Tuesday, January 26, 2010

Юкка - Yucca

Юкка
Юкка (Yucca L.) 
Тусгай арчилгаа шаардаад байдаггүй, ажиллагаа багатай тасалгааны ургамал.
Юкка — мөнхийн ногоон ургамал. Agavaceae овогт ордог. Урд нь юккаг Драцена овогт бүртгэсэн байсан байна. Байгальд цэцэглэхдээ амархан бол тасалгааны нөхцөлд цэцэглүүлэх хэцүү. Цэцэг гаргахын тулд маш урт өвлийн амралт гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Гэрийн нөхцөлд тийм нөхцөл бүрдүүлж өгөх боломжгүй байдаг. Иймээс хэрэв танайд юкка цэцэглэсэн бол байгальд байдаг шиг нь нөхцөл гаргаж өгчээ гэж ойлгож болох нь.
Юкка-д хэрэгтэй зүйл нь хуурай агаар, тохирсон хөрс. Эх нутаг нь Мексик. Иймд тасалгааны хуурай, халуун орчинд таатай ургадаг.
Нийт 30 төрөл зүйл байдаг ба тэдгээр нь хоёр хэсэгт хуваагддаг: ишгүй ба модорхог. Модорхог юкка нь 12 метр ургадаг бол тасалгаанд 2 метр гарантай л байдаг. Ургалт удаан тул тийм хурдан 2 метр болохгүй. Юкка тасалгаанд удаан насалдаг.
АРЧИЛГАА
Ишгүй төрлийн нэг болох Юкка нитчатая буюу Yucca filamentosa (мөн цэцэрлэгийн юкка ч гэдэг) арчилгааны тухай:
Модорхог буюу иштэй юккагийн арчилгаа:
Агаарын дулаан
Хэт халуун биш, +22-24°С байхад тохирно. Өвөл сэрүүн +16-18°C хэмд өвөлжүүлнэ, гэхдээ +8°C-ээс бууруулж болохгүй. Хэрэв өвөл жирийн тасалгааны нөхцөлд байлгах бол өрөөний агаарын солилцоог сайн хангаж өгөх хэрэгтэй. Гэхдээ онгорхой цонхны доор тавьж болохгүй, хүйтэн болон нэвт салхинаас халхална. 
Гэрэл
Гэрэл ихтэй, нартай газар байрлуулна. Зундаа гадаа гаргах нь дээр байдаг. Өвөл цонхонд аль болох ойр тавьна. Өвөл гэрэл дутсанаас навч шингэрч унана, мөн навчны хэлбэр нарийсна. 
Усалгаа
Хавар - зун - намар маш сайн услаж байна. Гэхдээ доод суурь тавганд ус үлдэх ёсгүй. Өвөл усалгааг багасгана. Ялангуяа сэрүүн газар өвөлжүүлж байгаа бол усалгааг цөөн бөгөөд бага хийдэг. Гэхдээ хөрсийг бүр хатааж болохгүй.
Хэт их услахад үндэс болон иш дорхноо илжирдэг, "хар хөлт" гэх мэт өвчлөлүүдэд өртөхдөө амархан. Иймд хэтрүүлж услахаас болгоомжил.
Агаарын чийг
Юкка хуурай агаар тоодоггүй тул ер нь усаар шүрших хэрэггүй. Гэхдээ үе үе навчийг угааж өгч тоосноос нь салгаж байх хэрэгтэй. Зун гадаа агаарт гаргавал бороонд угаагдаад байж болно. Хэрэв өвөл халаалттай дулаан өрөөнд өвөлжих бол агаар дэндүү хуурай халуун тул өдөрт нэг удаа зайлшгүй шүршиж байх хэрэгтэй.
Шилжүүлэн суулгалт
Хөрс тэжээллэг байна. Залуу ургамалд:
2 хэсэг ширгэн хөрс,
2 хэсэг навчин хөрс,
1 хэсэг ялзмаг,
2 хэсэг элс гэж авна.
Харин том болон хөгшин ургамалд:
3 хэсэг ширгэн хөрс,
2 хэсэг навчин хөрс,
2 хэсэг элс гэж авна.
  
Шилжүүлэн суулгалтыг 2 жилд нэг удаа хавар хийдэг. Юккаг том, багтаамжтай саванд суулгадаг. Доор нь заавал зузаан дренаж хийнэ. (Дренажны тухай эндээс).
Бордоо
4 сараас 8 сарыг дуустал 2 долоо хоногт нэг удаа бордож байна. Энэ нь ургалтыг мэдэгдэхүйц хурдасгадаг. Навчаар гоёдог ургамлын бордоог шингэрүүлж хэрэглэсэн нь дээр байдаг.
Үржүүлэх арга
Мөчирний дээд үзүүрээр үрслүүлж болдог (жишээ нь, үндэс илжирсэн, доороосоо өвчилсөн ургамлыг авч үлдэхийн тулд эрүүл мөчирнөөс нь тайрч үндэслүүлнэ). 
Эсвэл гол ишний хэсгээр: үүнийг зуны улиралд хийдэг. 20 см урттай иш хөрөөдөж аваад зүсэлт хийсэн газрыг модны нүүрсний нунтагаар бүрдэг. 2 цаг ил хатааж байгаад элс, хөвд хольсон бага зэрэг чийгтэй хөрсөнд хийгээд ус ууршихаас сэргийлж дээгүүр нь ниллэг материалаар бүтээнэ. Үүнийгээ сүүдэрхэг харанхуйдуу, тасалгааны хэмтэй дулаан газар байрлуулна. Агаар оруулж байх хэрэгтэй. Үндэс 3-4 долоо хоноод гардаг. Үндэс цухуйсан бол жирийн хөрсөнд суулгана.
Мөн хөрөөдөж авсан тайрдасаа усанд хийгээд үндэслүүлж болно. Нарнаас халхалж цонхон дээр тавьна. Номоороо бол 2-3 сард хийнэ гэдэг ч жинхэндээ хэзээ ч хийсэн болдог. 
Хавар цагт шинээр ургаж гарсан навчин багцыг хурц хутгаар салгаж үрслүүлж болдог. Үүнийг хавар цагт хийх нь илүү тохиромжтой. Учир нь бусад улиралд тайрхад үндэслэх нь маш удаан байдаг, эсвэл огт үндэслэдэггүй. Үүнээс гадна эх ургамалд гэмтэл учруулах нь илүү байдаг байна. Эх цэцэгний шарханд хүхэр түрхэж өгнө.
Харин тайрч авсан хэсэгээ чийгтэй элсэнд суулгаад үндэслүүлнэ. Үндэслэсний дараа жирийн хөрсөнд суулгана. Модны нүүрсний үртэс хөрсөнд нь хийж өгөөрэй. 
Юкка хүлэмж болон тасалгааны нөхцөлд үрлэдэггүй гэдэг. Иймд үрээр үржүүлэх нь тийм ч их түгээмэл арга биш юм байна. Үрээр үржүүлэх бол үр шинэ байх чухал. 
Үрнүүдээ эхлээд зүлгүүр цаасанд үрж хальсийг нь нимгэлнэ (скарификаци хийнэ). Дараа нь бүлээн усанд дэвтээж хонуулаад хүлэрт + навчин хөрсөнд суулгана. Суулгах гүн 1-1,5 см. Гадуур нь вакумдна, өдөрт хэд хэдэн удаа агаар оруулж байна. Ойролцоогоор нэг сарын дотор ургаж гарч ирдэг. Усаар шүршиж чийглэж байна. Хөрсөө хатааж болохгүй. Тохирох дулааны хэм +25–30 С. Гэрэл - сарнисан тод.
Нахиалаад ургаад, эхний навч гарангуут 100 мл стаканд салгаж тусгаарлана. Хөрс - дээр дурдсан "залуу юккагийн хөрс" гэдгийг авна. Тусгаарласнаас хойш 7 хоноод бордож эхэлнэ. Минерал болон органик бордоог ээлжилж хэрэглээрэй. 4 – 5 навч гарч ирэнгүүт арчилгааг жирийн том юкка шиг хийнэ.
Сайхан эрүүл ургуулахад анхаарах зүйлс товчхондоо:
Гэрэл - тод, нарны гэрэл
Агаарын дулаан - зундаа +18-20 С, өвөл +8-12 С.  Цэвэр агаар.
Усалгаа - зун сайн, өвөл бага, тааруулж. Хөрсөө бүүр хатааж болохгүй.
Агаарын чийгшил: дунд зэрэг.
Юкка фэн-шуйгээр
Ажил төрөл бүтээхэд их тус болдог гэж үздэг. Ямар ч дарга, удирдах ажилтны ажлын өрөөнд юкка, фикус заавал байх ёстой гэдэг.
Хүнд хэцүү үед анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд, харилцагчтайгаа нээлттэй ярилцахад, өөртөө итгэлтэй байхад юкка туслана гэнэ.

2 comments:

  1. Энэнээс жижигхэн мөчир авч үнджслүүлэх юмсан, жижиг зулзага зарах хүн бна уу? Тарьцан нь хэд байдаг вэ?

    ReplyDelete
  2. сайн байна уу драценагийн арчилгааны талаар блог дээрээ тавьж өгч болох уу

    ReplyDelete