Thursday, December 29, 2016

Гял навч: Арчилгаа

Ахименес – Achimenes
Геснерийн (Gesneriaceae) овогт багтдаг.
Эх нутаг: Америk тивийн төв болон тропик халуун бүс нутаг.
Цэцэглэлт: 6 сараас 10 сарыг дуустал, гэхдээ төрөл зүйл, сортоос мөн хамаардаг.
Ургалт: ердийн, дунд зэрэгийн хурдтай.
АРЧИЛГАА
Гэрэл:
Хурц нарны гэрэл тохирдоггүй. Амархан түлэгддэг. Сарнисан тод гэрэлд ургуулна. Нарны шууд тусгалаас халхалж байна. Ер нь сорт сортоосоо хамаараад өөр өөр гэрэл шаарддаг.
Өнгөлөг тод ногоон өнгийн навчтай сортууд сарнисан гэрэлд ургадаг бол, бараан өнгийн навчтай сортуудыг арай тод гэрэлд тавьдаг. Жишээ нь, "Alba" сортын навчны дээд тал цайвар ногоон өнгөтэй, ар тал нь мөнгөлөг туяатай. Нарны гэрэлд ийм навч амархан түлэгддэг. Харин "Longiflora" сортын навчны өнгөн тал бараан гүн ногоон, ар тал хүрэн туяатай. Ийм сортыг тод гэрэлд тавьдаг.
 
"Alba" сорт                                                               "Longiflora" сорт

Гэрэл дутвал цэцэг жижигрээд, сунасан урт урт нүцгэн иш, мөчиртэй болдог. Гэрэл хангалттай байвал бут авсаархан ургаж, цэцэгнүүд нь тэлж томордог. Тасалгаанд ургуулвал навч, цэцэг бүгд цонхруу тэмүүлдэг тул савтай цэцгээ тогтмол эргүүлж жигд хэлбэртэй ургуулаад байж болно. Тулгуурт уяж болно. Ер нь бол ампель буюу унждаг хэлбэрээр ургуулвал илүү тохирно.
Агаарын дулаан:
Зун хамгийн тохиромжтой агаарын хэм +20-24°С. Харин +20°С-с доош хэмтэй сэрүүн газар байлгаж болохгүй. 
Бүдүүрсэн боргоцой шиг үндэсийг нь "ризома" гэдэг. Өвлийн улиралд ризоматай савнуудыг +10-16°С хэмтэй газар хадгална.
Гял навчийг нэвт салхи, хүйтэн агаарын урсгалд тавьж болохгүй.
Усалгаа:
Зун усалгааг хангалттай сайн хийнэ. Гэхдээ хөрс нь хэт чийгтэй, эсвэл хатсан байж болохгүй. Өвөл (амралт үед) хөрс маш бага чийглэг байна. Усалгааг доороос хийсэн нь дээр. Бүлээвтэр ус хэрэглэнэ.
Ризомаг ухаж амралт үед бэлдэх:
Агаарын чийгшил:
Хуурай агаар даахдаа муу. Усаар орчны агаарыг манантуулж нарийн шүршигчээр чийгэлж болно. Гэхдээ навч, цэцгэнд ус хүргэж болохгүй - ус хүргэвэл бараан толбонууд үүсдэг.
Халуун газар агаарын чийгшил өндөр байх ёстой, навчны үзүүр шарлаж, цэцэг гундаж амархан хагдраад байдаг.
Бордоо:
Хавар булцуу сэрж ургаснаас хойш нэг сарын дараа бордож эхэлнэ. Зунжингаа бордсоор намар цэцэглэлт дуусангуут зогсооно. Минерал комплекс бордоо тохирдог (1,5 г азот, 1 г фосфор, 0,5 г калийн бордоо 3 л усанд найруулна).
Эхний бордоо нь ногоон масс ургуулахад чиглэгдсэн байдаг тул навч олноор гаргах үүднээс азот давамгайлсан найрлагтай байна. Үүнд навчаар гоёдог ургамлуудад зориулсан ямар ч минерал бордоо тохирно.
Булцууг шинэ хөрсөнд суулгаснаас хойш 2 сарын дараа бордоо хийж эхэлнэ. Хэрэв хүлэрт хөрсөнд суулгасан бол ийм хөрс огт шим тэжээл байхгүй. Нахиа ургаснаас хойш 3-4 долоо хоногийн дараа сулавтар бордоогоор услаж эхэлнэ.
6-р сарын дундуур хүчээ авсан ганган том бут бүрэлдсэн байна. Энэ үед навчаар гоёдог ургамлын бордоог цэцгээр гоёдог зориулалтын бордоогоор сольно. Фосфор илүү агуулсан байна гэсэн үг. Ийм бордоог сардаа нэг удаа хийхэд хангалттай.
Амралт үе:
Намар 10 сарын үед цэцэглэж дуусаад, хөрсөн дээрх навч, мөчир, иш гээд бүх хэсэг шарлаж эхэлнэ. Хамаг тэжээлээ доошоо булцуундаа шилжүүлээд хатдаг. Хатсан иш навчийг бүгдийг тайрна. Савтай булцууг +10-16°С хэмтэй орчинд хадгална. Хөрсийг өлөн чийгтэй байлгана. Навч, иш бүрэн хатаж дуусаагүй байхад нь тайраад хаячихаж болохгүй. Навч, мөчирний бүх шим нь доош булцуундаа очих ёстой.
Булцууг хөрсөнд нь үлдээгээд хадгалж болно. Эсвэл ухаж гаргаад модны үртэс, мөн дан элсэнд хадгалж болно. Хадгалахдаа харанхуй газар +10—15°C хэмд байлгана. Гол анхаарах зүйл - ризомыг хатааж болохгүй. Иймээс сард нэг удаа чийг өгч байна. 2 сарын сүүлээр гаргаад гэрэлсэг дулаан цонхон дээр тавьна. Бага багаар усалгааг нэмнэ.
Шилжүүлэн суулгалт:
2 сарын дундуур булцуунуудаа шинэ хөрсөнд суулгана. Ургах явцад нь савыг бага багаар томруулаад явна. Жишээ нь цэцэглэлт эхэлтэл 2 удаа саваа томруулвал салаалж мөчирлөх нь илүү байдаг. Хөөрхөн бөөрөнхий бут гарч ирдэг. Үр дүнд нь олон тооны том хэмжээтэй цэцэг гарна.
Хөрсний тэжээл дорхноо дуусдаг тул хөрсийг жил бүр бүрэн шинэчилж байх ёстой. Булцуутай ургамал тул савны ёроолд дренаж заавал дэвсэж өгнө.
Чимхэлт хийх тухай
Савтай нь амраасан бол 2 сарын эхээр хөрсийг нь гаргаад ризомуудыг түүж авна. Эрүүл, том, хүч чадалтайг нь шилж авна. Ингэж салгаж авахгүй үлдээвэл доороосоо туниа муутай ризомууд ар араасаа тасралтгүй ургаад, сунасан сулхан иштэй, жижигхэн навчтай, жижигхэн цэцэгтэй нахианууд олноор гарч гол булцуунуудын ургалтанд саад болдог. Энэ нь бутны ерөнхий үзэмж таатай харагддаггүй. Мөн хөрсний тэжээлийг хий дэмий үрээд байна.
Суулгахдаа хамгийн эрүүл, том булцуунуудыг түүж үлдээнэ. Харалсан, хагас хатсан болон жижигхэн ризомуудыг хаяж болно. Өвөл амралт үеээр ургасан нахианууд байвал бүгдийг тасдана. Булцуунуудыг суулгахын өмнө марганцын ягаан уусмалд хийж угаахад илүүдэхгүй.
Өргөн саванд доор нь дренаж хийнэ. Дээрээс нь тэжээллэг хөрс нэмээд савны 3/4-ийг дүүргэнэ. Үүнийхээ дээр ризомуудаа хэвтэйгээр нь байрлуулна. Ризома хоорондын зай 1-2 см.
Урт ризомуудыг хугалж хэдэн хэсэг болгоод, модны нүүрсээр бүрээд, шинэхэн шархыг аньтал ил хатаагаад, дараа нь суулгана. Суулгахдаа 1-2 см зузаан хөрсөөр хучаад, услаад, дулаан газар тавьна. Анхны нахиа гартал гадуур нь вакумдна.
Яг энэ хэсэг үед гэрэл айхтар чухал биш. Булцуу суулгаснаас хойш 2-3 долоо хоногийн дараа навч цухуйна. Анхны навч харагдангуут гэрэлтэй газар байрлуулна. Нэг сар цонхон дээр ургуулна. Гэрэлрүү бүх навч тэмүүлдэг тул жигд хэлбэртэй ургуулахын тулд савтай цэцэгээ үе үе  эргүүлж байна.
Дулаан болонгуут тагтан дээрээ гаргана (өдөр +15ºС-с дээш хэмтэй байвал). Эхэн үед шөнө бүр дотогш оруулж байна. Мөн хүйтэн өдрүүдэд оруулж байна. Яваандаа тагтан дээр байгаад дасна. Түүнээс хойш хүйтэн цаг агаараас айхгүй гадаа байлгаад байж болно.
Хөрс:
Хөрс айхтар голоод байдаг ургамал биш. Гэхдээ сайхан ургуулая гэвэл сайн хөрс хэрэгтэй. Насанд хүрсэн бутыг дараах хөрсний бэлдмлүүдэд суулгаж болно:
1. Навчин хөрс 2 хэсэг, ширгэн хөрс 1 хэсэг, элс 0,5 хэсэг тус тус авна.
2. Навчин хөрс 2 хэсэг, ширгэн хөрс 3 хэсэг, ялзмагт хөрс 1 хэсэг, элс 1 хэсэг.
3. Навчин хөрс 6 хэсэг, хүлэрт хөрс 3, элс 2 хэсэг. Элсний оронд перлит/вермикулит хийж болно.
4. Хүлэрт хөрс 3 хэсэг, 1 хэсэг кокосон хөрс, 1 хэсэг элс, дээр нь хатааж нүдсэн өндөгний хальс, суперфосфат, ялзмаг, ясны гурил.
Цэцэглэдэг ургамлын бэлэн хөрс авч хэрэглэж болно. Дээр нь заавал нэмэх зүйлс:
- модны нүүрсний хэлтэрхийнүүд.
- савны ёроолд заавал дренаж байх ёстой. Ахименес доод саванд тунасан илүүдэл усанд дургуй. Булцуутай ургамал гэдэгийг санаарай.
Сав:
Сав сонгохдоо ризомууд хөрсний дээд хэсэгт ургадаг гэдэгийг санах хэрэгтэй. Үндэс ч гэсэн гүехэн ургадаг. Өргөн, намхан сав илүү тохирно. Хөрс савыг сольсны дараа дулаахан гэрэлсэг газар байрлуулна.
Савыг алхам алхамаар томруулдаг. Шууд том саванд суулгаж болохгүй. Ургалт гацна, зогсонги байдалд орно, эсвэл хэт их хөрсөнд булцуу илжирнэ. Бага багаар савыг томруулахад бутны хэлбэр, цэцэгний хэмжээ, гарах салаа мөчирнүүд гээд бүх зүйлүүдэд эерэгээр нөлөөлдөг.
Үржүүлэх арга:
Үрээр, булцуугаар, навчаар, мөчирний хэсгээр үржүүлж болдог. Үрслүүлэх тухай дэлгэрэнгүй эндээс хараарай.
Ахименесийн ургалт/арчилгааг 4 улирлаар бичвэл:
Зун:
Зуны турш маш идэвхтэй цэцэглэнэ. Хөрсөн доор ургаж байгаа хальсархаг бүдүүрсэн үндэс болох "ризома"-ндоо шим тэжээл ихээр цуглуулна. Цэцэглэлт 2-оос 4 сарын турш үргэлжилдэг. Нэг цэцэг хагдарч амжаагүй байхад дараагийн цэцэгний бундуу үүссэн байдаг. Хагдарч байгаа цэцэг, навчийг дор бүр түүж хаяж байна.
Зун сайн услаж байна. Ус дутвал унжийгаад ирнэ. Зуны турш 3-5 удаа цэцэглэдэг ургамлын бордоогоор услана. Савтай цэцгийг шууд наран доор тавьж болохгүй.
Намар:
Намар цэцэглэж дуусаад навч шарлаад хатаад, амралт үедээ орж эхэлнэ. Усалгааг багасгаж цөөлсөөр байгаад бүүр зогсооно. Хатсан навч, ишийг тайрна. Дээр бичсэн дагуу булцууг +15-17ºС хэмд амраана. Үүнээс дээш хэмтэй газар булцуу амарч чадахгүй ургаад ирэх тул сэрүүн орчин маш чухал.
Булцууг хатааж болохгүй тул сард нэг удаа хөрсөө чийглэж байна. Үүний тулд савны ханаар жаваргүй бүлээвтэр ус урсгаж услана. Хэт услаад байвал булцуу хугацаанаасаа эрт сэрээд ургаад эхэлнэ. Үүний үр дүн нь - хүч муутай, сул, цэцэглэлт муутай ургамал болно. Тэгээд ч өвөл ургуулахад гэрэл маш их дутагддаг. Хэрэв та булцуугаа сэрээчихсэн бол заавал нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөөрэй. Өдрийн гэрэлтэй чийдэн савтай цэцгэн дээрээ 30-50 см зайтай тавьна.
Orange achimenes
Өвөл:
2 сарын дундуур булцуунуудаа ухаж гаргаад шинэ хөрсөнд жижиг саванд суулгана. Энэ тухай дээр бичсэн байгаа. Булцуу суулгаснаас хойш 2 долоо хоноод нахиалаад ирнэ. Нахиалснаас хойш 2 сарын дараа цэцэглэдэг. Нахиа гарангуут гэрэлтэй газар тавиад, усалгааг бага багаар ихэсгэнэ.
Гэрэл дутвал сунасан сулхан иштэй болно. Цэцэглэлт хойшлогдно. Эсвэл цэцэгний хэмжээ маш жижигхэн болдог. Өвөл +20ºС хэмтэй газар байлгавал, мөн хөрс чийглэх явцдаа усаа ихдүүлээд байвал булцуу амарч чадахгүй ургаад эхэлнэ. Өвөл ургасан нахианууд туниа муутай, сулхан байдаг. Өвлийн нахиануудыг ургуулалгүй шууд тасдаад байх хэрэгтэй. Тэгэхгүй бол булцуу маань сульдаад шим тэжээлээ алддаг.
Хавар
Хавар идэвхтэй ургалт үе эхлэхэд усалгааг ихэсгэнэ. Гэхдээ доод суурь тавганд тунасан ус удаан байлгаад байж болохгүй. Хөрс усархаг байж болохгүй, мөн хатааж болохгүй. Усалгааг доогуур хийнэ. Дээгүүр услаж байгаа бол навч, цэцгэнд ус хүргэж болохгүйг анхаарна уу. Услахдаа зөөлрүүлсэн, хлоргүй, жаваргүй ус хэрэглэнэ. Бүүр нарийн хэлвэл хавар зун бүлээвтэр ус, амралт үед хөрс чийглэхдээ тасалгааны хэмтэй ус тус тус хэрэглэж байна.
Lemon Orchard
Гарч болох хүндрэлүүд:
+20С-ос доош хэмтэй хүйтэн усаар усалвал навчин дээр бор саарал толбонууд үүсдэг. Хэт ойр ойрхон услаад байвал илжирнэ. Хэт халуун агаарт байлгавал бундууны өнгө өөрчлөгдөнө.
Хорхой шавьжны хувьд хамгийн амархан үржиж хор хөнөөл учруулдаг нь: ургамлын бөөс, гурилан өт, трипс. Хор цацаж устгана. 

No comments:

Post a Comment