Friday, January 8, 2016

Тасалгааны анар

Монгол нэршил: Анар
Латин нэршил: Punica
Орос нэршил: Грана́т
Овог: Lythraceae
Тасалгааны нөхцөлд ихэнхдээ нэг төрлийг ургуулдаг - Гранат обыкновенный (Punica granatum). Үүний давжаа хэлбэр буюу Гранат карликовый (Punica nana) хамгийн их тархсан тасалгааны анар юм.
Давжаа анар (Punica nana)
Өндөр нь 1 метрээс хэтэрдэггүй. Сайн тайраад, зөв арчилж ирвэл 30 см өндөртэй байхдаа жимслээд эхэлдэг. Навч маш жижигхэн, 3 см урт 1 см өргөн. 
Жимс нь ойролцоогоор 3 см голчтой, хамгийн томдоо 7 см хүрдэг. Тасалгаанд 11 сараас 1 сарын хооронд боловсордог. Цэцэрлэгт ургадаг жирийн анар жимстэй адил хүнд хэрэгтэй бүхий л шинж чанарыг агуулдаг. Гэхдээ амт нь сул, хэмжээ жижиг, маш олон ястай. 
Давжаа анарыг жимснээс илүү олон цэцгэнд нь болж ургуулдаг. Олноор жимслээд ирвэл заримыг нь албаар тасдаж авдаг. Жимс боловсруулах явцад мод сульддаг, хүчээ маш ихээр алддаг тул дараагийн цэцэглэлт нь цөөхөн, жижигхэн цэцэгтэй гардаг. Иймд нэг модон дээр 1-2 жимс үлдээгээд бусдыг тасдсан нь дээр. Энэ үлдээсэн жимснээсээ үржүүлгэнд хэрэглэх үрнүүдээ хурааж авч болно. Гэхдээ үрээр ургуулахад сортын шинж чанараа 100% хадгалдаггүй. 
Харин 3-4 жилд нэг удаа бүрэлдсэн бүх жимснүүдийг огт оролдохгүй, өөрөөр нь ургуулж үлдээдэг. Бий болсон бүх жимснүүдийг тасдахгүй ургуулна гэсэн үг. Ингэж та хэдэн жилд нэг удаа нүдээ баясгаж болох юм.
АРЧИЛГАА
Арчилгааны хувьд ааштай ургамал бол биш. Гэхдээ мэдээж тодорхой нөхцөл шаарддаг.
Гэрэл
Их гэрэлтэй газар байх ёстой. Сайн цэцэглүүлж, жимслүүлэх хүсэлтэй байгаа бол 4000 - 6000 лк тод гэрэлтэй байх ёстой. Агаарын солилцоо сайн явагддаг газар илүү дуртай. Гэрт ургуулж байгаа бол урд, баруун, зүүн зүгийн цонхнууд тохирно. Бороотой, бүрэнхий өдрүүд удаан үргэлжилвэл нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэнэ.
Өвөл гэрэл дутахлээр навчаа гөвөж эхэлнэ. Нэмэлт гэрэлтүүлэг гаргахдаа өдөрт нийт 10-12 цаг гэрэлтэй байхаар тохируулна. Хангалттай их гэрэл гаргаж өгөж чадсан бол өвөл ч гэсэн цэцэглээд, жимслээд байна.
Зуны хурц халуун шууд нарнаас заавал хамгаалсан нь дээр. Ялангуяа залуухан модыг. Ер нь зундаа тагтан дээр байлгах, эсвэл гадаа агаарт гаргасан нь дээр байдаг. Гадаа гаргахын өмнө бага багаар дасгаж байж гаргана. Шууд гаргавал навч наранд түлэгдэнэ. Намар 9 сард гэрт халаалт ирэхээс өмнө оруулж тасалгааны орчинд дасгасан байх нь дээр.
Усалгаа
Гол нь зөв усалгаа. Услах дүрэм:
- Өвөл амралт үед 12-16°С хэмд өвөлжүүлж байгаа бол 1,5-2 сард нэг удаа. 
- Өвөл дуусангуут 2 сараас навч олноор гарч идэвхтэй ургалт үе эхэлнэ. Энэ үеээс эхлээд усалгааг ихэсгээд, навч, мөчирнүүдийг усаар шүршинэ. Мөн сулхан тунгаар найруулсан азотын бордоогоор бордоно. Ингэснээр олон навч гарч, навчны өнгө сэргэж, тод өнгөлөг болно.
- Цэцэглэж байгаа үед усалгааг арай багасгана. Учир нь байгальд цэцэглэлт үе нь хамгийн хуурай, халуун улиралд таардаг байна. Гэхдээ хатааж болохгүй. Хатаавал, эсвэл хэт их услаж чийглэг хөрстэй байлгавал бундуунууд унана, удаан үргэлжлэх цэцэглэлтийн оронд хоосон мөчирнүүд үлддэг. 
- Цэцэглэж дууссаны дараа маш сайн усална. Дараа жилийн цэцэглэлт илүү сайн болдог байна.
- Хөрсний дээрх үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Хөрсөө бүрэн хатаах болон хэт усархаг байлгах буруу. Богино хугацаанд илүүдэл ус чийг дааж чаддаг бол хөрс хаталтыг дааж чаддаггүй. Үндэс нарийхан, эмзэг тул амархан үхдэг.
- Тасалгааны дулаантай, жаваргүй, зөөлрүүлсэн, хэд хоног задгай саванд хонуулсан усаар усална.
- Хэрэв та жимс боловсруулах зорилго тавьсан бол намар усалгааг болгоомжтой хийдэг. Хэт услаад байвал жимс задарч хагардаг байна.
Агаарын дулаан
Нэвт салхинаас заавал хамгаалж нөмөр газар байрлуулна. Хүйтэн салхи үлээдэг, жиндүү газар мөн байрлуулж болохгүй. Өвөл сэрүүн өвөлжүүлэх нь дээр. Агаар солилцоо сайн явагддаг өрөөнд илүү сайн ургадагаас гадна элдэв хорхой шавж, өвчлөлөөс сэргийлдэг.
Өвөл усалгааг багасгана. Дулаан өрөөнд өвөлжүүлж байгаа бол 10-15 хоногт нэг удаа услаж болно. Хэрэв сэрүүн газар өвөлжүүлж байгаа бол том ургасан модыг 1,5-2 сард нэг удаа услаж байна. Харин залуухан анарыг сард 2 удаа байж болно.
Ер нь тохиромжтой агаарын дулаан бол +20–25°C.
Зарим цэцэгчид сэрүүнд өвөлжүүлж 11 сараас 3 сарыг хүртэл амралт үе гаргаж өгөх хэрэгтэй гэж үздэг бол жирийн тасалгааны дулаан агаарт өвөлжүүллээ гээд айхтар муу юм анзаарагддаггүй байна. Цэцэглэлтэнд мэдэгдэхүйц муугаар нөлөөлсөн зүйл байдаггүй гэнэ.
Тасалгааны хэм +25°С-ээс дээш болвол халуун, агааргүй өрөөнд навчаа гөвөөд эхэлдэг байна. Үүнээс болоод ургалт гацах, удаашрах явдал гардаг. Орчны агаарыг хүйтэн усаар шүршихэд бага ч болов сэрүүн болдог байна.
Намар жимс боловсроход +12-16°С хэм байх хэрэгтэй. Өвөл амраах бол мөн л ийм хэмд байлгана.
Давжаа анарын дааж чадах хамгийн сэрүүн орчин –2-5°С.
Карликовый гранат, выращенный в виде бонсай
Агаарын чийгшил
Агаарын чийгшилд айхтар ач холбогдол өгөөд байдаггүй. Халуун бүгчим агаарт хүйтэн усаар орчны агаарыг шүршинэ. Сэрүүнд шүршдэггүй. Агаарын солилцоо сайн хийж байна, аалзан хачиг, улаан хачиг гээд элдэв хорхой шаювж үүрлэхээс сэргийлнэ.
Хөрс
Хөвсгөр, тэжээллэг хөрс авна. рН=7. Ус, агаар сайн нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Савны ёроолд заавал дренаж дэвсэж өгнө. Тасалгааны давжаа анарт дараах сонголтоор хөрс найруулж болно:
1. ширгэн хөрс (50%), навчин хөрс (25 %), хүлэрт хөрс (12%), элс (13%);
2. элс (50%), хар шороо (25%), хүлэрт хөрс (25%);
3. шаварлаг хар шороон хөрс (2 хэсэг), навчин хөрс (1 хэсэг), ялзмаг (1 хэсэг), элс (1 хэсэг);
4. залуухан анарт: ширгэн хөрс, ялзмаг, навчин хөрс, элс адилхан хэмжээгээр авч хольно.
Үүнээс гадна дэлгүүрийн бэлэн бэлдмэлүүд авах бол "Сарнай", эсвэл "Хайтан" цэцэгний тусгай бэлдсэн хөрс авч болно.
Бонсай хийхэд төмөр утсаар чиглүүлж өгнө
Бордоо
Сард хоёр удаа (үүнээс их хэрэггүй) борддог. Хавар навч, мөчир шинээр ургуулах тул азоттой ямар ч бордоо байж болно. Цэцэглэлт үед – фосфортой бордоо, харин намар тийшээ 8 сараас – калийн бордоо тус тус хийдэг. Бундуу олноор үүсэх, сайн цэцэглүүлэхийн тулд азот-фосфорын бордоо хэрэглэнэ. Үүнийг хавар эрт хийж эхлээд, зун 7-р сар дуустал хэрэглэнэ. Харин 7 сарын сүүлээс эхлээд калий илүү агуулсан бордоо хийж эхлэнэ.
Цөөхөн цэцэг гаргаж, сулхан цэцэглэж байвал – арчилгаа буруу хийснийх. Бордоо хэтрүүлж хэрэглэвэл цэцэг муу гардаг гэдэгийг санаарай.
Намар калий агуулсан бордоо хэрэглэж өвөлжихөд бэлдэнэ. Гэхдээ жимслүүлэхээр ургуулж байгаа бол хамаагүй ихээр хэрэглэж болохгүй.
Бордоог наргүй, үүлэрхэг өдөр хийсэн нь дээр. Бордохын өмнө эхлээд цэцгээ сайн услана. 30 минутын дараа бордоотой усаар услана. Доорх тосгуур савнаас илүүдэл усыг асгаж байна. Намар бордоог багасгаад, усалгааг цөөлөөд, агаарын хэмийг багасгаад сэрүүн газар байлгана. Ингэж өвөл 2-3 сар үргэлжлэх амралт үед нь бэлдэж өгнө. Амралт үе 11-12 сард жимс боловсорч дуусангуут эхэлдэг.

Амралт үе
11 сарын сүүлээр жимс боловсроод дуусахлээр анарын мод навчаа гөвөж эхэлдэг. Аажмаар амралт үедээ ордог. +10-12°С хэмд байлгана. Тасалгааны анарын арчилгааны гол шаардлага гэж ихнэхи цэцэгчид үздэг. 3 нас хүрээгүй залуухан анарын модыг амраах хэрэг байдаггүй. Гэхдээ өвөлжүүлэх агаарын дулаан нь +13-16°С байна.
Гэрийн нөхцөлд ийм сэрүүн орчин бүрдүүлж өгөх хэцүү байдаг. Гэхдээ цонхны шилэнд аль болох ойртуулаад, тасалгааны агаараас гялгар уутаар тусгаарлаж тавьбал бага ч болов сэрүүн орчин болно. Ийм нөхцөлд дор хаяж нэг сар байлгах хэрэгтэй.
Тайралт
Тайралт хийх цаг - хавар, намар. Хөөрхөн модтой болохын тулд тайралтыг зөв хийнэ. Тайралт хийхдээ бутны дотогш ургасан мөчирнүүдийг болон туниа муутай сул, эсвэл хатсан мөчирнүүдийг тайрдаг.
Анарын ургалт хурдан. Нэг зуны дотор хоёр дахин томорч ургадаг. Нарийхан, хугарсан мөчирнүүд нь замбараагүй титэм бий болгодог тул хөөрхөн хэлбэр гаргахын тулд нилээн сайн тайралт хийх болдог. Хүсвэл жилд хоёр удаа ч тайрч болно – хавар навчлаад, мөчирлөөд эхлэхийн өмнө, мөн цэцэглэсний дараа мөчирнүүд дээр нь жимс байхгүй бол тайралт хийж болно.
2 сард амралт үе дуусаад, шинэ нахиа гарч эхлэнгүүт сэрүүн орчноос нь гаргаад дулаан цонхон дээр байрлуулна. Энэ үед нь навчгүй хатсан мөчирнүүдийг болон жижигхэн, жижигхэн сул, нарийхан мөчирнүүдийг хамгийн түрүүнд тасддаг. Дараа нь хэт сунаж ургасан нахиа байвал тайрна. Мөн титэмийг сийрэгжүүлэх үүднээс дотогш ургасан мөчирнүүдийг тайрдаг.
Анар тайралт даахдаа сайн. Хэтрүүлж тайрч бас болдоггүй. Мод сульддаг. Сайн мөчирлүүлэхийн тулд залуу мөчир дээр 5-6 зангилаа үе үлдээгээд, гадагш харсан нахианы дээгүүр тайрна. Титэм бүрдүүлэхийн тулд 4-6 гол мөчир үлдээнэ.
Нэг настай, сайн ургасан мөчирнүүд дээр бундуу үүсдэг гэдэгийг тайрахдаа санах хэрэгтэй.
Шилжүүлэн суулгалт
Залуу модыг хавар бүр савыг нь томруулж шилжүүлэн суулгалт хийдэг. Харин том, хөгшин модыг 2 - 3 жилд нэг удаа савыг нь томруулахгүй, хөрс шинэчлээд, байсан саванд нь эргээж суулгана.
Үрсэлгээ, болон залуу модыг жил бүрийн хавар шилжүүлж суулгадаг. Жилийн дотор хөрсөн дэх эрдэс бодис багассаар тэжээлгүй болдог. Хөрс солих хэрэг гардаг.
Савын ёроолд дренаж заавал хийнэ. Энэ нь үндэс ялзрахаас сэргийлдэг. 
Тасалгааны анар 3 нас хүрсэн бол сайн ургуулж, үзэмжтэй мод болгохын тулд 3 жил оролдох хэрэг байдаггүй. 
Давжаа анарын үндэс өнгөцхөн ургадаг, доош гүн явдаггүй ч сав сонгохдоо өргөн намхан сав авах хэрэггүй. Дараагийн суулгах сав сонгохдоо одоо байгаагаас 2-3 см-ээр том голчтой сав бэлддэг. Сав багадсан талдаа байвал илүү сайн цэцэглэдэг. 
Үрслүүлэх арга
Үрээр болон мөчирний хэсгээр үржүүлдэг.
Үрээр үржүүлэх арга
Үрээр үржүүлэх бол сортын шинж чанар хадгалагддаггүй. Үрийг намар эсвэл хавар тарьдаг. Хөрс: элс, хүлэрт хөрс байж болно. Жижигхэн мини-хүлэмжинд бэлдэнэ. 
 
Үйлдвэрийн үрнээс ургуулсан анар эхний жилдээ цэцэглэдэг, 2-3 дах жилээс жимсэлж эхэлдэг.

Үрээр үржүүлэх бол дараах зүйлүүдийг анхаарна:
Шинэ үр байх ёстой. Шууд жимснээс нь авсан байвал бүүр сайн. Жимснээс авахдаа том том чадалтай үрнүүдийг шилж авна. Жимсэн дотор байх ясыг зөөлөн хэсгээс нь цэвэрлээд марганцын бүдэг уусмалд угааж элдэв өвчин үүсгэх бактериэс арилгаад, сайтар хатаана. Жимснээс авсан үр хагас жил ургах чадвараа хадгалдаг.
Хөрсөнд суулгахын өмнө нэг шөнө сүүнд дэвтээж болно. Эсвэл ямар нэгэн өөр идэвхжүүлэгч бодисонд дэвтээж болно. Жишээ нь, "Эпин экстра"-д дэвтээсэн үр бүр ургадаг гэдэг.
Үрнүүдээ хөрсөнд 0,5 см гүн суулгаад, вакумдна. +25-30°C хэмтэй газар тавьна. Үр суулгах тохиромжтой цаг: 2 сарын сүүл-3 сар. Вакумаа өдөр бүр нээж агаар оруулна, хэрэгтэй гэж үзвэл шүршигчээр услаж байна. Бүлээн усаар хэрэглэнэ. Хөрс дааруулж болохгүй. Агаар орулахгүй бол битүү орчинд илжрэх, үхэх аюултай.
 
Хоёр долоо хоногийн дотор соёолдог. Үрнээс хамаараад заримдаа 2 сар ч хүлээх хэрэг гарч болно. Соёолонгуут нь вакумаас нь гаргаад дулаахан, нартай газар байрлуулна. Сарын дараа нилээн ургаад, барьцтай болоод, 2-3 жинхэн навч ургаад ирэнгүүт тусгаарлаж нэг нэгээр нь 6 см голчтой саванд суулгана. Хөрс хэвээр хүлэрт хөрс+элс байж болно.
Үрсэлгээг дулаахан газар байлгана. Сайн услаж байна. Хүйтэн салхи, нэвт салхи зэрэгээс хамгаална. Сайн бутлуулахын тулд хэд хэд чимхэнэ.
Эхний 1-2 долоо хоног туяхан, нарийхан утас шиг нахиа байдаг ч маш хурдацтай ургадаг. Эхний жил цэцэглэдэг, дараагийн жилээс жимсэлдэг. 
Хэдэн сарын дараа анхны бундуу гарна. Яваандаа гарах бундууны тоо ихсэнэ. Гэхдээ эдгээр нь жимслэхгүй байж болно. Жимсний тоо модноосоо хамаардаг. Чанга, хүчтэй байх тусам жимс олон бүрэлддэг. Тасалгааны ихэнхдээ анар 2-3 дахь жилээсээ жимсэлдэг.
Жижигхэн жимс нь өхөөрдөм хөөрхөн харагдна. Гэхдээ 1-2 жимснээс илүү олныг байлгах хэрэггүй.
Таны мод хичнээн том ургасан, олон настай байсан ч тасалгааны нөхцөлд хэрэггүй. Жимс нь удаан боловсордог. Дараагийн хавар хүртэл бөнжигнөөд ургаад л байна. Харин модны хамаг хүч, чадалыг авдаг тул олон жимс байлгадаггүй. 
Хэрэв та дэлгүүрээс авч идсэн ердийн том анараас үр суулгасан бол тасалгааны нөхцөлд тэр нь 7 жилийн дараа жимсэлдэг. Тасалгаанд ургахдаа тохирохгүй, муу байж болно. Мөн хэмжээ нь тасалгаанд зориулагдсан биш тул арчилгааны олон бэрхшээлүүд учирна.
Мөчрөөр үрслүүлэх
Анхаарах онцлогууд:
- Мөчир үржүүлэх бол зөвхөн жимсэлдэг мөчирнөөс тайрна. Эс тэгэвээс таны анар сайхан цэцэглээд л байна, жимслэхгүй.
- Анар нь эр, эм хоёр янзын цэцэгтэй. Амархан ялгаж болно. Эр цэцэгний суурь нь нарийхан, цэцэглэж дуусангуут унадаг. Эм цэцэг нь суурь хавьдаа бүдүүрсэн хэлбэртэй, цэцэглэж дуусангуут бүүр бөөрөнхий хэлбэртэй болж өөрчлөгддөг.
- Мөн өөр нэг зүйл бол жимс хамгийн урт мөчир дээр гардаг.
Мөчир тайрахдаа зун хагас модорхог болсон мөчирнөөс, өвөл 2 сард бол – модорсон хатуурсан мөчирнөөс тус тус авдаг.
Мөчирний хэсэг нь 10 см урт 4-6 зангилаа үетэй байна. Доод хэсгийг нь хөрсөнд суулгахдаа бага зэрэг далий/налуу ссулгадаг. Үндэслүүлэгч бодисонд доод үзүүрийг дүрж болно. Хөрс - голын элс, хүлрт хөрс адил хэмжээтэй авна. Мөчирний доод үзүүрийг 3 см гүн суулгана. Үрсэлгээгээ дээгүүр нь вакумдана. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Хэрэгтэй гэж үзвэл шүршиж услаж байна.
2-3 сарын дараа олноор суулгасан үрсэлгээнүүдийг салгаж тусгаарлана. Цэцэглэлт 2-3 дахь жилдээ болно. Залуу модны бундуунуудыг эхний жил нь тасдаад байсан нь дээр.
Мөчир удаан үндэслэдэг. Энэ хугацаанд ихэнхи нь харлаад үхдэг. Иймээс хэд хэдэн мөчир суулгасан нь дээр байдаг.
1 - 1,5 сарын дараа үндэслэдэг. Дахин нэг сарын дараа тусгаарлаж суулгаж болно. 2-3 дахь жилээсээ битүү цэцэглэж эхэлнэ.
Гарч болох хүндрэлүүд
Хорхой шавжинд баригдах нь бага. Цагаан далавчит болон бамбайт шавжинд өртдөг. Хэрэв таны мод нилээн хорхойтсон бол тохирох хорыг дариу шүршиж устгасан нь дээр. Жишээ нь, актеллик, фитоверм гээд орос хорнууд байдаг. Хэрэв дөнгөж үржиж эхэлж байгаа бол гараар түүгээд савантай бүлээн шүршүүрт ойр ойрхон угаагаад байж болно. 
Арчилгааг зөв хийсэн, гэрэл дулаан, тэжээл зөв өгсөн бол өвчлөхгүй. 
Гэрийн нөхцөлд давжаа анар эсэргүйцэл муутай ургадаг. Хамгийн түрүүнд гурилан шүүдэр гэх мөөгөнцөрт баригддаг.
Хуурай агаарт аалзан хачиганд баригдана. Урьдчилан сургийлэхийн тулд усаар шүршиж байна. Хэрэв үүрлээд, үржээд эхэлсэн бол Актеллик хор цацна. Хор цацахдаа доод хөрсийг гялгар уутаар бүтээж байж хэрэглээрэй. Хөрсрүү нүүгээд, нуугдаж амждаг талтай.
Хэт их усалвал навч шарлана. Энэ тохиолдолд хуурай хөрсөнд шилжүүлж суулгана. Ингэж шилжүүлэхдээ илжирсэн, зөөлөрсөн үндэсийг тайраад, модны нүүрсний нунтагаар бүрж өгдөг. Үндэс тайрсан бол дээрх навчин титэмийг мөн багасгадаг.

No comments:

Post a Comment