Monday, December 28, 2015

Хөрс ариутгах

Дэлгүүрийн бэлдмэл хөрс ариутгасан хөрс байх ёстой ч үүнийгээ тэр бүр хийдэггүй. Ой хөвч, голын эргээс ухаж авсан ч бай, дэлгүүрээс авсан ч бай, ямар ч хөрсийг ариутгаж байж хэрэглэх ёстой. Хөрсөнд хорхой шавьж, өндөг, авгалдай, мөөгөнцөр, микро биетүүд, өвчин үүсгэгч бактериуд олноор байдаг. Хөрс ариутгахын сайн тал нь эдгээр бүх зүйлүүд устана. Муу тал нь хөрсний микро баланс алдагддаг. Хөрсийг ариутгахын тулд 90–100 градуст 20–30 минут байлгах хэрэгтэй байдаг. Гэрийн нөхцөлд хэд хэдэн аргаар ариутгаж болно:

1. Шарах шүүгээ буюу "духовка"-нд ариутгах:
Хөрсөө чийглээд төмөр тосгуур/саванд 5 см зузаан хийж тараагаад 1-1,5 цаг 80°С температуурт халаана.

2. Богино долгионы зуух дотор гялгар ууттай хөрс хийж 3-4 минут эргүүлж болдог гэж зөвөлдөг. Би хувьдаа дургуй, хүнд сонин үнэр гэрээр нэг үнэртээд байдаг. Дээр нь хоол хүнсний зүйл хийдэг зууханд шороо хийх сайхан санагддаггүй тул дээрх 2 аргыг хэрэглэдэггүй.

3. Төмөр хувинд 8 л хөрс 1 л ус хийнэ. Хувингаа таглаад, гал дээр тавина. 30-40 минутын дараа буцлаж эхлэхлээр гал дээрээс аваад хөргөнө.

4. Буцалсан халуун усанд марганц найруулаад, гүн ягаан өнгөтэй болгоод, час халуунаар нь хөрсрүүгээ хийж хутгаад, таглана. (8 л хөрсөнд 2 л буцалсан халуун ус.)

  • Хөрсний микро орчинг сэргээх үүднээс 1-3 хоног задгай байлгана. Хөрсөө хутгаж, сэврээнэ. Агаар хөрсийг сайн сийрэгжүүлж микро балансыг нь нөхөж олоход нэмэр болдог.

  • Чийгтэй хөрсөнд мицели мөөг, хөгц амархан үүсдэг, ялангуяа азот ихтэй хөрсөнд. Үүнээс сэргийлж марганцын уусмалаар (0,2%) 7 хоноод нэг услаж байх хэрэгтэй.

  • Хөгцрүүлэхгүйн тулд модны нүүрс хөрсөндөө хийж болдог. Ялангуяа ариутгасан чийгтэй хөрсийг таглаатай саванд хадгалах бол модны нүүрснээс хэдэн үртэс хийсэн байхад хөгц ургахгүй.

No comments:

Post a Comment