Friday, January 20, 2017

Цикламен - Ниллэг

АСУУЛТ - ХАРИУЛТ: Миний хайр болох Цикламены тухай яагаад оруулдаггүй юм бол? Нямkа
ЦИКЛАМЕН (лат. CYCLAMEN)
Myrsinaceae овогт ордог, нийт 20 гаруй төрөл байдаг. Цикламен гэх нэр нь грекийн "kyklas" — "бөөрөнхий" гэсэн утгатай үг гэнэ. Зарим төрөл, сортын булцууны хэлбэрээс болж ийм нэртэй болжээ. 
Монгол нэршил нь - НИЛЛЭГ.
Цикламен нь олон наст, өвслөг, булцуутай ургамал. Дундад газрын тэнгис орчим, Испани, Иран, Африкийн зүүн хойд хэсгээр тархсан.
Тасалгаанд тарьдаг нь Перс болон Европ цикламен.
ТӨРӨЛ
Европ Цикламен (Cyclamen europaeum L)
мөнхийн ногоон ургамал. Навчаа гөвдөггүй, амралт үед ордоггүй. Навч нь Перс цикламеныг бодвол жижигхэн, диаметр нь 2—4 см. Цэцэг бас жижиг 2 см, ихэнхдээ ягаан өнгийн, таатай зөөлөн үнэртэй.
                          Cyclamen europaeum
Перс цикламеныг бодвол бүтэн жил цонхны тавцан дээр сайхан ургаад байна. + 18—20°C хэмд, агаарын чийгшэлт 30—35% байхад болно. Европ цикламеныг баруун болон зүүн цонхны тавцан дээр байрлуулахад тохирно. Халуун хурц нарнаас хамгаалах хэрэгтэй. Хамгийн тохирох хөрс: ширгэн, навчин, ялзмагтай, хүлэрт хөрсүүдийг элстэй хольж (2:2:2:2:1) хэрэглэнэ. Усалгааг доогуур хийх нь илүү сайн. Тасалгааны дулаанаас 3—4°C хэмээр доогуур байхаар хүйтэн усаар услаж байна. Зун усалгааг сайн хийнэ. Өвөл - тохируулж багавтар. 
Үржүүлэхдээ булцуугаар шилжүүлж суулгах явцад салгаж авна. Заримдаа нахиа салаалж үрслүүлж болно. Гэхдээ болгоомжтой хийх хэрэгтэй. Өвөл навчны зарим хэсэг унаж, үхэх тохиолдол байна. Хавар хурдан хүчээ авч, шинэ навч ургаж хурдан цэцэглэдэг.

Перс цикламен (Сyclamen persicum Mill.)
заримдаа үүнийг альпийн фиалка ч гэж нэрлэдэг. Хатуу том булцуутай, булцууны доод хэсгээс үндэс ургасан. Саарал хээтэй бараан ногоон өнгийн навчтай. Цэцэгний өнгө төрөл бүр байдаг. 
Сyclamen persicum var. silver Cyvlamen persicum Sierra Series 'Sierra White' 

Африк цикламен (Cyclamen africanum)
Алжир, Тунисын хад чулуутай газраар ургадаг. Навч том 15см. Цэцэг бүдэг, тод ягаан өнгөтэй.
Сyclamen africanum

Cyclamen alpinum - Альпийн цикламен

Балеар цикламен (Cyclamen balearicum)
эх нутаг нь Майорка, Минорка, Ибица, Кабрера (Балеарын арлууд). Мөн Францын хэсэг нутгаар ургадаг. 

Цикламен колхикум, буюу понтикум (Cyclamen colchicum, Cyclamen ponticum) Абхазийн нутгаар ургадаг. 
Сyclamen colchicum

Альпийн фиалка (Cyclamen creticum) Крит болон Karpathos арлуудаар тархсан. 
Cyclamen creticum

Cyclamen elegans Азербайджанд ургадаг.
Сyclamen elegans

Cyclamen graecum Грекд ургадаг
Cyclamen graecum

Неополитан цикламен буюу авиргана-навчит (Cyclamen hederifolium, Cyclamen neapolitanum Ten., Cyclamen linearifolium Dc)
Сyclamen hederifolium

АРЧИЛГАА
Байршил
Цикламен тод сарнисан гэрэлд, хагас сүүдэрхэг газар дуртай. Агаарын солилцоо сайн байх ёстой. Гэхдээ нэвт салхинаас хол, мөн халаах, үлээх төхөөрөмж, паарнаас хол байрлуулна.
Хөрс
Цикламеныг ширгэн, навчин хөрсөнд, бага зэрэг шохойны үүрмэгтэй, модны нүүрстэй, элстэй хольж суулгана. Савны ёроолд заавал зузаан дренаж хийнэ, хэт их ус чийг булцуунд муугаар нөлөөлдөг.
Усалгаа
Цэцэглэлт үед усалгаа — их, гэхдээ хэтрүүлж услахгүй. Амралт үед — цөөн, гэхдээ хөрсийг бүрэн хатааж болохгүй. Булцууны дээрээс мөн бутны голруу услаж болохгүй. Навчны ишний угруу болон цэцэгрүү ус хүргэж болохгүй. Усалгааг доороос хийсэн нь дээр. Доод суурь саванд ус хийж услана гэсэн үг. 
Агаарын чийгшил
өндөр байх хэрэгтэй. чийгтэй хайрга, керамзит, хөвд дээр тавьдаг. Навч, цэцгэнд ус хүргэлгүй, цэвэрхэн шүршинэ. Зөвхөн эргэн тойрны агаарыг холоос нарийн шүршигчээр манантуулж шүршиж чийглэнэ. Эсвэл цахилгаан агаар чийгшүүлэгч ажиллуулж болно.
Агаарын дулаан
Цэцэглэлт үед +13-16°С, амралт үед — +10-18°С. Агаарын хэм маш чухал ач холбогдолтой. Эх нутагтаа цикламены ургалт үе нь өвөл болдог - бороо хур ихсэж, сэрүүн болж эхлэхэд. Харин хэт дулаан халуун болоод ирэхлээр цикламены булцуу амралт үедээ бэлдэж эхэлнэ. Үүнээс болж тасалгаанд ургуулахад хүндрэл үүсдэг. Хэт халуун гэрт цэцэглэхээ зогсож, навчаа гөвөх гэж оролддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд дулаан агаарт тэсвэртэй, тасалгаанд ургуулахад зориулж гаргасан тусгай сортууд ихээр бий болсон.
Шилжүүлэн суулгалт
Шилжүүлэн суулгахдаа хуучин хөрсийг бүрэн сольдог. Ингэхдээ үндэс булцууг сайн шалгах хэрэгтэй. Өвчтэй, зөөлөрсөн үндэсний хэсгүүдийг тасдаж авна. Цикламены сав хэт том байж болохгүй, хамгийн тохирсон хэмжээ 12-14 см голчтой байх. 
Хэт жижиг саванд эрт цэцэглэдэг, цэцэглэлт сул, муу болдог. Перс цикламеныг ширгэн хөрс, навчин хөрс, ялзмаг, элс хольж суулгана.
Харин бусад төрлийн цикламенд дээрх хөрсөн дээр үнс нэмж болно. Неаполитан болон европ цикламенуудад хөрс тэжээллэг байх ёстой бол косс цикламенд - эсрэгээр ядмаг хөрс дээр байдаг.
Перс цикламены булцууг 1/3-ыг ил гаргаж суулгадаг бол бусад бүх төрлийг бүрэн булж болно, неаполитан цикламеныг бол харин ч заавал булах ёстой.
Шилжүүлж суулгасны дараа хурц нарнаас хамгаалсан тод сарнисан гэрэлтэй газар байрлуулж эхний 2 долоо хоног усалгааг маш бага хийнэ. Цикламен шинэ савандаа дасаад, идээшээд, шинэ навч гаргатал болгоомжтой услаж байна.
Үрслүүлэх арга
Хөгшин булцууг хувааж эсвэл үрээр үржүүлж болдог. 
Булцуугаар үржүүлэх:
Цикламены булцуу худалдаж авахдаа хүнд жинтэй, үрчийгээгүйг шилж аваарай. Дээрээ соёолсон эсэхийг хараарай. Булцууг амралт үед нь суулгана. Тасалгаанд байрлуулах бол хагас булж болно. Маш болгоомжтой хандахгүй бол шүүслэг булцуу нь амархан илжирдэг. Соёолсон бол хуглаж болохгүй. Ойр ойр шилжүүлж суулгаад байвал булцуу сулардаг. Энэ нь цэцэглэлтэнд муугаар нөлөөлдөг.
Үрээр үржүүлэх:
Хэрэв та өөрөө үр гаргаж авахаар шийдсэн бол хамгийн том, хамгийн гоё цэцгийг сонгоорой. Дараа нь цэцэгнийхээ ишийг хэд хэдэн удаа зөөлөн няслаж өгнө. Тоос хүртсэн цэцэгний дэлбээ амархан унадаг. Хэдэн долоо хоногийн дараа үрийн хайрцаг дотор боловсорч дуусдаг. Үр тогтоох ажиллагааг – 1 сард, 2 сарын эхээр хийх нь дээр.
Хураасан үр нэг жилийн турш соёолох чадвараа алддаггүй гэж үздэг. Удах тусам чанар нь муудсаар, хурааснаас хойш 3 жилийн дараа үр ургадаггүй. 
Үр ургахдаа муу байдаг. Перс цикламены үрийг савтай хөрсөнд суулгаад дээрээс нь шороогоор булна. Учир нь үр нь гэрэлд ургадаггүй гэдэг. Хөрс байнга чийглэг байх ёстой тул тогтмол услаж байна. Хүсвэл вакумдаж болно. Үр ургахад халуун дулаан орчин хэрэггүй. +15° - 18°С.
Залхууралгүй хөрс болон саваа ариутгаарай. Хөрс хүчиллэг байвал үр ургадаггүй. Иймд хүлэрт хөрс холих хэрэгтэй, эсвэл чимх үнс холих (хагас чимх ч байж болно, ихдүүлж болохгүй).
Ойролцоогоор сарын дараа соёолдог. Булцуу томроод, цэцэглэх хүч ортол 3-4 жил болно. Цикламен үрээр ургуулж болно. Үүнийг жилийн ямар ч улиралд хийж болдог. Гэхдээ тааламжтай цаг нь 2-3 сард, эсвэл зун 8 сард - зун амралт үе байдаг тул.
Суулгахын өмнө үрнүүдээ 5%-ийн элсэн чихэрийн уусмалд дүрээд үзнэ. Доор тунаж унасан үрнүүдийг цаашид үрсэлгээнд хэрэглэнэ. Дээр хөвөж байгаа үр ургахгүй. Шилж авсан үрнүүдээ Эпин Экстра-д, эсвэл өөр ямар нэгэн хурдан ургуулагч бодисонд дүрж дэвтээнэ, Хэрэв тийм бодис байхгүй бол сул ягаан өнгийн марганцын уусмалд 12 цаг байлгана.
Үрийг хөрсөнд 1 см гүн суулгадаг. Хөрсөө урьдчилаад ариутгасан байх хэрэгтэй. Цикламены хөрс 2 хэсэг ариутгасан хөрс, 0,5 хэсэг голын элс авна, 0,5 хэсэг жирийн элс, 0,5 хэсэг хүлэрт хөрс гэж авна. Хөрсөнд 1 см гүн нүх ухаад, бага зэрэг шүрсэж норгоно. Үрнүүдээ нэг нэгээр нь хоорондоо 2 - 3 см зайтай суулгана. Дээрээс нь хөрсөөр 0,5см хучина.
Перс цикламены үр харанхуйд +18 - 20С хэмтэй газар соёолж задардаг. Иймд үрслүүлж байгаа саваа дээгүүр нь гэрэл нэвтэрдэггүй гялгар уутаар бүтээх, эсвэл таглах хэрэгтэй. Үр маш удаан соёолно. Ойролцоогоор 30-40 хоног өнгөрч байж үр задарч эхэлдэг. Заримдаа 60 хоног ч болно. 2 сарын дараа үр ургахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Заримдаа APPLE сортын үр 5,5 сар болж байж задардаг удаа ч бий. Энэ нь хэр их шинэ үр байсан бэ гэдгээс маш их шалтгаалдаг.
Соёолсон үрсэлгээг гэрэлтэй газар байрлуулна. Дээгүүр нь гэрэл нэвтэрдэг гялгар уутаар бүтээж болно. Үдийн хурц нарны гэрлээс хамгаалаарай. Нэгэнт соёолсон бол маш хурдан булцуу ургаж эхэлдэг.
Үрсэлгээнүүд хоёр хоёр навчтай болонгуут тусгаарлана. Тусгаарлахдаа шууд жижгэвтэр саванд 2-3-аар нь суулгаж болно. Эсвэл хооронд нь 5 см зайтай болгож үрсэлгээнүүдээ сийрэгжүүлж өгнө. Тусгаарлан суулгахдаа булцууг бүрэн далдалж өгдөг. Хөрс маш сийрэг хөвсгөр бүтэцтэй байх ёстой. Залуу цикламен ургаад ирэнгүүт, ойролцоогоор 6-7 сарын дараа, тэднийг 6 - 7 см диаметртэй саванд нэг нэгээр нь шилжүүлж суулгадаг. Хөрс урдных шиг адилхан бүтэцтэй байна. Булцууг энэ удаад 1/3-ыг хөрсний дээр ил гаргаж суулгана.
Залуу цикламенууд зун амардаггүй. Иймд жигд услаж, сүүдэрт байлгаж, навчийг шүрсээд байвал үр суулгаснаас хойш 1-1,5 жилийн дараа цэцэглэнэ. Цикламеныг булцуу хуваалтаар үржүүлж болохгүй. Булцуу эмзэг тул маш амархан муудаж, үхдэг юм.
Цикламен хөрсөнд хуримтлагдах минерал давсны илүүдэлд дургуй, иймээс залуу ургамлыг маш бага тунгаар борддог.
Бордохдоо зөвхөн минерал бордоо хэрэглэнэ. Ойролцоогоор хагас жилийн дараа цикламеныг нэг нэгээр нь салгаж тусгаарладаг ба савны ёроолд маш сайн дренаж дэвсэж өгнө. Гэрэлтэй газар тавьна, услана, шүршинэ, бордоно. Тэвчээртэй хэдэн сар ургуулна. Ингээд 1,5 жилийн дараа цэцэглэнэ! Цикламен намар цэцэглэдэг.
Цэцгээр гоёдог ургамлын бордоогоор заавар дээр байгаагаас 2 дахин сул найруулж борддог. Залуухан цэцгийг яг л хөгшин ургамалтай адилхан арчилдаг. Перс цикламены амралт үе нь хавар-зуны цагт болж өнгөрдөг бол европ цикламен нь намар-өвлийн цагт амардаг байна. Европ цикламен навчтайгаа амардаг, гэрэлтэй, сэрүүн өрөөнд амраадаг. Амралт үед европ цикламеныг усалдаг. Үрээр ургуулсан цикламен 11-15 сарын дараа цэцэглэдэг.
Хүйтэн усаар услаж болохгүй, илжирдэг. Услах усны дулаан өрөөний хэмээс 2-3 градус бүлээн байна. Органик бордоо болон ялзмаг хөрсөнд хийдэггүй.
Үрслүүлж байгаа өрөөний болон хөрсний дулааныг +18°C-аас сэрүүн болгож болохгүй, үр ийм сэрүүнд үхнэ, үрсэлгээний ургалт зогсоно.
 
Тайралт
Тайралт хийх хэрэггүй. Муудсан навч, цэцгийг дор бүр нь авч хаяж байна. Хайч, хутга хэрэглэх хэрэггүй. Тасдаж авахдаа ишний ёроолыг үлдээж болохгүй - илжрэх гол эх үүсвэр болдог.
Бордоо
Идэвхтэй ургалт үед болон цэцэглэлт үед 2 долоо хоногт нэг удаа бүрэн минерал бордоогоор бордож байна.
Гарч болох хүндрэлүүд
Хүйтэн өрөөнд хэт чийгтэй орчинд эсвэл агаарын солилцоо огт байхгүй бол цэцэг, бундуун дээр маш амархан хөвсгөр саарал хөгц ургаж эхэлнэ. 
Навч шарлаад, цэцэцг эрүүл бол шалтгаан нь — хэт халуун орчинд байна. Агаарын хэм +18°С -ээс дээш байна. Байж болох бусад шалтгаанууд —усалгаа багадсан, нарны шууд тусгалд байрлуулсан. 
Цэцэгний иш болон навчны бариул зөөлөрч илрээд байна. Шалтгаан нь — хөрс хэт их устай, чийгтэй, ялангуяа дээрээс усалдаг бол.
Цэцэглэлт богино бол - агаарын хэм +18°С - ээс дээш байна, агаарын чийгшэлт бага байна.
http://www.hardycyclamens.com/cyclamen-photo-gallery.html
http://yougrowgirl.com/barrys-magical-cyclamen/

http://greenhome.org.ua/

4 comments:

  1. Sain bna u?Odoo cyclamenii ur suulgaj boloh u?Deerhiig unshlaa.Saihan medeelel bna.

    ReplyDelete
  2. khuchilleg khursund durgui gekher bioyalzmagtai khurs bolokhgui gesen uguu

    ReplyDelete
  3. Цикламен хөвсгөр, сийрэг хөрс хэрэгтэй. Хүчиллэг нь рН 5,5–6,5 бхад болно. Түүнээс их эсвэл бага байх тэр бүр таардаггүй, ургалт удааширна. Бага зэрэг хүчиллэг байхад болно. Навчин хөрс, ширгэн хөрс, ялзмаг, хүлэрт хөрс, модны үртэс, модны нүүрсний үүрмэг д гээд хийж болно. Модны үртэс нь хөрсийг сийрэг болгоно, мөн задрахдаа органик хүчил бий болгодог. Энэ нь цикламенуудад илүү хэрэгтэй. гэхдээ модны том том үртэсүүд хэрэггүй. Хэрэглэхийн өмнө модны үртэсээ шигшиж байгаад хэрэглэнэ.Биоялзмаг хөрсөнд хольж болно.
    Перс, европ, неополитан гээд дотроо бас өөр өөр орчинд ургаад дассанд өөр өөрийн онцлогтой төрлүүд бдг. Эдгээрийн хөрс бас зарим нь тэжээллэг бол, зарим нь эсрэгээр тэжээл муутай хөрс байх гээд янз янз бх шиг бгаан.

    ReplyDelete