Friday, January 29, 2016

Алтан зулын булцуу суулгах

АСУУЛТ: Sain bna uu. Altanzul tsetsgiin talaar medeelel oruulj ogooch gej guih gesiimaa. Nadad iim altanzuluud bna. 2 n tsetseg n garah geed bundui n uussen, namhan. 1 n ih ondor urgaad bga mortloo bundui haragddagguie.
ХАРИУЛТ:
Гэрийн нөхцөлд хатуу булцуутай цэцгүүдийг хүссэн өдөртөө тохируулан цэцэглүүлж болдог. Үүнд алтан зул, гиацинт, крокус, нарцисс, мускарь, сцилла, галантус гээд олон цэцэг орно. Эдгээрийг тусгай нөхцөл бүрдүүлж өгч хүчээр ургуулж цэцэглүүлдэг юм.
Алтан зулын булцуу худалдаж авахдаа сортын талаар сайн судлаарай. Тасалгааны нөхцөлд ургуулж болох эсэх, хэзээ цэцэглэдэг (эрт цэцэглэдэг, хожуу цэцэглэдэг сортууд гэж бас байдаг) г.м. нарийн зүйлүүдийг анхаарна.
Миний ургуулж байсан алтан зул
Хэзээ булцуу суулгаж болох вэ?
Шинэ жилээр цэцэглүүлэх гэж төлөвлөж байгаа бол 9 сарын сүүлээр булцуугаа суулгах хэрэгтэй. Тодорхой нэгэн өдөр цэцэглүүлэхдээ дараах тооцоог хийнэ: жишээ нь Мартын 8-нд алтан зулаа цэцэглүүлэх бол энэ өдрөөсөө 3 долоо хоногийг хас (энэ нь дулаан газар байлгаж навчлуулах, цэцэглүүлэх хугацаа) — 2 сарын 15 болж байна. Энэ өдрөөс хүйтэн газар байрлуулах хугацаагаа хасна (энэ нь 3-4 сар байдаг). Ингээд 10 сарын эхээр - 11 сар хүртэл гэж гарна. Энэ хугацаанд булцуугаа хөрсөнд суулгана гэсэн үг.
Мартын 8-нд цэцэглүүлэх бол 10 сарын 5 -10 өдрүүдэд, 4 сард цэцэглүүлэх бол 10 сарын 15-наас хойш суулгана гэх мэтээр тооцоолоорой. Мэдээж сортоосоо бас хамаараад хэдэн өдрийн наана цаана байж болно. Жишээ нь эрт цэцэглэдэг сортуудын хүйтэнд хадгалах хугацаа нь доод тал нь 16 долоо хоног байдаг бол хожуу цэцэглэдэг сортуудыг заавал 22 долоо хоног хүйтэнд хадгалах ёстой байдаг. Иймээс сортоо эхлээд судал. Булцууны уутан дээр хэдэн өдөр хүйтэнд байлгах тухай бичсэн байдаг.
Ямар булцуу сонгох вэ?
Дэлгүүрт худалдаалж байгаа булцууны сортыг эхлээд интернэтээс ухаж судлаж үзээд, дараа нь худалдаж аваарай. Цэцэрлэгт ургадаг сорт байж болно, хэт өндөр ургадаг сорт байж болно.
Худалдаж авахдаа юуг анхаарах вэ? Юуны түрүүнд эрүүл булцуу байна. Хатуу, эрүүл цагаан өнгөтэй, дээрээ ямарваа нэгэн толбо байхгүй, үндэс ургадаг ёроол хэсэг хөгцрөөгүй гэх мэт зүйлүүдийг шалгана.
Том, гоё цэцэг гаргахын тулд булцууны хэмжээ том байх хэрэгтэй. 5-аас дээш см булцуу байвал хүч чадалтай, цэцэглэх шим тэжээл хангалттай хуримталсан гэсэн үг. 4-өөс доош см хэмжээтэй булцуу цэцэглэхдээ муу.
Дэлгүүрт заримдаа удаан хадгалсан, хатсан, зөөлөрсөн, заримдаа бүүр хөгц ургасан, хар толботой болсон булцуунууд зардаг. Ийм булцуу авах хэрэггүй. 
Хөрс
Тодорхой тогтсон цэцэглүүлэх өдөр байхгүй бол 9 сарын сүүлээс - 11 сарын хооронд булцуунуудаа тэжээл сайтай, рН саармаг (рН – 6,5-7), хөвсгөр, хөнгөн хөрсөнд суулгана. Зарим нь элс, хүлэрт хөрсөнд суулгадаг бол зарим нь хүлэрт хөрс + перлит ашигладаг. Голландын цэцэгчид голын цэвэр элсэнд ургуулдаг байна. Ийм хөрсөнд суулгаж болно.
Гэхдээ илүү сайн тохирох хөрс бол: 1 хэсэг голын элс, 1 хэсэг ялзмаг, 2 хэсэг ширгэн хөрс, бага зэрэг модны үнс нэмээд, бага зэрэг модны нүүрс холиод авна. Учир нь ургах явцдаа булцуу өөрт байгаа шим тэжээлээ ашигладаг, харин хөрс бол ерөнхийдөө чийг хадгалахад л хэрэглэгддэг. Иймд хөрсөнд тавигдах гол шаардлага - хөнгөн хөвсгөр хөрс, ус сайн шингээдэг байх ёстой. Модны үнс нь хөрсний хүчиллэгийг багасгаж, саармаг болгоно. Модны нүүрсний үүрмэгүүд нь булцуу илжрэхээс сэргийлнэ.
Малын бууц, сайн задраагүй компост, эсвэл ногоон талбайн хар шороо гм. хэрэглэх хэрэггүй. Элдэв өвчин үүсгэгч микро-организмууд их байдаг юм.
Сав
Сав сонгохдоо доороо дренажны нүхтэй, намхан (12 см-ээс дээш өндөртэй) өргөн сав авна. Савны доор заавал дренаж дэвсэж өгнө.
© Kevin Lee Jacobs
Булцуу суулгах
Савны 2/3-аар хөрс дүүргээд сайтар доош нягтаршуулж дарна. Суулгахын өмнө булцууны гаднах шар хальсыг хуулна. Булцуунуудаа марганцын бүлээн уусмалд дэвтээж угааж болно. Хөгц ургахаас сэргийлж булцууныхаа ёроолыг модны нүүрсний нунтагт дүрвэл зүгээр байддаг. Үүний дараа савандаа байрлуулна. Булцуу хоорондын зай 1-2 см. Булцууны үзүүр цухуйж байхаар хөрсөөр бүрэн хучиж тавьна.
Нэг саванд нэг төрлийн сортууд суулгасан нь дээр байдаг. Намхан сортын алтан зулын булцууг суулгахдаа дугуйдуу талыг нь дотогш, арай хавтгайдуу бөөрийг нь савны хана руу харуулж суулгаарай. Тэгвэл ургах анхны навч нь савны гадуур унжаад гоё харагдна.
Булцуу суулгасны дараа сайн услана. Усандаа кальцийн селитр 0,2% (20 г 10 л усанд найруулна) хийвэл сайн. Усласны дараа хөрс доош суугаад булцуу ил гарсан бол дахиж хөрс нэмнэ. Савны дээд ирмэгээс 2-3 см доор тооцоолж хөрсөө дүүргээрэй. Учир нь үндэс ургаад ирэхлээр булцуугаа дээш түрээд ирдэг тал бий. Ийм тохиолдолд дараа нь булцууг дахин хөрсөөр хучих хэрэгтэй болдог.
© Kevin Lee Jacobs
Үүний дараа хөлдөхөөргүй гэхдээ хүйтэн (+5-+8°C хэмтэй), чийглэг агаартай (75%), харанхуй газар байрлуулна. +9°С хэмээс дээш хэтрэхгүй сэрүүн газар байлгана. 0°С хэмтэй газар булцуу хөлдөнө гэдэгийг анхаараарай.
Хөрсөө хатааж болохгүй. Дээш сөөтийгөөд нахиалах гээд ирэнгүүт агаарын хэмийг +2°С болтол бууруулна. Энэ нь бундуу хөгжихөд хэрэгтэй байдаг. Мөн сунаж ургахаас сэргийлдэг.
Ингэж хүйтэн орчинд байлгахад булцуу сэрж, үндэс ургана. Энэ хугацаа нь сортоосоо хамаараад 16-аас 22 долоо хоног үргэлжилдэг. Хүйтэнд хадгалах нь маш чухал процесс юм. Хэр зэрэг урт хугацаагаар хүйтэнд байлгах тухай булцууны уутан дээр бичсэн байдаг. Заасан хугацаанаас дутуу байлгавал цэцэглэлтэнд шууд нөлөөлнө.  Хүйтэн газар дутуу байлгасан бол, эсвэл хүйтэн газраас шууд нартай халуун газар байрлуулсан бол цэцэгний иш хөгжихгүй, бундуу шууд хөрснөөс ургаад эхэлнэ. Эсвэл бундуу дутуу хөгжсөн байдаг. 
Хөргөгчинд хадгалж үндэслүүлж байгаа булцуунууд. © Kevin Lee Jacobs
Хүйтэн сэрүүнд байлгахдаа сайн шалгаж байгаарай. Хэт их устай, чийгтэй байвал булцуу ургаж амжилгүй илжирдэг. Доод дренажны нүх хэсгээр мөн хөгц ургаж болно. 
Дулаан газар гаргахын өмнө үндэс сайн ургасан, дээшээ 5-8см соёолсон байна.
Дулаан газар гаргах
Цэцэглүүлэх гэж буй өдрөөсөө 3 долоо хоногийн өмнө савтай булцуунуудаа хүйтнээс гаргаад бүдэг гэрэлтэй, сэрүүн газар шилжүүлнэ. Агаарын хэм +13°С-ээс доошгүй байх. Ингэж бага багаар ердийн агаарт дасгана. Шууд халуун нартай цонхон дээр гаргаж болохгүй.
4 өдөр болгоод гэрэлтэй, +18°С дулаантай газар байрлуулна. Хиймэл гэрэлтүүлэг энэ үед хэрэгтэй болно. Учир нь өвөл өдөр богино байдаг, харин булцуунуудад 10-аас дээш цаг үргэлжлэх гэрлийн өдөр хэрэгтэй болно. Үүнээс богино бол сунаж ургана.
Хэрэв соёолсон хэсэг нь сайн ургаагүй бол хар цаасаар малгай хийгээд таглаарай.
Дулаан газар гаргахад соёолсон нахиа ойролцоогоор 5-8 см өндөр ургасан байх ёстой.
Өдөр бүр тааруулж багавтар услана. Бага багаар бордож эхэлнэ. Кальцийн селитр нь цэцэглэлтэнд сайнаар нөлөөлнө, мөн удаан үргэлжлүүлнэ. Хэрэв цэцэглэлтийг удаан үргэлжлүүлэх бол нарны гэрэлд битгий тавиарай. Бундуу өнгө ороод ирэнгүүт агаарын дулааныг +14-15°С болгож багасгана. Энэ арга нь цэцэгний ишийг чанга, хүчтэй болгодог ба цэцэгний өнгийг илүү тод өнгөлөг болгож өгдөг, цэцэглэлт удаан үргэлжилдэг. 
 
Миний ургуулж байсан алтан зул. Хөргөгчний ногоо хадгалдаг хэсэгт 90 хоног хөрстэй нь байлгаж байгаад гаргасан. Нартай цонхон дээр 2-3 өдөр цэцэглээд л хагдарсан.

Алтан зул гэртэй тарих нь шинэхэн цэцэгчин ч хийж чадах ажил. Гол нь – дээр бичсэн гэрэл, температурын горимыг чанд сахих ёстой. 
Мартын 8-ны өдөр цэцэглүүлэх гэж буй алтан зул маань наана нь дэлбээлэх гээд байвал яах вэ? Мөн л агаарын температур, гэрлийн тохиргоо хийж байж ургалтыг удаашруулна. Байгаа орчноос нь сэрүүндүү, гэрэл арай бага газар байрлуулна. Харин Мартын 8-нд багтаж дэлгэрэхгүй нь гэж санаа зовох хэрэггүй. Бундуутай цэцэг бэлэглэхэд энэ нь эзэндээ очоод хэд хоноод нүдэн дээр нь дэлгэрвэл илүү гоё бэлэг болно.
Хөрсөнд суулгаж ургуулахаас гадна усанд үндэслүүлж цэцэглүүлж болдог, мөн хайрга, керамзит, цэцэгний гель гээд юунд ч ургуулж болно. Дээр дурдсан байгаа: хөрс бол чийг хадгалагч, дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Ургах, цэцэглүүлэх  хүч тэжээлээ булцуу өөрөөсөө гаргадаг. Иймээс анх булцуу авахдаа зөөлрөөгүй, өвчлөөгүй, эрүүл, том хэмжээтэйг сонгодог юм.
 
Усанд болон гель, керамзитанд ургуулсан булцуу нь дараа нь ашиглагдхааргүй "нэг удаагийн хэрэглээний" болдог.
Цэцэгийг нь тайраад баглааны цэцэг шиг усанд хийж болно. Хэрэв булцуугаа дахиж ашиглана гэвэл бүх навчийг тайрах хэрэггүй.
Ер нь цэцэг хагдрахлээр яах вэ? Цэцэг хагдраад, дэлбээнүүд нь муудаад ирэхэд тасдаж хаядаг. Гэхдээ хэрэв булцууг дахин дараа нь ургуулж ашиглана гэвэл бага услаад, навчнууд сулраад, шарлаад иртэл гэрэлтэй цонхон дээрээ байлгаад байна. Навчинд байгаа бүх шим тэжээл доошоо булцууруугаа шилждэг. Шим тэжээлээ доош өгсөн навч шарлаад, унжаад ирэхлээр нь тайрч болно. 
Хөрсөнд ургуулсан булцуу үржээд олон зулзаган булцуу бий болгодог. Эдгээрийг цаашид яаж арчилж цэцэглэх чадалтай том булцуу болгох талаар дараагийн бичлэгээс уншаарай.

No comments:

Post a Comment