Wednesday, December 2, 2015

Гял навч: Үржүүлэх арга

Ахименес – Achimenes
Навчаар үржүүлэх арга:
1. Аль болох эртхэн үрслүүлж эхэлсэн нь дээр. Жишээ нь зураг дээрх навчнуудыг 5-р сард суулгасан байгаа. 7, 8, 9 саруудад навч суулгаад нэмэргүй. Оройтдог.
2. Хамгийн том хэмжээтэй навчнуудаас шилж аваарай. Жижиг навч үндэслэдэг ч булцуу буюу "ризома" өгөж чаддаггүй.
3. Үндэслэсэн навч нахиалаад ирэнгүүт эх навчийг тасдана. Энэ нь нахиа илүү хурдан ургаж, томроход нөлөөлнө.
4. Тогтмол чийглэг орчин бүрдүүлж өгвөл нахиа илүү хурдан хүчээ авч ургана. Цаашид энэ нь ризомын хэмжээ болон чанарт нөлөөлнө.
Эрүүл бөгөөд том хэмжээтэй навч сонгож авна. Мөчирний хэсэгтэй нь хамт тасдана.

Чийгтэй хүлэрт хөрсөнд зооно. Яг л нил цэцгийн навч суулгадагтай адилхан. Навчны иш бүрэн доош ортол суулгана. Хөрс бага зэрэг чийгтэй байна, нойтон биш. Гадуур нь вакумдаж хүлэмжний орчин бүрдүүлнэ.

Сарнисан гэрэлд тавьна. Өдөр бүр нээж агаар оруулаад байх хэрэг байхгүй. Хүлэмж дотор үүссэн усны дусал/конденсатыг арчих хэрэг мөн байдаггүй. 3-4 долоо хоногийн дараа жижигхэн навч цухуйна.

Шинэхэн нялх нахиануудыг томроход саад болоод байдаг тул эх навчийг 5-6 долоо хоногийн дараа тайраад авч болно.

Навчаар үрслүүлэх нь нилээн ажиллагаатай арга. Эхний жил цэцэг харахгүй. Зулзаган нахианууд нь ургахдаа удаан байдаг.


Үрээр үржүүлэх арга:
Үр гэрийн нөхцөлд хурааж авч болдог. Цэцэг хагдрахад ногоон жимс бүрэлддэг. Боловсорч дуустлаа ногооноороо л байгаад байна. Цэцэг хагдарснаас хойш 2-2,5 сарын дараа бүрэн боловсордог. Жимс зөөлрөөд ирэнгүүт тасдаад хураана. Үүнийгээ цаасан уутанд хадгалж байгаад 2-3 сард хөвсгөр тэжээллэг хөрсөнд суулгана. Эсвэл голын том ширхэгтэй элс дангаар нь авсан ч болно.

Үр маш жижигхэн тул дээрээс нь хөрсөөр хучих хэрэггүй. Ус шүршигчээр чийглээд, вакумдаад, +22-24° С хэмтэй харанхуй газар тавьна.
Үе үе нээж агаар оруулж байна. Мөн хөрсөө доогуур нь чийглэж байна. Дээрээс нь усалвал үр урсаад доош шигдэж болно. 2—3 долоо хоноод соёолдог. Үрсэлгээг 2—3 удаа салгаж, хоорондын зайг хол хол болгодог. Ингэснээр тэжээл авах талбайг ихэсгэж байгаа юм. Дараа нь ургаад томроод ирэнгүүт нэг удаагийн стаканд суулгаж том насанд хүрсэн гял навчийн адил арчилна.

Мөчирний хэсэгээр үрслүүлэх арга:Мөчрөөр үржүүлэх арга мөн л ховор хэрэглэгддэг. Мөчрөөр үрслүүлэхдээ мөчирний дунд буюу доод хэсгийг ашиглана. 2-4 навчтай мөчирний хэсэг тайрна. Үүнийгээ элсэнд суулгаж болно. Эсвэл элс, навчин хөрс ижил хэмжээгээр аваад суулгана.
Хөрсөө чийглээд, вакумдаад тавьна. Хэт их чийг нь илжрүүлдэг. Хөрсөө бага зэрэг халааж өгч болно. Энэ нь түргэн үндэслүүлдэг. Үүний тулд бүлээвтэр зүйл дээр тавьна. Жишээ нь, халаалт ирсэн үед бүлээн "пааран" дээр тавьж болдог. Мөн үндэслүүлэгч гормонууд (Корневин, Гетероуаксин) хэрэглэвэл хурдан үндэслэнэ.
12-15 хоноод үндэслэдэг, 20-30 хоноход булцуу үүссэн байдаг. Үндэс гарсан бол том гял навчийг ургуулдаг шиг хөрсөнд шилжүүлж суулгана.
Булцуугаар ургасан бол 4 сарын дараа цэцэглэдэг, мөчрөөр үржүүлсэн бол – 3 сарын дараа, харин үрээр бол зөвхөн 2 дахь жилийнхээ сүүлээр цэцэг гаргадаг байна.
Усанд үндэслүүлж болно. Усаа харин өдөр бүр сольж байх хэрэгтэй байдаг. Үндэс гарах нь агаарын дулаанаас бас их хамаардаг. Халуун зун үндэслэхдээ хурдан байдаг.

Ризома буюу булцуугаар үржүүлэх
"Гял навч: Арчилгаа" гэсэн бичлэгт булцуу суулгах тухай тодорхой бичсэн байгаа. Хавар 2 сард үржсэн булцуунуудыг хөрснөөс гаргаад, шинэ хөрсөнд суулгана.
Үржүүлэх үүднээс том том, эсвэл хэт урт ургасан ризомыг хувааж суулгадаг. Боргоцой шиг ургадаг булцууны хайрсны жижигхэн ганц ширхэгээс хүртэл ургадаг тул ризома хуваахаас айх хэрэггүй. Гэхдээ бүүр жижиглэх мөн хэрэггүй. Булцуу жижиг байх тусам цэцэглэлт муу, сул болно. 
Булцуунуудыг 1-2 см зайтай хэвтээгээр нь суулгадаг. Ургах явцад нь савыг дэс дараалалтай томруулаад байна. Хөрсний найрлага болон бусад зүйлийн талаар эндээс уншаарай.

No comments:

Post a Comment