Monday, July 11, 2016

Хосгүй цэцэг - Пассифлора (Passíflora)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Миний хосгүй цэцэг гэж нэрлээд байгаа пассифлора ерөөсөө цэцэглэдэггүй ээ. энэ тухай мэдээлэл оруулж өгөөч.
ПАССИФЛОРА (Passiflora) - ороож, авирч ургадаг, үзэсгэлэнтэй цэцэгтэй ургамал. Passifloraceae овог. Пассифлора (латинаар passio - тэмүүлэх, шаналах, flos - цэцэг).
Уугуул нутаг - Бразил, Уругвай, Парагвай, Аргентин. Жилдээ 2 удаа цэцэглэж жимсэлдэг. Жимс том, 6 см урт, өндөгөн хэлбэртэй, чихэрлэг амттай, ундаа, амттан хийхэд хэрэглэдэг.
Бутны өргөн 15-20 см байдаг бол өндөр нь 120-180 см-ээс дээш хүрдэг. Цэцэг ганган, маш содон сонин бөгөөд том хэмжээтэй (диаметр нь 10 см болон түүнээс дээш), анхилуун үнэр ялгаруулдаг. Ургалт хурдан. Цэцэглэлт 6 сараас эхлээд 10 сар хүртэл үргэлжилдэг.
АРЧИЛГАА
Гэрэл
Хавар шинэ нахиа гарч эхлэнгүүт усалгааг ихэсгэж, нарны тусгалд тавьж, бордож эхэлнэ. Олон цэцэг гаргахын тулд бүтэн жилийн турш хангалттай тод гэрэл гаргаж өгнө. Урд болон зүүн урд зүгрүү харсан цонхны тавцан тохирдог.
Пассифлора тод гэрэлтэй, дулаахан, агаарын солилцоо сайн явагддаг (цэвэр агаартай, гэхдээ нэвт салхитай биш) газар зөв арчилвал сайн ургаж цэцэглэдэг. Зундаа гэрэлсэг тагтан дээр, эсвэл агаарт гаргана.
Агаарын дулаан
Агааржуулалт сайн явагддаг өрөөнд зундаа +40°C хэмийг дааж чадна, гэхдээ ийм газар удаан байлгаж тэвчээрийг нь шалгах хэрэггүй. Өвөл амралт үед орохдоо +1°C хүртэл орчинд байж болдог ч хамгийн тохирсон өвлийн нөхцөл +10-15°C хэм гэж тооцогддог. Амралт үе гаргаагүй бол цэцэглэхгүй. Өвөл сэрүүн +10-15°С, гэхдээ хангалттай их гэрэлтэй газар өвөлжүүлнэ.
Нэвт салхинд тавьбал бүх навч унана.
Бордоо
Бордоог хавар 3 сараас эхлээд намар 9 сарыг дуустал 10-14 хоногт нэг удаа хийнэ. Усласны дараа 20 минут болоод борддог. Минерал, органик бордоог ээлжилж борддог. Минерал бордоо нь бүрэн комплекс бордоо байх бөгөөд бүх микроэлементудыг агуулсан байвал сайн. Малын бууцыг усаар 1:10 сайн шингэрүүлж байж хэрэглэнэ. 9 сараас эхлээд бордоогоо зогсоогоод 10 сард агаарын хэм бууруулангаа усалгааг цөөлөөд багасгадаг. 12 сар гэхэд усалгааг бараг зогсооно, ингэхдээ агаарын хэмийг +10-15°C болгож бууруулна.
Зөв бордоо хэрэглээрэй. Азот илүү агуулсан бордоо нь ногоон масс, навч, мөчир гаргаад байна, цэцэглэлтийг гацаадаш. Иймээс калий, фосфор нь илүү байхаар бордоо аваарай. Бундуу бүрэлдэж байх үед калий илүү их хэрэгтэй байдаг. Цэцэглэлт үед фосфор түлхүү хэрэгтэй байна.
Усалгаа
Усалгааг хлоргүй, бүлээн усаар хийнэ. Урсаж гарсан илүүдэл усыг асгаж байна. Жавартай усаар услаж болохгүй. Зун тогтмол жигд сайн услана. Хөрс байнгын өлөн чийгтэй байна.
Суурь тавганд тунаж хуримтлагдсан усыг асгаж байна, тэгэхгүй бол үндэс илжирнэ. Хавар-зундаа дараагийн усалгааг хөрсний дээд өнгөн үе 2-3 см гүн хатсаны дараа хийнэ.
Бүлээн шүршүүрт тогтмол оруулж навчны тоос арилгана. Мөчир нарийхан, туяхан тул гэмтээхээс болгоомжил. Өвөл усалгааг багасгана. Сэрүүн хүйтэн газар байлгах бол хөрс хатхааргүй байх төдий л бага услана. Өвлийн улиралд усаар шүрших хэрэггүй.
Агаарын чийгшил
Агаарын чийг ихэсгэх тал дээр байнга анхаарж байна. Өдөртөө хоёр удаа буцалсан усаар шүршиж байна. Эсвэл агаар чийгшүүлэгч төхөөрөмж залгаж үлдээж болно. Хурц тод нартайд шүршвэл навч түлэгдэж толбо үүснэ.
Агаар чийглэж байх нь аалзан хачиг, бамбайт хорхой зэрэг гарч ирэхээс сэргийлдэг. Хэрэв үржсэн бол тохирсон хороор 2-3 удаа 7-10 хоногийн зайтай (зааварын дагуу) шүршиж устгана.
Сав, хөрс
Цэцэглүүлэхийн тулд том сав хэрэггүй байдаг. Багавтар савыг үндэсээр дүүргэсний дараа цэцэглэдэг. Хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй. Ер нь бол хөнгөн, тэжээл ихтэй, хүчиллэг рН нь саармаг байхад болдог.
Савны ёроолд зузаан дренаж заавал хийнэ. Савны өндрийн ¼-ийг дренаж эзэлж байна. Дренаж нь мөн савтай цэцгийг хүндрүүлж өгдөг.
Тайралт, хэлбэржүүлэлт
Тайралт хийхдээ санах ёстой 3 зүйл байдаг:
- Пассифлорагийн хуучин мөчир цэцэглэхгүй.
- Хэт их салаалж олон шинэ мөчир, шинэ нахиа гаргахаас сэргийлнэ. Хэт олон салаалсан мөчир дээр цөөхөн цэцэг гардаг. Нийтдээ 2-4 шинэ мөчир үлдээхэд хангалттай.
- Хэт хүчтэй тайралт хийж болохгүй. Хөрснөөс дээш 30-50 см -ээс өндөр бут байх ёстой.
Тайралтыг хавар эрт, ургалт үе эхлэхээс өмнө хийнэ. Ойролцоогоор 2-р сарын сүүлээр хийнэ. Урд жилийн мөчир дээр 2-3 унтаж байгаа нахиа үлдээгээд тайрна. Модорхог хатуурсан хэсэгрүү орж тайрах хэрэггүй. Ийм хатуурсан мөчир/иш дээр шинэ нахиа гарах нь юу л бол. Гэхдээ тайралт нь хөнгөн байх хэрэгтэй. Хүчтэй тайралт нь ургамлыг сулруулдаг.
Хэрэв тайрахгүй гэвэл унжуулж ургуулж болно. Эсвэл өндөр сараалжилсан тулгуур хийж өгч болно. Тулгуураа ороож ургаад үзэмжтэй ногоон хашлага болдог. 
 
Тааламжтай нөхцөл бүрдүүлж өгвөл пассифлора битүү цэцэглэдэг. Бундуу залуу мөчирний үзүүрт гардаг.
Илүү сайн цэцэглүүлэхийн тулд мөчирний поогуур байгаа салаа нахиаг тасдсан нь дээр, дээд үзүүрт нь хэдхэнийг үлдээгээд. Мөн гарах бундууны тоо нь мөчирний ургаж байгаа чиглэлээс шууд хамаардаг. Хэвтээ байрлалтай тогтоовол гарах бундуу илүү олон байдаг байна.
Хэрэв дээшээ босоо байрлалтай тогтоовол мөчир уртаашаа ургаад байна, хэрэв доошоо харуулж ургуулвал – хажуу тийш олон салаа гаргадаг.
Намар цэцэглэлт дууссаны дараа мөчирнүүдийг богиносгож тайрдаг. Бүх хуучин болон цэцэглээд дууссан мөчирнүүдийг тайрна, харин залуу мөчирнүүдийг богиносгодог. Хөгшин мөчирнүүдийг тайрахгүй бол хавар цэцэглэхгүй, эсвэл муу цэцэглэнэ. 
Цэцэг үзэмжтэй, анхилуун үнэртэй ч удаан тогтдоггүй – 1-2 хоног өолоод хагдардаг. Иймээс бундуу олон байх тусам сайн байна.
Шилжүүлэн суулгах,  тулгуур тогтоох
Хавар амралт үе дуусмагц ургаж эхэлнэ. Пассифлорагийн гол мөчрүүдийг (1-2-3) үлдээгээд, дагавар, хоёрдагч мөчирнүүдийг 1/3 тайрна. Ингэснээр цэцэглэлтийг илүү тансаг олон болгодог. Тайрсны дараа пассифлораг том саванд шилжүүлж суулгана. Одоо байгаа савнаас нь арай томд шилжүүлнэ. Шилжүүлж суулгахдаа хэт том сав авч болохгүй. Үндэс савыг дүүргэх гэж цаг авна, мөчир навч ургаад байхаас цэцэглэдэггүй.
Үндэс гэмтэх аюултай тул хөрс гөвөх хэрэггүй шууд суулгаад, хажуугаар нь шинэ хөрс нэмэж хийгээрэй. Хөрс: хүлэрт, ширгэн, компост, ялзмаг (1:1:1) гэж авна. Дээр нь элс нэмнэ.
Залуу ургамлыг 1-2 жилд нэг удаа сав томруулангаа шилжүүлж суулгадаг. Харин том, насанд хүрсэн ургамлыг 3-5 жилд нэг удаа хөрс шинэчлэхийн тулд, мөн үхсэн үндэснээс салгах гэж шилжүүлж суулгадаг. Шилжүүлж суулгасны дараа хэдэн өдөр хагас сүүдэрхэг газар тавьж шинэ хөрс, саванд дасгадаг.
Өөр нэг анхаарах зүйл нь - тулгуур тогтоож өгөх хэрэгтэй. Зөв байрлуулж, зөв тогтоосноос бутны үзэмж болон цэцэглэлт хамаардаг. Тулгуурандаа урт урт сахлаараа ороож тогтдог. 
 
Үржүүлэх арга
Пассифлора модорсон мөчир, мөн үрээр үрждэг.
Үрийг 3-4 дүгээр сард суулгана. Орчны дулаан +18°C хэм байна. Хөрсөн дээр байрлуулаад, давс цацаж байгаа мэт хөрсөөр хагас хучина. Дээгүүр нь вакумдаад хөрсөө доороос нь халааж өгнө. Соёолоод, 4 дэх жинхэнэ навч цухуйсны дараа нэг нэгээр нь жижиг саванд тусгаарлаж суулгана. Хүлэрт хөрсөн үр бойжуулагч шахмалууд хэрэглэвэл илүү хялбар байдаг. Ойролцоогоор 1-6 болж байж соёолно. Үрний шинэ хуучнаас хамаараад хугацаа янз бүр байна.
Мөчрөөр амархан үндэслэдэг. Мөчрөөр хавар (3-4 сард), эсвэл зун (7 сард) үрслүүлдэг. Мөчирний доод, хөрсөнд ойр хэсэг үндэслэхдээ илүү хурдан байдаг. Мөчир урт тул нэг мөчирнөөс нилээн олон үрсэлгээ гарна. Мөчирний дээд болон дунд хэсгүүд арай удаан, гэхдээ үндэслэнэ.
Ойролцоогоор 15-20 см урт, дээрээ 2-3 навчтай мөчирний хэсэг байхад болно. Усанд үндэслүүлэх бол чимх үндэслүүлэгч бодис найруулж болно.
 
Мөчрөөр үрслүүлэхэд +18-21°C хэмтэй орчин хэрэгтэй. Зун 7 сард үрслүүлсэн нь дээр байдаг. Энэ үед зарим төрлүүд дээр агаарын үндэс бий болсон байдаг. Голын цэвэр элсэнд зоогоод үндэслүүлж болно. Гэхдээ найдвартай сайн үндэслүүлэх бол чийгтэй дан перлитэнд хийхэд болдог. Дээгүүр нь вакумдана. Тод гэрэлтэй, гэхдээ шууд нарнаас халхалсан газар байлгавал хоёр долоо хоноод үндэслэдэг.
Үндэс 10 см урт ургахад үрсэлгээг хөрсөнд суулгана. Сав том биш (7-10 см диаметртэй) байхад болно. Доор нь заавал керамзитаар зузаан дренаж хийнэ.
Мөчрөөр үрслүүлсэн бол тэр жилдээ цэцэглэдэг.
 
Цэцэглүүлэх нөхцөл
Гэрэл дутааж, дулаан тохируулахгүй бол цэцэглэхгүй. Бордоо тэжээл хангалтгүй бол цэцэг маш муу гарна, эсвэл огт цэцэглэхгүй. Цэцэглүүлдэг бордоо хэрэглэж болно. Сүүдэрхэг газар цэцэглэхгүй, олон мөчир, навч гаргаад байна.
Цэцэглэсний дараа бүх муу хөгжсөн мөчир, сул нахиаг тайрдаг. Мөн хэт ургасан урт мөчирнүүдийг богиносгодог. Амралт үеийг заавал сэрүүн хүйтэн газар өнгөрүүлнэ. Хүйтэн сэрүүн орчинд амраахад цэцэгний бундуу үүсэж бий болдог. +14-17С хэмд өвөлжүүлснээр цэцэглэлт тансаг, олон гардаг ба удаан үргэлжилдэг.
Хавар цэцэглэж эхэлнэ. Үр хурааж авах бол хиймлээр тоос хүртээх хэрэгтэй болно. Үүнийгээ 2-3 удаа давтаж хийнэ. Цэцэг удаан тогтдоггүй. Долоо хоноод л 3-5 см урт жимс бүрэлдсэн харагддаг. 1,5 сарын дараа үр өөрийн хамгийн том хэмжээндээ хүрдэг, гэхдээ дахин 2 сар болж байж бүрэн боловсорч дуусна. 
Гарч болох хүндрэлүүд
- Пассифлора хангалттай гэрэлтэй бол ямар ч цонхон дээр цэцэглэж чаддаг. Хойд зүгийн цонхон дээр заавал нэмэлт гэрэл гаргаж өгнө. 
- Ургалт зогсоод, навч шарлаад байвал - усалгаа дутсанаас болдог. 
- Урт мөчирнүүдийн үзүүр унжийсан, сул байвал - хэт халуун мөн хэт хуурай агаараас, мөн усалгаа дутсанаас болдог.
- Ургамал сул, навч бүдэг, унжийсан бол - хэт их усалснаас болдог. Доод суурь тавагны усыг асгаж байна. Савны доор заавал дренаж дэвсэнэ.
- Шинээр гарсан навч жижигрээд байна - тэжээл бордоо дутсанаас, гэрэл хангалтгүйгээс.
- Жимс шар хэвээр мөртлөө хар толбо үүсээд, навч үрчийгээд байна - хэт сэрүүн хүйтэнд, хэт өндөр агаарын чийгшилтэй, гэрэл бага газар (намар) байлгаснаас.
- Пассифлора цэцэглэхгүй байна - хэт том саванд суулгасан бол. Хэрэв навч цөөхөн ба байгаа хэд нь хэт жижиг хэмжээтэй, бундуу/цэцэг гарахгүй бол - тэжээл дутсанаас. Хэрэв навч том хэмжээтэй, тод ногоон өнгийн мөртлөө цэцэглэхгүй бол - бордоо хэтрүүлсэн байна. Гэрэл дутаавад цэцэглэдэггүй. Амралт үе гаргаагүй бол цэцэглэхгүй. Өвөл сэрүүн +10-15С, гэхдээ хангалттай их гэрэлтэй газар өвөлжүүлнэ. 
- Нэвт салхинд бүх навч унадаг.
- Шилжүүлж суулгахдаа хэт том сав авч болохгүй. Үндэс хөгжиж, мөчир навч ургахаас биш цэцэглэдэггүй.
- Тайралт (намар цэцэглэлт дууссаны дараа, хавар ургалт үе эхлэхийн өмнө) заавал хийнэ. Шинэ мөчирний үзүүрт цэцэг гардаг юм.
- Буруу услалтаас болоод үндэс илжрэх, эсвэл бүрэн хатсан бол шинээр үрслүүлж ургуулах хэрэгтэй болно. Хэрэв ялзралт, эсвэл хаталт нь дээшээ ишрүүгээ орсон бол жилийн аль ч улиралд залуужуулах арга хэмжээ авч сортоо авч үлдэнэ. Ялзарсан, эсвэл хатсан ургамлыг аварч болдоггүй.

Хорхой шавьж
Ер нь бол пассифлора айхтар их хорхой шавьжинд өртөөд байх нь бага.
- Тасалгаанд ургадаг авирч ургадаг цэцгүүд нематод гэх нялцгай биет өтөнд амархан өртддөг. Навч, иш, мөчирнөөс гадна үндсэнд үрждэг. Хөрстэй хамт халдвар орж ирдэг. Ийм тохиолдолд ургалт зогсож гацдаг, навч нахианууд хумигдаад, ороогдож хэлбэр нь өөрчлөгддөг, мөчир нахианы шинэхэн үзүүрүүд хатаж, үндэсний зарим хэсгүүдэд бөөрөнхий зангилаанууд бий болдог.
Нематодтой тэмцэх хэцүү. Зөвхөн үндэс өртсөн бол эрүүл мөчирнөөс тайраад шинээр үрслүүлээд авч болно. Мөн цагаан хорхойтой хүмүүсийн хэрэглэдэг пирантел (гельминтын эсрэг) эм хэрэглэж болно. Нэг шахмалыг 5 литр усанд найруулж усалдаг. Хөрсөө заавал ариутгасан шинэ хөрсөөр сольно, ургаж байсан савыг нь ариутгаж угаана. Эмээр услахыг хэд хэдэн удаа хийнэ.
- Цэвэр агаар дутвал, мөн агаар хэт хуурай бол маш хурдан аалзан хачиг, гурилан өт, бамбайт хорхой, трипсд баригддаг. Зөөлөн шүршүүрт оруулж байвал сэргийлж болдог.
Зөөлөн, шүүслэг, нимгэн навчнуудад улаан аалзан хачиг дуртай. Навч олноор унаад эхэлвэл, ургалт зогсоод гацчихвал, мөн навчны өнгө бүдэг, цайрсан байвал сайн үзэж шалгах хэрэгтэй. Био-акарицид хор цацах хэрэгтэй болно.
Сэрүүн, хүйтэн орчинд усалгааг хэтрүүлээд байвал мөөгний гаралтай өвчлөлүүд гарна. Навч толботоод үхдэг. Үүнтэй тэмцэхэд фунгицид бодис хэрэг болно. Урьдчилан сэргийлэх үүднээс усалгааг жигд, зөв хийж байх, мөн гэрэл, агаарын дулааныг зөв тааруулж байх хэрэгтэй. Гол анхаарах зүйл - тод гэрэлтэй байлгах, сэрүүн байх тусам усалгааг багасгаж цөөрүүлэх.
- Чийг дутсанаас болоод навчны үзүүр хатаад, навчин дээр толбо үүсэж эхэлнэ. Тортогт хар мөөг үржиж, хар өнгийн цэгэн толбонууд навчны ар талд гарна. Суларсан ургамал дээр аалзан хачиг, трипс, бамбайт гээд бусад хорхой шавьж амархан гарч ирдэг. Устгахын тулд механик цэвэрлэгээ хийж болно: эхлээд шүршүүрт оруулж угаана. Навчнуудыг савантай усаар үрж угааж, ар өвөргүй наалдсан зүйлүүдийг урсгаж цэвэрлэнэ. Ингэснээр хар өнгөр болон хорхой шавьжны нэгээхэн хэсгээс ч болов салдаг. Айхтар их үржээгүй бол ойр ойрхон угааж арилгаж болно. Гэхдээ сайн арилгахын тулд ямар нэгэн хор, бодисоор шүрших нь дээр.
Тортогт мөөгнөөс бүрмөсөн салахын тулд навч бүрийг нэг нэгээр нь чийгтэй хөвөнгөөр арчдаг. Мөн иш, мөчир арчиж болж байвал арчихад илүүдэхгүй. Дараа нь фитоверм, актеллик гэх хор цацна. Зааварын дагуу хэрэглээрэй. Навч, иш, мөчир гээд бүгдийг шүршинэ. Үүнийг гадаа задгай агаарт хийсэн нь дээр. Хор нь муухай үнэртэйгээс гадна хүн-амьтанд хортой, токсик гэдэгийг санаарай.

Ашигласан материал:
http://www.florets.ru/komnatnye-rasteniya/passiflora/
http://www.flowers-house.ru/content.php?r=1324-%D0%9F%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D1%84%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0
http://www.woman56.ru/komnatnie-rasteniya/passiflora-uchod-v-domashnich-usloviyach
http://letovsadu.ru/neobychnye-rasteniya/passiflora-vyrashhivanie-iz-semyan.html
http://pepas.ru/passiflora/72-indigo-novaya-tetraploidnaya-passiflora-dlya-otkrytogo-grunta.html
http://mrsad.ru/dekorativnotsvetushhie/passiflora.html
https://fairdinkumseeds.com/products-page/ethnobotanical-or-medicinal-plants/carnivorus-passionfruit-passiflora-foetida/
https://commons.wikimedia.org/wiki/File:Passiflora_umbilicata_(tendril).jpg

1 comment:

  1. iH SAIHAN MEDEELEL OGCH BGAD BAYRLALAA.MINIII FASSIPLORA DEER SCHIG TSENHER TSETSEG GARAAD YAMAR SAIHAN BSN GEECH,MASCH SONIN SODON HOBOR GOE ZEZEG YUM BILEE,UNER NI SAIHAN,ZEZEG NI BAS HOORHON UDAAN BAIDAG.UNEHEER HACHIRHALTAI GAIHALTAI SAIHAN SODON ZEZEGTEI.IH OLON TOROL BDG GSN. ZEZEGLEED SUULDEE JIMS NI GARSAN ORANJ ONGOTEI JIMS BSN.BID URGAZ HURAASAN KK IDEED UZSEN DAJGUI GOE AMTTAI BSN.ONGORSON JIL NEMJ GERMANAAS ABCHIRSAN UREER DAHIN 2 OOR SORTIIN OOR ZEZEGTEIG TARISAN ENE JIL ZEZEGLENE GJ GORIDOJ BGAA. NADAA ILUU TARISAN BGA,ABAH HUN HOLBOGDOJ BOLNO.BUYANA FLOWER ,FACE-D ZURAG NI BG,

    ReplyDelete