Wednesday, February 3, 2016

Литопс буюу чулуун кактус

ЛИТОПС (LITHOPS) — Өмнөд Африкийн чулуурхаг, элсэрхэг цөлд ургадаг суккулент. Ургаж байгаа орчныхоо чулуу, хадтай адилхан өнгө, зүстэй ургадаг. «Lithos» — чулуу, «opsis» — төстэй гэсэн грек үгнүүдээс бүрджээ.
Литопс — жижигхэн, ишгүй, шилбэгүй суккулент ургамал. Доод сууриндаа 2-3 болон түүнээс дээш шүүслэг бүдүүн, наалдаж ургасан навчнуудтай. Өндөр нь 20-30 мм хүрдэг. Литопс цөлд ургадаг тул үндэс нь доош гүний усруу тэмүүлсэн маш урт байдаг. Хуурай улиралд хөрсрүү шигдэж нуугддаг.
Тодорхой хугацааны дараа навчаа шинэчилдэг. Хуучин навч үрчийгээд, хатангуут доороос нь шинээр гарч ирдэг. Зуны сүүлээр навчны завсараар цэцгийн бундуу гарч ирнэ. Цэцэг ойролцоогоор 5-10 хоноод хагдардаг, тоос хүртээвэл амархан үрэлдэг.

ТӨРӨЛ
Литопс Аукамп
Литопс Аукамп (Lithops Aucampiae) — хос навчтай, навчны өргөн 2-3 см, өндөр 2-3 см. Цэцэг 4 см, шар өнгөтэй.
Литопс Лесли
Литопс Лесли (Lithops Lesliei) — хос навчтай, навчны өргөн 1-2 см, өндөр 1-2 см, бор өнгөтэй, цайвар толботой. Цэцэг 5 см, цагаан мөн шар өнгийн байдаг, зөөлөн тааламжтай үнэртэй.
Литопс мармората
Литопс мармората (Lithops marmorata) — хос навчтай, навчны өргөн 1-2 см. Саарал-ногоон гадаргуйтай гантиг чулуу шиг хээтэй. Цэцэг 3-5 см, цагаан өнгөтэй, анхилуун зөөлөн үнэртэй.
Литопс турбиниформс
Литопс (Lithops turbiniformis) — хос навчтай, навчны өргөн 2-2,5 см. Навч бэржгэр, саарал-бор өнгөтэй. Цэцэг улбар шар өнгөтэй, 3-4 см диаметртэй.
Литопс гоёмсог
Литопс гоёмсог (Lithops bella) — хос навчны диаметр 2,5см, өнгө - бор шаргал. Цэцэг цагаан, маш зөөлөн, хөнгөхөн үнэртэй.
Lithops divergens
Литопс дивергенс (Lithops divergens) — хос навчны диаметр 1,5-2,5 см, өндөр 1-3 см. Дээд гадаргуй нь ногоон өнгөтэй, том том саарал ногоон толботой, тайрсан мэт ташуу. Хоёр навчны хоорондын зай гүнзгий. Цэцэг шар.

АРЧИЛГАА
Гэрэл
Литопсыг тод нарны гэрэлд бүтэн жил байлгадаг. Урд зүгрүү харсан цонхны тавцан илүү тохирдог. Нар, дулаан хоёр гол ургах нөхцөл нь болдог.
Байршил сольход дургүй, савыг эргүүлэхэд хүртэл мэдрэмтгий байдаг. Иймээс хамаагүй оролдох хэрэггүй.
Агаарын дулаан
Хамгийн тохиромжтой орчин: зун +22-25°C, харин өвөл амралт үеэр +12-15°C байна. +5-7°C-ээс доош бууруулж болохгүй. 
Агаарын чийгшил
Литопс хуурай агаар даахдаа сайн, усаар шүрших хэрэггүй. Гэхдээ өрөөнд цэвэр агаар байнга оруулж байх хэрэгтэй. Агаарын солилцоо явагддаггүй газар ургахдаа муу. 
Усалгаа
Бусад бүх суккулентуудын адил хэт их чийг усанд дургүй. Ус чийг нь үхүүлж болдог. Ус өөртөө шингээхдээ сайн, хэт ус сорж авснаас болоод хагардаг. 5 сараас 9 сар дуустал бага бөгөөд цөөн услана. 9 сараас эхлээд услахаа зогсооно. Навчаа шинэчлээд эхлэнүүт услаж эхэлнэ. Хуучин навч үрчийж хатаад оронд нь залуу навч цухуйнгуут (энэ нь ойролцоогоор 3-4 саруудад болдог) услаж эхэлнэ. 
Бордоо
Ер нь бордохгүй байж болно. Гэхдээ хэрэв маш удаан хугацаагаар шилжүүлж суулгаагүй, хөрс шим тэжээлгүй болоод удсан бол бордох хэрэгтэй. Суккулентуудад зориулсан тусгай бордоог аваад, заавар дээр нь заасан хэмжээнээс нь 2-3 дахин сул найруулаад хэрэглэнэ. Зуны улиралд сард нэг удаа бордоход хангалттай.
Шилжүүлэн суулгалт
Үндэс хэт хөгжиж ургаад савандаа багтахаа байхаар, эсвэл хөрс шинэчлэн солих хэрэг гарсан бол гээд шаардлага гарсан үед л шилжүүлэн суулгалтыг хийдэг. Өөрөөр хэлвэл 4-5 жилд нэг удаа. Ингэхдээ зарим хажуугийн салаалсан үндэсийг тасдаж болно.
Сав сонгохдоо хэт гүн, өндөр биш, өргөн пагадгар, өргөн, хэд хэдэн литопс суулгахаар хэлбэртэйг авна. Ганц ганцаараа литопс ургахдаа муу байдаг бөгөөд, ганцаар ургахдаа бараг цэцэглэдэггүй. Савны доор заавал дренаж хийнэ.
Хөрс
Навчин хөрс — 1 хэсэг;
элс — 1,5 хэсэг;
шаварлаг хар шороо — 1 хэсэг;
туйпууны үүрмэг — 1 хэсэг
модны нүүрс - 0,5 хэсэг.
Дэлгүүрт худалдаалж байгаа суккулент, кактусны зориулалтын бэлэн хөрс нь литопсд тохирдоггүй. Литопсын үндэсний хоолой илжрэхдээ амархан тул үүнээс сэргийлж жижиг хайрган чулуу, эсвэл голын том ширхэгтэй  элс зэрэгээр хөрсийг бүтээж болно.
Үрслүүлэх арга
Литопсыг зөвхөн үрээр үржүүлдэг. Үүний тулд үрийг 6 цаг бүлээн усанд дэвтээнэ. Дараа нь хөрсний дээгүүр ил цацаад, вакумдна. +22-25°C хэмд байршуулж, өдөр бүр усаар шүршиж байна. Өдөртөө вакумаа авч 5 минут агаар оруулж байна. 7-10 хоноод соёолдог. Соёолсон үрсэлгээг илүү ойр ойр агаар оруулж амьсгалуулж байна. Харин усалгааг багасгана. Усалгаа хооронд хөрс хатсан байх ёстой. Гэрэл сайтай газар тавих ёстой ба нарны шууд тусгалаас халхална.
Литопсыг үрийг удаан хугацаагаар хадгалж болдог. Хуурай агаарт хадгалвал 20 жилийн дараа ч хөрсөнд суулгахад ургах чадвартай байдаг. Хамгийн сайн хадгалах сав бол жимс нь өөрөө. Жимсийг болгоомжтой задлаад, жимсний хальсны үүрмэг салгадаг. Хальс нь хөгц ургуулаад байдаг тул сайн цэвэрлэх хэрэгтэй. Шигшиж салгаж болно.
Бас нэг өөр арга нь - жимсийг аягатай усанд дэвтээх. Хэдэн минутын дараа ихэнхи үр доош тунаж живдэг, харин дээр нь хөвөөд байгаа жимсийг сайтар бийрээр шүүрдэж цэвэрлэнэ. Ингэж хураасан үрээ цаасан салфетка дээр тарааж хатаана. Үүний дараа +22-24°С агаарын хэмд цаасан уутанд хадгална, эсвэл шууд суулгаж болно.
Зуны дунд сард сулгахад илүү хурдан соёолж задардаг байна. Хүлэмжний орчин бүрдүүлж өгвөл сайн. Хүлэмжийг болж өгвөл гадаа агаарт, эсвэл тагтан дээр байлгасан нь дээр, борооноос хамгаалж нөмөрт тавьна.
Суулгахдаа хуванцар 8x8x8 см хэмжээтэй саванд суулгах нь тохиромжтой байдаг байна. Хөрс: 1 хэсэг хүлэрт хөрс, 1 хэсэг элс, 1 хэсэг перлит байна. Бүгдийг сайн нүдэж, маш нарийн 2 мм ширхэгтэй болгоно. Үрээ хөрсөн дээр тарааж байрлуулаад, дээгүүр нь том ширхэгтэй голын элс цацаж үл ялиг хучна. Хэт зузаан хучвал үр илжирнэ. Сайн усаар шүршиж услаад, вакумдна. Хүлэмжний гол зорилго нь үрээ сайн дэвтээж норгоход оршиж байгаа юм. 4 өдөр хүлэмжний орчинд байлгаж байгаа вакумаа аваад, оронд нь дээгүүр нь тюль хөшигний өөдсөөр бүтээнэ. Өдөрт 1-2 удаа шүршиж байна. Суулгасан үрний тэн хагас нь эхний 7 хоногт соёолоод гараад ирнэ. Харин үлдэгдэл нь дараагийн 7 хоногт гардаг. Энэ цэцэгний онцлог нь бүх үр 100% ургадаг.
Хэр хурдацтай ургах нь агаарын дулаанаас шалтгаалдаг. Агаарын хэмийг +15°С хэмээс доош буулгаж болохгүй. Мөн +30°С дээш гаргаж болохгүй байна.
Хэт халуун, хурц нартай бол нейлонон бүтээлэг, тюль хөшигний өөдөс нь мөн түлэгдэхээс хамгаалдаг. Өдөр бүр хөнгөхөн бороо орж буй мэт шүршиж байна. Мэдээж хэтрүүлж услаж болохгүй.
Жижигхэн үрсэлгээнүүд ургасаар махлаг, шүүслэг, цилиндр хэлбэртэй болж хувирна. Богино хугацааны хөрс хаталтыг дийлэх чадвартай болно. Хэрэв үрсэлгээ хэт сунаад байвал хажуугаар нь элс нэмээд, хөрсөө дээшлүүлнэ. Энэ нь илүү тогтвортой болгодог.
Ус хэтрүүлж ердөө болохгүй. Ихэнхдээ энэ нь илжрүүлдэг. Хэрэв 8 см саванд 100-аад үр цацсан бол эдгээрий салгахгүй бол маш хурдан илжирч эхэлнэ. Сайн, эрүүл ургаж буй үрсэлгээ гялгар, гадаргуйтай, бронзон туяатай байдаг.
Хэрэв хэт ногоон өнгөтэй байвал ихэнхдээ энэ нь зөөлөрсөн байдаг, Гэрлийн хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв гэнэт цайраад цагаараад ирвэл тод хурц гэрэлд дасгалгүй шууд гаргасан, эсвэл гэрэл чийдэнд хэт ойр тавьсан байна. 
Ойролцоогоор 3 сарын дараа цилиндрэн 2 талт маань бүдүүрч томроод ирнэ. Гэхдээ энэ хөөлт нь тун удалгүй дотроос нь ургаж гарах шинэ навчаар дарагддаг. Ургах явц нь намар хүртэл үргэлжилдэг. Шинэхэн зулзагууд насанд хүрсэн цэцгээс хамаагүй жижиг хэмжээтэй ч биеэ даагаад ургах чадвартай болсон байна. Энэ бүх хугацаанд кактусын бордоог 3 дахин сулруулж найруулаад бордож байна.
Амралт үе
Литопс 2 амралт үетэй гэж хэлж болно — 7 сарын сүүлээс 8 сарын дунд хүртэл - энэ үед навчаа сольдог. Хуучин навчны хальс задарч хагараад, дотроос нь шинэ навч гарч ирдэг байна. Энэ явцыг түргэсгэх гэж хальсыг нь татах, ховхлох хэрэггүй. Ургамлыг гэмтээж мэднэ. 8 сарын амралт үеийн дараа цэцгийн бундуугаа гаргаж цэцэглэлт үе эхэлдэг.
Дараагийн амралт үе нь — 11 сараас 3 сар хүртэл үргэлжилдэг. Амралт үед орохдоо литопс ургахаа больдог, навчны өнгө бүдэгрээд ирнэ. Энэ шинж тэмдэг ажиглагдвал бордоо болон усалгааг бүрмөсөн зогсооно. Орчны агаарын чийгийг ихэсгэх гэж арга хэмжээ авч болохгүй. Амралт үеийг хуурай, гэрэлтэй газар өнгөрүүлнэ.
Өвчлөлт болон хорхой шавьж
Өвлийн амралт үеэр гурилан өт үржиж болно. Үүнээс салахын тулд сармис бяцлаад, ус, барааны саван нэмээд өтгөн каша шиг зүйл бэлдэнэ. Үүгээрэй ойр ойрхон навчнуудаа арчиж байна.
http://greenhome.org.ua/litopsy-zhivye-kamni

No comments:

Post a Comment