт багасгана.
Бордоо:
Комплекс минерал бордоог зундаа хоёр долоо хоногт нэг удаа, өвөлдөө 1-1,5 сард нэг удаа хэрэглэж болно. Цэцгээсээ илүү навчаар гоёдог тул азотын бордоо хийж болно.
Цэцэглэлт: 
Хавар, намар, өвөл
Хөрс:
Хөвсгөр, агаар ус сайн нэвтрүүлдэг, тэжээл сайтай хөрс авна. Савны ёроолд заавал дренажны нүх байх ёстой. Хөрс тэжээлээр баялаг байна. Иймээс ширгэн хөрс, элс, перлит, хүлэрт хөрс, ялзмаг адил хэмжээгээр аваад хольж хэрэглэнэ.
Агаарын дулаан:
Тод гэрэлтэй сэрүүвтэр орчинд илүү дуртай. Зундаа тагтан дээр гаргах сайн.
Чимхэлт, тайралт:
Эгц дээшээ ургадаг тул багаас нь чимхээд, тайраад байх нь дээр. Намар, эсвэл хавар эрт сайн тайраад тавьбал болно. Ургалт удаан болхоор жилдээ нэг тайрахад хангалттай. санй чимхэж байхгүй бол өөрөө салаалж мөчирлөхдөө муу.
Шилжүүлэн суулгалт: жилд нэг удаа байхад хангалттай.
Үржүүлэх арга:
Зөвхөн вегетатив аргуудыг хэрэглэнэ. Мөчирний хэсгээр, навчаар үрслүүлж болдог. 
Навчаар үрслүүлж байгаа туршилт. Үндсээ татсан байгаа байдал. Цэцэгчин найз Гэрэл маань блог уншаад навчаар үрслүүлэх гээд сарын өмнөөс туршиж эхэлсэн юм. Блог уншаад дагаад туршаад байгаад би маш их баяртай байгаа.
Нахиалаад ургахыг нь хамт догдлоод хүлээгээд сууна. Зурагнуудаа явуулсан Гэрэлд баярлалаа. Амжилт.
Мөчрөөр болон навчаар үрслүүлэх тухай энд дарж "ҮРСЭЛГЭЭ ХИЙХ АРГА" гэсэн хэсгээс уншина уу.
  
Мөчрөөр үрслүүлж байгаа байдал. Мини-хүлэмж. 

  
Тив дамжиж орж ирсэн хим нутагшихдаа их л муу байна.

Бусад ердийн химийг бодвол эмзэгдүү, арчилгаа анхаарал илүү шаардсан төрөл санагдсан. Оролдуулах дургуй, тайван нэг газраа байх дуртай, ааштай цэцэг. Гэхдээ интернетэд бол хамгийн амархан орчиндоо дасан зохицдог хим гэсэн байсан.

Навчаар гоёдог төрөл тул цэцэглүүлэх гэж асуудал гарахгүй. Тохирсон дулаан, зөөлөн тод гэрэл хангаж өгвөл ер нь өөрөө л ургаад байна.
Хүйтэн салхи, нэвт салхинаас хамгаалах чухал. Шүршүүрт оруулвал чийг өгөхөөс гадна навчны тоосыг урсгана, элдэв наалдаж эхэлсэн шавьж хорхойноос салгана.

Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016

No comments:

Post a Comment