Tuesday, January 19, 2016

Ялдам цэцэг: цагаан далавчит

Хуучин блогт байсан бичлэгийг тавьлаа. Дан ганц ялдам цэцэг биш, ер нь л тасалгааны бүх ургамалд хамаарна гэж ойлгоорой.

Цагаан далавчит  (White fly, Белокрылка)
 
Дайснаа таних хэрэгтэй тул томоор зургийг нь оруулав. Монгол оноосон нэрийг нь мэдэхгүй тул махчилж орчуулаад "цагаан далавчит" гэсэн нэр хайрлав.
Цэцэг худалдаж авахдаа навчны өнгө зүс хэр тод байна өнгөлөг байна, товгор хээ нь хэр тод байна, өнгөн болон ар талыг заавал үзэж шалгана. Ялдамны навч зөөлөн, шүүслэг, чихэрлэг амттай тул цагаан далавчит хамгийн түрүүнд ирж наалддаг. 
Жинхэндээ бол ширх юм гэсэн, далавчтай л болохоос биш. Их бие нь 2 мм урт, хоёр хос далавч нь цагаан тоосонцороор бүрхэгдсэн. Нисэж байхыг нь харвал жижигхэн цагаан (хивс иддэг) эрвээхэйтэй төстэй. Навчны ар талд үүрлэж үрждэг. Олноор үржсэн цэцгийг сэгсрэхэд бөөн бөөнөөрөө нисэж эхэлдэг. 
Авгалдай нь навчны доод талд байдаг. Навчны шүүсийг нь сорж, шарлуулж үхүүлдэг. Үүнээс гадна вирусын гаралтай өвчин тараадаг байна. Химийн хор, бодисонд амархан дасал болдог.
Авгалдай нь 4 үе шаттай өсдөг. Эхний шатанд хөдөлгөөн ихтэй, сахалтай, хөлтэй байдаг ба гол зорилго нь навчны доор байрлах, аюулгүй байршил хайж олох. 
2, 3 дахь үе шатанд авгалдай нь хөдөлгөөнгүй байдаг ба навчтай зууралдаад наалддаг. Навчруу шигтгэсэн хошуугаараа цэцэгний шүүс сорж эхэлдэг. Энэ үедээ авгалдай нь хавтгай, нэвт харагддаг хальс шиг байдаг.
Олноор үржсэн байхдаа навчны доод хэсгийг бүтэн бүрхсэн байдаг. Навч шарлаж цэцэг жижигрээд, шинэ навч, мөчир, цэцгийн бундуу гарч амжилгүй хатаж унадаг.
Бусад шүүс сорогч хорхой шавьжнуудын адил цагаан далавчит нь чихэрлэг зүйл ялгаруулдаг. Энэ шүүсэн дээр нь хар тортогтой мөөг ургаж эхэлдэг байна. Цагаан эрвээхэйний өөр нэг хор уршиг нь - вирус тараадаг.
   
4 дэх үе шатанд хүүхэлдэй болдог байна. Үзэмж нь өөрчлөгдөж, бөмбөгөр, нэвт харагддаг байснаа больж, гадуураа тосорхог бүрхүүлтэй болдог. Энэ нь хуулраад унаснаар цагаан далавчит насанд хүрдэг байна.
Цитрусын, тамхины, цэцэрлэгийн гэсэн төрлүүд байдаг гэнэ. Цэцэрлэг, хүлэмжний цагаан эрвээхэй нь халуун бүсээс гаралтай. задгай талбайд бол өвлийг даадаггүй. Харин хүлэмжинд бол бүтэн жил хор хөнөөлөө тарааж байдаг. Нэг жилийн дотор 5-7 удаа үрждэг. Тамхины ялаа нь гаднах төрхөөрөө бусдаасаа нэг их ялгардаггүй, хөгжлийн үе шатандаа зарим өөрчлөлт байдаг. Харамсалтай нь хэр баргийн хоронд тэсвэртэй гэнэ.
Тэмцэх арга:
Хэрэв хэт их үржсэн бол хор авч цацна. Хор цацахдаа цэцгээ гялгар уутанд хийгээд амсарыг нь хумиад, дээр нь багахан зай гаргаж хороо цацаад, уутны амыг боож битүү байлгана. Навчны ар талруу цацахыг хичээгээрэй. Цацсаны дараа амсарыг боож 30-60 минут болоод гаргаж авч савыг болон навч, ишийг сайтар угаана. Угаахдаа савангийн уусмалаар угааж өгвөл бүүр их үр дүнтэй болно.
Уутанд хийж хороор шүршвэл өвлийн улиралд гэрт хор үнэртэхгүй, гэрийнхэн хрдохгүй сайн талтай. Зуны улиралд мөн л адил уутанд хийж шүрших нь амар байдаг. Учир нь задгай агаарт гаргаж цацвал хор уурших, цагаан далавчит нисээд үргээд яаад, хэсэг хугацааны дараа буцаад ирээд наалдана. Иймээс хорондоо ч хэмнэлттэй, цэцгэндээ ч илүү сайн шингэж элдэв паразитуудыг устгахад үр дүнтэй.
Цэцгийн дэлгүүрүүдэд төрөл бүрийн хор их зардаг болсон. Оросын “Актара” хор тохирдог (4г 5 литр усанд найруулж хэрэглэнэ). Эсвэл асууж байгаад таарсан хор олж аваараай. Хорны уутан дээр ямар ямар хорхой шавьж, бактери, мөөгөнд үйлчилдэгийг бичсэн байдаг. Таарахгүй хор авбал устахгүй. 
Хороор шүршихэд цэцэгний шүүс хортой болдог байна. Нэг удаа хор цацаад зүгээр болохгүй. Яагаад гэвэл эхний удаад зөвхөн шүүс сорох шатанд байгаа авгалдайнууд үхдэг байна.
Мөн 2 төрлийн хор хосолсон байхад илүү найдвартай устдаг байна. Нэг л хор хэрэглээд байвал энэ хоронд дасал болдог. Таарах хор: Актеллик, Фуфанон, Интавир, Децис, Fastak.
Мөн хор цацсаны дараа цэцгээ савантай усаар угаах сайн байдаг. Савантай уусмалаа цэцгэндээ түрхээд, 1 цаг орчим байлгах хэрэгтэй. Дараа нь бүлээвтэр усаар гараараа навч бүрийг эмэрч, навчны ар талыг угааж, наалдсан авгалдайнуудыг урсгана.
Хор цацаж байж л үр дүнтэй салдаг. Ойр ойр цацаж хурдан арилгахгүй бол амархан хоронд дасал болно. 
Сүүлийн үед хар ялаа, цагаан далавчитын байгалийн реакцийг ашиглах болсон байна. Томорсон ялаануудыг наалддаг шар өнгийн цаас энд тэнд тавьж түүж авч болно. Ийм наалддаг шар цаас энд тэнд байрлуулвал цагаан, хар ялаа, том жижиг бүх төрлийн паразитууд ирж наалддаг байна.
 
 
Цагаан далавчит цөөн байвал механик аргаар арилгаж болно. Үүний тулд нэг литр усанд 20 г калийн шингэн саван (бүүр олдохгүй бол барааны саван) уусгаж найруулаад, навч болгоныг зөөлөн үрж угаагаад бүлээвтэр усаар савангаа арилгана. Цэцэгний хөрсийг гялгар уутаар бүтээж байж хийдэг.
Цагаан далавчит дулаанд дуртай, харин ялдам сэрүүнийг дааж чаддаг цэцэг. Иймээс цэцгээ сэрүүн газар байрлуулвал цагаан ялаа нь үхдэг байна.
Дараагийн нэг арга - цэцгийг чихэртэй халуун усаар шүрших (нэг стакан +50 С градусын халуун усанд хоёр цайны халбага элсэн чихэр найруулна).

No comments:

Post a Comment