Monday, January 18, 2016

Стрелиция

Диваажингийн шувуу буюу Стрелиция нь халуун орноос гаралтай, гэртэй уургуулахад маш сонирхолтой цэцэг. Тод улбар шар/цэнхэр өнгийн гялгар цэцэгтэй. Мөн цагаан өнгийн (Strelitzia nicolai, Strelitzia alba) гэж байдаг байна.
Стрелиция нь Zingiberales овгийн Strelitziaceae бүлд багтдаг. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Нийт 5 төрөл байдаг. Энэ ургамлыг Английн хатан хаан Шарлоттад (1744-1818) зориулж нэрлэсэн гэдэг.
Виктория хатан хааны эмээ Шарлотта нь Английн хаан Георг III-ын гэргий болохын өмнө София Шарлотта Мекленбург-Стрелитц гэх өндөр боловсролтой нэгэн байжээ. 

Стрелицияг эх нутагт нь "тогоруу" гэж нэрлэдэг байна. Бусад газар үүнийг "Диваажингийн шувуу" гэж дууддаг. Strelitzia reginae буюу хаан стрелиция – хамгийн их тархсан төрөл нь. 
Strelitzia reginae - өвсөрхөг ургамал. Хөгшин ургамал нь маш олон цэцэг гаргадаг ба намар, өвөл, хавар гээд удаан хугацаагаар цэцэгтэйгээ байдаг байна.
АРЧИЛГАА
Гэрэл
Стрелиция наранд дуртай, мөн хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Зүүн болон баруун зүгийн цонхон дээр ургуулахад таардаг. Гэрэл сарнисан, тод байна. Шууд нарны тусгалд тавьдаггүй.
Цэцгийг баглаанд тайрах бол удаан амьд хадгалагддаг (1 сар хүрдэг)
Усалгаа
Усалгааг жилийн турш сайн хийнэ. Тогтмол, жигд хийж байна. Хөрс байнгын үл ялиг чийгтэй байх ёстой. Өвөл 10 хоногт нэг удаа услаж байхад болно. Услахын өмнө усаа хэдэн өдөр задгай саванд хонуулж хлороос чөлөөлж, элдэв давс, зэв г.м.-ийг доош тунасны дараа услана.
Zingiberales (Цагаан гааны) овгийн ургамал тул үндэс том, сайн хөгжсөн.
Хөрс
Хар шороотой хөрсөнд дуртай. Хөрсөнд айхтар их шаардлага тавьдаггүй. Тэжээллэг, агаар, ус сайн нэвтрүүлдэг л байвал болно. Ихэнхдээ ялзмагтай, навчин хөрсийг элстэй хольж суулгадаг. Жижиг хайрга, эсвэл керамзитаар зузаан дренаж хийж өгнө. Дренаж бол заавал байх ёстой.
Альба стрелиция
Агаарын дулаан
Дулаанд дуртай, гэхдээ өвөл амраахын тулд +15С хэмээс дээш хэтрүүлж болохгүй. Бусад улиралд +25С хэмд байлгана. Стрелиция цэвэр агаарт байх дуртай. Дулааны улиралд тагтан дээр, эсвэл гадаа нөмөр газар байрлуулж болно. Xүчтэй салхинд тэсвэртэй гэдэг.
Үр
Бордоо
Хавар идэвхтэй ургалт үе эхлэнгүүт минерал бордоо болон ялзмагаар бордож эхэлнэ. Зөвхөн ургалт үед борддог. 10 хоногт нэг удаа цэцгээр гоёдог ургамлын бордоогоор услана. Цэцэглээд дуусангуут хэдэн сараар бордохоо зогсооно. Амралт үе дуустал борддоггүй.
Агаарын чийгшил
Агаарын чийгшил  өндөр байна. Хамгийн багадаа 60%. Навчнуудыг нь өдөрт хэд хэдэн удаа усаар шүршиж байна. Навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байвал сайн. Тоосноос гадна наалдсан хорхой шавьжийг цэвэрлэнэ.
Сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулж угаана. Шүршүүрт оруулахын өмнө хөрсийг нь гялгар уутаар сайтар бүтээж хамгаална.
Шилжүүлэн суулгалт
Залуу цэцгийг жилд нэг удаа хавар шилжүүлж суулгадаг. Том ургамлыг - 4 жилд нэг удаа шилжүүлнэ. Суулгалтыг даахдаа муу. Үндэс хэврэг, гэмтэхдээ амархан. Маш болгоомжтой шилжүүлж суулгана. 
Бага зэрэг жижгэвтэр саванд илүү ургадаг, мөн цэцэглэх нь илүү тансаг, олон байдаг. Жил бүр шилжүүлж суулгахын оронд хөрсний дээд хэсгийг хусаж, шинэ хөрсөөр дүүргэж болдог. Шилжүүлэн суулгалтыг хэрэгцээ гарсан үед л хийнэ. 
Сав гүнзгий, өндөр байна. Хөмөрч унахаас болгоомжилж доор нь заавал хайрга, чулуугаар дренаж хийнэ. Суулгахын өмнө цэцгээ сайн шалгана. Зөөлөрсөн, харласан үндэс байвал заавал тасдаж хаяна. Шархтай газрыг модны нүүрсний нунтагаар түрхэнэ. 5 минут хатаагаад суулгахад бэлэн. 
Шилжүүлж суулгахдаа үндэс оролдож болохгүй. Арай том савруу шууд шилжүүлээд, зай завсарыг нь шинэ хөрсөөр дүүргэнэ. Суулгасны дараа услаад, дулаан, сарнисан гэрэлтэй газар байрлуулна. Наранд тавьж болохгүй.
Агаарын дулаан
Хүйтэнд маш мэдрэмтгий, бага зэргийн хүйтэнд навч нь хайрагдаж үхдэг. Иймээс манайх шиг оронд зөвхөн дулаан тасалгаанд, тагтан дээр ургуулна.
Үрслүүлэх арга
Үрээр, үндэс хуваах, бут салгах гэх мэтийн аргуудаар үржүүлж болно. 
Бут салгах гэдэг нь 6 жилээс дээш настай бутнуудыг салгаана гэсэн үг. Үүнийг цэцэглэлт үе дууссаны дараа хийдэг. Хуваасан хэсэг бүр ургах цэгтэй байх ёстой. Салгасан хэсгүүдээ 20 см саванд суулгаад сайн услана. Сайн үндэслэсний дараа байнга ургах өндөр том саванд суулгаж болно.
Үрсүүлэхэд бут хуваах аргыг хэрэглэх нь дээр байдаг. Гарах цэцэг нь улам том болдог, гэхдээ шилжүүлж суулгаснаас болж маш их стресст ордог тул үүнийг 1-2 жилийн дараа л давтаж болно. 
Үндэс хуваах
Zingiberidae (Цагаан Гааны) овогт багтдаг бүх ургамлуудын адил үндэс маш сайн хөгжсөн, махархаг, бүдүүн байдаг. Ургалт маш удаан тул үндсээр хуваасан тохиолдолд таслаж салгасан жижиг бут нь 2 жилийн дараа хүч орж цэцэглэдэг бут болно.
 
Үрээр үржүүлэх
Олон цэцэг гаргаж авах гэж байгаа бол үрээр үржүүлдэг. Шинээр хураасан үр хамаагүй сайн ургадаг. Дэлгүүрээс үр худалдан авч байгаа бол савласан он сар өдрийг харах хэрэгтэй. 6 сар хэтэрсэн бол ургах чадвар муу байдаг. 10 үрнээс 1 нь л ургаж гарна. Үр худалдаж авсан бол шууд суулга, хавар болтол хүлээх хэрэггүй.
Үрний чанар, ургуулж байгаа нөхцөл зэргээс хамаарч стрелициягийн үр 1 сараас 1 жил ургаж болно. Иймд ургасангүй гээд хаях гэж бүү яаараарай. 
Жилийн ямар ч улиралд хэзээ ч суулгаж болно. Үрээр ургуулах нь ажиллагаа ихтэй, хугацаа шаардсан ажил. Сайн үрсэлгээ гаргаж авахын тулд үрийг нь авч буй эх цэцэг 3-5 настай байх ёстой. Үрийг стратификацинд оруулах (хүйтэн нөхцөлд амраах) хэрэггүй. Үрний үзүүрт байгаа тод улбар шар сүүл нь үрний нэг хэсэг. Суулгахын өмнө энэ бүрхүүлийг салгах ёстой.
Дараа нь үрнүүдийг 12-24 цаг бүлээн усанд, эсвэл үндэслүүлэгч бодисонд дэвтээнэ. 
 
Хатуу үрэнд скарификаци хийвэл илүү хурдан ургана. (Скарификацийн тухай эндээс)

Суулгахын өмнө үрийг зүлгүүр цаасанд үр, эсвэл бага зэрэг цуулж өг гэсэн байдаг. Гэхдээ үрээ гэмтээхээс болгоомжлоорой. Заавал цуулах албагүй, өөрөө ургаж чаддаг гэдгийг санаарай. Суулгах савандаа сайн дренаж хийж өгөөд, үрнүүдээ суулгана. Суулгах гүн 0.5-1 см. Үр соёолох тохиромжтой дулаан +25 С. Үүнээс сэрүүн орчинд ургалт удааширдаг. 7-8 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсон үр нь ургаад 3 навч гаргангуут байнгын саванд шилжүүлж суулгана. Савны ёроолд заавал зузаан дренаж хийж өгнө. ("Дренаж гэж юу вэ?")
 
Үрсэлгээг эхний жил сүүдэрт байлгана. Нарны гэрэл залуухан навчнуудыг түлдэг. Ургах явцад савыг томосгож өгвөл ургалт хурдан байдаг. Шилжүүлж суулгахдаа маш болгоомжтой, үндэс гэмтээлгүй хийнэ. Буруу хийвэл ургалт зогсоно, эсвэл үхэж болно.
Хоёр дахь жилээс нь нартай цонхон дээр байрлуулж, сайн услаж, бордож, зайтай агаартай газар ургуулна. Үрээр суулгасан стрелиция 3 дахь жилдээ үзэмжтэй болж эхэлнэ, 4 дэх жилээсээ цэцэглэдэг. Наргүй газар байвал цэцэгний тод өнгө бүдгэрнэ. Зун гаргаж болно. Шууд задгай гэрэлд гаргаж болохгүй, бага багаар бэлтгэж дасгаж байж гаргана. Навч гэмтэх аюултай. 
Зун хөрс жигд чийглэг байна. Өвөл харин хөрсийг хатаах хэрэгтэй. Шингэн бордоо услах усанд хийж хэрэглэнэ.
Гарч болох хүндрэлүүд
Хорхой шавьж
Аалзан хачиг, гурилан өт, бамбайт зэрэгт баригдахдаа амархан. Савантай бүлээн усанд норгосон алчуураар навчнуудыг ар өвөргүй арчина. Навчны ёроол хэсгийг арчих хэцүү байдаг, гэхдээ заавал арчих хэрэгтэй. Халдвар, өвчлөлт болон хорхой шавьж энэ хавьд илүү үрждэг юм.
Гурилан өт, бамбайт г.м. хорхой шавьж үүрэлсэн байвал "Актара"-гаар 2 удаа 3 долоо хоногийн зайтай. Хачигийг харин акарицид бодисоор устгана.
Ихэнхдээ өвчлөлүүд нь хорхой шавьж гэхээсээ илүү буруу арчилгаанаас болдог. Усалгаа жигд/тогтмол бус, гэрэл/агаарын дулааны горим алдагдсан г.м.
Стрелиция цэцэглэхгүй бол яах вэ? 
5-аас дээш насны бут цэцэглэдэг гэдэгийг санах хэрэгтэй. Хэрэв цэцэглэх насанд хүрсэн боловч цэцэг гаргахгүй байвал "температурын стресст" оруулах хэрэгтэй. Үүний тулд +12С хэмээс хэтрэхгүй хүйтэн газар (жишээ нь тагтан дээр гаргах) хэсэг хугацаа байлгана. Үүний дараа буцааж дулаан газарт нь оруулаад услагаа болон бусад арчилгааг хэвийн явуулна. Ийм цочиролд оруулсны дараа удалгүй цэцэглэдэг.
Навч шарлах
Гол шалтгаан нь буруу усалгаа. Хэт усласнаас болоод үндэс зөөлөрч илжирч байж болно. Үндэсээ шалгах хэрэгтэй. Хэрэв үнэхээр үндэс ялзарч байвал үндэсний хөгцний эсрэг бодисоор эмчилнэ. 
Дараагийн шалтгаан нь хүйтэн агаар байж болно. Дааруулсан, навч хайрагдсан. Агаарын дулааныг анхаарч байх хэрэгтэй болно. Байршлыг нь сольж тохирох газар нь тавиарай. 
Навчны үзүүр борлох, хатах
Хөрс хатсан бол, эсвэл сэрүүн хүйтэн агаарт байлгасан бол ийм зүйл гарч болно. Хөрс байнга өлөн чийглэг байна. 
Хуурай халуун агаарт мөн навчны үзүүр борлоно, хатна. Агаар чийгшүүлэгч цахилгаан аппарат хажууд нь залгаж болно. Өвлийн цагт халуун "паарны" хажууд байлгаж байгаа бол байршлыг нь солиорой.
http://junglehome.ru/decorativnocvetushie/streliciya-uhod.html

No comments:

Post a Comment