Monday, April 4, 2016

Даваллия - Davallia

Даваллия (Davallia) - эпифит буюу өөр ургамал дээр тогтож ургадаг, ус, тэжээлээ орчноосоо өөрөө олж авдаг ургамал. Оймын төрөл. Давалия овог.
Эх нутаг: Полинези, Хятад, Японы чийглэг ойд ургадаг. Ойролцоогоор 40 төрөл зүйл байдаг. Тасалгаанд дасаж ургахдаа амархан. Элдэв ааш байхгүй, тусгай арчилгаа шаарддаггүй.
Нялх навчнууд нь тод өнгөлөг ногоон бол хөгширч хуучрахдаа шаргал ногоон өнгөтэй болдог.
Идэвхтэй ургалт үед шинэ навч олноор гардаг бол намар ургалт нь зогсож амралт үедээ ордог. Хавар өдөр уртсаад гэрэл ихсэхлээр навч шинээр гарч эхэлнэ. Ойм нь цэцэглэдэггүй.
Энэ оймын онцлог нь мөлхөө бүдүүн үндэстэй. Үндэс нь бор өнгөтэй, мөнгөлөг үсэрхэг бүрхүүлтэй, дээш ургаж савнаасаа гараад, гадуур нь унждаг. Үндэсний урт 90 см хүрч болдог. Үсэрхэг үндэснээс нь болоод даваллияг "туулайн хөл" гэдэг байна. Үндэсийг тайрч болохгүй, чөлөөтэй унжуулж ургуулдаг.
Тасалгаанд ургуулахдаа ихэнхдээ унждаг саванд ургуулдаг.
Тасалгаанд ургуулдаг төрөл: Davallia dissecta, Davallia trichomanoides, Davallia pentaphylla, Davallia fejeensis.
АРЧИЛГАА
Гэрэл
Шууд нарны тусгалаас хамгаалсан тод гэрэлтэй газар байрлуулна. Зуны улиралд зүүн зүгрүү харсан цонхны тавцан илүү тохирдог. Зундаа сүүдрэвч, нарнаас халхалсан тагт болон модны сүүдэрт савтай нь гаргаж болно.
Агаарын дулаан
Зун агаарын хэм +18-22°C байна. Өвөлдөө +15°C-аас доошгүй байлгана. Хүйтэн салхи, нэвт салхи, онгорхой цонх, агаарын огцом өөрчлөлт г.м-ээс хамгаална. Хэт сэрүүн өрөөнд байлгавал бүх навчаа гөвдөг, хавар эргээд шинээр навч ургана.
Агаарын чийгшил
Оймын энэ төрөл нь хуурай агаар даахдаа сайн. Гэхдээ чийглэг агаарт илүү олон өнгөлөг ногоон навч гаргадаг. Зөөлрүүлсэн жаваргүй усаар шүрших сайн. Үсэрхэг үндэсийг хатааж болохгүй.
Усалгаа
Зөөлрүүлсэн, бүлээвтэр усаар усална. Зундаа сайн услаж байна. Хөрсийг байнга чийглэгдүү байлгана. Харин өвөл багасгаад, тохируулж услаж байна. Хэрэв өвөл нь бүх навчаа гөвсөн бол, хөрс хатаахгүй төдий л маш бага услана.
Ус үсэрхэг үндэсрүү хүргэж болохгүй.
Бордоо
Навчаар гоёдог ургамлын бордоог хоёр дахин шингэн найруулаад хэрэглэнэ. 5 сараас эхлээд 8 сарыг дуустал хоёр долоо хоногт нэг удаа бордож байна. Өвөл борддоггүй.
Шилжүүлэн суулгалт
Шилжүүлэн суулгалтыг хавар 2 сарын сүүлээр, 3 сарын эхээр хийдэг. Залу ургамлыг жил бүр, харин хөгшин ургамлыг зөвхөн үндэс савнаас хэт хальж, унжиж ургасан тохиолдолд шилжүүлнэ. Даваллияд намхан жижиг сав хэрэгтэй. Үндэс нь хөрсөнд шигдэж гүн ургадаггүй. Эпифит учир том, гүнзгий савны хэрэг байдаггүй. 
Хөрс
Хөрс бага зэрэг хүчиллэг талдаа байвал сайн. Жишээ нь:
1 хэсэг хөнгөвтөр ширгэн хөрс,
2 хэсэг навчин хөрс,
2 хэсэг хүлэрт хөрс,
1 хэсэг хөвд сфагнум,
1 хэсэг элс,
0,1 хэсэг модны нүүрс.
Үржүүлэх арга
Үндэс/бут хувааж үржүүлнэ. Бутыг хэдэн хэсэгт хуваана: хэсэг бүр доороо үндэстэй, дээрээ навчтай байх ёстой. Хурц ариутгасан хутгаар зүсэлт хийнэ. Шархтай газруудыг модны нүүрсний нунтагаар бүрнэ. Хөрсөнд гүн булах хэрэггүй. Бага зэрэг дарж тогтоогоод болоо.
Үндэсний хэсгээр үржүүлж болно.Тайрсан үндэсний хэсгийг хөрсөнд булах хэрэггүй, шууд илжрээд харлаад муудна. Хөрсний дээр ил тавиад, хөдөлгөөнгүй болгож юмаар тогтоож болно. Яваандаа үсэрхэг бүдүүн үндэс дээр жижигхэн бутнууд ургаж эхэлнэ.
Спор буюу навчны ард ургадаг үрээр мөн үржүүлж болно. Гэхдээ энэ нь нилээн ажиллагаатай, удаан үргэлжлэх процесс юм.
Гарч болох хүндрэлүүд
Навч харлаад, хатаад байвал - тасалгааны агаар хэт халуун, хэт хуурай байна.
Навч өнгөө алдаж, цайраад сааралтаад, сул унжийгаад байвал – нарны гэрэл дэндүү хурц байна.
Навч шарлаад, мушигралдаад, унаад байвал / залуу навчис сулраад, унжийгаад үхээд байвал - хэт сэрүүн, хүйтэн газар байлгаснаас, нэвт салхи, хүйтэн салхинд байлгаснаас, эсвэл усалгааг жавартай хүйтэн усаар хийдэгээс болсон байна.
Навч өвөл шарлаад унаад байвал – ердийн үзэгдэл, хавар эргээд шинэ навч ургана.
Цагаан далавчит, трипс зэрэг амархан үрждэг.
Чийг дутвал навч, эсвэл навчны үзүүр хатддаг, хүйтэн агаараас навч мушигралддаг.
Хуурай агаарт навчны уг шарлаж үхдэг, мөн навчны үзүүр хатаж болдог.
Усалгаа хэтрүүлвэл шарлаж, сегментуудаа гөвдөг.
Тод наранд навч түлэгддэг.
http://greendom.net/catalog/d/237-davallia.html
http://happyflora.ru/view_post3.php?latter=100
http://www.flowerbank.ru/?p=3171

No comments:

Post a Comment