Monday, February 29, 2016

Алтан зулын зулзаган булцуунуудыг яах вэ?

Цэцэг хагдрахлээр яах вэ?
Цэцэгний иш болон навчнуудыг хамаагүй тайрах хэрэггүй. Яваандаа өөрсдөө шарлаад, сулраад, хамаг өөрт байсан шим тэжээлээ доошоо зулзаган булцуунуудад шилжүүлдэг. Шарлаад унжсаны дараа л тайрна. Навчны хүч шим нь зулзаган булцуунуудын хэмжээг томруулахад нэмэртэй байдаг. Навч хэдэн тийш налаад, унаад саад болоод байдаг тул бүгдийг хооронд нь багцалж боогоод тогтоож болно.
Хөрс ухаж үзвэл эх булцуу хамаг хүчээ бараад дууссан байдаг. Харин түүнийг тойроод олон зулзаган булцуунууд үүссэн байна.
Хэрэв та булцуугаа дахин ашиглах сонирхолтой бол доор бичсэн зөвөлгөөг дагаарай. Хэрэв ажиллагаа ихтэй, ил задгай талбай байхгүй гэвэл булцуунуудаа хаяж болно. Ер нь бол дэлгүүрүүдэд худалдаалдаг булцуунууд ихэнхдээ нэг удаагийн зориулалттай гэж хэлж болно.
Гэрийн нөхцөлд хүчээр цэцэглүүлсэн булцууг (алтан зул, гиацинт, крокус, нарцисс зэрэг) дараа нь заавал задгай талбайд суулгаж хүч оруулдаг. Урт удаан хугацаа эзлэх юм гэж санаагаар унах хэрэггүй. Булцуугаар үрслүүлэх нь алтан зулыг үржүүлэх цорын ганц арга юм. Үрээр алтан зулыг ер нь тарьдаггүй. Селекцийн аргаар шинэ сорт гаргах гэж л ихэвчлэн үр суулгадаг. Иймд таалагдсан сортын алтан зулаа авч үлдмээр байгаа бол хураасан булцуунуудаа томруулж аваарай.
Шинэхэн цэцэгчид тэр чигт нь савтай хөрсөнд нь үлдээхийг хичээдэг. Булцуу доороо томроод байна гэж боддог. Энэ нь буруу юм. Булцууг ухаж гаргах маш чухал. 
Ухаж үзэхэд нэг булцуу нь бусдаасаа арай том байдаг. Хэрэв энэ булцуу 3-4 см дээш бол дараа жил зөв амралт хийвэл цэцэглэнэ. Дараагийн 1-2 булцуу нь жижгэвтэр, бусад 3-6 нь бүүр жижиг байдаг. Дунд болон жижгүүдийг ногооны талбайд, хашаандаа, эсвэл ямарваа нэгэн ил, задгай газар томруулж ургуулах хэрэгтэй. Зулзаган булцууг 3-аас дээш жил задгай талбайд суулгаж томруулсны дараа тасалгаанд ургаж цэцэглэхээр хүч хуримталдаг.
Хэрэв задгай талбайд суулгах боломж байхгүй бол гэртээ саванд томруулж болно. Гэхдээ үр дүн нь баталгаагүй.
Эрт цэцэглүүлсэн бол (жишээ нь, Шинэ жилээр) зулзаган булцуунууд сайн томорч амждаггүй, мөн олон зулзага ч гаргадаггүй. Ийм хумсын чинээ булцуунуудыг олон жил ургуулж арчилж байж цэцэглэж чадах дайны том булцуу болгож авна. Шантрахгүй бол арчлаад байж болно. Заримдаа ургах цэг буюу гарч ирэх нахиаг тайрч тасддаг. Ингэж байж хамаг хүчийг булцуу томруулахад чиглүүлдэг.
Булцууг хадгалах температурын горим маш чухал. Ухаж авсан булцууг 2-3 долоо хоног +24°С хэмд хадгална. Энэ нь ирээдүйн цэцэгний эхлэл тавигдахад ач холбогдолтой.
Дараа нь нэг сар булцуунуудаа +17-20°С хэмтэй газар хадгална. Үүний дараа ил талбайд суулгатал +14-15°С хэмд байлгана. Энэ горимоос үл ялиг гажих юм бол ургамалд айхтар үр дагавар гарахгүй. Харин нилээн зөрчих юм бол булцуу дотор цэцэгний эхлэл тавигдахгүй, эсвэл дутуу хөгжилтэй цэцэг гарна (хоосон бундуу). Хөрсөнд суулгатал энэ горимыг дагавал эрүүл, хэвийн хөгжилтэй хадгалагддаг (хатахгүй, эрт соёолоод ургаад эхлэхгүй).
Ил талбайд суулгахад булцуу үндэслээд хэт доош хөрсрүүгээ шигдээд алга болдог, дараа нь ухаж гаргахдаа хүрзээр булцуугаа гэмтээхээс эхлээд хүндрэлүүд гардаг. Ийм сагсанд хийж ургуулах нь амар байдаг. Харамсалтай нь энэ сагс хулгана, зурам гэх мэтийн аюулаас хамгаалж чаддаггүй.
Манайх шиг хүйтэн цаг агаартай газар задгай суулгасан булцуу дотор цэцэгний эд эс бүрэлдэж бий болох нь 9 сарын дундуур болдог. Энэ хугацааг түргэсгэх хоёр арга байдаг: агротехникийн болон физик-химийн.
Агротехникийн арга гэдэг нь алтан зулыг гялгар бүтээлгээр бүтээж ургуулна, цэцэг болон бундууг шууд тасдаж авна. Энэ арга нь ирээдүйн цэцэгний навч, иш, бундуу гээд бүх хэсгийг бүрдүүлэх хугацааг 2-3 долоо хоног наашлуулдаг.
Хоёр дахь арга нь булцууг эрт ухаж авах. Задгай талбайд булцуу дорхноо хүч орж чангардаг. Хэрэв 9 сараас өмнө хангалттай томорсон бол эрт ухаж авч болно. Булцууны гадуур шар хальс дөнгөж гарч ирж, шаргал толбо үүсэж эхлэж байхад нь ухаж авна. Дараа нь булцуунуудаа нэг долоо хоног +34°С хэмд байлгана. Энэ нь цэцэгний эд эс бүрэлдэхэд тус болдог. Ингэж бэлдсэн булцууг 8 сарын сүүлээс эхлээд 10-11 сард савтай хөрсөнд суулгатлаа хөргөгчний ногоо хадгалдаг хэсэгт байлгана.
Ингэж сэрүүнд хадгалдаг нь навч, цэцэг бүрэлдэхэд тус болно, мөн ургалтыг сааруулж удаашруулдаг.
Өмнөх бичлэг:
Алтан зулын булцуу суулгах

No comments:

Post a Comment