Wednesday, December 27, 2017

Пуансеттия

Пуансеттия
Латин нэр: Euphorbia pulcherrima, Poinsettia pulcherrima
Орос нэр: Молочай красивейший, Пуансеттия прекрасная
Эх нутаг: Мексик, Төв Америкийн халуун бүс.
Хэвшсэн нэршил: Зул сарын од, Зул сарын цэцэг
Цэцэглэлт: 12 сараас 2 сарыг дуустал. Нөхцөлийг нь бүрдүүлж чадвал 6 сар үзэмжээ алдалгүй хадгалдаг.
Пуансеттия дэлгүүрээс худалдаж авч байгаа бол орой дээр нь байгаа жижиг шар цэцэгнүүд нь дэлгэрээгүй, бундуу хэлбэрээр байхад авсан нь дээр. Танайд ирээд удаан цэцэгтэйгээ байна. Нэг жилийн ургах явцыг 3 хэсэгт хувааж болно: өвлийн цэцэглэлт, амралт үе, ургалт үе.
АРЧИЛГАА
Агаарын чийгшил
Өндөр байх шаардлагатай. Цэцэглэж байх үед байнга бүлээн, зөөлөн усаар орчны агаарыг манантуулж шүршиж байна.
"Gingle Bells"
Гэрэл
Тод сарнисан гэрэлд байлгана. Нарны шууд тусгалаас хамгаална. Зун пуансеттияг гадаа агаарт, эсвэл тагтан дээр гаргасан нь дээр байдаг. Нар, бороо, салхинаас хамгаалж тавьна.
Нэвт салхинаас мөн хамгаална. Хэрэв зун гадаа гаргах боломж үгүй бол өрөөндөө тогтмол цэвэр агаар оруулж, агаарын солилцоо сайн хийж байна.
Цэцэглэлт
Шинэ жил гэхэд цэцэглүүлэхийн тулд 9 сарын сүүлээс эхлэж "Урт шөнө, богино өдөр" гэсэн горимд оруулна. Өдөрт 14-16 цаг тас харанхуйд байх ёстой. Гудамжны гэрэлтүүлэг, хажуу байрны айлуудын цонхноос туссан гэрэл, рекламны самбар, эсвэл танай өөр өрөөний чийдэн гээд юу ч сатааруулах ёсгүй.
Иймээс орой 17 цагаас эхлээд гэрэл, чийдэн асаадаггүй, орж гардаггүй тас харанхуй өрөөнд тавьж байх, эсхүл дээгүүр нь зузаан цаасан хайрцаг/гэрэл нэвтэрдэггүй уутаар бүтээж, өглөө нь 9 цагаас буцааж гэрэлтэй газар байрлуулж байхаар зохицуулна.
Хэрэв өдөр нь бүрхэг, гэрэл муутай байвал 9-17 цагийн хооронд цэцэгнийхээ дээр нэмэлт гэрэлтүүлэг тавьж болно.
Цэцэгний өмнөх навчнууд улаарч эхэлтэл үүнийг хийнэ. Улаан туяатай болж эхлэнгүүт жирийн горимд оруулна. Энэ үед микроэлементуудтай бордоогоор 7-10 хоногт нэг удаа бордож байна (1,3 г/л).
Эсвэл 8-10 долоо хоног ингэж бүтээсний дараа жирийн тасалгааны горимд нь оруулж ургуулна. "Богино өдрийн горим" сахиад 2-3 долоо хоногийн дараа цэцэгний бундуу бүрэлдэж эхэлдэг.
Яг ийм аргаар угсаргана, зузаахайг цэцэглүүлдэг тул бүх "богино өдрийн" цэцгүүдээ нэг мөр харанхуйд тавьж цэцэглэлтэнд бэлдэж болно.
Харанхуйд байлгахгүй жирийн нөхцөлд ургуулвал бундуу үүсэх процесс удааширдаг. Навч л ургаад байдаг.
Усалгаа
Хөрс хатсаны дараа сайн улсаж байна. Навч унжиигаад, сулраад ирвэл шууд услана. Зун усалгааг ихэсгэнэ.
Бордоо
Хавраас намар хүртэл хоёр долоо хоногт нэг удаа минерал бүрэн комплекс бордоог зааварын дагуу хэрэглэнэ.
Агаарын дулаан 
Цэцэглэлт үед агаарын дулаан (өвөл) — +14-16°С хэмээс буурах ёсгүй. +18-20°С хэмээс дээш хэтрүүлэхгүй байвал сайн. Үүнээс дулаан өрөөнд байлгавал цэцэглэлт хурдан болж өнгөрнө.
Амралт үед хамгийн тохиромжтой агаарын хэм +12-14°С.
Бусад үед жирийн тасалгааны дулаанд (+18-25°С) байлгана.
Тайралт
Хавар хөрснөөс 10 см өндөр иш үлдээгээд тайрдаг. Цаашдаа ургах явцад бутны зөв хэлбэрийг хадгалах үүднээс бага багаар тайрч танаж байна.
Амралт үе
Цэцэглэлт дуусангуут богино хугацааны амралт үед ордог. Ойролцоогоор 2 сар амардаг. Энэ үед усалгааг бараг зогсооно. Хөрс хатаахгүй байх төдий л чийглэж байна. Өрөөний хэм сэрүүвтэр +12-14°С байна.
Шилжүүлэн суулгалт
Жил бүр хавар 4-5 сард шижүүлж суулгадаг. 3 сард ишний 1/3-ыг тайрдаг. Дээр нь 3-5 сайн хүчтэй нахиа үлдээгээд тайрна.
Нартай дулаан газар байрлуулна. Бага зэрэг бүлээсгэсэн усаар усладаг. Навч ургаад ирэхлээр одоо байгаагаас нь арай том саванд шилжүүлж суулгана.
Хөрс
Хөрс бага зэрэг хүчиллэг (рН=6). Ширгэн, навчин, хүлэрт хөрсүүдийг элстэй хольно 3:2:1:1. Доор нь зузаан дренаж хийнэ.
Шилжүүлж суулгаад дулаахан газар (+20°С) байрлуулаад сайн услаж, шүршиж байна. Удалгүй шинэ нахиа гарна. Шинээр гарсан нахиануудаас бүгдийг үлдээхгүй. 5-6 хамгийн том, хүчтэй, чадалтай гэснийг үлдээнэ. Бусадыг нь тасдна. Тайрсан мөчир, нахиаг үрсэлгээнд хэрэглэж болно.
Үрслүүлэх арга
Хавар, эсвэл зуны эхээр (3-аас 8 сарын хооронд) залуу мөчирний үзүүрээр үрслүүдэг. Мөчирний үзүүр нь 5 навчтай байхад болно. Хөгшин мөчир үндэслэхдээ муу. Учир нь хөгшин мөчир соруул шиг бүтэцтэй байдаг. 
Мөчир тайрах үед сүүн шингэн "латекс" урсаж гардаг. Мөчирний үзүүрийг +40-45С хэмтэй бүлээн усанд 15 минут дүрж тавьна. Эсвэл урсгал усанд барьж угаана. 
  
 
Уснаас гаргаад, салфеткаар арчаад, модны нүүрсний нунтаг түрхээд хатаана. Ингэх нь илжрүүлдэггүй юм. Сүүн шингэнийг заавал угааж, урсгаж, арчиж байж суулгана. Тэгэхгүй бол судаснуудыг бөглөж шарх эдгээхгүй, халдвар оруулж илжрүүлээд байдаг.
Үндэслүүлэхийн тулд усанд хийж, эсвэл хөрсөнд суулгаж болно. Усанд илүү удаан үндэслэдэг. Шууд хөрсөнд суулгасан нь амар байдаг. Хөрс хөвсгөр, хөнгөхөн, агаар сайн нэвтрүүлдэг — хүлэрт хөрс, элс тэнцүү хэмжээтэй авч болно. Хөрсөнд 2 см гүн суулгана. Түүнээс илүү гүн суулгах хэрэггүй.
Сайн үндэслүүлэхийн тулд төрөл бүрийн үндэслүүлэгч бодис (корневин, гетероауксин) хэрэглэж болно. Агаарын дулааныг тогтмол +24-28°С байлгана. Өдөр нь халуун наранд шараад, шөнө нь хүйтэн цонхон дээр жиндүүлээд байж болохгүй.
Байнга шүршиж байна. Гадуур нь вакумдна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Сарын дараа үндэслэдэг. Шинэ навч ургаж эхлэвэл үндэс гарсаны дохио. Үндэслэнгүүт жижиг саванд суулгана. 
Пуансеттиягийн үндэс хэт ургаж томордоггүй, авсаархан тул нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгаж болно. Хэдэн өөр сортын үрсэлгээ суулгавал илүү ганган харагдна. Тэгээд ч зай хэмнэж болно.
Мөчрөөр үрслүүлсэн пуансеттия жилийн дараа цэцэглэдэг.
Гарч болох хүндрэлүүд
Буруу усалгаанаас болж ихэнхи өвчлөл үүсдэг. Мөөг, бактери үржиж эхлэнэ.
Хэт усласнаас, эсвэл хөрс хатааснаас  навч олноор унадаг.


Хүйтэн агаарт байлгаснаас, нэвт салхинд өртсөнөөс болоод навч нь бүгд унаж халзан болдог.
Гэрэл хангалтгүй байвал навчаа мөн гөвдөг.
Хэт халуун хуурай агаарт навчны үзүүр шарлаж, борлоод, бундуу унадаг.


Навч шарлаад, хатаад, ургамал бүхэлдээ үхэж байвал — аалзан хачиганд баригдсаны шинж тэмдэг.

Пуансеттия төрөл бүрийн хорхой шавьж, мөөг, бактери, вирусын гаралтай өвчинд өртөж болдог. Энд дарж тэдгээрийн тухай үзнэ үү.

Фэнг-шуй
- Пуансеттия шинийг эрж хайж олохыг өдөөдөг, зоригжуулдаг. 
- Лидер болох гэсэн олон чадалтай, эр зоригтой хүмүүс цугларсан газар байрлуулахад тохирсон цэцэг. Хүмүүс бие биедээ саад учруулахаа больж, бие биенийгээ дарангуйлж, дээр нь гарах гэсэн эрмэлзлэл нь дарагддаг байна. 
- Амьдралын утга учираа олохоо байсан нэгэнд түүнийгээ олоход туслана.
- Пуансеттия хүмүүстэй уулзаж, харьцсанаас баяр баясал авч чаддаг болгодог.
- Залуучуудад өөрийн ирээдүйн мэргэжлийг тодорхойлоход тусалдаг. 
- Өөрийн нуугдмал тод авъяасыг гаргаж илрүүлэхэд тусалдаг гэнэ.
http://www.greencorner-al.ru/poinsettia.html
http://www.sports.ru/tribuna/blogs/pirouette/540867.html
http://www.botanichka.ru/blog/2009/11/15/euphorbia_pulcherrima/
http://www.supersadovnik.ru/plant.aspx?id=1257
http://ctstv.ru/puansetiya-rozhdestvenskij-cvetok/
http://www.bugchecker.ru/euhorbija.html

Wednesday, November 1, 2017

Навчны ард шингэн шүүс ялгараaд байна

АСУУЛТ: Sain uu Urnaa egch, 
Hibiscus nawch ni ingeed bhiin, saldaggvi ee, naaldamhai, nawchnih ni ard neg gazar.
Enenees salj boldin boluu shineer garch irj bgaa nawch ni hvrtel garaad bhiin. Horhoi yum boluu owchin yum boluu? Anh ailaas awahad bas iim bsiin. Buh nawchiig ni awaad bvvr shoroonoos ni shalgaad sawantai usaar zondoo l ugaasin tegsen ingeed dahiad garaad irlee 
Urslvvlsen mochir ch gesen iim bna lee. Naaldamhai nawchnih ni ard neg gazar l.
 
ХАРИУЛТ: 
Хибискусын зарим төрөл ингэж шүүс ялгаруулдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Учир нь хибискусын цэцэг үнэргүй, цэцэглэх дөхсөн, цэцэглэж байгаа үедээ хорхой шавж татах үүднээс навчны ар талд ишний дээд үзүүрт ийм чихэрлэг шүүс ялгаруулдаг.

Элдэв хорхой шавж шалгаад илрээгүй бол тухайн сорт нь шүүс ялгаруулдаг хибискус байна гэж ойлгоорой. Гэхдээ ийм шүүс нь зуны цагт цэцгээ гадаа тавьбал хорхой шавж хамгийн түрүүнд татдаг гэдэгийн санах хэрэгтэй. Таслагаанд байсан ч мөн ургамлын бөөс, бамбайт хорхой, хар тортогт мөөг зэрэг амархан ирж наалдана. Тиймээс ер нь ойр ойр шалгаж байхад илүүдэхгүй. Сардаа 1-2 удаа бүлээн шүршүүрт оруулж байхад зүгээр.

Тасалгаандаа агаарын солилцоо сайн хийж байна. Битүү, халуун, бөгчим агаарт мөөг дорхноо үрждэг. 

Мөн дараах уусмалыг хэрэглэж болно: 1,5 литр усанд 1 цайны халбага хүнсний сода, 2 дусал аяга таваг угаах шингэн, 2 дусал хүүхдийн тос (baby oil) хийгээд, сайн хутгаад ургамлаа шүршинэ. Үүнийхээ мнө хөрсөө гялгар уутаар бүтээгээрэй. Энэ бол мөөгний эсрэг уусмал, гэхдээ бусад хорхой шавж наалдаад үржиж эхлэхээс урьдчилан сэргийлнэ. Энэ уусмалд нэг цайны халбага бордоо хийж болно. Ингэснээр навчаар бордоод өгөж байгаа юм. Сард хоёр удаа шүршиж байна. Зөвхөн орой үдэш наргүй үед хийнэ.

Хэрэв нялцгай шүүсэн дээр ургамлын бөс, тортогт мөөг, бамбайт шавж г.м. нэгэнт үржсэн бол бүлээн шүршүүрт оруулж шингэн бактерийн эсрэг савангаар угаана. Үүний дараа салхи, хурц наргүй газар сайтар хатаагаад "Актеллик", "Актара" г.м. хороор (1 лирт усанд 2 мл хор найруулж) цацаад, гялгар уутаар битүү боож хонуулна. Хор цацахаа 7 хоногийн зайтай 2-3 удаа давтана. 

Friday, June 2, 2017

Драцена - Аз жаргалын мод

АСУУЛТ - ХАРИУЛТ: Сайн байна уу? шилтэй хулс 3 жил болж байгаамаа саяхнаас усыг нь өдөр бүр солиод байхад өмхийрөөд бас гадна хальс нь хуураад уначлаа. Одоо хальсгүй хэсэгтээ хөгцтэй юм шиг болоод байна яаж арчлах вэ? Зөв зүгээр байж байгаад гэнэт харлаад илжрээд байна. Баярлалаа

Аз жаргалын хулс гэж нэрлээд байгаа нарийхан савх шиг "бамбук" нь жинхэндээ бол "Драцена Сандер" юм. Харин таны ургуулж байгаа нь "анхилуун драцена" буюу "Dracaena fragrans". Худалдаанд ихэнхидээ ийм тайрдасуудыг усанд хийгээд "Аз жаргалын мод", "Мөнгөний мод" гэж нэрлээд зардаг. 
  
Lucky Bamboo / Драцена Сандер                  Dracaena fragrans/Анхилуун драцена

"Lucky Bamboo" xулсыг бодвол анхилуун драцена нь усанд удаан амьдарч чаддаггүй. Иймд үндэс ургангуут тэжээллэг хөвсгөр хөрсөнд суулга гэсэн байдаг. Гадаадад ийм хөрөөдсөн тайрдасыг зарахдаа дагалдаж өгдөг заавар дээр нь хүртэл үндэс цухуйнгуут хөрсөнд суулга гэсэн байдаг.
Таны драцена үндэсээ гаргасан байгаа тул суулгахад уул нь бэлэн болсон байна. Гэхдээ муудаад эхэлсэн тул эмчилгээ хийх хэрэгтэй. Мөөгний гаралтай өвчлөл байна. Арга хэмжээ авахгүй бол яваандаа ийм болно.
1. Хэрэв муудсан хэсэг нь газар аваагүй, гүн ороогүй, зөвхөн гаднах хальс, өнгөн хэсэг төдий л өртсөн бол мөөгтэй тэмцэх фунгицид (Орос бодисуудаас Фундазол, Топсин, Топаз, Максим, Биофунгицид) хөвөн даавуунд шингээгээд ишийг сайтар үрж арчих. Халдварласан, үрэвсэлсэн газруудыг хэд хэд арчина. Эмчилгээг 6-7 хоноод давтаарай. Мэдээж фунгицидээр арчихын өмнө сайтар халуун бүлээн усанд бактерийн эсрэг савантай угаагаарай. Навчны үлдэгдэл, зөөлрөөд, боролсон, илжрээд эхэлсэн бүх зүйлээс салгаж цэвэрлэнэ. Таны драценагийн дээр байгаа болон зүүн талд харагдаж байгаа навч/мөчир борлоод зөөлрөөд, муудсан тул тасдаж авахаас өөр аргагүй. Ишрүүгээ гүн ороогүй бол мөөгний эсрэг бодисоор хэд хэдэн удаа арчиж өгөөд зүгээр болно. Биофунгицид Экстра худалдааны төвд заримдаа байдаг. ХААЯ-ны ард байрладаг үр зардаг жижиг дэлгүүрүүдэд бас байж магад. 
2. Хэрэв дээр бичсэнээр савантай усаар угаагаад, муудсан илжирсэн навч, нахиаг тасдаж аваад үзэхэд халдвар хатуу ишрүү нилээн гүн орсон байвал өвчилсөн, өнгө нь өөрчлөгдсөн хэсгүүдийг хусах, хэрэгтэй гэж үзвэл тайрах, ухаж авах гээд механик аргаар авч хаяхаас өөр арга байхгүй. Эрүүл өнгөтэй модны хэсэг гарч иртэл ухна. Өвчилсөн газарыг баттай авч хаяхын тулд эрүүл хэсэгээс ч гэсэн бага зэрэг авахад зүгээр. Энэ бүдүүн ишний гол цэг рүү халдвар ороогүй байвал учиртай. Аварч болдог.
Ишнээс тайрсаар 5-6 см өндөр тайрдас үлдсэн ч ургаад ирнэ. Түүнээс их идэгдсэн бол аврах гэж оролдоод нэмэргүй. Шинэ шархтай бүх хэсгүүдэд модны нүүрсний нунтаг түрхэж өгнө. Модны нүүрс олдохгүй бол фунгицид мөөгний эсрэг бодисуудаараа арчаад хатаана. 
3-4 цаг тод гэрэлээс болон халаалт/паарнаас хол газар хатаана. Дараа нь үндэс ургуулагч, идэвхижүүлэгч бодис түрхэж өгвөл сайн. Жишээ нь манайд зарагддаг Корневин, Гетероауксин.
Ийм драценаг хөрсөнд ургуулах хэрэгтэй тул шинэ нахиа гарч ирэнгүүт вермикулит, перлит, сфагнум хөвд, элсэнд суулгаж болно. Хөрс заавал ариутгасан байна. Мөөгний өвчинд өртөхдөө амархан байгаа тул бүх юм ариутгасан байх ёстой. Үндэс гартал цэвэр элсэнд зоогоод үлдээж ч болно. Хэт их чийг уснаас мөөгний өвчин дахиж гарч ирэх аюултай. Хөрсөө өлөн чийгтэй байлгаарай.
Фэн-шуйн ухаанаар бол тасалгааны хулс нь гэрт аз, хийморь, баян чинээлэг амьдрал дууддаг гэж үздэг. Ихэвчлэн "Хулс" гэсэн нэрэн дор жинхэндээ драценагийн нэг төрлийг худалдаалдаг. Фен-шуйгээр, хэрэв та хулс танд амжилт авчраасай гэж хүсэж байгаа бол өрөөнийхөө зүүн-урд хэсэгт байрлуулах ёстой юм байна. Мөнгө, эд баялагийн энергийг тодотгохын тулд хажууд нь 3 хөлт бах мэлхий тавь гэнэ. Тэгээд мөнгө орж ирэхийг хараад мартчих юм биш, мэдээж байнга арчилж тордож байх хэрэгтэй.
Амжилт, эд баялаг, эерэг энерги татахаас гадна амгалан тайван уур амьсгал, найз нөхдийн болон хайрын холбоог бататгадаг, урт удаан наслуулдаг гэж үздэг байна. Хятадууд хэдэн ширхэг хулсны ишийг үүднийхээ харалдаа газар вааранд хийж тависан бол орж ирсэн зочиндоо хүндэтгэл үзүүлж буйн шинж тэмдэг гэнэ.
"Аз жаргалын хулс" нь байрны найр, хурим, шинэ офисын нээлт гээд төрөл бүрийн арга хэмжээнд бэлэглэдэг байна. Хятадын заншлаар, хурим хийж буй хосууд ирсэн зочин бүрт хулсны 3 мөчир бэлэглэдэг байна - энэ нь урт удаан, аз жаргалтай хамтын амьдралыг бэлэгшээж байгаа гэнэ.
Мөчирний тоо мөн л учир утгатай: 3 мөчир - аз жаргал дууддаг; 5 мөчир - эд баялаг авчирдаг; 7 мөчир - эрүүл мэнд; 21 мөчир - ертөнцийн бүх юмны тэнцвэр. 4 мөчирнөөс зайлсхийдэг, дөрвийн тоо хятад хэлнээ "үхэл" гэдэг үгтэй ижил сонсогддог гэнэ. Харин 20 мушгирсан мөчир бол "Хайрын байшин" гэдэг нэртэй байна. Хятадад ийм бэлэг нь санаа тавьж байна, сэтгэл нэг байна, үерхэл гэсэн утгатай юм байна. Бэлэгдсэн зүйлээ идэвхижүүлэхийн тулд байрны/өрөөний урд, зүүн, зүүн-урд зүгт байрлуулах юм байна. 

Арчилгаа
Драцена Сандерийн – олон наст чимэглэлийн ургамал. Арчилгаа огт шаарддаггүй. Цэцгийн баглаанд боосон байхад ганцаараа үлддэг. Сандерийн драцена нь бутархаг төрөлд ордог.
Ус / хөрс: 
Усанд байлгадаг, хүсвэл хөрсөнд суулгаж болно. Драцена усанд их дуртай. хөрсөнд суулгасан бол зун маш сайн услана, өвөл - багавтар, тохируулж. Хөрсийг бүүр хатааж болохгүй. Ус солихдоо заавал шүүсэн, болж өгвөл ундны цэвэр ус байх хэрэгтэй. Мөн заавал тасалгааны хэмтэй, жаваргүй ус авна. Тэгэхгүй бол навч шарладаг. Услахдаа крантны усаар услаж болохгүй. Хлор ургамлыг үхүүлдэг. Хамгийн тохирсон ус - хайлуулсан ус. Үүний тулд цэвэр усны хуванцар саванд ус хийгээд хөлдөөгчинд хийж хонуулна. Дараа нь гаргаж гэсгээгээд, ёроолд тунасан хэсгийг асгана. Хайлсан усаар цэцгээ усладаг. Хэрэв таны хулсны навч шарлаж эхэлсэн бол та усалгааг буруу хийсэн байна.
Бордоо: 
Хэрэв таны мөчир усанд байдаг бол 2 долоо хоногт нэг удаа усыг нь сольж, мөн шингэн минерал бордоо дусааж өгч байна. Ердийн нөхцөлд эдгээр хэрэгцээт бодисоо хөрснөөс авдаг. Бордохдоо навчаар гоёдог ургамлын шингэн бордоо савтай усруу 1-2 дусаана.
Хөрсөнд ургаж байгаа хулсыг ойр ойрхон бордох хэрэггүй. 3 сард нэг удаа бордоход хангалттай.
Байршил:
хэт нарлаг цонхны тавцанаас хол байлга. Нарны шууд тусгал навчийг түлж хатсан цагаан толботой болгоно, мөн навч шарлуулж хатаана. Сандерийн драцена нь сарнисан гэрэлтэй газар сайн ургадаг.
Агаарын чийгшил:
агаарын хуурайшилтыг маш сайн даадаг, усаар шүрсэх шаардлагагуй. Навчны тоосыг байнга арчиж байна. Хаяа авч урсгал усанд ишийг бүхэлд нь угааж, наалдсан гөлгөр өнгөр болон навчнуудыг тоосноос нь салгаж өгдөг.
Агаарын дулаан: тааламжтай агаарын хэм +18–35°C. Агаарын хэм огцом өөрчлөгдөхөд мөн тоохгүй өнгөрдөг.
Сандерийн драценагийн мушгируулсан мөчир нь эрэгтэй хүнд зориулсан цэцгийн баглаанд тохирдог. Мөн дангаар нь эр хүнд бэлэглэж болдог байна. Учир нь хулс бол эр хүний бат бөх, хатуужил, мөхөшгүй зоригийг илэрхийлдэг гэнэ.
«Аз жаргалын хулсны» нүцгэн мөчир нь нэвт харагддаг саванд хийсэн байхад үзэмжтэй харагддаг байна. Мөн гидрогель, модны нүүрс, керамзитанд ч зоож тавьсан байх нь содон, гоё харагдуулна.
Хөрсөнд суулгах бол ямар ч хамаагүй цэцгийн хөрсний бэлдмэлийг элстэй хольж хэрэглэж болно. Савны ёроолд зузаан дренаж хийнэ. Хөрсөнд суулгасан хулсыг жилд нэг удаа - хавар шилжүүлдэг. Усанд ургуулж байгаа бол, хэт их ус хийж болохгүй, үндэсийг 1-2 см л бүрсэн байх ёстой. Эс тэгвээс иш илжирч болдог. Хэрэв иш хэт өндөр ургасан бол доороос нь тайрч, усанд хийж болно. Шинэ үндэс цагаан өнгөтэй байдаг, яваандаа энэ нь улбар шар өнгийн болж хувирдаг.

Үрслүүлэх арга:
- Мөчирний дээд үзүүрийг усанд эсвэл хөрсөнд үндэслүүлж,
- Унтсан нахиатай мөчир/ишний дунд хэсгээр.
Яваандаа суулгасан мөчирнөөс 70 сантиметр хүртэл өндөр жинхэнэ мод ургадаг. Урт иш нь өөрөө мушгиралдаад эхэлнэ гэж бүү хүлээгээрэй. Эргэлдсэн спираль гаргахын тулд мөчрийг хатуу зүйл тойруулж ороож, бэхэлж ургуулдаг. Энэ нь маш удаан, цаг хугацаа шаардсан ажил. 
Гэрийн нөхцөлд сандерийн драцена цэцэглэдэггүй гэдэг ч зөв арчлаад, аашийг нь олох юм бол цагаан өнгийн, нялуун хүрц үнэртэй сум шиг урт цэцэг гаргадаг байна.
Иш, мөчир шарлаад үхэж эхэлсэн бол - минерал бодис дутагдсаны шинж. Мөн навч шарлаад байвал - ойрд усаа солиогүй, хатуу ус хэрэглэсэн, хүйтэн ус хийсэн г.м. устай холбоотой шалтгаан байдаг байна.
Мөн навч шарлаж үхдэг гол шалтгаан - ердийн хөгшрөлт байж болно. Драценагийн навч ойролцоогоор 2 жил амьдардаг, дараа нь үзүүрээсээ эхэлж аажмаар шарлаад, хатдаг. Ердийн хөгшрөлт нь их удаан явагддаг - доод навчнаас эхэлж хатдаг. Үзэмжгүй цэцэг болгохгүйн тулд навчны хатсан үзүүрийг хайчилж тайрдаг. Үлдсэн тал навч, түүнээс бага 1/3 хэмжээтэй хэсэг хүртэл эх цэцгэндээ маш хэрэгтэй байдаг. Иймээс навчийг хамаагүй бүтнээр нь тасдах буруу.
Хэрэв залуу навч шарлаад, хатаад байвал - энэ нь хэт их усалснаас, хүйтэн ус хийснээс, жигд бус усалснаас, ус солиогүйгээс, хлортой ус хэрэглэсэнээс гээд устай болон усалгаатай холбоотой алдаанаас болдог байна.

АСУУЛТ - ХАРИУЛТ: Усанд ургуулдаг хэдэн хулсны мөчир маань дандаа муудаад, эвгүй үнэр гараад, ялзраад байх юм. Хэдэн сар болоод л шинэ хулс авч солих юм аа. Яагаад байдаг юм бол. Манай гэрийн энерги муу гэсэн үг үү?
Танай гэрийн энергетик үүнд нээх их хамаагүй болов уу. Хулсны арчилгааны талаар тусад нь бичнэ.
Давхардахгүйн тулд хэлэхэд усандаа модны үртэс хийчихвэл цаашид үндэс нь ялзраад байхгүй. Модны нүүрс их хэрэггүй, жижиг үртэс хийхэд л хангалттай. Эмийн сангуудад нүүрстэй эм байдагийг аваад талыг нь хийсэн ч болно.
Мөн цэцэгнийхээ усыг сардаа 1-2 удаа сольж байх ёстой ба мөчирнүүдээ урсгал усанд сайтар угааж бай. Усанд байсан хэсэг нь гулгамтай өнгөртэй болсон байдаг, тэрийг нь сайн угааж арилгах нь дээр. Уснаас дээш хэсэгийн тоосыг угаагаад өгөхөд навчны өнгө нь сэргээд ирдэг.
http://greenhome.org.ua/

Wednesday, May 31, 2017

Шинээр ургуулж байгаа мөнхрөөнүүд


SANSEVIERIA MASONIANA VARIEGATED
COLLECTIBLE VARIETIES SPECIES RARE

Ийм нэг мөнхрөө холын Тайланд улсаас шуудангаар захиалав. Бүх үндэснээс нь салгаад тайрчихсан, угаачихсан. Бүтэн 30 хоног замдаа явж иржээ. Тайландаас шууд Хятадаар дамжаад 2 долоо хоноод ирэх байх гэсэн чинь Тайландын хоёр хот-Сингапур-Германы хоёр хот-Монгол гээд 30 хоног аялсаар жоохон хатасхийгээд ирлээ. Гэхдээ мөнхрөө юм байна сэргэхдээ амархан.
Ботаник нэршил: Sansevieria Masoniana 
Овог: Asphodeloideae
Английн нэрт суккулент цуглуулагч Maurice L. Mason (1912-1993)-ны нэрээр нэрлэсэн юм байна.
Олон наст, ишгүй, шүүслэг суккулент. Бүдүүрсэн үндэсний диаметр 4 cм хүрдэг. Навчны хэмжээ хамгийн томдоо урт нь 100 см, өргөн нь 18 см хүрдэг байна. Навч зузаан, хатуу, шар ногоон алаг судалтай. Ургалт нилээн удаан талдаа.
Өөр нэгэн хүний захиалж авсан навчны ургалтыг нэт-ээс судлав:

 Бүтэн жилийн дараа иймэрхүү ургасан байгаа нь

 
Хоёр жил өнгөрөөд ийм гурван бут болсон байна.

Дараагийн нэгэн ховор мөнхрөө маань цилиндр навчтай "Микадо":
Олон хүний хүч чармайлт орж байж Япон улсаас ийм хөөрхөн мөнхрөөтэй боллоо. Олуулаа нийлж захиалсан тул илүү их "амттай" цэцэг байв. :-)))
Ботаник нэршил: Sansevieria Sulcata (Sansevieria bacularis)
Түгээмэл нэршил: "Mikado"
Микадо нь нарийхан урт "цилиндр" навчтай мөнхрөө юм. Нялх навч цилиндр хэлбэртэй ургаж байгаад, хөгшрөх явцдаа дундуураа цуурч хавтгай болдог. Навчны урт 100 см хүрнэ. Навчны доод уг нил ягаан өнгийн. Цэцэглэдэггүй төрөл.
Мөнхрөө арчлах тухай товчхон:
Гэрэл:
Тод гэрэлсэг болон хагас сүүдэрхэг гээд ямар ч гэрэлд ургаж чаддаг. 
Усалгаа: 
Хавар-зун-намар - тохируулж багавтар услана. Усалгаа хооронд хөрс бүрэн хатаж байхаар тохируулна. Өвөл өрөөний дулаанаас хамаарч тааруулж бага бөгөөд цөөн услаж байна. Дулаан газар өвлийн улиралд 2-3 долоо хоногт нэг удаа услахад хангалттай.
Бордоо:
Хавар-зундаа идэвхтэй ургалт үеэр сард нэг удаа борддог. Үүнд суккулент, эсвэл навчаар гоёдог ургамлын минерал бордоог зааварт зааснаас хоёр дахин сул найруулж борддог. 
Шилжүүлэн суулгалт:
Сав нь багадсан тохиолдолд л шаардлагатай гэж үзвэл том саванд шилжүүлж суулгана. Хөрс тэжээллэг байх нь дээр. Элс, ялзмаг, ширгэн болон хүлэрт хөрс хольж хийнэ.
Үржүүлэх арга:
Үндэс хувааж, хажуугийн зулзаган бут салгаж, мөн навчны хэсгээр үржүүлж болдог. 
Агаарын чийгшил:
Онцын хамааралгүй.
Агаарын дулаан:
Хавар-зуны улиралд +18+25С, намар-өвлийн улиралд +14+16С-өөс доош буулгаж болохгүй.
Арчилгааны болон үрсэлгээ хийх тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай:  Мөнхрөө

Эх сурвалжууд:
http://igreen.ru/rasteniya/sukkulenty-i-kaktusy/sansevieriya/sansevieriya-mikado-d-15/
http://www.agaveville.org/viewtopic.php?t=4590
http://magicorchid.ru/magazin/product/sansevieriya-mikado
https://www.floraxchange.nl/Artikel/Info/74970?aanbodID=2615984