Monday, July 4, 2016

Сарнай - Роза

АСУУЛТ - ХАРИУЛТ: Hi. Ih goy fb bnaa.oros sarnaig chimhej ih cecegluulj bolohuu. Manai ceceg hetrhii deesh urgaad nalaad bn. Oros sarnain zuvulguu oriulaach. Thx.
Орос сарнай гэж нэрлэж заншсан төрөл нь чайно-гибридная гэсэнд орно. Тасалгааны нөхцөлд ургуулахад арчилгааны хувьд мини-сарнайгаас айхтар ялгараад байх юмгүй. Тайралт л өөр. Хуучин блогт байсан бичлэгийг тавьлаа:
Сарнай — Сарнайн бүлэг, Нохойн хошуу овогт ордог ургамал (лат. Rósa, англ. Rose).
200 жилийн өмнө 1000 гаруй сорт байсан байна. XX-р зуунд аль болох том цэцэгтэй, алаг содон өнгөтэй г.м. цэцэг гаргаж авахаас гадна хуучин "классик" сарнайны нялуун үнэрийг алга болгох гэж хичээж ирсэн байна.
Сарнайн нэгдсэн ангилал гэж байдаггүй иймд зэрлэг сарнай, цэцэрлэгийн "классик" сарнай, орчин үеийн цэцэрлэгийн сарнай гэж 3 хуваадаг байна.
Хүн бүр энэ цэцэгний талаар хангалттай их мэдлэг, мэдээлэлтэй байдаг тул шууд арчилгааны талаар бичъе.
Тасалгаанд гол төлөв 4 төрлийн сарнай ургуулдаг ч гадна талаас нь харахад ялгаа гэх зүйл бараг байдаггүй байна. Бүгд таван навчнаас бүрдсэн навчтай, том цэцэгтэй (бүрэн дэлбээлсэн үед диаметр нь 4-10 см  хүрдэг), төрөл бүрийн өнгө, туяатай ба зөөлөн, тааламжтай үнэртэй. Гадаа талбайд нохойн хошуунд залгасан сарнай ихэвчлэн ургуулдаг байна. Ийм залгалт хийсэн сарнай тасалгаанд ургах нь муу байдаг. Иймээс тасалгаанд бол өөрийн үндэстэй сарнай ургуулах нь дээр.
Сарнай юунд дуртай вэ:
- урд болон баруун урд зүгрүү харсан цонх, тагт;
- тэжээллэг хөрс;
- дулаан улиралд цэвэр агаар;
- идэвхитэй ургалт үед маш сайн усалгаа (хөрс хатсан үед дараагийн усалгааг хийнэ);
- ургалт үед болон цэцэглэж байхад долоо хоногт нэг удаа бордож байх;
- хэрэгцээт үед савыг томруулж байх.
Сарнай юунд дургуй вэ:
- хүйтэн усаар услахад;
- зуны халуунд хэт халууцуулах;
- муудсан цэцгийг түүж хаяхгүй үлдээх;
- шилжүүлэн суулгах явцад үндэс гэмтээх, хугалах;
- хорхой шавьж гарч ирэх, өвчин үүсгэгч нөхцөл бүрдүүлэх;
- дулаан өвөлжилт.
Дэлгүүрээс таалагдсан сарнайны бут авсан бол юу юугүй шилжүүлж суулгах гэж бүү яараарай. Зүүн, эсвэл зүүн урд зүгрүү харсан цонхон дээр тавьж, шинэ нөхцөлд дасгадаг
Усалгаа: 
Хөрс хатангуут дараагийн усалгааг хийж байна. Ус хлоргүй, том амсартай, задгай саванд 1-2 өдөр байлгасан, тасалгааны хэмтэй, жаваргүй жирийн крантны ус байна.
Хавар сэрж эхлэхэд усалгааг маш болгоомжтой ихэсгэдэг. Шинэ навч олон ургах тусам усалгааг нэмдэг. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлж усласнаас дутуу усласан нь цэцгэндээ сайн. Үндэс илжрэх аюултай байдаг.
Хэт усалсны нэг дохио нь - хөрсөн дээр жижигхэн, үсэрсэн цагаан хорхойнууд (подура) олноор гарч ирдэг. Энэ тохиолдолд усалгааг зогсоох хэрэгтэй. Хэрэв удтал хэтрүүлж услаад байсан бол хөрс ялзарч исэглэн эвгүй үнэр гарна, барихад гарт гулсамтгай, нялцгай байна. Шуурхай арга хэмжээ авахгүй бол сарнай үхнэ. Юуны тулд гаргаж авч хөрсийг сольно. Хуучин хөрснөөс салгаж, үндэсийг сайтар угаагаад, шинэ хөрсөнд хийнэ.
Зун сарнайг маш сайн услах хэрэгтэй.  Ус нь цэцэг, навч бүрдэхэд, өсөж ургахад хэрэгтэй байдгаас гадна зуны халуунд ус их ууршуулж байж сарнай өөрийгөө хөргөдөг байна. Хэрэв сарнайн хөрс хатсан, цэцэг унжийсан бол нартай газраас нь авч сүүдэрт байрлуулаад бүлээн усаар услана.
Хүйтэн ус энэ тохиолдолд маш их хор хөнөөлтэй. Халсан цэцэг дээр хүйтэн ус хийхэд үндэс цочиролд орж гэмтдэг. Үүнээс гадна хүйтэн усыг үндэс уух нь бага байдаг, шууд доош урсаж гардаг.
Халуун өдрүүдэд 2 удаа услах болдог (өглөө, орой). Услахдаа савны хана дагуулж хөрсрүү услах ёстой, навчруу нь биш. Бутны дээрээс навчруу нь услаад байвал навч шарлаж, хар толбонууд үүсдэг ба үндэс амархан ялзрах гээд байдаг. Усалгааг өглөө эрт хийх нь дээр, үдийн халуун наранд услаж болохгуй. Зуны улиралд хангалттай сайн услана, гэхдээ тунаж урссан илүүдэл усыг заавал суурь тавагнаас асгаж байна.
8 сарын дундаас усалгааг багасгаж эхэлнэ. Цэцэглэж байгаа бутыг тэгэх хэрэггүй. 9 сар-10 сард сарнайг услахдаа маш анхааралтай байна. Энэ үед гадаа хүйтэрч сэрүүснэ, гэрт оруулахад харанхуй байна, мөн халаалт ирээгүй байдаг тул хөрс хатах нь удааширдаг. Зун услаж байсан шигээ их ус хийгээд байж болохгүй.
Өвөл сарнайг мөн л болгоомжтой усална. Сарнайг хүйтэн сэрүүн газар өвөлжүүлж байгаа бол бага болон цөөн усалдаг. Услах ус нь хүйтэн байна. Сэрүүнд амрааж байгаа цэцгийг бүлээн усаар услаж болдоггүй. Учир нь цаг хугацаанаасаа өмнө ургаж эхэлдэг, мөн температур огцом савалсанаас болж үндэс гэмтэж, иш өвчилдөг.
Шилжүүлж суулгах: 
Аливаа цэцэг, ургамлыг шинийн 1-15 хүртэл, өсөж байгаа сартай өдрүүдэд шилжүүлэн сулгадаг. Сарнайн шилжүүлэн суулгалтыг маш болгоомжтой хийгээрэй. Савыг томосгож байгаа бол үндэстэй хөрсийг гөвөх хэрэггүй, шууд том савандаа суулгаад, хажуугаар нь шинэ хөрсөөр дүүргэдэг, үндэс оролдох хэрэггүй. Дэлгүүрээс авсан сарнайн үндэс дээр минерал бордооны ширхэг наалдсан байвал түүнийг түүж авах, угаах хэрэггүй. Том саванд суулгахын өмнө хөрсний дээд хэсгийн хуучин хөрсийг хусаж авна. Энэ нь дээр цугларсан давс хужирыг авч байгаагаас гадна хөрсөө аль болох шинэчилж байгаа юм. Сав томруулах тухай эндээс үзээрэй.
Хөрс: Сайн ургахад тэжээллэг хөрс хэрэгтэй. Ширгэн хөрс 4 хэсэг, ялзмаг 4 хэсэг, элс 1 хэсэг гэж авна. Хөрсөндөө мөн удаан задардаг үрлэн бордоо хийнэ.
Сав: Шинэ савны өргөн нь 2-4 см, өндөр нь 5-7 см том байвал тохиромжтой байдаг. Хэт том сав авч болохгүй. Хөрснөөс дээш ургасан хэсэг нь савны хэмжээтэй 1:1 гэсэн байхад болдог. Хэрэв шинэ шавар сав авсан бол (дотор нь урд нь юу ч ургуулж байгагүй), түүнийг эхэлж 2 цаг бүлээн усанд дэвтээдэг. Хэрэв урд нь цэцэг ургуулж байсан бол доторхыг нь ширүүн үрэгчээр үрж, савангүй бүлээн усаар угаана.
Савны ёроолд заавал 1 см зузаан дренаж хийнэ (керамзитан дренаж нь илүү байна). Хэрэв илүүдэл ус урсах нүхгүй сав байвал, мөн нүх гаргах боломжгүй бол дренажны зузааныг 3-5 см болгож хийнэ. Дренаж дээр эхэлж үрлэн бордоо хольсон хөрсөө хийгээд, дээрээс нь бордоогүй хөрс хийнэ.
Сарнайг хэт том саванд суулгаж болохгүй. Үүнээс болоод муу цэцэглэдэг.
Сарнайн сав багадсан бол ямар ч улиралд савыг томосгож шилжүүлж суулгаж болно.
Шилжүүлж суулгах гэж буй сарнайгаа хуучин савнаас авахын өмнө сайн усладаг, 20 минут байлгаж хөрсөө дэвтээнэ. Үндсээр ороогдсон хөрстэй цэцэг амархан гарах ёстой. Хөрсний дээд хэсгийг хусаад, бэлдсэн том савандаа сарнайгаа байрлуулна. Хэдэн талаас нь тойруулж шинэ хөрсөөр дүүргээд чигжиж өгнө. Савны амсраас 2-3 см зайтай байхаар хөрсөө дүүргэнэ. Услах хэрэггүй. Навчнуудыг шүршиж болно. Суулгасан цэцгээ сүүдэрт, эсвэл хойд талын цонхон дээр тавьна.
Нэг хоноод байнгын байрлах газарт нь тавьна. Энэ нь нартай цонхны тавцан, эсвэл тагт байвал дээр. Халуунд нозоортлоо халаад байхгүй байх тал дээр анхаараарай. Халуун наранд сав халах ёсгүй. Үүний тулд том саванд хийгээд, гадуур нь керамзитаар дүүргэж болно. Эсвэл маш өндөр суурь тавагтай хамт устай хувинд хийж болно. Ус суурь тавганд орохооргүй байхаар.
Бордоо:
Шилжүүлж суулгасны дараа 1 сар болоод бордож эхэлнэ. 2 долоо хоногт нэг удаа бүрэн минерал бордоогоор усладаг - энэ нь үндсээр өгсөн бордоо. Шингэн минерал бордоог устай хольж (маш сул найруулна) навчруу шүршдэг - энэ нь навчаар өгсөн бордоо. Органик бордоог малын бууцнаас авч болно.  
Өвчтэй цэцгийг, мөн дөнгөж шилжүүлж суулгасан цэцгийг бордож болохгүй. Бордоог орой үдэш, усалсны дараа 20 минут болоод хийнэ. Хүйтэнд, эсвэл бороо хуртай өдөр хийдэггүй. Яг л гадаа ургаж байгаа сарнайтай адилхан.
Хуурай хөрсийг шууд бордоотой усаар услаж болохгүй - үндэс түлэгддэг. Өвөл амарч байхад бордож болохгүй.
Бас нэг зарчим бол - дутуу бордох нь хэтрүүлснээс дээр байдаг. Хэтрүүлсэн бордоо нь хөрсөнд давс болж хуримтлагддаг, хөрсний дээгүүр хужир болж гарна, мөн үндэсийг бүрхэж, гадаргуйтай болгосноос болж үндэс усаа сорж авч чадахаа больдог. Мөн үүний адил бордооны концентрацийг тохируулж байх хэрэгтэй. Сайн мэдэхгүй бол маш сул уусмал найруулж хэрэглэх нь хүчтэй бордооноос дээр. Хүчтэй бордоо үндэс түлдэг.
Бордоог байнга солиод байх хэрэггүй. Дассан бордоог нь өгч байх илүү дээр байдаг. Ургамал нь яг л хүнтэй адил, нэг л төрлийн иддэг хоолонд дассан байдаг, шинэ хоолондоо дасах гэж бас цаг хугацаа хэрэгтэй болно.
Бутны гадагш харсан эхний 5-навчитын дээгүүр тайрна.

Зун сарнайн гол арчилгаа нь зөв услах, шүрших, бордох, муудсан цэцэг навч түүж авахад л оршидог. Хагдарсан цэцгийг тасдахдаа хурц хутгаар эхний навчтай хамт тайрдаг. Наранд түлэгдэхээс, хэт халуунд халахаас, өвчлөх зэргээс сэргийлж байх хэрэгтэй. Хэрэв сарнай хэт хурдан ургаад, шилжүүлсэн савандаа багтахгүй байвал шинийн 1-15 буюу өсөж байгаа сарнаар дахин том саванд шилжүүлж суулгаж болно. 
Цонхон дээр байдаг сарнай гэрэлрүү тэмүүлж, далий, нэг бөөртэй болж ургадаг. Иймээс савтай цэцгээ үе үе эргүүлж байгаарай.
Намар сэрүү ороод, шөнөдөө +12-15С болоод ирэхэд тагтан дээрээс оруулж, урд зүгрүү харсан цонхон дээр байрлуулна. Сарнай цэцэглэж дуусангуут, өвлийн бэлтгэлд орно - усалгааг цөөрүүлж (хөрсийг 1-2 хоног хуурай байлгах), бордохоо зогсооно.
Намар сарнайг сайн тайрдаг. Мөчир бүрт 5 навч үлдээгээд тайрна, навч тасдах хэрэггүй. Тайралтыг мөн л шинийн 1-15-нд ургаж байгаа сартай өдрүүдэд хийдэг. Намар тайралт хийхгүй бол дараа жилийн зун сарнай хамаагүй хожуу цэцэглэнэ, цэцэглэлт маш ядмаг, цөөн байна, сарнайн бут үзэмж муутай харагдна. Хэрэв намар тайраагүй бол хавар үүнийг хийж болно. Тайралтыг хавар хийхдээ ишнээс 10 см үлдээгээд тайрна. Үүний дараа маш олон шинэ нахиа, мөчир гарна. Энэ нь олон цэцэг гарна гэсэн үг.
Өвөл сарнай ургахгүй, цэцэглэхгүй, үлдсэн навчнууд нь бага багаар унаад, үзэмжгүй байдаг. Энэ үед хийх гол арчилгаа бол - хааяа нэг услах (хөрс хатсанаас хойш 2-3 хоноод нэг услана), мөн усаар шүршдэг. Халаалттай байранд хэт хуурай халуун агаар байдаг тул цэцэгнийхээ доор устай поднос байрлуулах, чийгтэй хайрга, керамзиттай саван дээр тавих г. м. арга хэмжээ авна.
Хэрэв бололцоотой бол сарнайг сэрүүн цонхон дээр тавьдаг (агаарын хэм +15-17С-ээс хэтрэхгүй байхаар). Төвийн дулаантай жирийн байранд 2 арга байна: цонхоо дулаалахгүй байх; эсвэл цонхон дээр байгаа сарнайгаа өрөөнөөс гялгар уутаар халхалж тусгаарлах - өрөөний халуун хуурай агаар нэвтрэхгүй, цонхноос хүйтэн сэрүүн болоод яг таардаг. Ямар ч тохиолдолд халаадаг, үлээдэг төхөөрөмжүүдээс хол байрлуулна (компьютер, зурагт, паар, халаагуур, г.м.)
Сэрүүн газар хадгалах нөхцөл байгаа бол ийм тайралт хийнэ. Иш бүр дээр 5 ургах цэг үлдээнэ. Бутны гадагшаа харсан цэгний дээгүүр тайрна. Дээр үзүүлсэнээр зөв тайраарай. Хэт өндөр, хэт доор, буруу өнцөгөөр тайрах гээд алдаа хийвэл өвлийг давахгүй байж болно. Тайралт хийх нахиагаа сайн бодож байж шилж сонгоорой.
Хэт хөгширсөн, эсвэл өвчилсөн ишийг бүүр угаар нь тайрч хаядаг. Тайралт хийсний дараа сэрүүн өрөөнд байрлуулна.
Хавар шинэ шинэ навч, мөчир ургаж эхэлдэг. Энэ үед усалгааг ихэсгэнэ. Өнгөн үе нь хатсан хөрсийг нэг хонуулаад услаж байна. 5 сарын дундаас цаг агаар тавигдаж, гадаа цэцэг хонуулахаар дулаан болонгуут сарнайгаа тагтан дээр, эсвэл гадагш гаргадаг. Эхний хэдэн долоо хоног хурц тод гэрэл, нарны шууд тусгалд бага багаар дасгадаг. Үүний тулд тагтныхаа хамгийн сүүдэртэй хэсэгт гаргаж байрлуулна. Ойролцоогоор 2 долоо хоноод гэрэл ихтэй газар байрлуулна.
Тайралт:
Сарнайг жилдээ 2 удаа тайрах хэрэгтэй байдаг: намар, хавар. Тасалгаанд хэт том ургасан сарнайг заавал тайрна. Намар тайраагүй бол хавар хийж болно. 
Тайралтын 3 төрөл: хүчтэй, дунд, хөнгөн.
Хүчтэй тайралт
Үүнийг залуу мөчир, нахиа сайн ургуулахын тулд, үндэс бэхжүүлэхийн тулд хийдэг. Хүчтэй тайралтыг зөвхөн доорх тохиолдлуудад хэрэглэнэ:
- суулгацууд;
- залуу сарнай;
- сул, болон тайралт хйигээгүйгээс хэт шигүү ургасан бут;
- тайрах болсон хэт том ургасан "чайно-гибридная" төрлийн сарнай (Монголд ихэнхдээ энэ төрлийн сарнай ургадаг)
Сүүлийн тохиолдолд хүчтэй тайралт хийснээр урт, салаалаагүй мөчиртэй, том цэцэгтэй сарнай гардаг. Баглаанд хийх сарнай ургуулах бол нэг бутанд 3—5 хэтрэхгүй мөчир үлдээх хэрэгтэй. Мөчир бүр бутны том жижгээс шалтгаалж 3—4 сайн хөгжсөн ургах цэгүүдтэй байна.
Хүчтэй тайралтыг үндэс гаргасан гибрид сарнайд хэрэглэдэггүй. Мөн цэцэгний бундуу нь мөчирний дээд үзүүрт байгаа бутнуудад хийдэггүй.
Доороо 3—4 ургах цэг үлдээгээд тайрна. Энэ нь ойролцоогоор 15 см байна. Штамбаар ургуулж байгаа залуу сарнайн (унждаг мөчиртэй сортууд мөн адил) мөчрийг 15—20 см үлдээж тайрна.
Тайралтыг гадагш харсан ургах цэгээс 1 см дээгүүр хийнэ. Хурц хутгаар бага зэрэг ташуу тайрна. Ташуу, өнцөгтэй тайрахад зүссэн гадаргуугаас ус/чийг амархан ууршиж хатдаг. Тэгш тайрсан нөхцөлд ус/чийг удаан тогтсоноос болж мөчир илжрэх нь амархан байна. Зусэлтийн ирмэг цэвэрхэн, өнгө нь цагаан эсвэл цайвар ногоон байх ёстой.
Дунд зэргийн тайралт
Мөчирнүүд дээр 5—7 ургах цэг үлдээж тайрна (ойролцоогоор 15—25см). Сул, хүч муутай мөчирийг илүү богино тайрна. Дунд зэргийн тайралт нь цэцэглэлтийг сайжруулдаг, иймд үүнийг бүх том, хөгшин бутнуудад хэрэглэдэг.
Гибрид сарнайг ихэнхдээ дунд зэргээр тайрдаг. Тайрахдаа хөгшин мөчрийг илүү их богиносгоно: угнаас нь бага зэрэг үлдээгээд тайрна, харин урд жилийн, үндэснээс шууд ургасан мөчрийг бага зэрэг л богиносгодог. Ингэснээр урт богино тайрсан мөчиртэй бут болно. Энэ нь цэцэглэлтэнд сайнаар нөлөөлдөг байна.
Хөнгөн тайралт
өндөр ургадаг "чайно-гибридные" сарнайд хамаарна, мөн тэжээл муутай хөрсөнд ургадаг, агаарын бохирдол ихтэй газар ургадаг, мөн бундуу нь мөчирний бүх уртаар биш, зөвхөн мөчирний дээд үзүүрт байрладаг сарнайнуудад хамаарна.
Мөчирийн уртыг 2/3 богиносгоно (эсвэл 8—12-р ургах цэг хүртэл). Салаалж ургадаг сортуудын хажуугийн богино мөчирүүдийг тайрна, харин урт мөчирнүүдийг тайрахгүй, тулгуурт уяж бэхэлнэ.
Хөнгөн тайралтыг хэдэн жил дарааллаад хийгээд байж болохгүй. Учир нь бут сунаж, муу цэцэглэдэг болно.
Миниатюр болон газраар халиурсан намхан сортууд маш хөнгөн тайралтанд өртөнө. Зөвхөн хөгшин бутыг л тайрна.
Тайралтыг дараах үе шаттай хийнэ
1. Үндэсний хоолойг хөрснөөс чөлөөлөх, гол мөчирнүүдийн доод хэсгийг цэвэрлэх.
2. Зэрлэг мөчирнүүдийг тайрах. Зэрлэг мөчирнүүд нь голдуу цайвардуу өнгөтэй, улаандуу туяатай байдаг; навч нь жижиг, бүдэг өнгөтэй, мөн илүү их өргөстэй байдаг. Зэрлэг мөчир ургамлын тэжээлийг дэмий үрдэг, гол мөчирнүүдийн ургалтыг дардаг. Тогтмол тайрч байхгүй бол яваандаа шигүү замбараагүй бут болдог. Зэрлэг мөчир тайрахдаа угаар нь, бага зэрэг тавтай нь тайрдаг. Хэрэв зэрлэг мөчирийг хөрс хавиар тайрах бол энэ нь илүү их зэрлэг мөчир ургахад хүргэдэг.
3. Бүх үхсэн, хатсан, хөгшин мөчирнүүдийг угаар нь тайрч цэвэрлэнэ. Өвчтэй мөчрийг эрүүл хэсэг хүртэл нь тайрдаг. Үлдээвэл энэ нь халдварт өвчний эх үүсвэр болно. Эрүүл мөчир тайрхад зүсэлт нь цайвар байдаг (цагаан эсвэл цайвар ногоон). Хэрэв бор өнгөтэй байвал бүүр богиносгож, цагаан, эрүүл зүсэлт гартал тайрна.
4. Хэдэн гол мөчрийг сонгож авна. Эдгээр нь хүчтэй, чанга мөчирнүүд байх бөгөөд үндэсний хоолой хэсгээс шууд ургаж гарсан байх ёстой.
5. Гүйцэт боловсроогүй мөчрийг тайрч хаядаг. Ийм мөчирийг тодорхойлохдоо өргөс мөчирнөөс хэр зэрэг амархан ховхорч байна гэдгээр мэддэг. Хэрэв өргөс амархан хугарч байвал энэ мөчир сул мөчир — үүнийг тайрах хэрэгтэй.
6. Тайралт хийсний дараа бутны угруу хөрс нэмнэ. Тэгэхгүй бол чөлөөтэй, цэвэрлэсэн хэсгээс зэрлэг мөчир ургаж эхэлдэг.
Гэрэл: 
Сарнай маш гэрэлсэг цэцэг, баруун, зүүн, зүүн урд, баруун урд зүгрүү харсан цонхон дээр ургана. Урагшаа харсан цонх тохиромж муутай. Хэт халуунд навч болон цэцэг жижигрээд, амархан цэцэглэж дуусдаг. Хэрэв танай цонх зөвхөн хойд зүгрүү харсан бол сарнай ургуулах хэрэггүй. 
Зуны халуун наранд савтай хөрс халахаас болгоомжил. Хөрстэй хамт үндэс халдаг. Иймд сарнайг цайвар өнгийн саванд суулгаж байх, эсвэл халуун үед (5 сараас 9 сар хүртэл) цэцэгний савыг нарны шууд тусгалаас цагаан цаасаар ороож хамгаалж байх хэрэгтэй.
Намар болон хавар сарнайд гэрэл маш дутагддаг. Иймд өдрийн гэрлийг уртасгаж нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх чухал. Өвөл 5 цагаас эхлээд шөнийн 12 цаг хүртэл унтраахгүй байлгана. Өдрийн гэрэл тусгахдаа цэцэгнээсээ 30 см зайтай байрлуулна. Зөв гэрэлтүүлж өгвөл Шинэ жилээр ч сарнай цэцэглэсээр байна.
Харин зун гадаа тагтан дээр гаргана. Нарны шууд гэрэл авах хэрэгтэй, шилний цаанаас туссан гэрэл биш жинхэн гэрэл нь илүү хүчтэй, илүү нөлөөтэй байна.
Агаарын дулаан:
Сарнай нэвт салхийг үзэж чаддаггүй. Хэрэв байршил солих боломжгүй бол даавуун, эсвэл цаасан хаалт хийж өгдөг. Цэцэгний өндөрийн талтай дүйцэх өндөртэй хаалт хийнэ.
Агаарын чийгшил:
Долоо хоногт 1-2 удаа тасалгааны сарнайн навчийг угааж байх, эсвэл усаар шүршиж байх ёстой. Үүнийгээ орой, нар жаргасны дараа хийх нь дээр. Цонхон дээрх цэцэгнүүдийн завсраар устай сав тавьж байх сайн - ус аажмаар ууршаад агаарыг чийглээд байна.
Сарнайн навчийг усаар шүрших сайн. Оройн цагаар буцалсан хүйтэн усаар шүршинэ. Шүрших усандаа шингэн бордоо найруулж болно. Навчны доод талыг заавал шүршдэг. Манантуулдаг нарийн шүршигч хэрэглэх нь дээр байдаг. Гэхдээ өдөр өнжүүлж хийж байна. Өдөр бүр биш.
Үрслүүлэх арга:
Бут хуваах — хамгийн хялбар арга. Бутыг хавар 4-5 сард хуваадаг. Хэт ургасан бутыг савнаас гаргаад, хурц хутгаар хэд хэдэн хэсэгт хуваана. Хуваасан хэсэг бүр үндэсний хэсэгтэй байх ёстой. Хэрэв эх цэцгийг оролдмооргүй байвал, бүтнээр нь хөрснөөс ухаж гаргалгүй, бутны талаас нь таслаж авдаг.
Хуваасан хэсэг хэт урт үндэстэй бол богиносгодог. Хэрэв гэмтсэн үндэс байвал эрүүл хэсэг хүртэл нь тайрна. Дээр нь байгаа мөчир, ишийг ч мөн адил богиносгоно. Иш бүрт 3-4 навчны зангилаа үлдээгээд тайрна.
Анхаарах зүйл - хамгийн дээд навч гадагш юм уу хажуу тийш харсан байх ёстой, бутны дотогш харж болохгүй. Энэ нь бутыг зөв хэлбэртэй ургуулахад хэрэгтэй юм. Нарийхан болон жижиг мөчирнүүдийг тайрч хаядаг. Үндэсээ усаар зуурсан нялцгай шаварт дүрж өнхрүүлнэ. Үүний дараа цэцгийн саванд суулгана.

Мөчрөөр үрслүүлэх - Хамгийн их түгээмэл арга.
 
Үүний тулд модорхог болсон, ургаж гүйцсэн, нэг настай мөчир шилж авна (4-5 мм өргөн). Хавар ийм мөчирнөөс 10-12 см урттай хэсгүүд тайрч аваад доод навчнуудыг нь тасдаад, дээр нь 2-3 навч үлдээгээд бэлдэнэ. Доод үзүүрийг үндэслүүлэгч бодисонд дүрж болно. Ингээд хөрсөнд шууд суулгана.
Суулгахдаа хөрсөнд ташуу зооно. Хөрс нь дан цэвэр элс, эсвэл цэвэр перлит байж болно. Мөн цэвэр вермикулитэнд суулгаж болно. Үүнээс гадна хүлэрт хөрс, үр бойжуулагч гээд дуртай зүйлдээ суулгаж болно. Суулгасны дараа услана.
 
Дээгүүр нь вакумдана. Гялгар уутаар вакумдах бол навчинд уут хүргэж болохгүй.
Цэвэр перлит, эсвэл цэвэр вермикулитанд суулгаж болно.
 
Вакумдсан үрсэлгээний "хүлэмжийг" өдөрт 1-2 удаа нээж агаар оруулж байх ёстой. Ойролцоогоор 2 долоо хоноод үндэслэж эхэлнэ. Услахдаа шүршиж услаж байна.
 
Вакумдах арга
Үрсэлгээг 25-35 см урттай ч хийж болно. Гэхдээ богино нь дээр байдаг, илүү хурдан үндэслэнэ. 15 см-ээс богинохон хийж хэрэггүй. 
 
Үндэс тайралт хийсэн газар болон мөчирний хажуугаас гардаг. Мөчирний хажуугаас гарсан үндэс амархан үхдэг. Иймд гол үндэс мөчирний доод тайралтаас гарна гэж ойлгох хэрэгтэй.

 
Усанд үндэслүүлж болно                                        Үр бойжуулагчинд суулгасан үрсэлгээ
Усанд үндэслүүлэх бол мөчирний дээд үзүүрт 3-4 навч үлдээгээд, доод навчнуудыг тайраад, өрөөний хэмтэй усанд хийж үндэслүүлнэ. Нилээн сайн үндэсээ ургуулж, салаалуулаад, дараа нь шинийн 1-15-ны хооронд ургаж байгаа сартай өдөр хөрсөнд шилжүүлж суулгадаг. Суулгах сав жижиг байна. Намар хийсэн үрсэлгээ дараа жилийн хавар гэхэд ургаад, цэцэглэж эхэлдэг.
Усанд үндэслүүлсэн үрсэлгээг хөрсөнд суулгаад эхний 4-7 хоног гадуур нь вакумдаарай. Мөн л адил өдөр бүр нээж амьсгалуулж байна.
Сарнай маш олон төрлийн хорхой шавьжинд баригддаг цэцэг. Тэр бүрт нь тохирох хор цацаж хэрэглэнэ. 
http://sixtegh.appspot.com/shemy-obrezki-komnatnyh-roz.html
http://obrezka-sada.ru/uhod-za-rozami
http://video.agaclip.com/w=Cu6F9B2zZdL
http://rose-nw.ru/uxod-za-chajno-gibridnymi-rozami.html
http://sixtegh.appspot.com/shemy-obrezki-komnatnyh-roz.html
http://kustari-vorsma.ru/komnatnye-rozy-sorta-foto/
https://www.youtube.com/watch?v=665HhKlBv4Q
http://design4dom.ru/rasteniya/komnatnye-rasteniya/sovety-po-uhodu-za-komnatnoy-rozoy.html
http://floristika23.ru/peresadka-komnatnyx-rastenij/
http://www.supersadovnik.ru/text/razmnozhenie-rozy-cherenkami-1003477

1 comment:

  1. ene tsetsgiig xaanaas olox bolomjtoi ve

    ReplyDelete