Saturday, January 23, 2016

Эпифиллум - Epiphyllum

Эпифиллум (Epiphyllum) нь Кактусын (Cactaceae) овогт багтдаг эпифит (өөр ургамал дээр наалдаж ургадаг гэхдээ гаднаас ус, тэжээлээ өөрөө олж авдаг) кактус юм. Мексик болон Америкийн дулаан бүсэд ургадаг бутархаг ургамал. Угаараа модорхог, мөчир нь навч шиг харагддаг тул үүнийг андуурч навчин кактусын төрөлд (филлокактус) оруулдаг. Филлокактуст эпифиллумын гибрид төрлүүд болох нопальксохия (Nopalxochia), гелиоцерсус (Heliocereus), селеницереус (Selcnicereus) ордог юм.
Анх 1812 онд Адриан Хаворт энэ ургамлыг грек гаралтай ерi–«дээрх», phyllum–«навч» гэсэн үгсийг нэгтгэж бүртгэжээ. Үүгээрээ Хаворт энэ ургамлын цэцэг нь навчин дээрээ гардаг гэдгийг тодотгохыг хичээсэн байна. Харин жинхэндээ энэ нь навч биш навчин хэлбэртэй мөчир юм.
Эпифиллум нь махлаг, шүүслэг, шүдэлсэн мөчиртэй. Мөчирний хажуугаар өргөс шиг зүйлүүд байдаг. Жинхэнэ навч болох жижигхэн хальс шиг зүйл мөчирний нугалаанд байдаг. Цэцэг том, юүлүүргэнэ шиг хэлбэртэй, маш анхилуун үнэртэй.
Таримал эпифиллумын цэцэг цасан цагаанаас эхлээд шаргал, шар, ягаан, улаан гээд маш олон янзын өнгө, туяатай. Цэнхэр өнгөтэй цэцэг байдаггүй байна. Цэцэгний гоо үзэсгэлэнгээс болж «цахирмаа-кактус» гэж нэрлэдэг байна.
 Жимсэлсэн эпифиллум
Гэрийн нөхцөлд тоос хүртээж өгвөл чавга шиг том жимс гардаг. Улаан эсвэл шаргал ногоон өнгөтэй (цэцэгний өнгөнөөс хамаардаг) жимс нь ихэнхдээ гадуураа өргөстэй байдаг. Жимсийг идэж болдог, үнэртэй, чихэрлэгдүү, ханборгоцоо-гүзээлзгэний амттай.
Жимс
АРЧИЛГАА
Гэрэл
Аль болох зөөлөн тод нарны гэрэл гаргаж өгвөл цэцэглэлт удаан, гарах цэцэгний хэмжээ том, тоо олон, мөн өнгө тод үзэмжтэй болдог. Сарнисан нарны гэрэл тохирно. Зүүн болон баруун талын цонхон дээр тохирно. Хойд зүгрүү харсан цонхон дээр цэцэг ихээр гардаггүй. Урд зүгийн цонхон дээр - үдийн хурц нарнаас заавал халхлах хэрэгтэй. Зуны цагт эпифиллумыг гадаа агаарт гаргадаг - гэрэлтэй газар, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалж тавьдаг. 
Агаарын дулаан
Эпифиллум хавар-зуны улиралд +20-25°C хэмд ургадаг. Амралт үед (11 сараас 2 сар хүртэл) агаарын хэмийг +10-15°C хүртэл бууруулна.
Агаарын чийгшил
Эпифиллум агаарын чийгшилд онц шаардлага тавьдаггүй. Гэхдээ зуны халуунд зөөлөн, хлоргүй усаар шүршиж өгөх хэрэгтэй.
Усалгаа
Эпифиллум нь чийглэг ойд ургадаг кактус юм, иймээс элсэн цөлд ургадаг кактусыг бодвол усалгаа их шаарддаг. Хөрс байнга чийглэгдүү байх ёстой. Хөрсний дээд хэсэг хатаад ирэхлээр дараагийн усалгааг хийнэ. Услах ус зөөлөн, өрөөний хэмтэй бүлээн ус байна. Амралт үед (өвөл) усалгааг багасгана. Хэт хүйтэн өвөлжиж байвал усалгааг бүүр зогсоох хэрэгтэй. Хавар усалгааг ихэсгээд, бундуу үүссэн бол илүү услаж эхэлнэ.
Бордоо
Хавар - зундаа эпифиллумыг сард 2 удаа кактусны тусгай бордоогоор бордоно. Бундуу үүсэхэд органик бордоо хэрэглэдэг. Цэцэглэлт дуусангуут зуны эцэс хүртэл ийм тэжээлийг 2 долоо хоногт нэг удаа хийж байна. Заримдаа азот агуулсан бордоогоор солбиж хэрэглэж болно.
Хөрс
Хөрс тэжээлтэй байна (навчин хөрс, элс, нүдсэн модны нүүрс, том ширхэгтэй ширгэн хөрс (4:1:1:1). Хөрсний хүчил рН 5-6. Шохой хийж огт болохгүй.
Шилжүүлэн суулгалт
Шилжүүлэн суулгалтыг цэцэглэж дууссаны дараа хийх хэрэгтэй. Сав бага байвал цэцэглэлт хурдан болно. Иймээс жил бүр шилжүүлж суулгах хэрэггүй. Сав намхан, хавтгай, өргөн, сийрэг бүтэцтэй байвал сайн. Эпифиллумын үндэс маш сул хөгжсөн байдаг юм.
Шилжүүлж суулгаад сүүдэрт тавьж, 24 цагийн дараа багавтар услана.
Цэцэглэлт
Амралт үеийн дараа (2 сарын сүүлээр) эпифиллум ургаж эхэлдэг. Бундуу цухуйна. Цэцэгний байршил солиод байх хэрэггүй. Бундуу унадаг. 
Цэцэглэлт ихэвчлэн хавар болдог. Цэцэг бүр 5-6 өдөр дэлгэрч байгаад унана. Цэцэглэж байхад нь өдөр бүр услаж, шүршиж байна. Мөн бордоо хэрэглэнэ. Сайн арчилгаатай, тааламжтай нөхцөлд намар дахин цэцэглэдэг.
Нэг мөчир дээр нэг л цэцэг гардаг. Иймээс хэдэн жил өнгөрөөд хөгширсөн мөчирийг тайрч байх нь дээр. Үүнээс гадна өргөн, навчин хэлбэрт мөчирнөөс нарийхан 3-талт нахиа гардаг. Үүнийг бас хугалж тасдах хэрэгтэй. Ийм мөчирнөөс цэцэг хэзээ ч гардаггүй юм.

Үрсэлгээ
Үрээр, мөчирний хэсгээр, бут хуваах гэсэн аргуудаар үржүүлж болно.
Үрээр ургуулахад жинхэн кактус ургадаг - талтай мөчиртэй, өтгөн шигүү өргөстэй. Харин томроод ирэхлээр мөчир бүдүүрч, өргөс унаад, навчин хэлбэртэй болдог. Соёолуулах хөрс +20-25°С хэмтэй байх ёстой. Сайн арчилхад 4—5 дахь жилдээ цэцэглэнэ. 
Мөчирөөр үндэслүүлэх бол хавтгай мөчирнөөс 10-15 см урт хэсгийг тасдаж аваад, доод үзүүрийг гурвалжин үзүүртэй болгож зүснэ. Дараа нь агаарт ил хатаагаад, хоосон саванд эгц доошоо харуулж тогтоож 2-3 хонуулна. Ингэхэд шүүс доош гарна. 
Үүний дараа 7-см диаметртэй цэцгийн саванд 1 хэсэг навчин хөрс, 0,25 хэсэг элс, 2 хэсэг хөнгөн ширгэн хөрс тус тус авч хийгээд, мөчирөө суулгана. Мөчирөө 1 см гүн суулгадаг, дээр нь 2-см зузаан голын угаасан элс хийнэ. Эхний нэг хоног услахгүй, сүүдэрт байлгана.
Өвчлөлт, хорхой шавьж
Вирусын гаралтай хээ – мөчир дээр жижигхэн цагаан толбо үүсээд, мөчирний үзүүр хатаж, бундуу унадаг. Вирусын гаралтай аливаа өвчнийг эмчлэх хэцүү байдаг тул – өвчилсөн цэцгийг устгасан нь дээр.
Гурилан өт, ширх, бамбайт зэрэгт амархан баригдна.
Агаарт зун гаргахдаа нялцгаа биетүүдээс болгоомжлоорой.
Дугуй хэлбэртэй, яваандаа томроод байдаг цагариган, бор шаргал тавтай толбонууд үүсдэг. Шалтгаан нь - мөөгний халдвар (фузариоз, г.м.).
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment