Tuesday, November 24, 2015

Бугенвиллия: тайралт, цэцэглэлт

Бугенвиллеяг хайрлаад гар хүрч чадахгүй урт ургуулаад байдаг хүмүүс байдаг. Гоё цэцэглэж байсан юм гээд уртаас урт мөчир/иш үлдээх хэрэггүй.
Бугенвиллея нь авирч, ороож ургадаг лиана. Тасалгаанд том ургуулаад байдаггүй тул жижгэвтэр мод болгосон нь дээр. Жишээ нь, штамб. Дээрх зураг дээр үзүүлсэн шиг цэцэглэхийг хүлээгээд дээш ургуулаад байх хэрэггүй. Заримдаа 1,5 м өндөр иш ургаж байж арай гэж нэг цэцэгээ харуулна. 
Цэцэглэх дуртай сортууд үндэслэснээс хойш 2, 3 сарын даараа цэцэглээд ирнэ. Ихэнхдээ 4-6 сарын дараа ямар ч төрөлийн бууги заавал цэцэглэх ёстой. 
Цэцэглүүлэхийн тулд юу хийж болохыг доор тусад нь бичнэ. Харин одоо тайралтын тухай:
Зарим сортууд нь тайрах тусам бонсай шиг хэлбэржээд дээр нь салаа мөчир олноор гараад, цэцэглэлт нь улам удаан бөгөөд олон цэцэгтэй болно.
"Glabra" сорт
Жишээ нь энэ Glabra сорт. Намар сэрүүн газар тавиад бага зэрэг амраана. Сэрүүн орчинд мэдээж усалгааг багавтар болгоно. Бүх навчаа хатаагаад гөвсний дараа савыг багасгаж жижиг саванд суулгана. Яг энэ зураг дээрх цэцгийг 5-литрийн савнаас нь гаргаад 3 литрийн саванд шилжүүлж суулгасан байгаа байдал доор үзүүлсэн байна. Савыг багасгахдаа үндэснээс нь тайрч жижиг болгоно.
Энэ зураг дээрх "Glabra"-ааг нэг сарын өмнө зад тайраад харанхуйдуу сэрүүн газар байлгаж байгаад долоо хоногийн өмнө дулаан газар оруулж ирсэн юм. Долоо хоногийн дотор сэрээд, ургаад эхэлж байна.
Ингэж амраахгүй байж ч болно. Сорт сорт өөр өөр ургалттай, онцлогтой. Мөн цэцэгчин бүр өөр өөрийн дассан туршлагтай. Сэрүүнд амраадаггүй юмаа гэхэд тайралт бол зайлшгүй хэрэгтэй.
Штамбаар ургуулж байгаа байдал
Иш туяхан нарийхан байдаг тул тулгуурт уяж болно. Тулгуур нь хөрснөөс дээш 30-35 см байхад хангалттай. Хажуугийн салаа мөчирнүүд гаргахын тулд гол ишийг чимхэх хэрэгтэй. Чимхэлтийн тухай эндээс үзээрэй. 
Чимхэхгүй бол дээрх орой хэсэгтээ л цэцэг гаргана. Харин салаалж мөчирлөхгүй байж болно. Тиймээс чимхэлт заавал хийгдэнэ.
Гол ишнээс ургасан салаа мөчирнүүд цэцэглээд дуусангуут гол ишнээс эхлээд 8-10 см урт мөчир үлдээгээд тайрна. Энэ мөчирнөөс салаалаад 2 дахь үеийн салаа мөчир гарна. Энэ мөчрийг мөн л цэцэглэж дуусангуут 8-10 см урт үлдээгээд тайрна.  
Ийм янзаар шинэ мөчир бүрийг цэцэглэсний дараа нь ингээд тайраад байна. Хамгийн гол нь тайрахаас айх хэрэггүй. 
Тайралтыг байнга, тогтмол хийж байна. Сайн туршлага суугаагүй, өөртөө итгэлгүй байвал эхэндээ бага багаар тайраад бай. Тэгэж байгаад дасаад, цэцэгээ илүү сайн мэдэрдэг болно.
Шинэ мөчирний үзүүрт цэцэг гардаг тул олон салаа мөчиртэй байх тусам илүү их цэцэг гарна гэсэн үг.
 Бонсай хийхэд тохирдог ургамлуудын нэг.

Ихэнхидээ цэцэгчид хайран юм, хамаагүй гар хүрвэл үхүүлчихнэ гээд байдаг. Жинхэндээ бугенвиллия тиим ч амархан цааш харахгүй. Зөв тайралт хийвэл мод зөв хэлбэртэй, үзэмжтэй харагдахаас гадна навч харагдахааргүй битүү цэцэгэн бөмбөлөг болно. 
 
Mary Palmer
Бугенвиллияг хурц нарнаас хамгаалах шаардлага байдаггүй. Гол нь хөрсөө хатаахгүй өлөн чийгтэй байлгана. Бордоог тогтмол хийж байна. Цэцэглэлт байнгын 4 улирал гэж хэлж болно. Гэхдээ дээр бичсэн шиг богино хугацааны амралт үе гаргаад өгвөл бүүр сайн.
Double Pink
Амралт үеээс бусад нөхцөлд дааруулж жиндүүлж болохгүй, навчнуудаа гөвчихдөг. Дулаахан, шууд нар өдөржин тусдаг газар байрлуулна. Зуны хурц нарнаас айдаггүй. Харин ч бүүр илүү гоё цэцэглэнэ. 
Mahara Magic
Тайралтаас гарсан мөчирний хэсгүүдийг үрслүүлээд авч болно. Мөчирний цэцэглэж байгаагүй шинэхэн үзүүрүүд үндэслэхдээ муу байдаг. Иймд арай бадриун, модорхог болсон, болж өгвөл цэцэглэж байсан мөчирнөөс үрслүүлвэл найдвартай байна.
Шинэхэн үрслүүлсэн мөчир дунджаар 3-4 сарын дараа цэцэглэдэг. Цэцэглэх дуртай сортууд 2-3 сарын дараа, харин хамгийн гүргэр сортууд 6-7 сарын дотор заавал цэцэглэх ёстой.
Алаг навчтай сортууд ногоон навчтайгаа бодвол цэцэглэх нь цөөн/ховор. Гэрэл хангалттай биш бол мөчир сунаж ургана, цэцэглэлт хойшлогдоно.
"Цэцэг" гэж нэрлээд байгаа өнгөт дагуур навчнууд нь дараах хоёр тохиолдолд хатдаг: үндэс дааруулахад, мөн хөрс хатаахад.
Үрсэлгээг нарнаас хол, гэхдээ гэрэлтэй, өдөр шөнө жигд нэг хэмийн дулаантай газар байлгавал ойролцоогоор 1-1,5 сарын дотор үндэслэдэг. Том навчнуудыг багасгаж тайраад вакумдна. Хүлэрт хөрс + перлитэнд шууд суулгасан нь дээр. Усанд үндэслэхдээ удаан, бөгөөд муу.
Үндслэсэн үрсэлгээний савыг нь томруулаад, тэжээллэг хөрсөнд суулгавал хурдан торниж томордог.
Алаг навчтай хоёр сортыг нэг саванд сүлжиж суулгасан байгаа нь: "Raspberry Ice", "Panda" сортууд.

"Penelope", "Mrs. Alice" сортууд

АСУУЛТ: Намар Кипрээс авч ирсэн хоёр бууги. Өвөл подвалд +12-15С хэмд байлгасан, хавар шилэлсэн тагтан дээр гаргаж байгаад бүүр дулаарсны дараа гадаа ил тавьсан. Нар, гэрэл, дулаан бол хангалттай байгаа. Гэхдээ огт цэцэглэсэнгүй. 
Хаваржингаа ургалт гацаад, нэг л хэвэндээ, унжийгаад байхаар нь 6 сард хөрс бүрэн сольсон. Тайралт хийгээгүй. Хөрс сольсны дараа навч нэмэгдсэн. Гэхдээ цэцэглээгүй. Тогтмол бордож байсан, зөв услаж байсан, мөн хатааж албаар стресст оруулж үзсэн. Нэмэр алга. 
Одоо 8 сарын сүүл болж байхад савнаас гаргаад үндэсийг нь тайраад, шинээр хөрсийг нь сольж болох уу? Хэрэв болно гэвэл ямар хөрсөнд суулгах вэ?
 
ХАРИУЛТ:
Хаанаас ч ирсэн цэцэг нутагших гэж нилээн хугацаа авна.
Стресст оруулах хэрэгтэй. Юуны түрүүнд шинэ мөчирнүүдийг 2/3-ыг нь тайр. Зөв хэлбэртэй мөчирөн титэм гаргаж өг. Тайралт бол бууги ургуулахын гол нууц. Ихэнхи нь айгаад хийдэггүй. (Дээр бичсэний дагуу мөчирөн титэм зөв хэлбэртэй болго)
Дараа нь савнаас нь гаргаад үндэсийг нь шалга. Ер нь бол үндэснээс нь тайраад, байсан саванд нь буцааж суулгаад, зай завсарыг нь шинэ хөрсөөр дүүргэж өгсөн нь дээр. 
Үүний дараа үндэслүүлэгч бодис "Корневин"-оор услаад, сүүдэрхэг, нар тусдаггүй газар 7-10 хоног тавь.  
Хэрэв үндэс тайрсан бол сав томруулах хэрэг байхгүй. Хэрэв үндэс оролдоогүй бол савыг үл ялиг томруулж болно. Гэхдээ хэт томруулвал цэцэглэлт бүүр хойшлогдно. 
Дараагийн нэг шалтгаан магадгүй хөрс тохирохгүй байж болно. Хөрс дэлгүүрт зардаг универсал бэлдмэлүүдээс хэрэглэдэг. ОХУ-аас цэцэгний хөрс ихээр орж ирдэг болсон тул "Волшебная грядка", "Terra Vita" зэрэг тохирдог. Бэлэн хөрсөнд юу ч нэмэх хэрэггүй, харин савны ёроолд дренаж  хийнэ. Хөрс солиод 3-4 долоо хоногийн дараа бордож эхэлж болно. Цэцэглүүлдэг бордоо хэрэглэнэ.
"Double Pink"
Цэцэглэхгүй байгаа бол хэсэг хугацаанд хатааж нэг үз. Хатаана гэдэг нь нэг ёсны гүн стресст оруулж өдөөж өгч байгаа нь тэр. Буугинууд 2 сар болоод л цэцэглээд байдаг. Бүтэн жил цэцэгтэйгээ байдаг ургамал. Зарим содон төрөл сортууд үүнд хамаарахгүй байж болно. Харин цэцэглэх дуртай сортууд бол ер нь л байнгын цэцэгтэйгээ байдаг. 
Хэрэв 3-4 сараас дээш хугацаанд цэцэглэхгүй байвал усалгааг зогсооно. Хөрсөө бүүр хатаагаад цэцэгээ үхүүлчихэж болохгүй. Навчны товгор хээ алдагдаад унжийгаад, сулраад иртэл нь услахгүй байлгана. 
Өөр нэг шалтгаан нь: зарим тохиолдолд маш сайн цэцэглэсний дараа хэт ургаж, үндэс доод нүхнүүдээр цухуйгаад ирнэ. Ингэхэд хөрс тэжээлгүй болж, ургамал сульдаад ирдэг. Яг энэ үед нь үндэс тайрч, шинэ хөрс нөхөж хийнэ. Энэ нь шинэ шинэ навч ургаж, цэцэглэлт хурдан болохыг өдөөж өгдөг.
Харин зарим тохиолдолд эсрэгээр нь үндэс тайрах биш, савыг нь үл ялиг чөлөөтэй болгоод томруулдаг. Энэ нь мөн л цэцэглүүлэх түлхэц болно.
"Double Orange"
АСУУЛТ: Зун болж байхад бүх навч нь уначихлаа. Яах вэ? Юунаас юм бол?
ХАРИУЛТ: 
1. Байршил өөрчилвөл нэг ёсны стресст орж байна гэсэн үг. Ойр ойрхон байрыг нь солиод байх хэрэггүй.
2. Агаарын хэмийн огцом өөрчлөлтөөс болно. Мөн хүйтэн агаарт байлгавал (дааж чадах хамгийн сэрүүн орчин бол +6-10С хэм). Шөнө өдөр тогтмол нэг дулаантай байлга. Онгорхой цонхны доор тавьж болохгүй. 
3. Үндэс дааруулж болохгүй. Хэт нойтон хөрсөнд удаан байлгаад байж болохгүй. Нэг хатаагаад, нэг хэт услаад байвал мөн л навч унана. Усалгааны алдаанаас болж ихэнхи бууги үхдэг. Олон хоногоор, эсвэл ойр ойрхон хатаагаад байж болохгүй. Усалгаа жигд, нэг л тогтсон давтамжтай явагдна.
4. Хөрс бүрэн хатааж болохгүй. Байнгын үл ялиг өлөн чийгтэй хөрс байлгана. Хуучин навч шарлаж унах нь ер нь байдаг л зүйл. Гэхдээ бүх навч унаад байвал хэт усласнаас болно, Жавартай хүйтэн усаар услаад үндэс дааруулсан, цочироосноос болно. 
Хөрсийг хэт усархаг хөрсөнд байлгаад байвал навч шарлаад унаж эхэлнэ. Харин хатаагаад байвал - унжийгаад, сульдаад, хумигдаж эргэлдээд, ногооноороо унаж эхэлнэ. Аль аль тохиолдолд мөчирний үзүүрт бүрэлдэж байсан бундуунууд үхдэг.
Хөрсний өнгөн үе хатсаны дараа дараагийн усалгааг хийж байна. Энэ дүрэм бүх цэцгэнд хамаардаг.  
Цэцэглэж байхад, эсвэл бундуу дөнгөж бий болж байхад савтай цэцгээ оролдоод байх хэрэггүй, савыг нь эргүүлж тойруулж гэрэл тусах өнцөгийг өөрчлөөд байж болохгүй. Огт оролдохгүй, тааваар нь байлга. 
Бундуу, эсвэл шинэхэн нахиа хатаад унаад байвал энэ нь хуурай агаартай бас холбоотой. Ялангуяа өвөл халаалт ирсэн үед тасалгааны агаар маш хуурай байдаг. Ийм нөхцөлд шинээр ургах навч хүртэл зөв бус хэлбэртэй гардаг. 
Жигд услах, хамгийн нартай газар байрлуулах, сайн тайрах - өөр арчилгаа байхгүй. Жинхэндээ нилээн амар тасалгааны ургамал.

No comments:

Post a Comment