Thursday, January 14, 2016

Шимтэглээг тайрах цаг боллоо / Залгалт

Өдөр уртсаад ирэнгүүт шимтэглээ ургаж эхэлдэг. Хэрэв таны шимтэглээ өтгөн саглагар ургаасай гэж хүсэж байгаа бол одооноос хэлбэрт оруулж тайрч эхэлнэ. Тайралтыг маш хурц, цэвэр хутгаар хийнэ. Бүх мөчир, ишийг богиносгоно. Мөчир бүр дээр 3 цухуйсан нахиа/ эсвэл зангилаа үе үлдээгээд тайрна. Тайрахдаа шинээр гарах мөчир гадагш чиглэж ургахаар төлөвлөж тайрна. Хэрэв бутны дотогш чиглэсэн байх юм бол ургахдаа бие биедээ саад болно.
Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд ашиглаж болно. Яг одоо, 1 сарын сүүл - 2 сарын эхээр үрслүүлвэл үндэслээд, ургаад, 5 сар гэхэд битүү цэцэгтэй байна.
Үндэслүүлэхэд хагас хатуурсан 4-5 навчтай мөчир авна. Доод 2 навчийг тайрна, энэ хэсэгт дараа нь үндэс гарч ирнэ. Мөчрүүдийг шууд суулгах хэрэггүй. 2 цаг ил тавьж хатаах хэрэгтэй. 2 цагийн дотор унжийгаад ирнэ, санаа зовох хэрэггүй. Ингэж хатаах нь илжрэхээс сэргийлж байгаа арга хэмжээ юм. 
Үрсэлгээний мөчрийг юунд суулгах вэ? Цэцэгчид хүлэрт хөрс, элс, бага зэрэг хар шороо хольж суулгадаг. Мөн зүгээр цэвэр перлит, эсвэл перлит хүлэрт хөрстэй хольж болно. Заримдаа гидрогель гэх өнгө өнгийн "цэлцэгнүүрийг" хэрэглэдэг. Мөн мэдээж усанд хийж үндэслүүлж болно. 
Үндэслэх хамгийн таатай орчин +20С хэмтэй дулаахан, гэрэлсэг газар байна. Гол шаардлага - хөрсийг хэт чийглэж болохгүй.
Залгалт хийж сурцгаая. 
Үржүүлэхийн тулд энэ аргыг ер нь бараг хэрэглэдэггүй. Гэхдээ шимтэглэйн залгалт нь сарнай, кактус, гибискусыг залгахаас хялбар байдаг. 
Хамгийн амархан бөгөөд найдвартай залгалт бол цуулж залгах.

Залгалт хийх ишийг хурц хутгаар V-маягаар зүсэж цуулна. 
Энэ цуулсан хэсэгт V маягаар шовхолж зүссэн мөчир хийнэ. 
Дараа нь агаар оруулхааргүй сайн чимхээд, скоч эсвэл хүнсний гялгар уутаар чанга орооно. Нарийхан утас, эсвэл төмөр ашиглавал цэцгээ гэмтээж мэднэ.
Залгасан мөчрөө гадуур нь гялгар уутаар вакумдна. 7 хоногийн дараа шинэ мөчир барьцалдаж залгагдсан үгүйг мэдэж болно.
Хэрэв залгасан мөчир дээрх навчнууд унжийхгүй байвал ургах нь гэж ойлгож болно. 10-14 хоноод гадуур нь ороосон гялгар уутыг авч болно.
Энэ аргаас гадна өөр залгалтыг хэрэглгэж болно: хажуугийн залгалт, тулгалт, г.м.
Ийм юм хийж хүндрэл учруулж яадаг байна гэж та асуух байх. Энэ нь заавал хийх ёстой зүйл биш. Зүгээр л нэг шинэ юм сурч байгаа нь. Үүний тусламжтай нэг шимтэглэй дээр зэрэг олон өнгийн цэцэг дэлбээлүүлж болно. Нэг бутнаас 4-5 өнгийн цэцэг гарах гоё.
Залгалтын тухай дэлгэрэнгүй "Унждаг шимтэглээ" гэсэн бичлэгээс уншаарай.
Ашигласан материал:  http://floweryvale.ru/houseplants/crop-pelargonium.html

No comments:

Post a Comment