Tuesday, June 7, 2016

Лаврын мод

Лавр (Laurus) нь Лавр (Lauraceae) овгийн ургамал.
Эртний грекууд Аполлон бурхандаа лаврын модыг зориулж байжээ. Лаврын мөчрөөр хийсэн титэм нь нэр алдар, ялалтын бэлэг тэмдэг болж ирсэн байна. Лауреат (лат. laureatus) гэдэг үг нь лавраар өргөмжилсөн гэсэн утгатай.
Европд XVI зуунд тарьж эхэлсэн байна. Ямарч нөхцөлд зохицож чаддаг тул хагас зэрлэг байдлаар Кавказ, Хар тэнгис, Газар дундын тэнгис орчмоор ихээр тархсан байна.
Тасалгаанд Эрхэмсэг лавр буюу Лавр благородный (Laurus nobilis) ургуулдаг. Намхан, мөнхийн ногоон мод/бут. Навч зузаан, хатуу, гялгар.
Лаврын навч нь — хүчтэй үнэртэй хоол амтлагч. Лаврын навчнаас мөн лаврын тос гаргаж авдаг. Лаврын тос нь эрт дээр үеээс ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн байна. Эрхэм лавраас гадна канарын буюу Азорын лавр (Laurus L. azorica) цонхон дээр ургуулж болно.
АРЧИЛГАА
Гэрэл
Гэрэлсэг ургамал. Урд, зүүн урд, баруун урд зүгрүү харсан цонхон дээр ургуулахад тохирно. Өвөл сэрүүн өрөөнд байлгадаг, зун — задгай агаарт.
Сүүдэр газар ургаж чадна, гэхдээ тод сарнисан гэрэл илүү тохирно. Гэрийн нөхцөлд хурц нарны гэрэл доор тавьбал амархан хатаад байдаг.
Зун хурц наранд  шууд гаргаж тавьж болохгүй. Аажмаар наранд дасгаж байж гадаа гаргана. Хурц нарнаас хамгаалж байрлуулна.
Лаврын мод байгаа өрөөг тогтмол агааржуулж байх хэрэгтэй. Нэвт салхи, хүйтэн салхи, онгорхой цонх, үлээдэг төхөөрөмжөөс хол байлгана.
Зөв хэлбэртэй, жигд навчин бүрхүүлтэй титэм гаргаж авахын тулд савтай модоо тогтмол сард 1-2 удаа эргүүлж байна. Нэг бөөрөөрөө гэрэлрүү тэмүүлээд далий хэлбэртэй, үзэмжгүй титэмтэй болно.
Агаарын дулаан
Дулааны өөрчлөлтийг харьцангуй сайн даадаг. Зун хамгийн тохиромжтой агаарын хэм +20-26°С байдаг. Намар агаарын хэмийг +10°С хүртэл бууруулж болно. Өвөл сэрүүн/хүйтэнд (+5°С) өвөлжүүлнэ. 
Ийм нөхцөл бүрдүүлж чадахгүй бол аль болох сэрүүн (+15°С)-д байлгана. Сэрүүнд өвөлжүүлвэл зун ургалт хурдан байдаг.
Хавар идэвхтэй ургалт үе эхлэхэд агаарын хэмийг +17-19°С болгоно. Зундаа агаарт гаргавал илүү сайн ургана.
Усалгаа
Лавр усанд дуртай ургамал. Зөөлөн, жаваргүй бүлээвтэр ус хэрэглэнэ. Зуны улиралд өглөө оройдоо өдөрт хоёр удаа услаж байна. Усалгааг хэтрүүлж болохгүй, шингээж чадах хэмжээнд нь хангалттай сайн услана. Илүүдэл усыг доорх суурь саванд үлдээж болохгүй. Хөрсийг байнга өлөн чийглэгдүү байлгана.
Амралт үе буюу намар-өвлийн улиралд усалгааг багасгана. Хөрсөө бүүр хатааж болохгүй. Сэрүүн хүйтэнд өвөлжүүлж байгаа бол усалгааг бүүр цөөрүүлнэ. Агаарын хэмээс шалтгаалж усалгааг их/бага хийнэ. 
Савны ёроолд заавал зузаан дренаж дэвсэж өгнө.
Агаарын чийгшил
Чийглэг агаар маш чухал тул өдөр бүр зөөлөн, шүүсэн усаар шүршиж байна. Өдрийн халуунд навчин дээр усны дуусал бий болтол норгож шүрших хэрэггүй. Түлэгдэж болно.
Өвөл чийгтэй даавуугаар навчны тоосыг арчиж байна. Навч шарлаад байвал агаар хэт хуурай байна гэсэн дохио. 
Хавар-зундаа бүлээвтэр шүршүүрт угааж байх сайн. Навчинд наалдсан элдэв хорхой шавьж, тоос зэргийг урсгаж арилгана. Харин өвөл шүршүүрт оруулахын оронд усаар шүршиж болно.
Хэрэв өвөл өрөөны дулаан +18° хэмээс дээш, хэт хуурай халуун байвал модны хажууд чийгшүүлэгч аппарат ажиллуулвал сайн. Эсвэл орчны агаарыг ойр ойрхон шүршиж чийглэж байна.
Хуурай агаарт маш амархан хорхой шавьж үрждэг. 
Хөрс 
Хөрс нь ус, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Гэрийн нөхцөлд ургуулах бол дэлгүүрт зардаг "универсал" бэлэн хөрсний бэлдмэлүүд авсан нь дээр. Хэрэв хөрсөө өөрөө бэлдэх бол:
2 хэсэг навчин хөрс
1 хэсэг ширгэн хөрс
2 хэсэг ялзмаг
1 хэсэг том ширэгтэй элс
1 хэсэг хүлэрт хөрс гэж авна.
Бордоо
Хэрэв ургалт гацсан мэт ургахгүй байвал тэжээл дутаж байна. 3 сараас эхлээд 10 сарыг дуустал бордона. Бордоог 2-3 долоо хоногт нэг удаа хийдэг. Органик, минерал бордоог ээлжилж хийж байж болно.
Лавр органик бордоог шингээхдээ сайн (жишээ нь, шувууны сангасыг усанд найруулж 1:20 хэрэглэж болно). Минерал бордоо нь ямар ч комплекс бордоо байж болно.
Шилжүүлж суулгах
Ургалт удаан тул байн байн шилжүүлж суулгаад байх шаардлага байдаггүй. Залуу модыг жил бүр, харин 3-аас дээш настай бол 2-3 жилд нэг удаа, 5-аас дээш настай бол 3-4 жилд нэг удаа шилжүүлж байна.
Сав үндсээр дүүрсэн байдлаар шилжүүлж суулгах үгүйг тодорхойлж болно. Сайн ургахад дренаж чухал, доор нь заавал хийх хэрэгтэй. 
Шилжүүлэн суулгалтыг хавар хийдэг. Хөрс амьсгаалж байх ёстой - сийрэг хөвсгөр байна.
Шинэ сав нь урьдахаасаа бага зэрэг том байна (2-3 см диаметрээр).
Шилжүүлж суулгасны дараа 1-2 сар бордох хэрэггүй.
Үрслүүлэх арга
Үржүүлэх аргууд: үрээр, мөчрөөр, бут хуваах гээд хэд хэдэн арга байдаг.
Үрээр
Намар 10 сард, эсвэл хавар эрт 2 сард үрнүүдээ суулгана. Хөрс тэжээллэг байна. Үрний гаднах хальсыг эхлээд хуулж авна. Хөрсний дулаан +20С-ээс дээш, хүлэмжний агаар +22С байна. Үрээ 1 см гүн суулгана. Үр удаж байж соёолно. Заримдаа 3 сар болно. Хурдан соёолуулах бол үрнүүдээ эхлээд 3 өдөр марганцын бүдэг ягаан уусмалд дэвтээнэ.
Хөрсөө сайн чийглэж услаад, үрээ байрлуулаад, хөрсөөр 1 см зузаан хучаад, гадуур нь вакумдана. Соёолтол нь өдөр бүр нээж 20 минут агаар оруулж байна.
Хөрс байнга чийгтэй байх ёстой. Хөрс хатвал үр үхдэг. Соёолонгуут вакумаа авна. Гэхдээ хөрсний чийгийг анхаарч байна. Хатааж болохгүй. Гурав дахь жинхэнэ навч гарсны дараа тусгаарлаж суулгасан нь дээр. Хөрс: 2 хэсэг ширгэн хөрс, 1 хэсэг элс, 2 хэсэг ялзмаг, ½ хэсэг хүлэрт хөрс тус тус авна. Савны ёроолд дренаж хийнэ. Тусгаарлаж сулгааад сайн услаж тавьна. Услах ус нь бүлээвтэр (агаарын хэмээс 3 хэмээр бүлээн) байна.
Шилжүүлж суулгаад хоёр долоо хоног сүүдэрт байлгана. Дараа нь цонхон дээрээ байрлуулж ердийн арчилгаа хийнэ.
Мөчирний хэсгээр
Хавар мөчирнөөс уян, зөөлөн, гэхдээ шинэхэн ногоон биш биетэй хэсгээс 10 см тайрч авна. Мөчирний хэсэг нь 3 болон түүнээс дээш зангилаа үетэй байна. Чийгтэй хөрсөнд 2 см гүнд суулгана. Ойролцоогоорр 1-1,5 сарын дотор үндэслэнэ.
Мөчирний хэсгийг навчин хөрс, хөвдтэй (1:1) холиод суулгана. Суулгахын өмнө хөрсөө заавал ариутгана. Үрсэлгээгээ гадуур нь вакумдаж хүлэмжний орчин бүрдүүлнэ. Хүлэмжний агаарын дулаан +22С хэмээс буурч болохгүй. Үндэслээд ирэнгүүт дараах бүтэцтэй хөрсөнд суулгана. Хөрс: 2 хэсэг ширгэн хөрс, 1 хэсэг элс, 2 хэсэг ялзмаг, ½ хэсэг хүлэрт хөрс тус тус авна.
Шинэ хөрсөнд суулгаад эхэндээ вакумаа авахгүй байлгана. Хөрсөө хатааж болохгүй. Яваандаа вакумаа аваад, өдөртөө хоёр удаа өглөө оройдоо шүршиж байна. Шинэ хөрсөнд суулгаснаас хойш 1,5 сарын дараа сулхан найруулсан бордоо хийж эхэлнэ. Минерал бордоог органиктай ээлжилж хэрэглэвэл сайн байдаг.
Бордоо хийхээс өмнө хөрсөө услаж чийглэнэ. Шууд хуурай хөрсөнд бордоо хийвэл үндэсээ түлээд байдаг. Залуу лаврыг жил бүрийн хавар шилжүүлж суулгана. 
Гарч болох хүндрэлүүд
Хуурай агаар дааж чаддаггүй. Дорхноо улаан хачиг, аалзан хачиг, трипс, бамбайт зэрэг хорхой шавьжинд баригддаг. Шүршиж байх чухал, хажууд нь чийгшүүлэгч аппарат залгаж болно. Үржсэн тохиолдолд тохирох хор хэрэглэж устгах болно.
Сулхан, цайвар болсон навч - усалгаа дутуу, хүйтэн жавартай усаар усладаг, хатуу усаари усладаг, хөрсөнд тэжээл дутсан зэрэгээс болдог.
Өвөл навчаа гөвөж болно. Амралт үедээ орсон гэсэн үг. Битгий бордож, усалгааг хэтрүүлж хийгээрэй.
Тортогтой мөөг, бамбайт хорхойнд баригдсан бол ногоон саван 5 г, хүнсний сода 5 г тус тус авч 1 л усанд найруулж угаана. Бамбайтыг гараараа түүж мөн болдог.
Арчилгааны гол анхаарах зүйл: халаах төхөөрөмжний хажууд тавихгүй байх, хөрс хатаахгүй байх, агаарын чийгшлийг ихэсгэх тал дээр байнга ажиллах. Өөр онцын зүйл шаарддаггүй.
Ашигласан эх үүсвэр:
http://junglehome.ru/decorativnolistnye/uxod-za-lavrovym-derevom-v-domashnix-usloviyax.html
http://letovsadu.ru/komnatnye-rasteniya/lavr-uxod-v-domashnix-usloviyax.html
http://greenerydom.ru/lavr.php
http://ladyspecial.ru/dom-i-xobbi/sad-i-ogorod/derevya/lavrovoe-derevo-lavr-v-domashnikh-usloviyakh
http://greendom.net/catalog/m/401-laurus.html

No comments:

Post a Comment