Tuesday, December 15, 2015

Хирита (Chirita)

Хирита (Латинаар Chirita)
Хирита харьцангуй шинэ тасалгааны ургамал. Онцын арчилгаа шаарддаггүй, ургуулахад амар бөгөөд цэцэглэхдээ хурдан. 
Хирита нь нил, баримгана, бортголжино зэрэгтэй хамт Геснерийн овогт ордог ургамал. Байгальд нийт 150-аад төрөл зүйл байдаг. Эх нутаг нь — Зүүн өмнөд Ази, Гималай, Энэтхэг, Шри-Ланк, Суматра, Ява.
Хирита нь нэг наст, олон наст гэж байдаг. Тасалгаанд олон настуудыг нь ургуулдаг. Сортоосоо хамаараад навчны өнгө, хэмжээ, хэлбэр, ургаж буй байрлал зэрэг нь өөр өөр байдаг. Давжаа ми­ниатюр сортын навчны урт 4 см байдаг бол стандарт сортуудын навч 20-25 см.
4-5 хос навч ургасны дараа цэцэглэлт эхэлдэг. Навч бүрийн угнаас цэцэгний иш гардаг ба нэг цэцэгний иш дээр 5-10 цэцэг зэрэг дэлгэрдэг. 
Хятад хирита (Хирита китайская, Chirita sinensis) - Хятадаас гаралтай, 15 см өндөр өвсөрхөг ургамал. Навч: зууван хэлбэртэй, хурц үзүүртэй, 10 см урттай, богино иштэй, тод ногоон өнгийн, мөнгөлөг саарал хээтэй, үсэрхэг бүрхүүлтэй. Цэцэг: цэнхэр ягаан өнгийн, 4 см голчтой. Нил цэцгийн хөрсөнд ургадаг, хөрс саармаг/сул шүлтлэг байна.

Лавандаан Хирита (Хирита лавандовая, Chirita lavandulacea) - Малайн арлуудаар ургадаг. Микро-хирита гэж тооцогддог. Нэг наст өвсөрхөг 40-50см өндөр бут. Жимс - 5см урт. Цэцэглээд, үр боловсорч дууссаны дараа үхдэг. Үрээр үрждэг.

Тамиан Хирита (Хирита Тамиана, Chirita tamiana) - Вьетнамаас гаралтай. Миниатюр жижиг бут тул нил цэцэгтэй төстэй. Мэдэгдэхүйц амралт үе гэж байхгүй. Дулаанд дуртай, гэхдээ зуны халуун хуурай саруудыг даахдаа муу. Жигд дулаантай, таарсан зөөлөн гэрэлтэй газар удаан цэцэглэдэг.

Chirita 'Aiko'
АРЧИЛГАА
Агаарын дулаан
Дунд зэрэгийн. Өвөл сэрүүвтэр +15-18°С хэмтэй газар байлгана. Усалгааг багасгаад, цөөлнө. Байгальд ихэнхи төрлүүд үүнээс сэрүүн нөхцөлд өвөлждөг 0-5°С. Тасалгаанд заавал ийм орчин бүрдүүлэх шаардлага байхгүй.
Chirita Cynthia
Гэрэл
Сарнисан тод гэрэлд сайн ургаж цэцэглэнэ. Хэт их наранд навчны үзүүр шарлана, борлоно, түлэгдэж толботно. Байгалийн гэрэлд болон хиймэл гэрэлтүүлэг дор адилхан сайхан ургадаг. Нил цэцгэнд тохирсон гэрэл таардаг. Хавар-зуны улиралд хурц нарны гэрэлээс хамгаална. Намар-өвөл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх болно.
Зүүн хойд, баруун хойд зүгрүү харсан цонхны тавцан тохирно. Зүүн болон баруун талын цонхон дээр хэтэрхий их гэрэлтэй, халуун байна. Иймд тюль-хөшигөөр нарны гэрлийг сарниулах хэрэгтэй. Хойд болон урд зүгийн цонх мөн тохирдоггүй. Хойд талын цонхон дээр тавьбал заавал нэмэлт гэрэл гаргах хэрэгтэй болно.
Chirita dielsii
Усалгаа
Тааруулж багавтар услана. Зун усалгаа хооронд хөрс хатаж амжсан байна. Хирита нь яг л юүлүүргэнэ шиг богино хугацааны хөрс хаталтыг даахдаа сайн. Харин усалгаа хэтрүүлвэл амархан үхдэг. Хөрс байнга өлөн чийгтэй байна, нойтон усархаг байж болохгүй - үндэс болон иш амархан ялзардаг. Өвөл усалгаа — багавтар.
Өвөл ямар орчинд өвөлжүүлж байгаагаас хамаараад бага багаар, хөрс чийглэх төдий услана. Усархаг чийгтэй хөрснөөс гадна өөр нэг том аюул байдаг нь - хөрс дааруулах.

Chirita micromusa B.L.Burtt
Агаарын чийгшил
Хирита чийглэг орчинд ургадаг. Агаарын чийгшил 50% байна. Үсэрхэг навчтай тул усаар шүршдэггүй. Зуны халуун хуурай өдрүүдэд болон өвөл халаалт ирсэн үед хэцүү болно. Агаар чийглэх арга хэмжээ авна.  Хажууд нь устай сав тавих, агаар чийгшүүлэгч төхөөрөж залгах гэх мэт.
Хирита Бети (ChiritaBetty)
Бордоо
4 сараас эхлээд 9 сарыг дуустал нил цэцгэнд зориулсан шингэн комплекс бордоогоор борддог. Бордоо хэтрүүлвэл эмзэг хүлээж авдаг. Ихдүүлснээс багадуулсан нь дээр байдаг тул бордоог шингэлж хэрэглэнэ. Шинэ хөрсөнд суулгасан бол 2 сар бордох хэрэггүй. Хоёр сарын дараа хөрсний шим тэжээл дуусмагц бордож эхлээрэй.
Шилжүүлэн суулгалт
Шаардлагатай гэж үзвэл хавар шилжүүлж суулгана. Яг ямар төрлийн хирита ургуулж байгаагаа мэдэх хэрэгтэй. Жишээ нь, зарим төрөл зүйл нь байгальд хадархаг газар, шохойлог чулуун дээр гм. ургадаг. Ер нь нил цэцгийн хөрс тохирдог. Өөрөө бэлдвэл: 1 хэсэг ширгэн хөрс, 1 хэсэг навчин (эсвэл хүлэрт) хөрс, мөн 1 хэсэг том ширхэгтэй голын элс.
Сав шилж сонгохдоо мөн л ямар төоөл зүйл гэдэгээс хамаарч авна. Хэт том саванд ямар ч төрлийн хирита дургүй. Хэт өндөр, гүнзгий байж болохгүй. Бага зэрэг өргөн байвал тохирно. Жижиг хэмжээтэй савнаас эхлээд бага багаар дэс дараалалтай томруулна. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Үржүүлэх арга
Үрээр, навчаар, навчны хэсгээр, зулзаган бут салгаж гэх мэтээр үржүүлдэг.
Үрээр голдуу нэг наст төрлүүдийг үржүүлнэ. Үрийг 3 сард тарьдаг. Өргөн намхан саванд хүлэрт хөрс, элстэй холиод, үрнүүдээ дээр нь цацна. Жижиг үр тул булдаггүй. Ус шүршигчээр услана. Дээгүүр нь вакумдана.
Үр ургах орчин +24-26°C хэм,. Халаалт ирсэн үед "пааран" дээр давхарласан алчуур тавьж дээр нь үрсэлгээгээ тавьж халаана. Хоёр долоо хоноод соёолдог. Өдөр бүр нээж 10 минут агаар оруулж байна. Нялх үрсэлгээнд хамгийн том аюул нь - хэтрүүлж улсах байдаг. Иймээс соёолонгуут вакумаа хураана. Усалгааг шүршигчээр, эсвэл шприцээр хийдэг. Ургаад томорсон үед нь 50 грамын стаканд болгоомжтой суулгана. Үндэс хялгасан, эмзэг тул амархан тасардаг. 
3 сард үрнүүдээ тарьвал цэцэглэлт нь зуны эхээр болдог байна.
Хиритаг жил бүр хөрс сольж, шилжүүлж суулгах хэрэггүй. 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгахад хангалттай. Хэт том саванд ургуулах хэрэггүй. Багавтар саванд илүү их цэцэглэдэг. Хөрс нь фиалка буюу нил цэцэгтэй адилхан хөрс тохирно. Яваандаа доод навчис унасаар халзан иш харагддаг болно. Энэ үед нь хөрс нэмээд халзарсан хэсгийг хучиж болно.

Геснерийн төрлийн бусад бүх ургамлуудын адил навчаар дорхноо үрждэг. Навчаар үрслүүлэхдээ дунд эгнээнээс элдэв толбогүй, хатаагүй, эрүүл навч тасдаж авна. Хөвсгөр хөрсөнд /хүлэрт хөрс, эсвэл дан перлит, вермикулит байж болно/ 1 см гүн суулгана. Үрсэлгээг вакумдах хэрэгтэй, эсвэл хүлэмжинд хийнэ. Хөрс хатааж болохгүй. Үндэслэх хамгийн тохиромжтой температур +22-24С.
 
1,5-2 сарын дараа зулзаган навчнууд гарна. Зулзагнуудаа 5-6 см диаметртэй саванд нэг нэгээр нь суулгана. Шилжүүлж суулгасны дараа 2-3 долоо хоног вакумтай байлгаад авна.
Навчийг усанд, хөрсөнд, хөрсгүй орчинд үрслүүлж болдог. Нил цэцгийг бодвол үндэс нь хурдан, 2-3 долоо хоногийн дараа гардаг.
 
Том навчийг хэдэн хэсэг хувааж юүлүүргэнэтэй адил үрслүүлж болдог. Үүнээс гадна ишний хэсгээр болон хажуугаар ургаж гарсан зулзаган бут салгаж үржүүлж болдог.
http://www.fialkin.ru/razmnojenie_rasteniy/

No comments:

Post a Comment