Saturday, November 21, 2015

"VICTORIAN LADY" сортын хим

Абутилон "Victorian Ladу"
Давхар дэлбээтэй зөөлөн ягаан өнгийн цэцэгтэй ховор сорт. Олон наст төрөл. Мянга гаруй жилийн өмнө гаргаж авсан ч тэр бүр сайн тархаагүй сорт юм байна.
Эрвээхэй, зөгий цэцгэн дээр нь суух дуртай. Зуны улиралд гадаа гаргасан нь дээр байдаг. Илүү хүч авч томордог. Шилэлсэн тагтан дээр гаргасан ч болно.
Бутны өндөр: дунд зэрэг 60-100 см, өргөн 100 см.
Цэцэг: дэрэвгэр аржгар дэлбээтэй, 7-9 см голчтой, зөөлөн цайвар ягаан өнгөтэй.
Навч: жирийн химээс илүү зузаан, биерхүү.
 
Навч зузаан
АРЧИЛГАА
Хим Бразилиас гаралтай, Мальвын овогт ордог Нумын ордныхны цэцэг. Арчилгаа нь бусад химтэй адилхан. 
Байршил:
Наранд дуртай ургамал. Хагас халхалсан сарнисан гэрэлд сайн ургана. Зөөлөн тод гэрэлд цэцэгний хэмжээ илүү сайн тэлж томордог.
Агаарын дулаан:
Өвөл байж болох доод температур +8-10 С (ихэнхи хим ийм сэрүүн нөхцөлд навчаа гөвдөг. Яг энэ сорт маань халаалттай байранд өвөлжихдөө сайн. "Викториан Лэди" навчаа гөвдөггүй, "мөнх ногоон навчит" гэж бүртгэгдсэн байдаг.)
Ургалт үед буюу хавар, зун, намар агаарын хэм ойролцоогоор +22 С байхад болно.
Усалгаа:
Зуны улиралд усалгааг хангалттай сайн хийж байна. Хөрсөө бүрэн хатаагаад байж болохгүй. Хөрсөө нэг хатаагаад, нэг хэтэртэл услаад байвал навчны зарим хэсэг болон бундуу, цэцэг унадаг.
Намар усалгааг багасгаад өвөл бага бөгөөд цөөн тааруулж услана. Хэтрүүлж болохгүй. Мөн хатааж болохгүй.
Бордоо:
Зуны улиралд долоо хоног бүр бордоо хийж байна. Бордоо хэрэглэхдээ комплекс минерал бордоо хэрэглэнэ. Органик бордоог зундаа нэг удаа хэрэглэхэд хангалттай байдаг.
Өвөл бордох хэрэггүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл сард нэг удаа хоёр дахин сул найруулсан бордоогоор услаж болно.
Агаарын чийгшил:
Тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Орчны агаарыг чийглэх тал дээр анхаарал тавьж болно. Гэхдээ навч зузаан тул бусад химийн сортуудыг бодвол хуурай агаар даахдаа илүү сайн. Чийглэг агаарт, хүлэмж, вакудсан орчинд мөөгний гаралтай толбо амархан үүсдэг. 
Цэцэглэлт:
Цэцэглэлт жирийн навчаа гөвдөггүй химтэй адил. Хавраас намар хүртэл тасралтгүй цэцэгтэйгээ байдаг ба 1-2 сар амраад өвөл хангалттай гэрэлтэй бол өвөл ч цэцэглэнэ.
Шилжүүлэн суулгалт:
Хөрсний рН - бага зэрэг хүчиллэг 5.5-6.5. 
Шилжүүлэн суулгалтыг жил бүр 3 сараас 5 сарын хооронд хийдэг. Хөрс тэжээллэг, хар шороо, перлит, элс, биоялзмаг болон удаан задардаг минерал бордооны үрэл холиод хэрэглэж болно. Хөрсний бэлдмэлийн жишээ: 
1 хэсэг ширгэн хөрс, 
1 хэсэг навчин хөрс
1 хэсэг хүлрт хөрс
1 хэсэг ялзаг
1 хэсэг элс
Мөчрөөр үрслүүлэх арга
Үрслүүлэх арга:
Үржүүлэг хийх арга нь ерөнхийдөө гибискустай адилхан тул ЭНД дараад уншина уу. Гибискус буюу Хятад сарнай нь адилхан Мальвын овог тул ерөнхий арчилгаа, тайралт, үрсэлгээ хийх, тэр бүү хэл хим дээр гибискус залгах гээд адилхан зүйлүүд зөндөө.
Одоогоор зөвхөн вегетатив аргаар: мөчрөөр болон навчаар үржүүлж болно. Үрээ өгдөг үгүйг мэдэхгүй юм. Гадны нэгэн сайтад үрийн хайрцаг бүрэн боловсроод хатаад ирэхэд тасдаж аваад задлаарай гэсэн байсан тул үрээр бас үржиж магад. Зунаас үр хураах гэж туршиж үзнэ ээ.
Онцгой анхаарах зүлс:
Нэвт салхинаас болон хүйтэн салхинаас хамгаалж тавьна. 
Тайралт-таналт:
Тайрах цаг нь ирэхлээр хайр найргүй багасгахад болно. Чимхэлтийг тогтмол хийж байж болно. Бутархаг хэлбэрийг хадгалахын тулд байнга танаж байна.
Тайралт нь цэцэглэлтийг удаашруулдаг. Зуны дундуур хэт сунасан, навчгүй болсон мөчирнүүд, хатсан нахиануудыг бүгдийг тайрна. Харин эрүүл мөчирнүүдийг 1/2 эсвэл 1/3-ийг богиносгоно. 
Зун гадаа гаргаж болно. Хэрэв боломжтой бол бүүр задгай хөрсөнд суулгавал бүүр сайн. Энэ нь ургамлыг чангаруулж, хүч оруулна, чадалтай болгоно, томруулна, эрүүл болгоно.  Намар оруулахдаа ухаж аваад, таарсан саванд суулгаад, дээрх мөчирнүүдийг сайтар тайраад блгиносгоно. 
Сав бага, тайралт тогтмол байвал цэцэглэлт илүү тансаг болно. 
Намар маш сайн тайралт хийвэл хавар гэхэд гоё ургаад ирнэ. Хавар хэлбэржүүлэх тайралт хийгээд цааш өөрөө ургаад цэцэглээд байна. Хим ургалт түргэн тул тайрахаас айх хэрэггүй.
Хорхой шавьж, өвчлөл: 
Тасалгааны цэцэгний гол аюул бол ургамлын бөөс, улаан аалзан хачиг, цикламены хачиг болон цагаан далавчит эрвээхэй байдаг. 
Доод навчис унаад эхэлвэл хөрсөнд тэжээл дутагдаж байгаагийн шинж.
Хүлэмжний нөхцөлд хэт чийгтэй газар байлгавал хар хар мөөгний толбонууд үүсдэг. 
Халуун хуурай агаарт дээрх аалзан хачиг г.м. хорхой шавьж гарч ирдэг.
Бүлээн шүршүүрт оруулж байх хэрэгтэй. Элдэв хорхой шавьжнаас сэргийлэхээс гадна навчны тоос угаагдана, чийг өгнө.

Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016

No comments:

Post a Comment