Tuesday, January 24, 2017

Сциндапсус

Эпипремнум

Сциндапсус (Scindapsus) Ароидын (Araceae) овогт ордог авирч, ороож ургадаг навчаар гоёдог ургамал. Нийт 25 төрөл зүйл байдаг. Ароидын овгийн бүх ургамлуудын адил цэцэг нь годон хэлбэртэй. Зарим эх үүсвэрт сциндапсусыг мөн “эпипремнум” гэсэн байгаа. 
Эпипремнум (Epipremnum) Сциндапсус (Scindapsus) хоёр нь Ароидын (Araceae) овгийн нэг бүлэгт ордог маш ойрын хоёр төрөл. Зарим төрөл зүйлийг албан ёсоор эпипремнум, сциндапсус гээд аль альнаар нь нэрлэгддэг ба таксономын хувьд аль аль нь зөв.
Ботаникчид "Сциндапсус" гэх бүлэгээс яваандаа Эпипремнум гэж тусад нэг бүлэг салгаж авчээ. Ингэж сциндапсусын нэг хэсэг нь шинээр эпипремнум гэж албан ёсоор бүртгэгдээд, нөгөө хэсэг нь сциндапсусаар үлдээсэн байна.
Жишээ нь, маш сайн тархсан Сциндапсус золотистый (Scindapsus aureus)-ыг Эпипремнум гэж нэрлэж болдог бол Сциндапсус расписной (Scindapsus pictus)-ыг бол зөвхөн Сциндапсус л гэнэ. Scindapsus pictus-аас өөр нэршил түүнд байгаагүй тул эпипренум гэж нэрлэж болохгүй.
Эпипремнум
Потос (Pothos) өөр нэг будилуулсан нэршил. Хуучин хэрэглэж байсан нэрс "Рафидофора" болон "Потос".
Дээр бичсэн Эпипремнум золотистый (Epipremnum aureum) буюу Сциндапсус золотистый (Scindapsus aureus)-ийг мөн "Pothos aureus" гэдэг. Энэ ургамал явцын дунд маш олон нэртэй болжээ:
Албан нэрс:
Synonyms
· Epipremnum mooreense Nadeaud, 1899
· Pothos aureus Linden & André, 1880
· Rhaphidophora aurea (Linden & André) Birdsey, 1963
· Scindapsus aureus (Linden & André) Engl., 1908

Албан бус хэвшсэн нэрс:
Чөтгөрийн айргана - Devil's ivy
Алтан потос – Golden Pothos
Мөнгөний цэцэг - Money plant
Анчны хувцас – Hunter’s robe
Мөнгөлөг ороогч - Silver vine
Цэцгийн дэлгүүрүүдэд үүнийг мөн Филодендрон ч гэж буруу ташаа бичсэн байдаг.
Эпипремнум, сциндапсус, потос гээд нийтдээ бүгд 40 гаруй төрөл зүйл байдаг байна. Хоорондоо навчны хэлбэр, хэмжээ, мөн ургамлын хэр урт ургадаг гэх мэтээр хоорондоо ялгарна. Гэхдээ тасалгаанд ургуулахад арчилгаа нэг.
АНХААР: Ароидын төрлийн бүх ургамлуудын адил токсик хортой шүүстэй. Raphide гэх биенд шингэдэггүй, задардаггүй токсик бодис агуулдаг. Гэрийн тэжээвэр амьтадаас хол байрлуулах хэрэгтэй. АНУ-ын амьтадыг хамгаалах нийгэмлэгээс муур, нохойнд хортой ургамал гэж анхааруулсан байдаг. Амны салст гэмтээх, бөөлжих, эвгүйрэх, толгой эргэх, юм залгиж болохгүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.
Ач холбогдол:
Тусгай арчилгаа шаардаад байдаггүй, ямар ч гадны нөлөөг даахдаа сайн, тэсвэртэй цэцэг. Ургалт хурдан, салаалж мөчирлөхдөө сайн, ороодог/авирдаг мөнхийн ногоон ургамал. Ихэнхидээ хагас эпифит маягаар ургадаг. Хамгийн гол чухал давуу тал нь сүүдэрхэг газар ургаж чаддаг, гэрэлд онцын ач холдбогдол өгдөггүй. Иймд тасалгааны хаана ч ургаад байна.
Арчилгаа бага тул оффис, ресторан, дэлгүүр, олон нийтийн цуглардаг газруудад ихээр ургуулдаг. Том ногоон навчнууд нь хүний нүд татахаар үзэмжтэй харагддагаас гадна агаарын бохирдлыг багасгадаг. Агаар дахь formaldehydexylene, benzene зэрэг нэгдлүүдийг устгадаг.
Тасалгааны нөхцөлд зөв арчилж, ургах нөхцөлийг зөв бүрдүүлвэл 2метр урт ургадаг байна. Их Британийн Royal Horticultural Society нийгэмлэгийн Award of Garden Merit шагнал хүртэж байсан цэцэг.
Аквариумны усыг элдэв нитратаас цэвэрэдэг шүүгч
Заримдаа аквариумны ургамал шиг ургуулж болдог. Аквариумны дээр байрлуулахад агаарын үндэсүүд нь усруу унжиж ургадаг. Ургамал нь усанд байгаа янз бүрийн нитратыг шүүж авч өөртөө тэжээл болгож хэрэглэдэг ба үүгээрээ аквариумтай усыг цэвэрлэдэг байгалийн шүүлтүүр болдог байна.
Гол анхаарах зүйл:
-
нэвт салхинаас хамгаалах,
- агаарын температурын огцом хэлбэлзэлд оруулахгүй байх,
- агаар хуурайшуулах халаалтын төхөөрөмжүүд,  халуун хүйтнээр үлээх кондиционеруудаас хол байрлуулах.
Сциндапсус расписной сорт Exotica (Scindapsus pictus var. argyraeus Exotica)
АРЧИЛГАА
Гэрэл
Эпипремнум, сциндапсусууд тод гэрэл шаарддаггүй, сүүдэрхэг газар ургаад байдаг. Гэхдээ алаг навчтай сортуудыг тод гэрэлд байрлуулж байж навчны хээг хадгална. Сүүдэрхэг газар байлгахад навчны алаг хээ алдагдаж жигд ногоон өнгөтэй болдог.
Хавар, зуны улиралд нарны шууд тусгалаас заавал халхалж тавьна. Хэт их нартай газар навч гандаад, өнгө муутай, гялалзахгүй, үүнээс гадна навч амархан унадаг.
Тод сарнисан гэрэл хамгийн тохирсон нөхцөл байдаг.
Цэцэг нь годон хэлбэртэй
Өвөл сайн гэрэлтэй газар байрлуулна. Гэрэл дутагдаад эхлэхэд навч жижигрээд, өнгө зүсээ алдаад, тод ногоон өнгө нь цайраад, навч гялгар өнгөлөг гадаргуйгүй болдог. Иймд өвөл 10-р сараас 2-р сарын хооронд урд зүгрүү харсан нартай цонхон дээр тавьж болно. Гэрэл дутсан тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгдөг.
Сүүдэрхэг газар ургадаг. Гэхдээ бүүр гэрэлгүй бүдэг орчинд байрлуулах мэдээж хэрэггүй. Хамгийн тохирсон газар бол баруун, зүүн зүгрүү харсан цонхны тавцан.
Агаарын дулаан
Эпипремнум, сциндапсусууд дулаанд дуртай ургамал. Хамгийн тохиромжтой агаарын хэм зуны улиралд +20-25°C, өвөл +15°C-аас бууруулахгүй байх. Гэхдээ хүйтэн сэрүүн газар өвөлжүүлэх хэрэггүй. Цонх, тагтны хажууд өвөл байрлуулахад жавартай агаарт цохигдож навчаа адаж болно. Нэвт салхинаас мөн хамгаалж байна. Өвөл ердийн тасалгааны нөхцөлд ургуулна. Халаах, үлээх төхөөрөмжөөс халхална.
Хэрэв өвөл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх боломжгүй бол, гэрэл нилээн дутахаар бол сэрүүн өвөлжүүлж болно. +15- 16°C хэмээс бууруулж болохгүй. Үүнээс хүйтэн газар байлгавал навчин дээр бор хүрэн толбонууд үүсэж үзэмжинд муугаар нөлөөлнө.
Агаарын чийгшил
Эпипремнум, сциндапсусууд чийглэг агаарт айхтар шаардаад байдаггүй. Тасалгааны агаарт зүгээр ургадаг. Агаарын чийгшил 40-50% байхад болдог. Өвлийн улиралд халаалт ирсэн үед тасалгааны агаар 30%-ийн чийгшилтэй л байдаг. Иймд бүлээн, жаваргүй, хлоргүй усаар шүршиж байхад илүүдэхгүй.
Бүлээн шүршүүрт оруулж сэргээж байх сайн байдаг. Навчны тоос угаахаас гадна чийг өгнө.
Унждаг хэлбэрээр ургуулж байгаа айлууд ихэнхдээ шүүгээний дээр, хөргөгчний дээр, өндөр тавиур дээр гээд байрлуулсан байдаг. Өрөөний дээгүүрх агаар илүү хуурай, илүү халуун байдаг ба агаарын солилцоо бага явагддаг гэдэгийг анхаараарай. Хэт хуурай халуун газар навчаа нэг нэгээр алдсаар байдаг.

Усалгаа
Хавар, зуны улиралд усалгааг сайн хийнэ. Жигд, тогтмол, тохируулж усалдаг. Дараагийн усалгаа хүртэл хөрсний дээрх үе 1/3 хүртэл хатсан байна. Хэрэв өвөл сэрүүн газар байлгах бол усалгааг багасгаад цөөлнө. Жирийн тасалгааны нөхцөлд өвөлжүүлж байгаа бол дараагийн усалгаа хүртэл хөрс дээрээсээ 2/3 хүртэл хатсан байх ёстой.
Хөрсийг бүүр хатааж болохгүй. Усархаг нойтон байлгаад байж болохгүй.
 
Ус заавал зөөлрүүлсэн, 2-3 өдөр том амсартай задгай саванд байлгаж хлоргүйжүүлсэн, жаваргүй, бүлээвтэр ус байна. Усалгааг хэтрүүлсэн бол навч “уйлж” эхэлдэг. Үзүүрээс нь усны дусал дуслаад байна. (Цэцэг яагаад уйлдаг тухай эндээс). Хэрэв гуттаци буюу ус дуслах үзэгдэл гарч байвал усалгааг багасгах хэрэгтэй гэсэн дохио. Үндэс өвчилж эхлэх гэж байгаагийн дохио.
Ус хэтрүүлээд байвал үндэс илжирдэг.
Зун усалдаг шигээ өвөл ихээр услаад байж болохгүй. Усны дусал навчнаас гарахаас гадна хэтрүүлж усласны нэг шинж тэмдэг нь навч борлох. Ийм зүйл ажиглагдвалшууд усалгааг багасгана.
Бордоо
Хавар-зун сард 2-3 удаа навчаар гоёдог ургамлын бордоо хэрэглэнэ. Намар-өвөл 2 сард нэг удаа бордоход хангалттай.
Эпипремнум Marble Queen
Шилжүүлэн суулгалт
Залуу цэцгийг үндэс сав дүүргэсэн байдлаас шалтгаалаад жилдээ нэг удаа. Хөгшин ургамлыг 2 жилд нэг удаа, хэт урт урт ургасан мөчирнүүдийг богиносгож тарсны дараа.
Хөрс хөвсгөр, гумустай, рН=6. Савны ёроолд заавал зузаан дренаж дэвсэж өгнө. (Дренажны тухай эндээс).
Шилжүүлж суулгахыг 2-3 сард хийнэ. Шинэ хөрс нь:
1 хэсэг навчин хөрс
1 хэсэг хүлэрт хөрс
1 хэсэг ялзмагт хөрс
1 хэсэг элс (эсвэл вермикулит).
Хүнд, шаварлаг хөрсөнд ургахдаа муу, иймд перлит, вермикулит гээд хөрс сийрүүлэх тусгай зүйлүүд байхгүй бол элс, нарсны үүрүүлсэн холтос, дулаалгын цагаан хөөсөнцөрийн үүрмэг, модны нүүрний үүрмэг гээд юу ч хэрэглэж болно.
Хэрэв дэлгүүрээс бэлэн хөрс авч байгаа бол кокосон шахмал (хатуу шахмал, норгоход хөөгөөд хөвсийгөөд ирдэг) норгож бэлдээд, дэлгүүрийн хөрстэй адил хэмжээгээр авч хольж болно. Дээрээс нь модны нүүрсний хэлтэрхий  (1x1см хэмжээтэй 4-5 хэлтэрхий 1 литр хөрсөнд ) нэмээд, байвал вермикулит мөн хангалттай холиод бэлддэг.
Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Сциндапсусын үндэс ихээр хөгжиж ургадаггүй, иймээс том сав авах хэрэггүй. Гидропоникийн аргаар ургуулж болдог. Хөрсгүйгээр тэжээлтэй шингэнээр ургуулна гэсэн үг.

 ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Эпипремнум, сциндапсусыг мөчирний үзүүрээр, мөчирний хэсгээр, эх цэцэгнээс салгалгүй үндэслүүлж болдог. Хөрс хөвсгөр, сийрэг байх тусам илүү хурдан үндэслэдэг.
Мөчирний үзүүрээр:
Мөчирнөөс 2-3 навчтай хэсэг тасдаж аваад, чийгтэй элс хүлэрт хөрс хольж бэлдээд шууд суулгана. 3-аас илүү навчтай урт мөчирний хэсэг авах хэрэггүй. Угаассс ургалт хурдан байдаг тул дорхноо урт болоод ирнэ. Урт мөчирний үзүүр удаан үндэслэхээс гадна шинэ нахиа гарахад 2-3 навчтайгаа хэсэгээс илүү зөв хэлбэртэй цэцэг болж ургана.
+22-25°C хэмтэй газар байрлуулаад тогтмол шүршээд байхад 2-3 долоо хоногийн дотор үндэслэдэг. Эсвэл усанд хийж үднэслүүлж болно. Усанд хийхдээ 7  хоноод усаа сольж байх, усандаа модны нүүрсний хэлтэрхий хийвэл сайн, наранд тавихгүй байх.
   
Мөчирний хэсгүүдээр үрслүүлэх арга:
Нахиа хувааж үржүүлэх тохиолдолд нэг нэг навчтай хэсгүүдэд хуваадаг. Навчны энгэрээс цаашдаа шинэ нахиа ургана. Тасалгааны нөхцөлд сциндапсус цэцэглэдэггүй тул урт мөчир, нахиаг нь чөлөөтэй тайрч болно.
2-3 долоо хоноод үндэслэдэг. Үүний дараа нэг нэгээр нь тусгаарлаж жижиг саванд суулгана. Усалгааг сайн хийнэ. Шинээр нахиа цухуйтал өдөр бүр шүршиж байна. Шинэ нахиа гараад, ургангуут үзүүрийг нь чимхэж өгнө. Үүнээс хойш жирийн сциндапсус шиг арчилж байна. (Чимхэлт хийх тухай эндээс).
Мөчир, мөчирний хэсэгүүдээр жилийн аль ч улиралд үржүүлж болдог. Гэхдээ хавар хийсэн нь илүү үр дүнтэй бөгөөд, хамаагүй хурдан үндэслэдэг. Навчны доор товгор байдаг. Үүнээс агаарын үндэс ургадаг. Энэ хэсгийг хөрсөнд хүргэхэд үндэслээд, ургаад ирнэ.
 
Хэрэв намар, эсвэл хавар үрслүүлж байгаа бол хангалттай их гэрэл гаргаж өгөөрэй. Хэрэгтэй гэж үзвэл өдрийн гэрэлтэй чийдэн (LED гэрэл болдог) тавьж өгнө.
Эх цэцэгнээс салгалгүй үндэслүүлэх арга:
Үүний тулд эх цэцэгний хажууд хөрстэй сав байрлуулна. Үүндээ нэг, эсвэл хэд хэдэн мөчирний үзүүр татаж байрлуулаад, нахиаг нь хөрсөнд хавчаараар дарж тогтооно.
Агаарын үндэс нь доош хөрстэй барьцалдаад, ургаад ирэнгүүт тайраад энэ савтай нь үлдээх бол бага зэрэг хөрс нэмж тогтвортой болгоно.
Гарч болох хүндрэлүүд
Навч шарлаад, унаад байвал
- Хэрэв зөвхөн доод навч унаж байвал энэ нь ердийн зүйл. Навч хөгшрөөд унах нь хэвийн үзэгдэл.
-   Хэрэв бүх навч шарлаад байвал гэрэл дутсаных, тэжээл дутсанаас болно.
Навч бүдэгрээд, өнгөө алдаад байвал
-   Хэтэрхий тод гэрэлд тавьсан, шууд наранд тавьсан.
Навч жижигрээд, алаг эрээн хээ нь алдагдаад, жигд ногоон өнгөтэй болоод байвал
-   Гэрэл дутсанаас.
  
Хорхой шавьжнаас юуны түрүүнд бамбайт, аалзан хачиг, ширх үрждэг. Таарах хор цацаж устгана.
Мөөгний болон бактерийн гаралтай өвчлөлүүдэд амархан өртдөг. Хүйтэнд тавихгүй байх, үндэс дааруулахгүй байх, хүйтэн усаар услахүй байх, гээд ердийн арчилгааны дэглэмийг баримтлаад байхад сайхан ургана. Гэрэл, дулаан, усалгаа, тэжээл гээд энэ дөрвөн зүйлийг л тохируулж байх хэрэгтэй.
Чимхэлт хийж байх чухал
Сциндапсус хурдан ургалттай ургамал. Иймд тайралт хийхээс айх хэрэггүй. Сциндапсусын үндэс саваа дүүртэл ургаад байдаггүй, гүехэн. Нэг саванд хэд хэдэн мөчир үрслүүлээд ургуулаад байж болдог. Урт нарийхан халзан утас 5 метр хүргэж байхаар эхнээс нь чимхээд салаалаад өтгөн болгосон нь дээр.  
Ургалтын явцад хэт хурдан ургаад байгаа мөчирнөөс тайраад эх цэцэгний хажууд шууд зоочиход үндэслээд, ургаад, халзарч байгаа хөгшин шилбэнүүдийг далдлаад үзэмжтэй харагдуулдаг. Тайрсан газраас ч мөн салаалаад цаашаа олон нахиа ургаад явна.
Өтгөн, олон навчтай, олон салаа нахиатай, эрүүл гялгар, гялалзсан ургамал үзэмжтэй бөгөөд арчилгаатай харагддаг.  
http://www.flonature.ru/plant_szindapsus.html#.VNC7oNKUe1M
http://iplants.ru/scindapsus.htm
http://greenhome.org.ua/epipremnum-i-scindapsus-opisanie-i-uxod/
http://www.phart.ru/plants/166/
http://www.floralworld.ru/encyclopedia/plants/Epipremnum_Scindaps

No comments:

Post a Comment