Wednesday, February 3, 2016

Гардения - Мэлрэг цэцэг

Гардения (Gardenia) нь Rubiaceae овогт багтдаг намхавтар мөнхийн ногоон мод/бут. Уугуул нутаг нь Өмнөд Африк, Хятад, Энэтхэг. Гардения гэх нэрийг XVIII-р зуунд аж төрж байсан нэрт ботаникч Александр Гардены дурсгалд зориулж өгсөн байна. 
Гэрийн нөхцөлд 45–50 см өндөр хүрдэг. Тасалгааны цэцэрлэгжилтэнд нэг л төрөл тархсан байдаг — Гардения жасминан. Анхилуун зөөлөн үнэртэй цэцгэнд нь хүмүүс дурлаж ихээр тарьдаг.
Гардения жасминан (Gardenia jasminoides) — уугуул нутагтаа 2 м өндөр хүрч ургадаг мөнхийн ногоон бут, хүлэмжний нөхцөлд 60-80 см өндөр ургана.
Цэцэг ганцаар, эсвэл 3-5 ширхэгтэй багцаар гардаг. Ихэнхдээ цэцэг цагаан өнгийн, хуучрах явцдаа шарладаг. Янз бүрийн цэцэрлэгийн төрлүүд байдаг.
АРЧИЛГАА
Гэрэл
Гардения гэрэл ихтэй, нарлаг, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалсан газар ургана. Сайн ургахын тулд гэрэл хангалттай гаргаж өгнө. Зуны хурц халуун нарны шууд тусгалаас хамгаална. 
Зүүн, баруун зүгрүү харсан цонхон дээр байрлуулвал тохирно. Урд зүгрүү харсан цонхон дээр тавих бол зуны улиралд нарнаас халхална. Харин хойд зүгрүү харсан цонхон дээр - заавал нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө. 
Гардения гэрэл өөрчлөгдөхөд маш мэдрэмтгий. Ялангуяа бундуулж байх болон цэцэглэж байх үед байршил өөрчлөх, сав эргүүлэх зэрэгт хэрэггүй. Бундуу унаж болно. Гэрэл дутвал ургамал унжийх, бундуу хатаж унах зэрэг үзэгдлүүд гардаг. 

Агаарын хэм
Гардения дулаанд дуртай. Хавар - зуны улиралд тохирох хэм нь +22-24°C, өвөл +17-18°C. Байлгаж болох хамгийн доод хэм +16°C, дээд хязгаар +22°C хэтрүүлэхгүй байх. Зун хэт халаад байвал агаарын чийгшлийг ихэсгэж байх хэрэгтэй. Дулаан хүйтэн агаарын эрс огцом хэлбэлзлээс хамгаална.
Агаарын чийгшил
Бундуулж байх үед чийглэг агаар маш чухал. Савтай цэцгийг устай поднос, эсвэл чийгтэй керамзит, хөвд, хайрагатай поднос дээр тавьна. Энэ үед орчны агаарыг сайн шүршиж байна. Шүршихдээ савтай цэцэгний орчин тойрны агаарлуу чиглүүнэ. Навч, цэцэгрүү шүрших хэрэггүй. Бундуу задарч эхлэнгүүт шүршилтээ зогсооно. Цэцэгний дэлбээ дээр усны дусал хүрвэл бор толбонууд үлддэг. Цэцэглэлт эхэлсэн үед навчнуудыг чийгтэй алчуураар арчиж байх нь дээр. 
Сорт "First Love" — цэцэгний хэмжээ 13 см, хавар эрт цэцэглэнэ, зунжингаа үргэлжилнэ. Жилд 2 удаа цэцэглэдэг;
Усалгаа
Хавар, зун усалгааг сайн хийнэ. Хөрс өлөн чийглэгдүү байх ёстой. Өвөл усалгааг тохируулж багавтар хийнэ. Хөрсний дээрх өнгөн үе хатаад 2-3 өдрийн дараа услана. Гардения хөрс хатахыг үздэггүй. Мөн хэт их ус чийгтэй байлгаж болохгүй. Заавал зөөлрүүлсэн бүлээн ус хэрэглэнэ. Шүүсэн, эсвэл буцалсан ус хэрэглэж болно. Сард нэг удаа усандаа лимоны хүчил нэг дусал хийж услана. Хэтрүүлж болохгүй.
Хэрэв навч шарлаж эхэлсэн бол түгээмэл шалтгаан нь хатуу усаар усалснаас болдог. Эсвэл суурь тавганд ус удаанаар хуримтлагдснаас, мөн үндэс даарснаас болдог. Усалгааг заавал жаваргүй зөөлрүүлсэн усаар хийнэ. Тэгвэл навч шарлахыг сэргийлж болно.
Бордоо 
Залуу ургамлыг хавар-зуны улиралд сард 2 удаа борддог. Органик, минерал бордоог ээлжилж хэрэглэнэ. Хөгшин ургамлыг хавраас намар хүртэл долоо хоног бүр кальци агуулаагүй бордоогоор бордож байна. Цэцэгтэй ургамалд зориулсан калий агуулсан шингэн бордоо хэрэглэж болно. Бордооны тунг заавар дээр бичсэнээс 2 дахин бага найруулж хэрэглэнэ. Хавар зуны улиралд 2 удаа (ойролцоогоор 3, 6 саруудад) төмөртэй бордоо хэрэглэнэ. Энэ нь хөрсний рН хэмжээг багасгадаг.
Хөрс
Гардения шохойтой, шүлтлэг хөрсөнд ургадаггүй. Хөрс бага зэрэг хүчиллэг рН=4,5–5,5 байх ёстой. Хөрс: 1 хэсэг ширгэн, 1 хэсэг шилмүүст, 1 хэсэг навчин, 1 хэсэг хүлэрт хөрс, мөн 1 хэсэг элс гэж авч хольно. Маш зузаан дренаж заавал дэвсэж өгнө. Хэрэв дэлгүүрүүдэд тусгай бэлдсэн хөрс байвал азалиягийн хөрс тохирдог.
Шилжүүлэн суулгалт
Хэрэгцээ гарсан үед л шилжүүлж суулгаж байна. Үүнийг хавар эртхэн, эсвэл цэцэглэлт дуусмагц хийнэ. Залуу ургамлыг — жилд нэг удаа, хөгшинг - 2-3 жил нэг удаа шилжүүлж суулгана. Ингэхдээ үндэсний талыг тайрч багасгадаг.
Тайралт, чимхэлт
Цэцэглэсний дараа гарденияг заавал 1/2, эсвэл 1/3 тайрч богиносгодог. Хүч муутай, сул дорой мөчрийг тайрна. Хавар ургалт үе эхлэхэд мөчирний үзүүрүүдийг чимхэж өгнө. Энэ нь шинээр олон салаа мөчир гархад нөлөөлдөг. Үүнээс үүдээд олон цэцэгний бундуу бий болдог. Тайралтаас гарсан мөчрүүдийг үрсэлгээнд ашиглаж болно.
Үрслүүлэх арга
Үрслүүлэхдээ хагас модорхог болсон мөчирний үзүүрийг ашиглана. Хавар, эсвэл намар 10 см урт мөчир тайрч аваад хөрсөнд суулгана. Хөрсөнд цэвэр элс (голын элс илүү тохирно), эсвэл элс хүлэрт хөрстэй хольж авна. Суулгахын өмнө мөчирний үзүүрийг марганцын бүдэг ягаан уусмалд 20 минут байлгана. Үүнээс гадна усанд үндэслүүлж болдог.
Хэрэв хөрсөнд суулгасан бол гадуур нь гялгар уут, эсвэл нэг удаагийн стаканаар хөмөрч чийглэг хүлэмжний орчин бий болгоно. Орчны температур +25°С байх ёстой, тогтмол шүршиж чийглэнэ, мөн нээж агаар оруулж байна. Хэрэв түргэн үндэслүүлдэг бодис байгаа бол хэрэглэж болно. Мөн хөрсийг доороос нь халааж байнгын тогтмол +22°С хэмтэй байлгавал хурдан үндэслэнэ.
Сайн үндэслэсэн үрсэлгээг жирийн хөрстэй саванд шилжүүлж суулгана. Үрсэлгээ 15 см өндөр ургангуут дээрээс нь чимхэж өгч хажуугийн мөчир олноор гаргаж өтгөн бут болход нь туслана.
Хажуугийн мөчирнүүд 10-12 см урт ургангуут бүгдийг чимхэнэ. Савандаа багтахаа больж томроход савыг томруулж байна.
Үрний чанар маш чухал. Дэлгүүрт зарж байгаа үр хатсан, удсан байж болно. Шинэхэн үрийг цэцэгнээс нь шууд цуглуулж болно. 
Үрийг аль ч улиралд тарьж болно. Гэхдээ хавар эрт суулгавал илүү тохиромжтой. Үрээр үржүүлэхэд тухайн төрөл, сортын шинж чанарууд үлддэггүй. 
Үр суулгах савандаа дренаж хийнэ, дээр нь - хүлэрт хөрс. Чийглээд үрнүүдээ байрлуулна. Үрийг 3-5 мм гүн суулгана. Хөрсийг бага зэрэг дарж өгнө. Дараа нь шүршигчээр чийглээд вакумдна. Үрсэлгээний саваа +25°С температуртай газар байлгана. Шүршигчээр дандаа услаж байна. Хөрсний хэм эхний 1,5-2 сар тогтмол +22-25С байх ёстой. Хөрсийг доороос нь халааж өгнө. Сарын дотор соёолно. Үрээр суулгасан гардения 2-3 жилийн дараа цэцэглэдэг.
Үрсэлгээг хангалттай их гэрэлтэй газар байрлуулна. Шууд нарны тусгалаас хамгаална. Хэт услаж болохгүй. Эхний 2 долоо хоног нэмэлт гэрэл дор байлгана. Эхний 2 долоо хоног өдрийн гэрлийн урт 18 цаг байх ёстой. Дараагийн 2 долоо хоног 14 цаг, цаашдаа 8-10 цаг тус тус өдрийн гэрлийн хугацааг тохируулна. Цаашид үрсэлгээг ургуулах хэм +16-18°C байна.
Өвчлөлт, хорхой шавьж
Аалзан хачиг, ширх зэрэг түгээмэл хорхой шавьжинд баригддаг. Хорхой үүрэлсэн ургамал муу ургана, цэцэглэхгүй, цэцэг бундуу нь унана, навч шарлаж унана.
Хорхой үржсэн бол шууд хор хэрэглэнэ (Орос хорноос: фитоверм, децис, актеллик, интавир). Бага зэрэг үүрэлсэн бол нэг удаа цацахад болдог. Хэрэв хэт үржсэн бол 10 хоногийн зайтай 3 удаа давтана.
Гарч болох хүндрэлүүд
Навч цайвар болж өнгөө алдах, хуучин навч шарлаад, ерөнхий ургалт зогссон, цэцэглэхгүй байвал – гэрэл дутсан, тэжээл дутсан.
Навчин дээр шар хээ гарч байвал – хөрс хэт шүлттэй байна. 
Навч унжийгаад, ургамал сулраад, бундуу цэцэг унаад байвал - хэт сэрүүн орчинд байна. 
Навч шарлаад унаад байна, эсвэл шарлаж амжилгүй унаад байна – усалгаа дутсан, эсвэл хүйтэн усаар услаад байна.
Гардения цэцэглэхгүй, эсвэл муу цэцэглэж байна – хөрсөнд хүчил дутаад байна, хатуу усаар услаад байхаар хөрс шохойтой болдог. Үүнээс гадна агаарын хэм хэт өндөр, эсвэл хэт хүйтэн байснаас, мөн хэт хуурай агаараас, гэрэл дутсанаас, тэжээл дутсанаас, эсвэл бордоо хэтрүүлснээс гэсэн шалтганууд байна.
Навч шарлах нь мөн хатуу, жавартай усаар услаад байдагаас болно. Заавал зөөлрүүлсэн, жаваргүй бүлээн ус хэрэглэдэг.

No comments:

Post a Comment