Friday, April 15, 2016

Клематис тасалгаанд ургуулах

Латин нэршил: Clématis  -  Kле́матис
Орос хэвшсэн нэршил: Ломоно́с, Лозинка
Англи хэвшсэн нэршил: Old man’s beard, Traveller’s joy, Virgin’s bower
Овог: Ranunculaceae / Ранинкулюс. 
Нийт 300 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн байна. Авирч, ороож ургадаг олон наст бут.  Антарктидаас бусад бүх газарт тааралддаг. Анх Европд XVI-р зууны үед тарьж эхэлсэн байна. 
Хэмжээ: өндөр 15 cм-ээс 9 м хүрдэг бол, өргөн нь 25 cм-ээс 3 м хүрдэг байна.
Монголын өвлийг даах чадвартай, хүйтэнд бүрэн тэсвэртэй сортууд бий. 1500 гаруй сортоос өөрт хэрэгтэйг шилж авах бэрхшээлтэй байдаг.
Клематис нь маш их зай эзэлдэг ургамал. Гэрийн нөхцөлд цэлгэр цонхны тавцан, тагтан дээрээ ургуулаад байж болно.
АРЧИЛГАА
Гэрэл
Сарнисан тод гэрэл шаарддаг ургамал. Хамгийн сайн гэрэлтэй цонх, тагтан дээрээ ургуулна. Нарнаас зундаа халхалдаг.
Хэрэв зун задгай агаарт гаргадаг бол хурц нарнаас үндэсний хоолой/ишний доод хэсгийг хамгаална. Ороож, авирч ургадаг ургамлын үндэс сэрүүнд байх шаардлагатай байдаг.
Гэрэл дутвал цэцэгний өнгө өөр өөр гарна. Жишээ нь, зөөлөн нил өнгө гарах ёстой бол ногоон туяатай цагаан, эсвэл сүүн ягаан өнгийн цэцэг гарч болно. Гэрэл нэмж өгөөд, кальцийн нитратаар бордвол цэцэгний эх өнгө сэргээгдэнэ.
Байршил
Өдөртөө 6 цаг зөөлөн нарт үзэж байхаар, салхинаас хамгаалсан нөмөр газар тавьна. Үндэс нь сүүдэрт сэрүүн байх ёстойг анхаараарай. Зүүн болон баруун зүгрүү харсан цонх тохирдог. 

Хөрс
Маш сайн тэжээллэг хөрс авна. Сайн чанарын хар шороо, элс, хүлэрт хөрс, ялзмаг, навчин хөрс байж болно.
Өвөлжилт
Өвөл сэрүүн газар хадгална. Агаарын хэм 0°С хэмээс доошлож болохгүй. +3-7°С хэмд өвөлжүүлэхэд болдог.
Шилжүүлэн суулгалт
2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгана. Заавал савыг нь томруулах албагүй, үндэс болон мөчирнүүдээс нь танаж багасгаад байсан саванд нь дахин суулгаж болно. Зүсэлт хийсэн хэсгүүдэд модны нүүрсний нунтаг түрхвэл элдэв халдвар тархахгүй. 
Цонхон дээр ургуулах бол ямар сорт сонгох вэ?
Урд жилийн мөчирнүүд дээр цэцэг гардаг сортууд тохирдог. Удаан ургалттай байвал илүү тасалгаанд таардаг.
Үндэс маш сайн хөгжсөн, насанд хүрсэн ургамлыг бут хуваах аргаар үржүүлж гаргасан цэцэг шилж аваарай. Эсвэл 2-3 жил ургасан бут байж болно.
Усалгаа
Тааруулж сайн услаж байна. Доогуур усалгаа хэрэглэсэн нь дээр байдаг. Жаваргүй, бүлээвтэр, зөөлрүүлсэн ус авна. Зун ургалт маш хурдан байдаг тул өдөртөө хэд хэд услах хэрэг гарна. Өвөл сэрүүн-хүйтэн газар өвөлжүүлж байгаа бол хөрс чийглэх төдий сардаа нэг-хоёр удаа маш бага усаар услаж байна.
Бордоо
Услах усандаа тогтмол минерал болон органик бордоо найруулж хийж байна. Хамгийн сайн тохирдог бордоо бол ГУМАТ+7, хэрэгцээт бүх микроэлементууд агуулагддаг (1 цайны халбага бордоог 10 литр усанд).
Нэг саванд хөрс солилгүй олон жил байлгаж болохгүй. 2-3 жилд нэг удаа заавал хөрсийг бүрэн сольж сэргээх хэрэгтэй байдаг. Хичнээн сайн арчилсан ч хөрсийг нь солихгүй олон жил болвол цэцэгний хэмжээ жижигрээд ирдэг.
Бордооны N-P-K 10-20-10 харьцаатай байвал тохирно. "10-20-10" гэдэг нь азот, фосфор, калийн агууламж юм. Азот нь навч ургахад нөлөөлдөг бол, фосфор нь үндэс чангаруулж, хөгжүүлдэг. Харин калийн тусламжтай сайн цэцэглэдэг. Клематисын бордоонд азот, калий тэнцүү байх ёстой, харин фосфор нь арай илүү байна.
Тайралт
Тайралт заавал хийгдэнэ. Клематисыг тайралтаар нь 3 бүлэгт хуваадаг.
1-р бүлэг:
Урд жилийн мөчирнүүд дээр цэцэг нь гардаг төрлүүдийг оруулна. Шинэхэн мөчир дээр цэцэг бундуу үүсэх нь ховор байдаг. Энэ бүлгийн клематисууд тусгай арчилгаа шаардаад байдаггүй. 
Онцлог нь: шигүү ургасан цэцэгнүүдтэй. Цэцэгний хэмжээ том биш.
Хэр зэрэг тайрах вэ:
- Зун 6 сард мөчирний цэцэглээд дууссан үзүүр хэсгийг тайрна.   
- Эрүүлжүүлэх үүднээс хөгшин, модорч амжаагүй нахианууд, хүч муу, сулхан, ургалт муутай, мушигралдсан мөчирнүүдийг угаар нь тасдаж авна.
- Залуужуулах зорилгоор тайрах бол – урт мөчирний 1/3 -ээр богиносгоно. Харин хажуу тийш тэлж ургасан мөчирнүүдийг сийрэгжүүлэх үүднээс бүхэлд нь тайрна.
Тайралт хийх 3 үе шат байдаг:
1 – ишний өндөр 20-30 см хүртэл;
2 – ишний өндөр 50-60 см хүрвэл;
3 – нийт өндөр 1-1,5 м хүрвэл.
2-р бүлэг
Хавар зуны туршид хоёр удаа цэцэглэдэг ургамлууд орно. Эхний цэцэглэлт 5-6 саруудад болж өнгөрдөг, удаан үргэлжилдэггүй. Цэцэг нь өвөлжсөн нахианууд дээр гардаг. Дараагийн цэцэглэлт нь зуны дундуур эхлээд намар хүртэл үргэлжилнэ. Хоёр дахь цэцэглэлт нь илүү удаан үргэлжилдэг ба маш олон цэцэг гаргадаг.
Бундуунууд нь шинэ мөчирний үзүүрт гардаг.
Хэр зэрэг тайрах вэ:  Хөнгөн тайралт тогтмол хийнэ.
Хэзээ тайрах вэ:
- зун эхний цэцэглэлтийг дуусангуут цэцэглэж байсан мөчирний үзүүрүүдийг хөнгөн тайрна.
- 2-р цэцэглэлтийн дараа буюу намрын сүүлээр амралт үед нь бэлтгэж бүхэлд нь мөчир нахиануудыг тайрна.
Дараа жил эрт цэцэглүүлмээр байвал нэг наст мөчирнүүдийн 1/4-ийг тайрна. Цэцэглэж байсан хэсгийг бүхэлд нь багтааж тайрна.
Тайралт хийх 3 үе шат байдаг:
1 – ишний өндөр 20-30 см хүртэл;
2 – ишний өндөр 50-60 см хүрвэл;
3 – нийт өндөр 1-1,5 м хүрвэл.
3-р бүлэг
Энэ бүлэгт урт хугацаагаар (3 сараар), зуны турш тасралтгүй үргэлжлэн цэцэглэдэг клематисууд ордог. Энэ бүлгийн сортуудыг "өвсөрхөг клематис" гэдэг.
Цэцэглэлт 7 сард эхлээд 10 сарын дунд хүргэдэг. Цэцэгнүүд нь том хэмжээтэй, ганган, үзэмжтэй. Цэцэг шинэ мөчир дээр гардаг. Арчилгаа огт шаарддаггүй. Өвлийн амралт үед бэлдэх онцын ажил байдаггүй.
Нахиа гарах цэгнээс 5-7 мм дээгүүр тайралт хийж байна. Сайн иртэй, ариутгасан хайч/секатор хэрэглээрэй.
Хэзээ тайралт хийх вэ: хавар эрт 2 сарын сүүлээр, эсвэл намар 11 сарын эхээр.
Хэр зэрэг тайрах вэ: маш сайн тайрна. Хөрснөөс дээш 15-20 сантиметр үлдээгээд бүх иш мөчирнүүдийг тайрна. Хэрэв илүү өндөр (50 см) үлдээж тайрвал хавар цэцэглэлт хоёр долоо хоногийн өмнө эхэлнэ.
Тайралт хийх 3 үе шат байдаг:
1 – ишний өндөр 10-15 см хүртэл;
2 – ишний өндөр 20-30 см хүрвэл;
3 – нийт өндөр 40-50 см хүрвэл.
Суулгалт
Удаан ургадаг сорт шилж сонгоорой. Хурдан ургадаг сортууд нь үндэс сайн хөгждөг тул илүү том сав шаардана. Тасалгаанд том хүнд савтай цэцэг байлгах хэцүү. Мөн том навчтай бол илүү зүгээр. Клематисыг зуны сүүлээр, эсвэл хавар эрт суулгадаг. Энэ нь өвөл амралт үедээ бэлдэхэд хангалттай хугацаа өгдөг. Дараа жилийн зун нь цэцэглэнэ.
Сав том байх тусмаа сайн. Клематис 180 см урт ургаж болдог. Ийм ургамлын үндэс нилээн сайн хөгжиж ургадаг тул зай их шаарддаг. Савны өндөр 50-60 см, 30-45 см өргөн байвал тохирно.  
Доороо дренажны нүхтэй байх шаардлагатай. Үндэс нь сэрүүвтэр, өлөн чийглэг хөрсөнд байх ёстой. Хэрэв хэт их чийгтэй, усархаг хөрс байвал үндэс өвчилнө.
Савны ёроолд зузаан дренаж дэвсэж өгнө. (Дренажны тухай энд.) Савны өндрийн 1/8-ийг хайрга чулуугаар дүүргэнэ. Дараа нь дээр нь ширгэн хөрс, эсвэл сайн чанарын хар шороо (4 хэсэг), компост эсвэл ялзмаг (2 хэсэг), элс (1 хэсэг), мөн хагас стакан суперфосфат болон шохой хийнэ.
Савны дээд ирмэгээс 5 см зай үлдээж хөрсөөр дүүргэнэ. Усыг хөрсөнд удаан тогтоож, амархан урсаж гаргахгүйн тулд хөрсөө доош сайн дарж нягтруулна.  
Суулгах үрсэлгээний үндсийг хувинтай усанд хийж тавьна. Хөрстэй үндэс усанд бүрэн дэвтэх ёстой.
Бэлдсэн хөрсөндөө үрсэлгээгээ суулгаад, дээгүүр нь 5 см хөрсөөр хучиж өгнө.
Савтай хөрс бүрэн нортол сайн усална. Хэт усархаг хөрс байж болохгүй.
Дараа нь авирч ороож ургахад нь зориулж тулгуур тогтоож өгнө. Үндэс гэмтээхээс болгоомжилж аль болох савны ханаар тулгуураа зооно. Тулгуур нь бага зэргийн налуу байрлалтай байж болно. Ургах явцад нь урт нахиануудыг уяагаар боогоод байна. Зөв байрлуулж тогтоовол гарах навч/цэцэгний тоо олон, хэмжээ том байдаг. Сайн шүршиж байгаарай.
Хэрэв зун нь дулаахан бол гадаа ил тавьж болно. Хүсвэл савтай нь нөмөр газар булаад, ургуулж байгаад намар ухаж авна. Ил ургасан бут илүү чанга, хүчтэй болдог. Намар ухаж гаргаад, ургасан мөчирнүүдийг сайн тайраад, сэрүүн газар +2°С хадгална.
1-р сарын дундуур тасалгаанд оруулж ирээд гэрэлтэй сэрүүн цонхон дээр тавьна. +8-12°С хэмд бундуу үүсдэг тул сэрүүвтэр цонхон дээр байлгана. Хэрэв үүнээс халуун өрөөнд шууд оруулсан бол бундуу үүсэхгүй байж болно.
Бундуу гарч ирэнгүүт өрөөний хэмийг +15-18°С болгоно. 2 сарын сүүлээр цэцэглэж эхэлнэ. Нэг цэцэг 7-14 хоног цэцэглэдэг.
Мөөгний өвчинд баригдахдаа амархан. Навчин дээр хар хар толбо үүсэж болно. Гэмтсэн мөчирнүүдийг тайрна. Харин үлдсэн бутаа мөөгний эсрэг бодисоор шүршинэ.
Клематисыг өвөл хэт хүйтэнд өвөлжүүлж байгаад шууд халуун өрөөнд оруулж гэсгээж байгаад амархан үхүүлдэг. Өвөл зөв өвөлжүүлээрэй. Амралт үеээс яаж гаргахаа дээр бичсэн температурын горимыг сайн сахиарай.
Үржүүлэх арга
Жижиг цэцэгтэй клематисууд үрээр амархан ургадаг .Том цэцэгтэй гибрид сортууд зөвхөн вегетатив аргаар. 
Үүнийг бут хуваах байдлаар хийвэл илүү хялбар ба үр дүнтэй байдаг. Бут хуваахыг намар, эсвэл хавар эрт ургаж эхлээгүй байхад хийдэг.

Мөн урт нахиаг хөрсөнд дарж тогтоогоод, үндэслэсний дараа эх цэцэгнээс нь тасдаж авч үржүүлж болно. 

Мөчирний хэсгээр үржүүлж болно:
  
Мөн дараагийн нэг арга нь бутны доод хэсгийг хүлэрт хөрс, эсвэл ялзмагаар өндөр хучаад, доорх мөчирнүүд дарагдтал булна. Хагас жил - жилийн дараа энэ бүх мөчирнүүд доороо өөр өөрийн үндэстэй болсон байна. Үндэслэнгүүт тайрч аваад нэг нэгээр нь тусгаарлаад саванд суулгана.
http://www.wikihow.com/Prune-Clematis
https://linniew.wordpress.com/2011/06/09/get-the-knife/
http://moisad.ua/vyushchiesya-rasteniya/1323-klematis-v-gorshke.html
http://flowersinhome.ru/klematisy-v-gorshke/
http://ru.wikihow.com/%D0%B2%D1%8B%D1%80%D0%B0%D1%89%D0%B8%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C-%D0%BA%D0%BB%D0%B5%D0%BC%D0%B0%D1%82%D0%B8%D1%81-%D0%B2-%D0%B3%D0%BE%D1%80%D1%88%D0%BA%D0%B0%D1%85
http://fialka.tomsk.ru/ugolok/viewtopic.php?f=114&t=12314
http://flo.discus-club.ru/klematis.html

No comments:

Post a Comment