Friday, April 29, 2016

Мини сарнай

Миниатюр сарнайг анх Европт Хятадаас 1810 онд оруулж ирсэн байна. Жинхэнэ хөгжил нь 1918 оноос эхэлсэн гэж үздэг. Швейцарийн нэгэн жижигхэн тосгонд доктор Рулетт дүүрэн бундуутай намхан бут ургаж байхыг анзаарч, түүнийг авч үржүүлээд Rosa Rouletti хэмээх нэр өгж гэнэ. Энэ сарнай нь одоогийн миниатюр буюу давжаа "мини-" сарнайны өвөг дээдэс юм байна. Миниатюр сарнай нь сонгодог ердийн сарнайнаас ялгархааргүй гоо үзэсгэлэнтэй.

АСУУЛТ - ХАРИУЛТ: Мини сарнайг яаж арчилж байх тухай бичиж өгнө үү.
Дэлгүүрүүдэд 15-40 см өндөртэй мини-сарнайнууд төрөл бүрээр худалдаалж байна. Давхар, хагас давхар дэлбээтэй, төрөл бүрийн өнгө туяатай гээд. Үнэртдэг сарнай харин ховор байдаг.
Гэрэл
Гэрийн нөхцөлд урд зүгрүү харсан цонхон дээр сайхан ургадаг. Гэрэл дутахад цэцэглэхээ больдог. Амралт үе нь 11-ээс 3 сарын хооронд. Зун харин хурц наран дор урд цонх тохиромжгүй. Хэт их гэрэл, халуун наранд цэцэг маш хурдацтай дэлбээлээд, хагдраад байдаг. Үүнээс болоод цэцэглэлт яваандаа муудна, гарах цэцгийн тоо багасна. Зун заавал хурц нарнаас халхална!
Сав
Гэрт сарнайг хуванцар ниллэг эсвэл эмальдсан шаазан/шавар саванд ургуулах нь дээр. Жирийн шавар сав нь амархан ус ууршуулдаг тул хөрс дорхноо хатдаг. Хамгийн тохиромжтой сав бол 12-15 см голчтой сав.
Хөрс
Сарнай ямар ч хөрсөнд ургадаг. Гэхдээ хамгийн тохирсон нь тэжээл сайтай хар шороотой, ус бага нэвтрүүлдэг, бага хүчилтэй (pH 5,8–6,5) хөрс гэж тооцогддог. Амархан хатдаг, хөвсгөр (эсвэл хэт элстэй) хөрсөнд муу ургадаг, цэцэглэлт сул. Иймээс ялзмаг, хар шороо адил хэмжээтэй авч хийгээрэй. Хөрсөндөө мөн үнс, суперфосфат чимх төдий бага хийнэ. Заавал дренаж хэрэгтэй. Суулгахдаа 3-5 см гүн байршуулна. Нэг саванд хэт олноор суулгавал доод навч унадаг.
Бордоо
Бордохдоо 2 долоо хоногт нэг удаа органи­к болон минерал бордоог ээлжилж хэрэглэнэ. Минерал бордоонд - цэцгээр гоёдог ургамлын бордоо авна. Тасалгааны сарнай усаар шүршүүлэх дуртай. Навч болон эргэн тойрны агаарыг шүршиж чийгшүүлж байна.
Агаарын чийгшил
Сардаа 1-2 удаа бүлээн шүршүүрт оруулахад илүүдэхгүй. Хуурай халуун агаарт дорхноо аалзан хачиг, улаан хачигт баригддаг. Иймээс шүршүүрт оруулах сайн.
Ойр ойр шүрших хэцүү байвал доор нь 5 см өндөр том "поднос" тавьна. Үүнийгээ 2 см зузаантай хайрга/керамзитаар дүүргээд ус хийнэ. Усны хэмжээ хайраг/керамзитыг давах ёсгүй. Ингэснээр сарнайн орчин тойрны агаарыг чийглэж өгч байгаа юм.
Сарнай халуун хуурай тасалгааны агаарт байхаар дорхноо аалзан хачиганд баригддаг. Урьдчилан сэргийлэхийн тулд заавал 7 хоног бүр урсгал усанд угааж байна. Хэрэв хорхой шавьж илэрсэн бол навч бүрийг барааны савангаар угааж тавьна. Доор байгаа хөрсийг гялгар уутаар битүү бүтээж байж шүршиж, угааж байгаарай. Үүнээс гадна сармисны ханд хэрэглэж болно.
Усалгаа
Услахдаа тохируулж услаж байна. Хавар-зун сайн услаж бордож байна. Хөрсний өнгөн үе хатахлээр дараагийн усалгааг хийнэ. Задгай саванд 2-3 өдөр хонуулсан, зөөлөн, жаваргүй бүлээвтэр усаар услаж байна.
Тайралт
Мини сарнай нь жирийн том сарнайн бутнаас илүү арчилгаа нэхдэг. Цэцэг хагдрангуут тайрч байна. Тайрахдаа цэцэгний доор байгаа 1-2 навчтай нь хамт хайчилж авдаг.
3 цэцэг гарсан бол тэр мөчрийг бүхэлд нь хөрснөөс дээш 1-2 ургах цэг үлдээгээд тайрна. Мөн хэт шигүү олон жижиг навч гаргасан мөчрийг тайрна. Навч хоорондын зай хэт богино байвал ийм мөчрийг бас тайрна.
Хавар бүх хатсан, эсвэл хэт нарийхан, бие биендээ хэт ойр ургасан мөчрүүдийг тайрч хаяна. Үүний дараа үлдсэн бүх мөчрүүдийг богиносгоно. Ингэж бут "залуужиж", олон шинэ мөчир гарна.
Байршил
Миниатюр сарнай ургуулахад онцын хэцүү арчилгаа байхгүй, гэхдээ сайн ургуулж сайхан цэцэглүүлэх бол хүйтэн салхи, нэвт салхинаас хамгаалсан, өглөөний нар үздэг цонхон дээр тавь. Өглөөний нар навчны ус чийг амархан ууршуулж үүгээрээ мөөгний гаралтай "гурилан шүүдэр" болон навч улаан бор "зэвэрхэг" болж хатаж унадаг өвчлөлөөс сэргийлдэг байна.
Үрслүүлэх арга
Өөрийн үндэстэй (өөрөөр хэлбэл залгалт хийгээгүй) сарнайг ногоон мөчрөөр үрслүүлэх нь дээр. Нэг настай мөчирний дунд хэсгээс тайрч авч үрслүүлнэ. Мөчирний урт 10-12 см, дээрээ доод тал нь 3 ургах цэг байх ёстой. Доод ургах цэгийн доор ташуу 45° зүсэлт хийнэ. Хамгийн дээрх ургах цэгээс 0,5-1 см дээр зүсэлт хийнэ. Навчнуудыг таллаж тайрна. Хурц цэвэрхэн, ариутгасан хутга байна. Хутга ариутгахдаа марганцын сул уусмалаар, эсвэл спиртээр арчина. Савны доор заавал дренаж хийнэ. Дренажийн 2-3 см зузаан байна. Дээр нь 10 см зузаан тэжээллэг хөрс хийнэ. Үүнийхээ дээр 3 см зузаан цэвэр голын элс, эсвэл перлит байрлуулна.
Сайн үндэслүүлэхийн тулд тэжээллэг уусмалд дүрнэ (1 л усанд 100 мг Эпин). Мөчирний уртын 1/3-ыг уусмалд дүрнэ. Уусмалд 8-12 цаг дүрнэ. Эпинээс гадна гетероауксин хэрэглэж болно. Энэ тохиолдолд мөчирний үзүүрийг суулгахынхаа өмнө гетероауксины нунтагт дүрж байгаад суулгана. Олон мөчрийг 2-3 см зайтай шигүү суулгаж болно. Дээгүүр нь гялгар уутаар бүтээнэ, гэхдээ навчинд хүргэж болохгүй. Эхний 20-25 хоног агаарын чийгшэлт 90% байна. Үрсэлгээ ургах тусам чийгшэлтийг бага багаар 70-80% багасгана. Үндэс гарах каллус 20-30 хонож үүснэ. Харин уян хатан, чанга үндэс — 40-45 хонож байж гарна.
Шилжүүлэн суулгах
Мини сарнайтай болсон бол шууд сав солих/шилжүүлж суулгах гэж бүү яар. Танайд ирээд 7-10 хоног дасаг. Ихэвчлэн мини сарнайг жижиг саванд 3-4 ширхэгээр нь суулгасан байдаг. Сарнайн үрсэлгээнүүд хоорондоо 1-3 см зайтай л байдаг. Харин жинхэндээ сарнай бол бут болж ургадаг тул зай талбай ихээр шаарддаг. Чихсэн жижиг саванд яваандаа бие биенийхээ ургалтыг дарж эхэлдэг. Мөн ус, тэжээл нь энэ олон бутанд хүрэлцэхгүй. Иймээс заавал шилжүүлж суулгах хэрэгтэй.
Хэт удаан хүлээх бас буруу. Ургамлын үндэс хоорондоо орооцолдоод ургах ба дараа нь бутнуудаа салгах болход үндэс гэмтэж дахин сэргээхэд цаг хугацаа орно.
Дараагийн бас нэг зүйл бол - сарны хуанли. Сарны хуанлийг харж үсээ тайруулах нь мухар сүсэг гэж боддог бол ургамалд үүнийг тоохгүй байж болохгүй. Ямар сартай өдөр услаж бордож байгааг сарнай тоохгүй байж болно. Харин ямарваа нэгэн механик үйлдэлд сарны хөдөлгөөн маш чухал. Сарнайг "сайн өдөр" шилжүүлж суулгавал тоохгүй, юу ч мэдрээгүй мэт ургаад байна. Гэтэл "буруу өдөр" шилжүүлсэн бол ургалт гацна,  эсвэл удаан өвчилнө, сэргэхгүй, сунжирсаар үхэж ч мэднэ. Иймээс Өрнийн зурхайгаар сарнайг шилжүүлж суулгахад таарамжтай сайн өдрүүд нь: Үхэр, Матар, Охин, Хилэнц, Загас байна. Огт оролдож болохгүй өдрүүд бол: Хонь, Арслан, Хумх. Бусад ордтой өдрүүд нь саармаг гэнэ.
Ямар ч ургамал, үр суулгахдаа өсөж байгаа саранд хийнэ. Бүүр болохгүй бол буурч байгаа сар ч болно. Гэхдээ бүтэн сар, шинэ сар болон сарны хиртэлттэй өдрүүдэд огт механик үйлдэл ургамалд хийж болохгүй юм байна!
Шилжүүлж суулгахад хэрэг болох зүйлс:
1. Үрсэлгээний тоогоор сав (диаметр нь 10-12 см доошгүй, гэхдээ хэт том байж болохгүй). Хэт үнэтэй чамин сав авах хэрэггүй - дорхноо л таны сарнайнд багадаад ирнэ. Заавл доороо дренажны нүхтэй байх ёстой. 
2. Сайн тэжээллэг хөрс. Залуу сарнай нь хөгшин бутыг бодвол хөрсний чанарт маш их мэдрэмтгий байдаг.
3. Дренаж болгож керамзит авсан нь дээр. Гэхдээ заавал керамзит байх шаардлагагүй. Сарнай дренажгүй ч гайгүй ургаад байдаг, гэхдээ мэдээж хийсэн нь дээр гэж зөвлөх байна.
Шилжүүлж суулгахдаа гол нь - үндэс гэмтээж болохгүй!
Шинээр цухуйсан нахиа ургаж эхлэхээс өмнө шилжүүлж суулгах нь дээр (ялангуяа зуны улиралд). Хэрэв нахиа ургаад эхэлсэн бол шилжүүлж суулгаж болно. Гэхдээ 2 долоо хоног сарнайны ургалт зогсож " бие нь таагүй" байх болно. Шинэхэн навч, мөчир унжийж болно, орой-үзүүр хэсэг нь хатаж ч болно. Энэ тохиолдолд эрүүл хэсэг хүртэл нь тайраарай. Айх зүйлгүй. Ургамлыг гэмтээхгүй, ирээдүйн цэцэглэлтэнд муугаар нөлөөлөхгүй!
Хэд хоногоос буцаад сэргээд ирэнгүүт наранд тавьж болно. Шинэ нахиа гараагүй байхад нь шилжүүлж суулгасан бол 3 хоногийн дараа л наранд тавьж эхэлнэ. Хэрэв өвөл шилжүүлж суулгасан бол нахиа нь 2 сараас ургаж эхэлнэ.
АСУУЛТ-ХАРИУЛТ: Сая 2 мини-сарнай авсан чинь навч, дэлбээ нь цагаан нунтаг цацсан юм шиг болоод байх юм. Энэ юунийх вэ? 
Зураг дээрх цэцэгний дэлбээ нь мөөгний гаралтай "гурилан шүүдэр" гэж үгчилж орчуулаад байгаа өвчин туссан байна аа. Монголоор өөр оноосон нэртэй байх. Гурил цацсан мэт цагаан хуурай нунтаг үүсдэг. Энэ хэт чийгтэй, хүйтэн сэрүүн орчинд байлгасанаас гарч ирдэг. Мөн хэт ойр ойрхон шигүү цэцэгнүүдээ байрлуулахад бий болно.
Гурилан шүүдэр нь зөвхөн цэцэгний дэлбээ, навч гэхгүй, бүхий л хэсэгт гардаг. Зураг дээрх шиг ийм цэцгийг шууд тайрч хаях хэрэгтэй. Мөөг нь хурдан үржиж, агаараар дамждаг тул бусад хэсэгт тархна, мөн хажуугийн ургамал/цэцгийг өвчлүүлнэ.
Өвчилсөн ургамлыг 10 л усанд 200 г барааны саван болон 20 г зэсийн байван найруулаад шүршинэ. Эсвэл фунгацид бодисоор шүршиж болно. Жишээ нь, "Фитоспорин" гэх орос бодис дэлгүүрүүдэд зардаг.

No comments:

Post a Comment