Thursday, December 17, 2015

Зефирантес - Zephyranthes - Гүргэмгэнэ

Зефирантес, Зефирантус (Zephyranthes)
"Зефир" гэж баруун зүгийн салхины нэр. Зефирантес гэдэг нь "zephyr" — баруунаас ирэх салхи, "anthos" — цэцэг гэсэн үгсээс бүрдсэн. Учир нь энэ цэцэг Америкт ургадаг гэнэ. Баруун зүгээс салхилж борооны улирал эхлэхэд энэ ургамал цэцэглэдэг байна. Уугуул нутгийн ард үүнийг "борооны цэцэг" гэж бас нэрлэдэг байна. Монгол нэршил - Гүргэмгэнэ. Тасалгааны нарцисс гэж бас нэрлэдэг. Олон наст булцуут ургамал.
Овог: Амариллисын (Amaryllidaceae).
Эх нутаг: Төв болон Өмнөд Америк.
Ургалт: дунд зэрэгийн хурдтай.
Цэцэглэлт: жил бүр, сорт төрлүүдээс хамаараад янз бүрийн улиралд цэцэглэдэг. Бундуу гэнэт гарч ирдэг, 1-2 хоноод шууд цэцэглэдэг. Услахаа мартсан үед бундуугаа түлхэж гаргах нь илүү байдаг.
Булцуу: өндөгөн хэлбэртэй, жижигхэн, 2—3,5 см голчтой. Навч нарийхан, туузан, урт, өвс шиг. Цэцэг крокустай адилхан, цагаан, шар, ягаан, болон хоёр - өнгөт гэж байдаг. 
Нийт 40 гаруй төрөлтэй, олон наст өвсөрхөг ургамал. Тасалгаанд ойролцоогоор 8—10 төрөл тарьдаг, гэхдээ үүнээс — 4-5 нь илүү их тархсан. Чимэглэлийн зориулалтаар ургуулахдаа зефирантесыг цэцэгний өнгөөр ялгадаг.
ТӨРӨЛ
Цагаан цэцэгтэй:
Зефирантес атамасский (Zephyranthes atamasca Herb.), өөр нэг нэр нь Амариллис атамасский (Amaryllis atamasca) АНУ-ын өмнөд мужуудаар тааралддаг. 3-4 саруудад цэцэглэдэг. Сэрүүн өрөөнд ургуулахад тохирдог. 
Зефирантес белый, белоснежный (Z. candida (Lindl.) Herb.), өөр нэг нэр нь Амариллис белый (Amaryllis candida Lindl.) Ла-Плата голын эргээр ургадаг. 7 - 10 саруудад цэцэглэдэг. Сэрүүн өрөө тасалгаанд ургуулах ёстой.
Zephyranthes atamasca
Шар цэцэгтэй:
Зефирантес золотистый (Zephyranthes aurea), буюу Пиролирион золотистый (Pyrolirion aureum Herbert); Амариллис золотистый (Amaryllis aurea Ruiz Lopez & Pavon). Перу улсын нутгаар ургадаг. 12-1 саруудад цэцэглэдэг. Сэрүүн орчинд ургадаг. Худалдаанд "Усан сараана" гэсэн нэртэй худалдаалдаг. 
Улаан цэцэгтэй:
Зефирантес крупноцветковый (Zephyranthes grandiflora) буюу Зефирантес килеватый (Zephyranthes carinata)   Ямайка арал, Мексик, Гватемалд ургадаг. 4-6 саруудад цэцэглэдэг. Том цэцэгт зефирантесыг 9-11 сарын хооронд амраах хэрэгтэй. Үүний тулд усалгааг зогсоож, навчнуудыг тайраад, хөргөгчинд хийж хадгална. Амралт үе дуусангуут 2 сараас эхлээд услаж эхлэх ба гэрэлтэй газар байрлуулна. 4 сар гэхэд эхний цэцэг гарч эхэлдэг.
Zephyranthes grandiflora 
Хоёр өнгийн цэцэгтэй:
Зефирантес разноцветный (Zephyranthes versicolor) буюу Хабрантус разноцветный (Habranthus versicolor) нэг сард цэцэглэдэг. Бразилд ургадаг цэцэг. 
Zephyranthes versicolor
АРЧИЛГАА
Гэрэл
Тод. Нарны шууд гэрэл даахдаа сайн. Зефирантес сарнисан тод гэрэлд болон бага зэрэг нарны гэрэлд сайн ургана. Зун гадаа агаарт - тагтан дээрээ, эсвэл бүүр задгай талбайд суулгаж ургуулдаг. Задгай газар ургасан булцуу намар гэхэд маш том болсон байдаг ба дараа жил нь сайн цэцэглэдэг.
Агаарын дулаан
идэвхтэй ургалт үед +18-25°C. Амралт үед сэрүүн газар +10-12°C байлгадаг.
Усалгаа
ургалт үед тогтмол. Амралт үед багасгадаг. Услахдаа зөөлөн, хлоргүй, жаваргүй ус хэрэглэнэ. Шилжүүлж суулгасны дараа цөөн бөгөөд бага усладаг. Хэт их чийг уснаас булцуу илжрэхдээ амархан. Амралт үед бүүр хатааж болохгүй, навч бүрэн унахааргүй байдалтай амраана. Эсвэл бүтэн амрааж болно. Өөрөөр хэлбэл бүүр услахгүй хатаагаад. Энэ тохиолдолд булцуу өвөл илжирдэггүй сайн талтай.
Зефирантес (Fairy lily) - Zephyranthe citrina - Ягаан гүргэмгэнэ
Бордоо
ургалт үед 1-2 долоо хоногт нэг удаа минерал бордоо хийнэ. Фосфорын бордоо хийж болно. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Агаарын чийгшил
Айхтар чухал биш.

Амралт үе
төрөл сортоос хамаараад өөр өөр. Амралт үед нь гэрэлтэй, сэрүүн газар байлгадаг +10-12°C, усалгааг маш бага, булцуу илжрүүлэхээс болгоомжилж тохируулж услаж байна. Намар навч унаад, усалгааг багасгана. 9-11 сард амраана - сүүдэрхэг сэрүүн газар +10—12С байрлуулаад, эсвэл хөргөгчний доор ч хийж болно. Навчнуудыг тайрч болно. 
Зефирантес амралт үегүй ургаад байж чадна, гэхдээ цэцэглэлт муу болдог. 11 сараас савтай булцуугаа хуучин гэрэлтэй дулаан газар нь байрлуулна. Услаж эхэлнэ. Хүсвэл амралт үеийг хавар хүртэл сунгаж болно. 
Гүргэмгэний булцуу
Шилжүүлэн суулгалт
жил бүр, амралт үеийн дараа. Илүү гоё харагдуулахын тулд нэг том саванд хэд хэдэн булцуу суулгадаг. Ингэхэд удаан үргэлжилсэн цэцэглэлттэй болно. 
Суулгахдаа намхан, өргөн сав сонгох нь дээр. Булцууны хүзүү хөрснөөс дээш харагдаж байхаар суулгадаг. Хөрс хөвсгөр, тэжээллэг, рН=6 байна. Ялзмагтай, ширгэн хөрс, элс адил хэмжээтэй авдаг.
Эх цэцэгнээс 10—15 ширхэг зулзаган булцуу гарч болно. Шилжүүлж суулгахдаа салгаж авдаг.  Зулзагнууд дараа жил нь цэцэглэж эхэлдэг. 1—2 жилд нэг удаа намар эсвэл хавар шилжүүлж суулгадаг. Олон жил шилжүүлж суулгаагүй, саваар дүүрэн булцуу үүссэн бол энэ нь бас төдийлэн сайн биш. Зулзагнуудыг салгаж байх хэрэгтэй.
 
 
 
Салгаж суулгаж байгаа байдал
Үржүүлэх арга
зулзаган булцуугаар болон үрээр. Булцуугаар үрслүүлэхдээ амралт үеийн өмнө, эсвэл амарч байх үед нэг саванд 6—12 ширхэгээр суулгана. Богино хүзүүтэй булцууг бүтэн булж суулгана. Урт хүзүүтэй сортуудыг дээш ил харагдаж байхаар хийнэ.
Үрээр ургуулсан гүргэмгэнэ 3-5 дахь жилдээ цэцэглэдэг. Хорхой шавьжинд өртөх нь бага
Цэцэглэлт
сорт, төрөл зэргээс хамаараад янз янзын үед болж өнгөрнө. Том цэцэгт гүргэмгэнэ — 4 - 7 саруудад, маш сайн гэрэлтэй газар цэцэглэдэг. Цагаан цэцэгт зефирантес — 7 - 10 саруудад; алтан зефирантес — өвөл. Цэцэгний иш урт, цэцэг өөрөө крокус буюу шафрантай төстэй. Цэцэг 5-7 хоног байж байгаад хагдардаг, оронд нь доороос нь өөр бундуунууд гарч ирээд байна.
Анагаах увидас:
Булцууг нь ардын уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг байна. Булцуугаар халуун бигнүүр хийж хавдсан, гэмтсэн хэсгүүдэд мөн тавьдаг байна. Хятадад бол гепатит өвчинд цагаан цэцэгт гүргэмгэний бүх хэсгүүдийг хэрэглэдэг. Мөн татдаг өвчтэй хүмүүст уулгадаг юм байна. Зарим газар зефирантесаар хорт хавдар, чихрийн шижин, сүръе, ханиад томуу эмчилдэг байна.
Ургаж эхэлж байгаа булцуу
Хорхой шавьж, өвчлөл
Энэ ургамал хорхой шавьжинд баригдах нь бага, өвчинд өртөх нь ховор. Үхдэг гол шалтгаан нь - хэт их усалгаа. Хуурай агаарт байлгавал аалзан хачиг үүсдэг. Ийм зүйл илэрвэл савантай усаар угааж арилгана. Сайн хатааж байгаад дахин бүлээн шүршүүрт оруулна. Хэт их үржсэн бол - хор цацна.
Зефирантесын булцуу суулгах
Гүргэмгэний булцуу - зууван, 2-3 см диаметртай, сонгинон зөөлөн булцуу байдаг. Сорт төрөл зэргээс хамаарч булцууны хэмжээ янз бүр. Ягаан цэцэгтэй гүргэмгэний булцуу нь шар өнгийн цэцэгтэйгээс хамаагүй том байдаг. Харин цагаан цэцэгтэй зефирантесын булцуу нь бүүр жижигхэн.
1. Суулгахын өмнө булцуугаа марганцын уусмалд угааж дэвтээгээд, дараа нь "булцуут ургамлыг хурдан үндэслүүлэгч" бодисонд 1-2 цаг байлгана (жирийн шингэн бордооны уусмалд ч болно).
2. Бордоотой уусмалд дэвтээд, хүч орж байх хугацаанд суулгах саваа бэлдэнэ. Сав ойролцоогоор 10 см өндөр, өргөн, навтгар байх нь дээр.
3. Савны ёроолд заавал дренаж 3-4 см зузаан дэвсэнэ.
4. Дараа нь тэжээллэг хөрс хийнэ.
5. Хөрсөө дүүргэхгүй. Дээд ирмэгээс 3-4 см дутуу хийгээд, дээрээс нь дарж нягтруулж өгнө. Үүний дараа дээр дурдсан үндэслүүлэгчийн уусмалаар услана. Чийгтэй хөрсөн дээр булцуунуудаа байрлуулна. Үзэмжтэй, саглагар болгохын тулд нэг саванд хэд хэдэн булцуу суулгадаг.
6. Дээрээс нь тэжээлтэй сайн хөрсөөр хучаад үлдээнэ. Хөрс сийрэг, хөвсгөр бол битүү булж болно. Эсхүл булцууны хоолойг цухуйлгаад суулгаж болно.
7. Зефирантес усалгаа их шаарддаг тул дээрээс нь биш, доод усалгаа хийхэд илүү тохиромжтой. Доогуур услахад хөрс доош сууж нягтардаггүй. Мөн хөрсний тэжээл, минерал бодисууд доош угаагдаж урсдаггүй.
8. Доогуур услахад үндэс сайн хөгждөг.Ус чийг доор байгаа тул үндэс доош тэмүүлж ургадаг. Дренаж байгаа тул илүүдэл усыг зохицуулдаг, үндэс хэт нороод байхгүй, илжрэхгүй.
9. Булцуу ургаад ирэнгүүт бордож эхэлнэ. 7 хоногт 2-3 удаа маш сул найруулж бордож байна. Байх ёстой тунг 2 дахин багасгаж найруулдаг.
10. Эхний бундуу гараад задрангуут бордолтыг зогсооно. Хамгийн сүүлийн цэцэг хагдрахад бордолтыг дахиж сэргээдэг. АНХААР: цэцэглэлт үед булцуут ургамлыг борддоггүй.
11. Зефирантесын цэцэг удалгүй хагдардаг. Халуун дулаан өрөөнд 1-2 хоног, харин сэрүүвтэр өрөөнд 5-6 хоног болдог. Гэхдээ дорхноо олон бундуу доороос нь гарч ирдэг тул цэцэглэлт удаан үргэлжилдэг, ургуулахад өхөөрдөм хөөрхөн цэцэг.

No comments:

Post a Comment