Thursday, January 21, 2016

Ялдам цэцэг: гаж ургалт, гарч болох хүндрэлүүд

Ялдам ургуулахад хорхой шавьжнаас гадна арчилгааны алдаанаас гарч болох зүйлүүд байдаг. Арчилгааны гол 4 хүчин зүйл болох гэрэл, дулаан, усалгаа, тэжээл өөрчлөгдөхөд энэ нь ургамалд янз бүрээр нөлөөлж илэрдэг байна.
Үндэс илжрэх
Ялдам цэцгийг тогтмол жигд нэг хэмнэлээр услах хэрэгтэй. Хавар зуны улиралд их ус шаарддаг. Гэхдээ хэт их усалснаас болж үндэс дээр мөөг үржиж өвчилдөг. Үндэс илжирсний шинж тэмдгүүд: хөрс чийгтэй байхад навч унжийж, гялгар нь алга болно, навчны товгор хээ алга болно.  Цэцэг дорхноо унжийгаад үхдэг.
Авах арга хэмжээ: Харамсалтай нь харалсан өвчлөл нь дээш явсан бол аварч болдоггүй. Усалгааг зогсоосон ч, жигд тогтмол болгосон ч, хөрсийг сольсон ч гээд ямар ч арга хэмжээ үүнд тусладаггүй. Ийм өвчилсөн цэцэгнээс үрсэлгээ болгож авсан мөчир ч үндэслэдэггүй үхдэг гэдэг.
Анхаарах зүйл: яг ийм шинж тэмдэг (унжсан навч) дараах үед ажиглагддаг:
1. Хөрс хатсан бол -энэ нь аюулгүй. Хөрсийг чийглээд, цэцгээ усаар шүрсэж өгөвөл сэргээд ирдэг.
2. Хөрс чийгтэй ч гэсэн хэт халуунд байлгаад байвал. Зуны цагт урд талын цонхны халуун наранд торон хөшиг байгаа ч гэсэн унжийдаг. Сүүдэрт тавьхад, эсвэл нар жаргахад цэцэг сэргэж байна уу ажиглаарай.
Намар ойртож шөнөдөө хүйтэрч, өдөртөө халж байгаа тул тагтан дээр гаргасан цэцгээ анзааралгүй дааруулав.
Навчны өөрчлөлтүүд:
Навч шарлах - минерал бордоо, эрдэс бодис, микро элементуудын дутагдал, эсвэл хэт хэрэглээ. Хэрэв бордоог яг тааруулж байсан бол навч шарлах дараагийн шалтгаан нь - буруу усалгаа (хэт усалсан, эсвэл хөрсийг хатаасан), хатуу усаар усалсан. Хэрэв цэцэг доод талын хуучин навчнуудаа хаяж байвал энэ хэвийн үзэгдэл. Ялангуяа 3-навчит ялдамын доод навч унах дуртай байдаг. Халзан иш үзэмжгүй харагдаж байгаад, дорхноо шинэ навч, мөчир ургадаг.
Навч хөгшрөөд унахаас өмнө шарлаад байна
Навч шарлах өөр нэг шалтгаан нь цэцэг даарсан байна. Цэцгээ тагтан дээр гаргах үед, эсвэл өдөр шөнийн агаарын температурын хэлбэлзэл хэт их байвал гээд гол төлөв хавар намрын улиралд үүсдэг.
Томруулдаг шилээр навчны доод талыг эргүүлж сайн шалгаарай. Навч шарлах нь мөн аалзан хачигт баригдвал эсвэл зэв өвчин тусвал (Pucciniastrum epilobii) гарч ирдэг.
Даарсан ялдамын навч шарласан байгаа нь
Зарим сортууд нь амархан даарч хайрагддаг эмзэг ("Marinka") байдаг бол зарим нь тэсвэртэй байдаг. Зарим сортууд даарахдаа "боронзон" эсвэл "мөнгөн" туяатай болдог. Навч улааж болно. Навч улаах нь цэг, толбо, цагариг зэргээр илэрдэг. Хэрэв навчны доод тал эрүүл байвал өвчин, шавьж, хорхойноос болж шарлаагүй гэсэн үг. Шалтгаан нь - хэт хүйтэн агаарт байлгасан, хүйтэн салхинд байлгасан, мөн агаарын хэм эрс хэлбэлзсэн. Ихэнхи ялдамын навч улаадаг, гэхдээ нил ягаан өнгийн "юбкатай" сортууд илүү улаадаг байна.
Цэцэгний өөрчлөлтүүд:
Цэцгэн дээр ч гэсэн сортын шинж чанараас хазаасан гаж ургалт, содон зүйлүүд гардаг байна. Цэцэгний дэлбээ 3, 5, 6 эсвэл 7 ширхэгтэй тааралддаг. Энэ нь хэт халуун агаараас болдог, эсвэл удаан хугацаагаар өдөр, шөнийн температурын хэлбэлзэл хэт их байсан бол үүсдэг. 
Навчин дэлбээтэй цэцэг гарах. Дээрх зураг дээр "Frozen Tears" сортын ялдам байна. Удаан хугацаанд халуун агаарт байлгавал ийм цэцэг гардаг. Агаарын температурыг +20С хүртэл бууруулахад энгийн дэлбээтэй, жирийн хэлбэртэй цэцэцгнүүд гаргаж эхэлнэ.
"Vobeglo" сортын ялдамын бундуу нь удаан хугацаагаар өдөр шөнийн халуун хүйтэн агаарын эрс өөрчлөлтөд өртөж ирсэн байна.
 
Удаан хугацаагаар хүйтэн агаарт байсан ялдамын цэцэг - "бундуу-навч"

Сиамын ихрүүд - бас нэгэн гаж хөгжил. Зураг дээр бас нэгэн буруу ургасан зүйл байгаа - цэцгийн бундуу дээр навч ургасан байгаа. Шалтгаан - удаан хугацаагаар хүйтэнд дааруулсан байна.

Ялдам цэцэгт олон таардаг өөр нэг гаж үзэгдэл - ургацаг бундуун дээр гарах:
 
Энэ бол хаван (усан хаван, бөглөөн хаван) - хэт их ус хуримтлагдсанаас үүдээд цэцэгт физиологийн өөрчлөлт гардаг байна. Үндэсний шүүж авсан усыг навч ууршуулж амжихгүй болоод ирэхлээр ийм үү, яр, ургацаг гарч ирдэг. Дээр үзүүлсэн зурагнууд дээр цэцгийн бундуу дээр гарсан байна. Ер нь бол хаана ч хамаагүй гардаг. Хүйтэн агаарт ойр ойрхон хэт их услаад байвал ийм үзэгдэл гарна.
Яр (үү) нь янз бүрийн хэлбэртэй бөгөөд навчны дээд, доод талд ургадаг (ихэвчлэн доод талд илүү гардаг) байна. Өнгөцхөн харвал бор улаан өнгийн хорхой наалдсан юм шиг харагдна. Гэхдээ навчнаас салахгүй. Ийм үү, ургацаг дотор бактер амархан үржиж цэцгийг өвчлүүлэх аюултай байдаг.
Үү ургацаг гарах шалтгаанууд:
1. Хэт их усалдаг бол
2. Хүйтэн газар байлгаж, хэт их услаад байвал
3. Өдөр, шөнийн температурын хэлбэлзэл хэт их, ялангуяа гэрэл муутай газар байвал
Айхтар өвчин биш, аюул байхгүй. Усалгааг багасгаж, гэрэл ихэсгээд, дулаан газар байрлуулвал зүгээр болно. Энэ зураг дээрх бол бөглөөн ургацаг:
Өвлийн улиралд сульдсан, амралт үеийн дараа хүч тэнхээгүй байгаа цэцгийг гадаа балкон дээр гаргавал ийм зүйл болдог. Усалгааг бага хийж байсан ч гарч болно. Шалтгаан - өдөр нь халж, шөнө нь даардаг. Ийм ургацаг ялдам, шимтэглээ гээд ямар ч цэцгэнд гарч болно. Бактер ургах нөхцөлийг багасгахын тулд юуны түрүүнд бүх цэцгийн бундуунуудыг тасдаж авдаг.

Гэрэл болон дулаанаас хамаарч ялдамын цэцэгний өнгө, хэлбэр, хэмжээ өөрчлөгддөг. Халуун хүйтэн агаар эрс савалсан бол, хэт хүйтэн агаарт удаан байлгасан бол гээд агаарын дулааны горим алдагдсан үед цэцэг өөрчлөгддөг. Жишээ нь, "Comet" сортын ялдам:
Эхний зураг дээр - Зун нь хэвийн хөгжиж, ийм цэцэгтэй, зөв өнгө зүстэй байж, харин дараагийн зураг дээр - хүйтэн агаараас болж цэцэгний хэмжээ, өнгө, хэлбэр гээд бүгд өөрчлөгдсөн байна..
 

"Holly`s-Beauty" сортын жишээн дээр янз бүрийн нөхцөлд цэцэг яаж өөрчлөгддөгийг харна уу:
  
Зураг 1: Зун 6 дугаар сарын эхээр гадаа ургадаг, нар өглөө эрт 2 цаг тусдаг газар байгаа цэцэг.
Зураг 2: Яг энэ цэцгийг 7 дугаар сард хойд талын нар огт үздэггүй газар байрлуулснаар ийм өнгөтэй болов:
Зураг 3: Намар 9, 10 сард өдөр шөнийн агаарын температурын ялгаа их болж ялдам маань хойд талд сүүдэрт олон сар байсан ч цэцгийн өнгө нь ийм тод байв:

Гэрлийн тод/бүдэг, гэрэлтэх хугацаа, агаарын дулаан зэрэг цэцгэнд яаж нөлөөлөх вэ? 
   
Зураг 1: "Drago" сортын ялдам - шилэн балкон дээр байдаг тул байнгын хэт халуун агаарт байсан цэцэг ийм байлаа:
Зураг 2: Гадаа задгай агаарт том модны сүүдэрт ийм өнгөтэй байв.
Зураг 3: Гадаа задгай агаарт, гэхдээ хүйтэн халуунаас хамгаалалт хийж өгсөн газар:

"Machu Picchu" сорт
 
Зураг 1: Халуун зун шилэн балкон дээр өнгө нь гандав.
Зураг 2: Гадаа агаарт цэцэглэж байгаа нь.

Шилэлсэн балкон дээр байсан "Bicentennial" сортын ялдам. 
  
Зураг 1: Өвөл 12 сард мөчрөөр үрслүүлээд хавар 5 сард цэцэглэв (цэцэгний өнгө яг сортын дагуу гарсан байгаа).
Зураг 2: Намар 9 сард хоёр дахь цэцэглэлтийн үеээр ийм цэцэг гарав. (5 сард болон 9 сард агаарын дулаан адилхан байв.)
Зураг 3: Дараагийн хавар 3 сард цэцэглэлт эхэлж байна.
Ашигласан материалын эх үүсвэр: http://darca.ucoz.ru/publ/2-1-0-5


Бусад бичлэг:

No comments:

Post a Comment