Monday, December 7, 2015

Азалия

Азалия (латинаар Azalea)
Овог: Рододендрон (Rhododendron) 
Эх нутаг: Хятад, Япон, зүүн-өмнөд Ази болон Европ, Хойд Америкийн өмнөд хэсэгээр ургадаг байна.
Азалиягийн Монголд ургадаг нэгэн төрөл нь "Алтан Тэрэлж". Цагаан цэцэгтэй тэрэлж нь Улаан номонд орсон топ 5 ургамлын нэг гэнэ: 
"Дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. Одоогоор Монгол орны Улаан номонд 70 гаруй зүйлийн ургамал багтаж байна. Түүнээс нэн ховорт тооцогдох топ таван ургамлын талаар мэдээлэл хүргэе. Алтан Тэрэлж - Энэхүү цэцэг нь тагийн бүслүүр, ойн дээд зах, ян сарьдагт ургадаг. Эмийн болон гоёл чимэглэлд ашигладаг ургамал юм. Хэнтий, Монгол Дагуурын хэсэгт элбэг тохиолддог аж. Үрээр үрждэг юм байна." (Т.Далай. Эх сурвалж: Улаан номонд орсон топ таван ургамал)
Алтан Тэрэлж - Гонзгойвтор гилгэр навчтай, цагаан цэцэгтэй, бөөрөнхий улаан жимстэй мөнх ногоон үзэмжийн мод. Навчнаас нь анхилам тос гарган авна, иш, навч, жимсийг элдүүрийн түүхий эд болгоно. (Эх сурвалж: Монгол Хэлний Тайлбар Толь)
Алтан Тэрэлж (Латинаар: Rhododendron aureum georgi, оросоор: рододендрон золотистый)

Сонирхуулахад Азалиягийн бас нэг Монголд ургадаг олны мэддэг төрөл бол Даль мод. Далийн ягаан цэцгэнд хавар сууна гэж ярьдаг. Даль (Латинаар: Rhododendron dauricum, оросоор: Рододендрон даурский, )

Тасалгаанд ургуулдаг 2 төрөл байдаг — Энэтхэг азалия (Rhododendron simsii), мөн Япон азалия (Rhododedron obtusum).
 
Энэтхэг азалия                            Япон азалия
Ихэнхдээ азалияг гоё тансаг цэцэглэж байх үед нь дэлгүүрээс худалдаж авдаг. Удалгүй цэцэг нь гандаад, навч нь унаад эхэлнэ. Ямар ч арга хэрэглээд дийлэхгүй хатаагаад хаях болдог. 
Азалия ааштай, арчилгаа их шаардсан цэцэгт тооцогддог. Арчилгааны зарим онцлогуудыг анхаарах хэрэгтэй болно.
Азалия Schneegold
АРЧИЛГАА
Гэрэл
Азалия сарнисан нарны гэрэл, эсвэл хагас сүүдэрхэг газар илүү таатай ургана. Нарны шууд гэрэл таардаггүй. Зүүн тийш харсан цонхны тавцан тохирдог. Өглөөний зөөлөн нар байхад болно.
Зун хурц халуун нарнаас хамгаалж сүүдэрхэг газар байрлуулна. Боломжтой бол гадаа нөмөр газар ил задгай хөрсөнд суулгавал илүү хүч авна. Зуны бороо азалияд маш хэрэгтэй байдаг.
Навч үрчийж хумигдаад, бундуу цэцэг нь унаад эхэлвэл - гэрэл тохирохгүй байна гэсэн үг. Хэт хурц тод наранд тавьсан байж болно.
Азалия Podolianka
Агаарын чийгшил
Азалияг чийглэг агаартай газар ургуулдаг. Намар халаалт ирсэн үед гэрт хурай, халуун болдог. Энэ үед агаарын чийгшил ихэсгэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
Навч нортол нь шүрших хэрэггүй. Норгоод эргээд халуун агаарт дардаатлаа хатаад байхаар навчны үзүүр бүүр их борлож хатдаг. Иймээс навчнуудыг шүрших биш орчны агаарыг чийглэх хэрэгтэй.
Миний хэрэглэдэг арга: том өргөн поднос дээр суурь тавагтай азалияг дунд нь тавьна. Подносондоо ус дүүргээд тавьна. Суурь тавганд ус орох ёсгүй, өөрөөр хэлвэл цэцгийн савны ёроолд үс орохгүйгээр байрлуулна. Өдөр бүр подносондоо ус хийнэ. Подностой ус маш хурдан ууршдаг, өдөр бүр усаар дүүргэх болдог. Усаар дүүргээд, дараагийн өдөр нь гэхэд талаасаа доош ууршсан байдаг. Заримдаа халуун бүлээн усаар дүүргэдэг. Ийм ус уурших нь хурдан тул илүү их чийг навчнуудад өгдөг.
Азалия Apollo
Усалгаа:
Арчилгааны хамгийн гол анхаарах зүйл бол усалгаа байдаг. Хөрсөө бүрэн хатааж болохгүй. Хэтрүүлж услаад байж болохгүй. Доорх суурь тавганд илүүдэл ус удаан байлгаж болохгүй.
Хамгийн их тохирдог ус - борооны ус, голын цэвэр ус, эсвэл хайлсан ус гэж тооцдог. Мэдээж хотын байранд амьдардаг бидэнд энэ бүгд нь байхгүй тул крантны усыг 2 хоног задгай саванд хонуулаад, хлоргүй болгож зөөлрүүлж байгаад хэрэглэнэ. Хонуулсан усны талыг буцалгаж, буцалгаагүй устайгаа хольж хэрэглэж болно.
10 хоногт нэг удаа усандаа хүчил хийж услана. Жишээ нь 2-3 ширхэг лимоны хүчлийн кристалыг (элсэн чихэрийн ширхэг шиг) 1 л усанд хийгээд усалвал хөрсний хүчиллэг чанар хадгалагдна. Хүчилийг ихдүүлж болохгүй. Хөрс хэт хүчиллэг болоод эвгүй үнэр гарч хөрс, үндэс ялзардаг.
Услахдаа хүйтэн ус хэрэглэж болохгүй. Өвөл цонхон дээрээ байлгасан савтай усаар шууд услаж болохгүй. Заавал тасалгааны дулаантай жаваргүй, бүлээвтэр ус хэрэглэнэ.
Зун хангалттай сайн услана. Өглөө оройдоо өдөрт 2 удаа. Харин намар усалгааг багасгаж, өвөл тохируулж багавтар, цөөн болгоно.
Азалияд хүлэрт хөрс тохирдог. Хүлэрт хөрс нь хүчиллэг талдаа байдаг тул ургахдаа ч илүү байдаг. Гэхдээ хүлэрт хөрс хатахдаа барьцалдсан, ус уухдаа муу хатуу бөмбөлөг болдог. Ус шууд хажуугаар нь доош урсаад байдаг. Иймээс цэцэгээ услахын тулд том өндөр хувинтай усанд азалияг савтай нь хөрс далд ортол бүрэн дүрээд 30 минут байлгана.
Том савтай цэцгийг ингэж усанд живүүлэх хэцүү. Тиймээс өндөр суурь таваг доор нь тавиад усаар дүүргээд доогуур нь услаад байна.
Шимтэглээ болон бусад ургамлын хөрсийг сийрэгжүүлээд байдаг бол азалиягийн хөрсийг оролдож болохгүй. Азалиягийн үндэс нарийхан, гэмтэхдээ амархан эмзэг тул хамаагүй хөрс ухаад байж болохгүй.
Азалия Doberlug
Өвөл сэрүүн хүлэмжинд өвөлжүүлж байгаа бол савны ханаар мөс, цас тавьж болдог. Аажмаар удаан хайлж доош урсаж чийг өгдөг. Харин +18-20С хэмээс дээш дулаантай өрөөнд ургуулж байгаа бол байнга мөс, цас хийх хэрэггүй. Үндэс хүйтэн уснаас цочиролд орж цэцэг, бундуу бүгд унана. Навч ногооноороо хатаад мөн бүгд гөвөгддөг.
Азалия нь чийглэг газрын ургамал, хөрс нь байнгын үл ялиг чийгтэй байна. Нойтон байж болохгүй. Хүйтэн сэрүүн орчинд байлгаж байгаа бол усалгааг багасгана,  цөөлнө. Навч шүршихгүй. Харин халуун орчинд байлгаж байгаа бол эсрэгээр нь тохируулж хангалттай услаж байна. 
Хөрс хатсан бол яаралтай чийглэх хэрэгтэй. Үүний тулд  гүнзгий хувинд ус хийж савтай цэцгээ хөрс далд ортол нь дотор нь хийнэ. 3—4 цаг ингэж байлгаад авна. Үүнээс удаан байлгах хэрэггүй. Ингэж сайн усласны дараа 2-3 өдөр өнгөрөөгөөд хэвийн  усалгаанд шилжинэ.
Өвөл тасалгааны хуурай халуун агаарт хөрс амархан хатдаг. Дээд доод усалгааг ээлжилж хэрэглэж байх нь дээр.
Зуны халуунд азалияг өдөрт өглөө орой 2 удаа усалдаг. Заавал холоос агаарлуу шүршиж навчинд чийг өгч байна.
Азалия Max_Schame 
Агаарын дулаан
Агаарын дулаанд маш мэдрэмтгий. Гол санах зүйл - азалия сэрүүн орчинд дуртай цэцэг. Болж өгвөл +18°С хэмд байлгана. Өвөл сэрүүн орчинд байлгавал (доод хязгаар +5°С) 10-12 саруудад ирээдүйн бундуу бүрэлдэж эхэлдэг. Өвөл +12-16°C хэмтэй газар байлгана. Гэхдээ зөв арчилж чадвал +20-22°C хэмд ч сайхан ургаад байна.
Цэцгийн хүлэмжинд сэрүүн, чийглэг орчин тохируулаад байж болдог бол гэрийн нөхцөлд энэ нь маш хүндрэлтэй. 
Сэрүүн өвөлжилт нь олон бундуу бий болоход нөлөөлдөг. Цэцэглэж эхлэхэд мөн л сэрүүн газар байлгана. Ингэснээр цэцэглэлт маш удаан үргэлжилдэг. 
Ийм нөхцөл бүрдүүлж өгөх гэж цэцэгчид янз бүрийн арга хэрэглэдэг. Заримдаа савны захаар мөс тавьж хайлуулна. Хүйтэн усаар услана. Хүйтэн усаар шүршинэ гээд. Хэтрүүлж хэрэглэвэл жинхэндээ энэ нь заримдаа цэцгийг үхүүлж болдог талтай.
Хэрэв хэт хуурай, халуун агаартай өрөөнд байлгаж байгаа бол цэцэглэлт хурдан болж өнгөрдөг. Эсвэл дэлгэрч амжилгүй бүх бундуу унаж болно.
Хэрэв зун гадаа гаргасан бол намар оруулахдаа эртхэн, халаалт ирэхээс өмнө гэртээ оруулна.
Азалия Concinna 
Хөрс
Хүчиллэг хөрсөнд ургадаг цөөн тооны тасалгааны ургамлуудын нэг нь азалия юм. Хөрсний pH = 4-4,5 байна. Хөрсөнд хүлэрт хөрс, шилмүүст навчин хөрс хийвэл тохирно. Голын том ширхэгтэй элс нэмдэг. Азалияд хөрсгүй гидропоникийн арга мөн тохирдог. Азалиягийн хөрс гээд тусгай бэлдсэн хөрс дэлгүүрүүдэд зардаг. Ихэвчлэн ОХУ-аас орж ирсэн хөрс байгаа. Байхгүй тохиолдолд ердийн цэцгийн хөрснөөс арай их хүлэртэ хөрс авна, дээр нь шилмүүүст навчин хөрс нэмнэ. Эдгээр нь хөрсийг хүчиллэг болгодог юм.
Азалия Euroup
Бордоо 
Хавар, зун долоо хоног бүр азалияд зориулсан бордоо хэрэглэнэ (аммонийн сульфат, аммиакны селитр, суперфосфат, калийн сульфит). Харин өвөл-намар – бундуу бүрэлдэж байх үед суперфосфат (15 г 10 л усанд) хэрэглэнэ.
Азалия Zolushka
Цэцэглэлт
Сайхан цэцэглүүлэх нууц - чимхэлт тайралт тогтмол хийж байна. 5-р сараас эхлээд тайрч эхэлдэг. Шинэ мөчирнүүд дээр 4-5 навч үлдээгээд тайрдаг. Цэцэг гарах үзүүрт жижиг залуухан нахианууд ургаад ирвэл шууд тасдана. Бут саглагар өтгөн, олон нахиа мөчиртэй байх тусам муу цэцэглэдэг.
Удаан цэцэглүүлэх бол сэрүүн газар байлгана. Цэцэглээд дууссан бол хатсан, гандсан цэцэгнүүдийг тасдаж байна. Үр бүрэлдэж эхэлж байвал мөн тасдаж байна. Ургамлын хүчийг аваад байдаг юм.
Бусад ургамлуудаас ялгарах нь - азалияг цэцэглэж байхад нь эргүүлж тойруулж, байршлыг нь сольж болдог. Ингэлээ гээд бундуу, цэцэг унахгүй. Харин нэг санах зүйл - өвөл бундуу бүрэлдэж эхлэж байхад байсан газраас нь хөдөлгөөд өөр газар байрлуулсан бол цэцэглээд дуусангуут буцаагаад нөгөө газар нь тавьна. 
Азалия Advents-glocken
Шилжүүлэн суулгалт
Хавар цэцэглэж дуусангуут сулхан, сунасан мөчирнүүдийг богино тайрна. Дараа нь шилжүүлж суулгана. Залуу азалияг жил бүр, 3-аас дээш насны хөгшин ургамлыг 2-3 жилд нэг удаа тус тус шилжүүлж суулгадаг. 
Үндэс эмзэг тул хөрс гөвөх, үндэс тайрах г.м. ажилбарууд хийх хэрэггүй. Шууд арай том саванд шилжүүлээд, захаар нь шинэ хөрс нэмнэ. Сав томруулахдаа одоо байгаагаас 2 см-ийн том голчтой сав аваарай.
Азалиягийн үндэс гүн ургадаггүй. Тиймээс өндөр биш, намхандуу, өргөн сав авсан нь дээр. Үндэс нь хөрсний дээд хэсгээр хавтгай ургадаг. Иймээс агаар сайн нэвтэрдэг хөрстэй байх хэрэгтэй. Хөрсийг сийрэгжүүлж байна гэж хөндөх, ухах хэрэггүй. Үндэс эмзэг, амархан гэмтдэг. 
Шилжүүлж суулгахдаа анхаарах бас нэг зүйл - үндэсний хоолой гэж байдаг. Энэ нь үндэснээс дээш 1-3 см зайтай байдаг. Энэ хоолойг хэт гүн суулгаж болохгүй. Хөрсөөр зузаан булчихвал ямар ч ургамалын ургалт гацдаг. Санах ёстой "Алтан дүрэм" гэж хэлж болно: Үндэсний хоолойг хэт гүн суулгаж болохгүй.
Бараг бичлэг бүрт энэ зургийг оруулдагийг анзаарсан байх. А зураг дээр хэт доош суулгасан цэцэг. Энэ бол буруу. Ургахгүй зогсонги байдалд орно, зарим эмзэг цэцэг үүнээс болж үхнэ. Шимтэглээ мэтийн тэсвэртэй цэцгүүд ургахгүй, үхэхгүй, гацчихдаг. Б зураг дээр - зөв суулгасан байгаа байдал.
Азалиягийн хувьд эмзэг, ааштай цэцэг тул үндэсний хоолой зузаан хөрсөн доор булагдсан байвал үхдэг.
Чимхэлт
Цэцэглэж дуусангуут дараах зүйлийг хийнэ: хагдарсан хатсан цэцэгнүүдийг иштэй нь хамт тасдана. Боролсон хатсан навч мөн тасдаж хаяна. Цэцэглэж дуусангуут сарын дараа мөчирний үзүүрүүд нахиалаад 3—4 навч гаргана. Эдгээр шинэхэн нахиануудын үзүүрийг чимхэнэ. Ийм чимхэлтийг жилдээ 3 удаа хийдэг. (Чимхэлтийн тухай эндээс уншаарай.)
Хамгийн сүүлийн чимхэлтийг бундууны эд эс бүрэлдэхээс өмнө 7 сард - 8 сарын эхэнд хийдэг. Чимхэлтийг заавал хийж байна. Цэцэглэлтийг илүү сайн өдөөж өгдөг. Бундуу гарсны дараа хажуугаар нь шинэхэн мөчир ургана. Ийм мөчир нахиаг заавал тасдана.

Гэрийн тэжээвэр амьтадад хортой цэцэг гэж тооцогддог
Мөчирөн титэм бүрдүүлэх
Цэцэгний бундуу зуны сүүлээр бүрэлдэж эхэлдэг. Гоё цэцэглүүлэхийн тулд цаг тухайд нь тайралт хийж байх хэрэгтэй. Тайралтыг хойшлуулбал цэцэгний бундуу олноор бүрэлдэж амждаггүй, цэцэглэлт сулхан, цөөн болдог.
Титэм гаргах гол зорилго бол зөв хэлбэртэй ургамал бий болгох, улмаар гарах цэцэгнүүд жигд байралсан байх.
Хоёр үндсэн хэлбэржүүлэх арга байдаг - жижигхэн мод, мөн бут гэж.
Мод
Мод гаргахын тулд жижигхэн бутны хамгийн тэгш, хүчтэй чанга мөчирийг шилж авна. Үүнийгээ модны иш болгож хөгжүүлэх юм. Бусад бүх салаа мөчир, нахиануудыг тайрна. Тэгш эгц ургуулахын тулд тулгуур зоож уясан нь дээр. Гэрэлрүү тэмүүлсэн далий ургалттай мод болгохгүйн тулд савтай цэцгээ сард 2 удаа нар зөв 90" градус тогтмол эргүүлж байна.
Дээш ургасаар таны хүссэн өндөрт хүрэнгүүт ургах цэгийг буюу дээд үзүүрийг чимхэнэ. Ингэснээр хажуугийн мөчирнүүд салаалж гарч ирнэ. Цаашид модоо жигд зөв хэлбэртэй болгохын тулд тогтмол эргүүлж тойруулсаар байна. Салаа мөчирнүүдийг мөн чимхэж байна. Яваандаа бөөрөнхий титэмтэй модтой болно. 
Тайралтыг эрт цэцэглэдэг сортуудад 3-4 саруудад хийж амжих ёстой байдаг. Хожуу цэцэглэдэг сортуудыг бол 5-6 сараас өмнө хийнэ. Тайралт хийх гол зарчим - урд жилийн мөчирнүүдийг богиносгож тайрах, сул, туяхан мөчирнүүдийг бүгдийг угаар нь тасдаж хаях, мөн хэт ойр ойрхон байралсан мөчирнүүдийг сийрэгжүүлж илүүг нь тайрах хэрэгтэй болно.

Бут
Бут гаргаж авах гэж байгаа бол үрсэлгээг хөрснөөс дээш 10-12 см өндөр ургангуут дээд үзүүрийг чимхэнэ. Цаашид салаалж ургах мөчирнүүд жигд байрлалтай зөв хэлбэртэй байлгахын тулд савтай цэцгээ эргүүлж байна, мөн тогтмол хэлбэржүүлэх чимхэлт хийж байна.
Мөчрөөр үрслүүлэх арга
Гэрийн нөхцөлд модорхог болсон мөчирний хэсгээр 5-6 сард үржүүлдэг. Үндэслэхдээ муу. Мөчирний хэсэг нь хатуурсан, хагас модорхог болсон, 5-8см урттай байна. Шинэхэн ногоон, туяхан мөчир амархан үхдэг. Хэт хатуурсан мод болсон мөчир үрслэх чадвар муутай, маш удаан үндэслэдэг. Ойролцоогоор 4–6-сартай мөчир байхад болдог.
1. 5–8 см урт мөчир тайрна. Доод навчны зангилаа үеээр ташуу тайралт хийнэ.
2. Доод 2–4 навчны талыг нь хайчилж тайрна.
3. Бүх бундуу, цэцэгнүүдийг тасдана. Доод ташуу тайрсан үзүүрийг үндэслүүлэгч «Корневин»д дүрнэ.
4. Элсэрхэг хөрсөнд 1,5–2 см гүн суулгана.
5. Өдөрт 2 удаа нээж бүлээвтэрдүү усаар шүршинэ.
6. Өрөөний агаарын хэм +20–30°С хэм байна. Агаарын чийгшил 75–80% байх ёстой тул вакумдна. 3-5 долоо хоногийн дотор үндэслэдэг.

Бут хуваах
3-4 настай бутыг хэдэн хэсэг болгож хувааж болно. Үндэс гүехэн ургадаг, нарийхан, мэдрэмтгий тул маш болгоомжтой хандаарай.

Өвчлөл, хорхой шавьж
Бүх өвчлөл нь агаарын хэм, гэрэл, усалгааны горим буруу сахисанаас болон хөрс буруу сонгосноос болдог.
Навч унжийгаад, үрчийгээд сулраад унаад байвал хөрс хатсан, агаар хэт хуурай, гэрэл тохирохгүй байгаагийн шинж. Дээр бичсэнээр хувинтай усанд дүрж удаан байлгана. Агаарын чийгшилийг ихэсгэх тал дээр арга хэмжээ авна. Шууд наранд тавьж болохгүй. Таарсан зөв байрлалыг олж тавь. Хөрс тохирохгүй бол навч шарлана. Крантны хатуу усаар услаад байвал навч шарлана, унана, цэцэглэлт сулхан болдог. 
Азалия цагаан эрвээхэй, гурилан өт, аалзан хачиг, улаан хачиг, бамбайт, гээд олон төрлийн шавьж хорхойнд баригддаг. Дариухан хор цацаж устгах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх үүднээс сардаа нэг удаа бүлээн шүршүүрт оруулж навчинд дөнгөж наалдсан элдэв хорхой шавьжийг урсгаад угаана. Хэрэв дөнгөж үржиж эхэлж байгаа бол навч, мөчирийг улаан тамхины сулхан хандыг савантай хольж угаана. Ялангуяа навчны доод талыг сайн угааж шүршинэ. Үүний дараа 2—3 цаг өнгөрөөд хүйтэн усаар сайтар арилгаж шүршинэ. Энэ аргыг хэд хэдэн удаа давтана. Хэт үржсэн бол хор цацахаас өөр арга байхгүй.
Аалзан, улаан хачигнууд хуурай, халуун агаарт амархан бий болдог. Халаалт ирсэн үед маш анхааралтай байх хэрэгтэй.
Азалия Coelestina

3 comments:

  1. сайн байна уу? манай ажил дээр нэг азалия байдаг юм. гэтэл анзаарахгүй байж байгаад гадаах хаалганы хажуугаас холдуулахаа мартаад дааруулчихлаа. бүх навч нь үхээнц хар ногоон өнгөтэй болоод хорчийгоод үхчихлээ. Манай азалия метр 60 70н см өндөр гол нь нилээн бүдүүн мод шиг би яаж сэргээх арчлахыг мэддэггүй. надад зөвлөгөө өгөөч өвлийн улиралд яаж арчлах вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn u. Uvul huurai agaart dasah gej neg heseg stressd orj bolno. Usalgaag, gerel, dulaanaa zohitsuulchihval boldog. Harin daaruulah, huiten salhind tavih zereg hamgiin muu yum bdg. Naanaasaa sergej chadah n uu. Tom urgasan, gol ish n badriun, chadaltai bol bas naidlaga baij bolohiin. Busad tasalgaanii tsetsegees yalgaatai n mash l aashtai tsetsegt ordog. Navchaa guvood seheh n hovor bdg. Gehdee ooriinh chin chadaltai mod bolson tul diileh bh gej naidahaas. Epin geed urgamliin esrseguitsel deeshluuldeg, tenheetei bolgodog, oir zuuriin hyamrald orson stresstsen urgamliig shurshihed bas zugeer baidag gormonorhuu bodis bdg. Stimulator, idevhijuulegch bidis gsn todorhoilolttoi. Teruugeer bas shursheed uzeerei. Het oirhon bish. Azaliea oroldood bhad durgui tsetseg bdg.

      Delete
    2. Za oilgoloo bayrlalaa. tiimee ih tom mod shg

      Delete