Friday, February 5, 2010

Маммиллярия (Mammillaria)

Маммилярия ханиана (Mammillaria hahniana)

Маммилярия ─ тасалгаанд ургуулдаг түгээмэл кактусын төрлүүдийн нэг. Онцгой арчилгаа шаарддаггүй, цэцэглэх дуртай. Бусад кактусын төрлүүдээс ялгарах нэг зүйл нь - сэвсийсэн үсэрхэг харагдах нарийхан хялгасан хатгууруудтай.
Эх нутаг: Мексик, АНУ-ын өмнөд бүс, Карибын арлууд.

Маммилярия Баум (Mammillariа baumii)
Цэцэглэлт:
Маммилярия зун цэцэглэдэг. Ихэнхдээ цэцэг нэг өдрийн настай. Цэцэглэж дуусаад зууван хэлбэрийн 1-3 см урт жимс үлдээдэг. Жимс нь ногоон, улаан, бор, улбар шар гээд өнгө өнгө байж болно.
Ойролцоогоор нэг жил жимсээр гоёж байгаад үр боловсорч дуусангуут задардаг. Үр маш олноор гардаг. Хөрсөн дээр унасан шинэ үр ургахдаа маш амархан. 

Маммилярия Паркинсон (Mammillaria parkinsonii)
АРЧИЛГАА
Гэрэл
Маммилярия маш их гэрэл шаарддаг. Зарим нэр төрөлд тусгай нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэг гардаг. Өвөл цэцэглэдэг хэдэн төрөл байдаг. Эдгээрт нэмэлт гэрэлтүүлэг хийж нийт гэрэлийн уртыг өдөрт 16 цаг болгож өгнө.
Хичнээн гэрэлд дуртай ч үдийн хурц нарны тусгалаас хамгаалж өгөх хэрэгтэй. 
Маммиллярия Вильди (Mammillaria wildii)
Агаарын дулаан
Дулаахан газар байх дуртай тул зуны улиралд ямар нэгэн асуудал гардаггүй. Өвөл харин тохирох агаарын дулаан нь +10С -аас +15С хэм байна.

Маммилярия Цельман (Mammillariа zeilmanniana)
Усалгаа
Хэт их услах хэрэггүй, илүүдэл усанд дургуй ургамал. Зун хөрсний дээрх өнгөн үе бүрэн хатахлээр дараагийн усалгааг хийдэг. Харин өвөл бараг усалдаггүй. Агаарын дулаан +15С байвал сардаа нэг удаа хөрсөнд бага зэргийн чийг өгөөд байж болно. 

Маммилярия элеганс (Mammillaria elegans)
Амралт үеийг сайн гаргаж өгч чадсан бол цэцэглэлт удаан үргэлжилдэг, мөн илүү олон цэцэг гаргадаг.

Агаарын чийгшил
Хуурай агаар даахдаа сайн. Гэхдээ өвлийн сүүл сараас эхлээд намар хүртэл орчны агаарыг нарийн шүршигчээр манантуулж шүршиж өгч байх сайн.

Маммилярия Блоссфельд (Mammillariа blossfeldiana)
Бордоо
Кактус-суккулентуудад зориулсан тусгай бордоогоор борддог. Хавар-зуны улиралд сард нэг удаа тэжээл өгнө. Маммилярияг бордохгүй байсан ч болно. 
Маммилярия бокасана (Mammillariа bocasana)
Хөрс
Хүлэрт хөрс, ширгэн хөрс, навчин хөрс, элс зэрэгийг 1:1:1:1 хэмжээтэй тус тус авна. Савны ёроолд заавал дренаж хийнэ. 
Маммилярия Кармен (Mammillariа carmenae)
Амралт үе
Ихэнх төрлүүд нь өвөл амардаг. 11 сараас эхлээд усалгааг зогсоож сэрүүн газар байрлуулна. Агаарын хэм +16С хэмээс дулаан байж болохгүй. Ингэснээр зундаа тасралтгүй цэцэгтэй байна.
Харин амралт үе буруу гаргаж өгвөл огт цэцэглэхгүй байх, эсвэл цөөн тооны цэцэг гаргах, гаргасан бундуунууд нь бүрэн дэлгэрч амжилгүй хатаж унах зэрэг асуудлууд гарна.
Амралт үе дууссаны дараа шилжүүлэн суулгалт хийнэ. 

Маммилярия урт (Mammillaria elongate)
Шилжүүлэн суулгалт
Маммилярия шилжүүлэн суулгахад дуртай. Үүнийг жил бүрийн хавар хийдэг. Хөгшин кактусыг 2 жилд нэг удаа шилжүүлж суулгаж болно.
Шилжүүлж суулгахаас нэг долоо хоногийн өмнө усалгааг зогсоогоод сүүдэр газар байршуулна.
Сав сонгохдоо намхан, өргөн хэлбэртэйг авна. Кактусын үндэс жижигхэн, богино, хажуу тийш ургадаг онцлогтой. Савны доор илүүдэл ус урсаж гарах нүх байх ёстой ба дренаж заавал хийж өгдөг.
Шилжүүлж суулгасны дараа эхний долоо хоног сүүдэр газар байлгана. Маммиллярияд тулгардаг түгээмэл нэг асуудал бол орой дээрээ сулхан хэдэн хатгууртай урт сунаж ургасан иш бий болдог.

Маммилярия пролифера (Mammillaria prolifera)
Үржүүлэх арга
Олон тооны салаалж ургасан хэсгүүдийг угаар нь тасдаад долоо хоног сүүдэр газар тасалгааны хэмд ил байлгаж хатаана. Үүний дараа чийгтэй элсэнд зоогоод үндэслүүлнэ.
Үүнээс гадна үрээр үржүүлж болдог. Үрнүүдээ бүдэг ягаан өнгийн марганцын уусмалд дэвтээж байгаад чийгтэй элсэнд тарааж байрлуулна. Дээрээс нь хөрсөөр үл ялиг цацаж өгнө. Вакумдана. Соёолоод, хатгуурууд нь ургаад гарахлээр хоорондын зайг ихэсгээд сийрүүлнэ. Ингэхлээр тэжээл авах талбай ихсээд, ургалт хурдан байдаг.
Ургаад тусгаарлаж суулгахаар том болсны дараа нэг нэгээр нь саванд суулгана. 
Гарч болох хүндрэлүүд
Гол хоёр аюул байдаг:
улаан аалзан хачиг — үүнтэй тэмцэхийн тулд хор цацах болдог. Хоёроос гурван долоо хоногийн дотор хэд хэдэн удаа химийн хор хэрэглэж байж устдаг. 
кактусын бамбайт шавьж — хатгууртай ургамал тул спирттэй уусмалаар арчих боломжгүй, иймээс мөн л хор хэрэглэх болно. 
Маммилярия Нивос (Mammillaria nivosa)

http://mrsad.ru/kaktusy/pustynnye/mammilyariya.html
http://sad-doma.net/houseplants/kakt-sukul/kaktusy/mammillyariya-uhod.html

No comments:

Post a Comment