Sunday, January 1, 2017

Удамбор: тайралт, үржүүлэх аргууд

АСУУЛТ- ХАРИУЛТ: Удамбор 3 настай, 1,6м өндөртэй, сунасан урт болоод байна, яаж мөчир гаргаж тайралт хийх вэ?
Удамборын тайралт
Тайралт хийх хамгийн тохиромжтой цаг - хавар. Дөнгөж ургалт үе нь эхлэж байгаа тул идэвхитэй залуужиж, шинэ мөчир нахиа гаргана.
Хавар тайрахад модорхог удамборын иш халзарч харагдахгүй, хүссэн хэлбэртээ оруулж болдог, хэрэгтэй газраа мөчирлүүлж болдог, мөчирний ургалтын чиглэлийг өөрчилж болдог сайн талуудтай. Үүнээс гадна аль ч улиралд сул, чадалгүй, мөн хатсан, хөгширсөн, өвчилсөн мөчирнүүдийг ямарч улиралд тайралт хийж салгаж болно.
Хавар ид ургаж байгаа үзүүрээс 1-2 навчтай мөчир тасдаж авбал, эсвэл гол ишний үзүүр дээш урт ургаад байвал тайралт хийнэ. Ингэснээр навч болгоны энгэрээс шинэ нахиа-мөчир салаалж гарах нөхцөл бүрднэ. Шинээр гарах мөчир эрүүл, чадалтай ургадаг.
Тайралтыг шилжүүлэн суулгалтаас 2 долоо хоногийн өмнө хийдэг. Тайралт хийнгүүтээ бордож эхэлнэ. Бордоо тэжээл нь шинэ нахиа, мөчир гархад хэрэгтэй. Харин тайралт, шилжүүлэн суулгалтыг нэг дор хийж болохгүй. Ургамал ядаргаанд ороод, сульддаг.
Үндэс болон мөчир, титэмийг хүндэж байгаа ажилбарууд нь ургамлыг маш их стресст оруулдаг. Шинэ нөхцөлд дасах гэж маш их нөөцөө шавхдаг. Иймээс сулавтар, хүч чадал муутай ургамлыг тайрах хэрэггүй.
Титэм засах аргууд
Тайралтыг буруу хийвэл ургамал таны хүссэнээр ургаж өгдөггүй, буруу хэлбэртэй, төлөвлөж байснаас өөр чиглэлээр ургадаг. Буруу гаргасан титэмийг засах маш хэцүү байдаг. Гэхдээ зарим аргуудаар засах гэж оролдож болно: 
1. Нахиа гаргах
Хэрэв титэм нэг талтай /далий бөөртэй/ ургасан бол нөгөө талын нахиануудыг сэрээх хэрэгтэй. Мөчир/ишний үзүүрийг тайрах хэрэггүй. Нахиа гарах цэгний дээр нь зүсэлт хийж өгнө. Зүсэлт нь энгийн (дугуй, хөндлөн, ^ хэлбэрийн гээд) ямар ч байж болно. Эсвэл мөчирний хальснаас гурвалжин, саран хэлбэртэй хэсэг зүсээд авч болно. Үүнийг маш хурц хутгаар хийнэ. Нахиа гарах цэг модны доор байрлаж байвал зүсэлт илүү гүнзгий/өргөн хийгддэг.
Энэ аргаар мөчирний ургалтыг удирдаж блдог. Жишээ нь, ургах цэгийн дээр зүсэлт хийвэл нахиа хурдан ургадаг, хэрэв доор нь хийвэл ургалт удааширч, сулардаг. 
2. Чиглүүлэх
Удамборын ургалтыг мөчир, нахиаг зөв чиглүүлж зохицуулдаг. Мөчир/нахиаг хурдан ургуулах гэж байгаа бол савыг нь, эсвэл модыг өөрийг нь эргүүлж байгаад, мөчирөө эгц дээшээ чиглүүлж өгвөл хурдан ургадаг.
Заримдаа нахиа цухуйгаад гацчихаг. Ийм тохиолдолд уг нахиаг эгц дээшээ харуулж савтай цэцэгээ эргүүлж байрлуулна. Хэрэв мөчирний үзүүрт байрлах нахиаг хурдан хөгжүүлэх хэрэгтэй бол мөчрийг хэвтэй байрлуулна.
Мөчирний үзүүрийг доош харуулвал дугуйрсан хэсгийн дээд талд байрлах нахиа, навч ургаад эхэлнэ. 1-р аргад зааснаар зүсэлт хийвэл энэ хэсэгт мөчир дээш ургана.
Дүгэнхэд: Мөчир эгц дээш чиглэсэн байвал хурдацтай дээш тэмүүлж ургана. Хэвтэй байрлалтай байх юм бол /эсвэл унжсан байрлал нь/ хажуугийн нахиаг сэрээдэг, салаалж мөчирлүүлдэг. Гэхдээ энэ тохиолдолд мөчирний ургалт удааширдаг. 
3. Гэрэл
Ургалтыг мөн гэрлээр удирдаж болно. Далий бөөртэй, буруу хэлбэртэй ургасан модыг хөгжөөгүй талаар нь гэрэлд эргүүлж тавидаг. Энэ хэсэг нь илүү хөгжиж, ургаж эхэлдэг. 
4. Гормон цитокинин
Ургамлын тусгай гормон байдаг - цитокинин. Энэ нь хөгшрөлтийг удаашруулдаг, буруу ургасан титэмийг засдаг, хажуугийн мөчир гаргадаг үүрэгтэй.
Цитокинин гормоныг хэрэглэснээр олон салаа мөчир гаргаж авахаас гадна модорхог удамборын төрлүүдийн хөгшин навчийг удаан тогтоож болдог. /Хөгшин навч яваандаа байгалийн жамаар унадаг/.
АСУУЛТ - ХАРИУЛТ: Удамборын маань хажуугаас хоёр жижиг навч гараад ургаад байгаа юм. 4-6 навчтай болсон байх. Том удамбор маань гэрэл дутагдаад ургалт нь зогссон. Харин шинээр гарсан хоёрыг тасалж аваад өөр саванд суулгамаар байна. Үндэслүүлж байж суулгах уу. Удамбор гэсэн сэдвүүдийг бүгдийг уншлаа. Яг үндэслүүлэх талаар олж чадсангүй. Зөвлөгөө өгнө үү.

Удамборыг үржүүлэх амархан. Зарим хүмүүс ганц навч тасдаад усанд үндэслүүлсэн байдаг. Гэхдээ ингэснээр шинэ мод ургахгүй. Ургах цэг байхгуй учир навчаараа л байгаад байна.
Үрслүүлэхдээ 2-3 навчтай мөчирний дээд үзүүрээс, эсвэл ишний хэсэгтэй навч тасдаж авдаг.
Мөчирөөр үрслүүлэх бол 2-3 навчтай хэсгийг тайрч аваад, доод талын навчийг тасдаад, дээр байгаа навчнуудаа 1/3-ээр нь тайрч уурших талбайг багасгана. Суулгахын өмнө бүлээвтэр усанд дүрж сүүн шингэнийг нь дуустал урсгана. Хөрс ширгэн, навчин, хүлэрт болон элс (2:2:1:0,5) гэж авч хольдог. Эсвэл зүгээр элс хүлэрт хөрстэй хольж болно.
Тайрч авах мөчирний урт навч хоорондын зайнаас ихээхэн хамаарна. Мөчир урт байх тусам сайн. Суулгахын өмнө мөчирний доод үзүүр хэсгийг хутгаар цуулж ангаалгаад, завсарт нь жижиг чулуу юм уу, чудэнзний мод хийнэ. Ингэснээр илүү хурдан үндэслэдэг.
Дээгүүр нь вакумдна. Дулаан газар тавьна. Ойролцоогоор 20 хоног (усанд бол 30 хоног) үндэслэдэг. Үндэслүүлэх хамгийн тохиромжтой улирал 3-4 сар. Үндэслүүлэх орчин +24-32 С дулаан байна.
Удамбор, саваргана, монстера гэх мэтийн ургамлыг агаарт үндэслүүлж болдог. Үүний тулд:
1. Мөчирний зангилааны доогуур нь ташуу зүсэлт хийж өгнө. Зүсэлт нь мөчрийг тойрсон 3-5 см урт өнгөцхөн байна. Мөчирний гол хүртэл зүсэж болохгүй.
2. Чийгтэй хөвд, хүлэр тойруулж боогоод, гадуур нь гялгар уутаар орооно. Ийм боолттой үндэс гартал байлгана. Үндэс 6-8 долоо хоног болж байж гардаг. Гялгар уутны гадуур үндэс шууд харагдаг тул үндэслэсний дараа боолтыг задлаж, хөвд-хүлэрээс цэвэрлэнэ.
3. Үндэслэсэн мөчрийг эх цэцэгнээс салгаж тайраад усанд хийж гялгар уутаар бүтээнэ. Хэрэв сайн үндэслэсэн бол усанд хийлгүй шууд хөрсөнд суулгаж болно.
4. Маш сайн үндэслэсний дараа саванд суулгана.
5. Хөрстэй саванд суулгаад гялгар уутаар бүтээж өгнө. Энэ нь ургалтыг түргэсгэдэг.
Анхаарах зүйл: шууд нарны гэрлээс хамгаалах, услахын оронд шүрсэгчээр чийглэж байх, өдөр бүр гялгар уутаа сөхөж агаар оруулж байх.
Ташуу зүсэлт хийхдээ ариутгасан хурц хутгаар эх цэцгийг гэмтээлгүй зүснэ. Мөчирний үзүүр дээрээ 2-3 навч, эсвэл ургах цэгтэй байхад болно.

Цэцэгчдийн туршлагаас:
Энэ модны далий ургасан мөчир эзэнд нь таалагддаггүй байж гэнэ. Гэтэл тэр мөчирнөөс салаалаад 2 нахиа гараад, эгц дээшээ ургаад эхэллээ.
Ургаж байгаа навчнууд нь эрүүл, өнгөлөг харагдаж байгаа ч мод өөрөө далий, үзэмжгүй ургаад байгаа тул тайрахаар шийдэв. 3 сард далий том мөчрөө хөрөөдөж авлаа. Хоёр залуу нахиаг мөчирний хэсэгтэй нь ингэж тайрч бэлдлээ. Доод талын 3 навчийг нь тасдаж авлаа.
Энэ хоёрыг шууд хөрсөнд суулгалаа. Хэсэг хугацааны дараа шинэ навч ургаж эхэлсэн тул үндэслэсэн байна гэж ойлголоо.
Харин хөрөөдөж авсан мөчирний дээд үзүүрийг гэрэл нэвтэрдэггүй савтай усанд хийж тавьлаа. Тайралтын үед тасдаж авсан 3 навчийг мөн л гэрэл нэвтэрдэггүй устай саванд хийлээ.
3 сарын дараа том мөчир маань үндэслэлээ. Гурван навчны хоёр нь мөн үндэслэсэн байв. Үндэслэсэн мөчирөө хөрсөнд суулгалаа. Үндэслэсэн навчнууд ургах цэг байхгүй тул цааш томорч ургахгүйг мэдэж байсан ч туршилт хийх үүднээс мөн л хөрсөнд суулгалаа.
Энэ хоёр навч маань хөрсөндөө эрүүл саруул бараг жил байсан. Харамсалтай нь нахиа гаргаагүй, эцэстээ шарлаад үхэв. Ганц навчаар ургадаггүй гэдэгийг батлав.
Далий ургасан мөчирний үзүүрийг суулгасан маань ийм тэгш, гоё мод болж байна.
Хоёр жижиг мөчирний үзүүрүүд маань мөн л зөв ургалттай эрүүл мод болж байгаа. Үзэмжгүй ургаж байсан модоо тайрсны үр дүнд нийтдээ том хоёр, жижиг хоёр удамборуудтай боллоо. 
"Агаарт үндэслүүлэх арга"-ын тухай урд нь бичсэн байгаа. Гэхдээ энд фото зурагтай үзүүлэхэд:
Тэгш ургасан урт мөчир сонгоод, 4-6 дахь навчны доор үндэслүүлэх хэсэгт байгаа навчнуудыг тайрч авна. Хоорондоо 1,5-3 см урттай хэсэгт мөчирөө тойруулж 2 зүсэлт хийнэ. Хоёр зүсэлтийнхээ дунд хэсгийг хальсыг хусаж авна. 
Зүсэлт хийсэн газар үндэслүүлэгч бодис байвал түрхээд /нунтаг бодис бол сайтар бүрж өгнө/. Дараа нь чийгтэй хөвдөөр 5-6 см зузаантай ороогоод, гялгар уутаар гадуур нь бооно. Хоёр талын үзүүрүүдийг маш сайн бооно. Дотор нь байгаа хөвд хатах ёсгүй, байнга чийгтэй байлгана. Хэрэв хөвд байхгүй бол зүсэлттэй хэсгийг доод талд ниллэг материалаар/гялгар уутаар ороож боогоод дотор нь чийгтэй хөрс, эсвэл перлит, поролон ч хийж болно. Зүсэлттэй хэсэгт тааруулж үүнийгээ ороож сайтар бэхэлнэ.
Үндэс ургахдаа гялгар уутыг нэвт цоолж гарч ирдэг. Эх ургамлаас мөчирний үндэстэй хэсгийг тайрч аваад хөрсөнд суулгана.
Агаарт үндэслүүлэхдээ хүйтэн сэрүүнд зүсэлт хийх хэрэггүй. Мөчир муудаж илжирдэг. Боолтонд байгаа хөвд чийгтэй байгаа үгүйг шалгаж айх хэрэгтэй. Нэг удаагийн тариураар хөвдөнд ус оруулж байх амар байдаг. Үндэс гарангуут салгаж авч болно.
Усанд үндэслүүлэх бол нартай газар байрлуулна. Ойр ойрхон усаа сольж байх хэрэгтэй. 1-1,5 сарын дараа үндэслэнэ.
Мөн мөчирний хэсгийг чийгтэй элсэнд үрслүүлж болдог. Тайрч авсан мөчирийг бүлээн усанд сүүн шингэн гарж дуустал угаана. Дараа нь ил тавьж хатаана. Чийгтэй элстэй багавтар саванд суулгаад дулаан газар /хүлэмжинд/ хийнэ.
Хэрэв фикус навчнуудаа гөвсөөр дээд үзүүртээ хэдхэн навчтай халзан урт үзэмжгүй мод болсон бол навчтай хэсгийг агаарт үндэслүүлээд шинээр үрслүүлж ургуулж болно.
Удамборыг сүлжиж штамб мод гаргах арга
Үзүүлэлтүүд: 1,5 настай, өндөр 35 см, анх 3 иш хамтад нь суулгаж байсан. Одоо энэ 3 иш нь хатаж модорхог болсон, бүгд адилхан өргөнтэй (4-5 мм).
1) Хурц хайчаар доод хэсгийн мөчирнүүдийг тасдав (Нийт өндөрийн 2/3 хүртэл). Тйрч авсан мөчирөө үрсэлгээ болгож усанд хийлээ - заримыг нь хүлэрт хөрсөнд, заримыг нь нүүрстэй усанд.
2) Өрөөний хэмтэй усаар 3 халзан ишийг шүршнэ (тайралт хийсэн газруудын сүүн шингэн ч бас угаагдна).
3) Ванны өрөөнд оруулж халуун шүрсүүр ургаж, ууранд нь цэцгээ 30 минут байлгалаа. Усаар шүрсэж, халуун саунд байлгахад мөчир дэвтэж зөөлөрдөг. Одоо сүлжэхэд уян хатан боллоо.
4) Болгоомжтой сүлжиж эхэлнэ, зүсэлт хийсэн газруудыг модны нүүрсний нунтагаар эсвэл корица буюу cinnamon гэх анхилуун үнэртэй амт оруулагчаар мөн түрхэж өгч болно.
Мөн хөрстэй саваа гялгар уутаар боогоод, дээд ишийг бүлээн шүрсүүрт үруулж болно. Жижиг модыг хэвтүүлж байгаад норгож болно. Доор нь 3 ишээ утсаар боож бэхэлнэ.
Залуу иш, мөчир л уян болж сүлжигддэг. Хэт чанга сүлжвэл удалгүй бие биентээгээ наалдаж ургаад нэг мод юм шиг харагддаг болно. Сүлжсэн ч гэж мэдэгдэхгүй, ул мөр үлддэггүй, бага зэрэг овон товон л харагддаг байна. Хэрэв та нэг иштэй мод гаргаж авах сонирхолтой бол чанга сүлжиж болно.

http://www.pro100-cvety.ru/fikus-kauchukonosnyj-kak-sformirovat-kronu/
http://www.missouribotanicalgarden.org/gardens-gardening/your-garden/help-for-the-home-gardener/advice-tips-resources/visual-guides/air-layering-a-dicot-plant.aspx
http://ficusweb.ru/ficus5.html
http://pensionerka.net/sadovye/fikus/fikus.html
http://elektro-sadovnik.ru/index.php/razmnogenie-rastenii/354-razmnogenie-fikusa
http://www.botanichka.ru/blog/2009/12/04/ficus-elastica/

4 comments:

  1. сайн байна уу. таны үнэтэй зөвлөгөөнүүдийг уншиж үзлээ. яг ийм цэцэг манайх үндэслүүлэх гээд аль 6-н сард усанд хийгээд тавьсан юм. одоо хүртэл үндэслэдэггүй. саяхнаас доод талынх нь нэг навч шарлаад уначихсан. яавал энэ цэцгийгээ үндэслүүлээд ургуулая даа. хэлж өгч тус болооч

    ReplyDelete
  2. саяны бичсэн хүн байнаа.манай энэ үндэслэхгүй байгаад байгаа цэцэг хараад байхнээ лемоны мод юм шиг байна. энэ зурган дээрхитэй адил харагдаад байсан чинь лемоны мод навчтай илүү адилхан юм байна. тэгээд гол нь одоо яавал үндэслэх бол зөвлөгөө өгөөч баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu. 6 saraas hoish undes;ehgui bn gedeg nileen gurger ed bh n ee. Zurgiig n yavuulj bolno oo. bodiceceg@yahoo.com. bi tegeed yag limonii mod bn uu, ene deerh ficus bn uu heleed ugoyo oo. Herev muchir n usandaa uhehgui bgaa bol bas uchirtai. Uug n udiid medeej undeslesen bh yostoi. Ustai muchiroo dulaahan, sarnisan zuulun gereltei gazar bailgaad, 10 honogtoo usaa soliod, savaa ugaagaad bgaarai. Buur bolohgui bol undesluulegch bodis gej bdg. Ternees usand n nairuulj boloh yum. Us n het huiten tsonhon deer bvl undesleh n udaashirna. Yutaa ch usand n bailgaad bhaas. Muchiriig n gehdee neg haruulchaarai. Her tom muchir, deerh navchnuud n yamar zeregees n bolood usand n bailgah uu, hursund hiigeed vakumdah uu heled ugiiyoo.

      Delete
  3. хариу бичсэнд баярлалаа. өнөө орой гэртээ хариад зургыг нь дараад явуулья. нээрээ цонхон дээр тавьцан байгаан тэгээд л даараад байгаан байхдаа. за юутай ч орой зургыг нь явуулчаад зөвлөгөө аваад дагая даа.

    ReplyDelete