Monday, July 4, 2016

Пилея - Pilea

Пилея зузаан навчит / Pilea crassifolia
Пилея (Pilea)
Халгайн (Urticaceae) бүлд ордог нэг болон олон наст өвслөг ургамал. Цөөн тооны хагас бутлаг төрлүүд байдаг. Австралиас бусад газар тархсан.
Латинаар pileus гэдэг нь «малгай», «бүрхүүл» гэсэн утгатай — цэцэгний өмнөх угтвар навчны хэлбэрээр нэрлэжээ.
Өндөр нь 40 см хүрдэг, чимэглэлийн ургамал. Ургалт маш хурдан.
Пилея зоосон навчит / Pilea nummulariifolia © kaiyanwong223
АРЧИЛГАА
Унждаг хэлбэрээр ургуулвал илүү зохимжтой. Тасалгааны нөхцөлд дасахдаа амархан, хорхой шавьжинд баригдах нь харьцангүй бага, тусгай арчилгаа шаарддаггүй. 
Гэрэл
Пилея сарнисан тод гэрэлд дуртай. Шууд нарны тусгалд байлгах хэрэггүй. Зүүн болон баруун зүгрүү харсан цонхны тавцан тохирно. Урд зүгрүү харсан цонхон дээр байрлуулах бол заавал тюль хөшиг татаж, нарны хурц гэрлийг сааруулан зөөлрүүлэх хэрэгтэй.  
Зун дулаарангуут гадаа задгай агаарт гаргаж болно. Гэхдээ нарнаас халхалж нөмөр газар тавьна.
Өвөл харин хамгийн гэрэлтэй цонхон дээр байрлуулна. Гэрэл дутвал навчны ганган хээ алга болдог, өнгө нь цайраад, хэмжээ нь жижигрээд, навч хоорондын зай уртсаад, суналттай болно. Иймд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгвөл сайн.
Агаарын дулаан
Дулаан орчинд сайхан ургадаг (+25°С). Бүтэн жилийн турш жигд нэг хэмд байлгана. Пилея Кадиер өвөл +15°С хэмийг дааж чаддаг. Пилея-пеперомия төрлийнх нь +10°С хэмд байж болдог бол бусад төрөл зүйлүүд нь +16-20°С ургадаг.
Өвөл нэвт салхи, онгорхой хүйтэн цонхноос хол байлгана. Цонхны хүйтэн шилэнд навч хүргэж болохгүй, хар толбо үүсдэг.
Усаалгаа
Хавар-зундаа зөөлөн, хэдэн өдөр том амсартай саванд задгай хонуулсан хлоргүй усаар хангалттай сайн услаж байна. Дараагийн усалгааг хөрсний дээд өнгөн үе хатахлээр хийнэ. Өвөл усалгааг багасгаад, хөрсний өнгөн үе хатасны дараа 1-2 хоноод услана.
Хөрс хэт усархаг байж болохгүй. Байнгын өлөн чийглэгдүү хөрс байна. Пилея нь богино хугацааны хөрс хаталтыг дааж чадна. Харин хэт усархаг хөрсөнд байлгаж болохгүй. Усалгаа хэтрүүлбэл навч цайгаад, унжийгаад ирнэ. Ялангуяа өвлийн улиралд ус хэтрүүлэхээс болгоомжил.
Агаарын чийгшил
Чийглэг агаарт илүү сайхан ургадаг. Хэлбэр сайтай, өтгөн салаа мөчирнүүдтэй, бөөрөнхий бут болно. Тасалгааны агаарын чийгшлийг ихэсгэх тал дээр анхаарна. Гэхдээ навчнуудыг усаар шүршиж болохгүй. Үсэрхэг, үрчгэр навчнуудад ус хүргэвэл үзэмжинд нь муугаар нөлөөлнө.
Үүний оронд хажууд нь агаар чийгшүүлэгч төхөөрөмж ажиллуулах, эсвэл устай савнууд тойруулаад тавьж болно.
Бордоо
Бордоог 3 сараас эхлээд 8 сарыг дуустал долоо хоног бүр хийж байна. Намар, өвөлдөө 4-5 долоо хоногт нэг удаа универсал бордоог зааварт заасны дагуу хэрэглэнэ.
Хэлбэржүүлэх
Ургалт маш хурдан. Хавар мөчирнүүдийг сайн тайрдаг (мөчир бүрээс 8-10 см үлдээхэд болно). Тайралтаас гарсан мөчирний хэсгүүдийг үржүүлгэнд хэрэглэнэ. Цаашдаа 2-3 долоо хоноод мөчирний үзүүрийг чимхэж байна. Ингэж сагсаасан бөөрөнхий бут бий болгоно. 
Пилея мөлхөө / Pilea repens © Krzysztof Ziarnek
Шилжүүлж суулгах
Жил бүр шилжүүлж суулгадаг. Хавар - зун хийхэд тохирно. Үндэс нь авсаархан, жижиг тул суулгах сав нь 7,5—10 см өндөртэй байхад болно. Шилжүүлж суулгахдаа мөчирнүүдийг тайраад, чимхээд тавьна.
Пилея Спрус / Pilea spruceana © 阿橋 HQ
Хөрс
Хөрс гүмүүстэй, рН 5,5-6 байна:
Ширгэн хөрс 1 хэсэг
Ялзмаг 1 хэсэг
Хүлэрт хөрс 1 хэсэг
Элс 1 хэсэг тус тус аваад хольно.
Бэлэн хөрс авах бол навчаар гоёдог ургамлын хөрс тохирно.
Заавал зузаан дренаж савны ёроолд хийгээрэй. Усархаг хөрс нь ургамлыг амархан илжрүүлдэг, "хар хөлтүүлдэг". 
Гидропоникийн аргаар ургуулж болдог.
Үржүүлэх арга
Үрээр болон мөчирний хэсгээр үржүүлдэг. 
Зарим төрлүүд нь өөрөө үрлээд, ургаад байдаг.
Жилийн турш ямар ч улиралд мөчрөөр үрслүүлж болно. Мөчирний хэсгийг цэвэр элс, эсвэл хөвсгөр хөрсөнд суулгана. Үүнээс гадна усанд амархан үндэслэдэг. Үндэслэсэн үрсэлгээг жижгэвтэр үрсэлгээний саванд навчин хөрс-элс-ялзмагтай хөрсөнд суулгадаг (1:1:1).
Гарч болох хүндрэлүүд
Навч үрчийгээл, хатаж унаад байвал - тасалгааны агаар хэт халуун +27°C-ээс дээш байна, эсвэл эсрэгээрээ +12°C хэмээс доош байна. Эсвэл хөрсөө хатаасан.
Навч унжийгаад, харлаад унаад байна, иш үарим газраа зөөлрөөд байх нь усалгаа хэтрүүлснийх, хөрс хатаж амжаагүй байхад дараагийн услагааг хийгээд байна.
Навч унжийгаад, өнгө нь цайраад, бүдэгрээд, өнгөгүй болоод байх нь гэрэл хэт тод байна.
Навч өнгөө алдаад, үзүүр захаараа борлож хатаад, мөчир сунаад, шинэ навчны хэмжээ жижигрээд байх нь гэрэл дутсаных.
Пилея жижиг навчит © Forest & Kim Starr
Навчин дээр шар, бор толбо үүсэх нь – наранд түлэгдсэн байж болно.
Доод навчис унах нь - ердийн зүйл. Ихэнхи төрлүүд хөгшин навч нь доороосоо унасаар байгаад халзан мөчиртэй болж үлддэг. Иймээс залуужуулах нь дээр байдаг. Энэ нь мөчирнүүдийг тайрч үндэслүүлээд, шинээр ургуулахыг хэлнэ.
Гурилан өт, аалзан хачиг, трипс, бамбайт г.м. хорхой шавьжинд баригддаг. Хор цацаж арилгана.
Пилея, пеперомия төрлийн/ Pilea peperomioides © Randi J.
http://floristics.info/ru/p-rus/pileya.html
http://flora.dobro-est.com/pileya-pilea-opisanie-vidyi-i-uhod-za-pileey.html
http://www.botanichka.ru/blog/2016/03/13/pileya-raznoobrazie-vidov/

No comments:

Post a Comment