Sunday, April 11, 2010

Алоказия

Алоказия (Alocasia) 
Ароидын (Araceae Juss.) төрөл. Мөнхийн ногоон ургамал. Эх нутаг–Малайз, Филлипин, Цейлоны тропик бүс.
Түгээмэл нэр нь "зааны чих". Aлоказия 150 гаруй төрөл зүйлтэй. Хоорондоо хэмжээ, хэлбэр, өнгө зүсээр өөр өөр боловч бүгд булцуутай, далбагар, тод судалтай навчтай.
Байгальд борооны улирал эхлэхэд навч нь хөрснөөс сорж авсан илүүдэл ус чийгийг гаргадаг тусгай "гидатод" гэх нүхнүүдтэй. Тасалгаанд ургадаг төрлүүд нь мөн адил ууршуулж шингээж амжихгүй байгаа илүүдэл усаа дусалуулж гадагшлуулдаг. Бороо орохын өмнө аллоказия "уйлдаг" тул үүнийг "барометр" гэж нэрлэжээ. "Гуттаци" буюу цэцэг яагаад уйлдаг тухай эндээс уншаарай.
Алоказия тасалгаанд ховор цэцэглэдэг. Зөвхөн том, насанд хүрсэн бут цэцэглэдэг. Цэцэг жижигхэн, нялуундуу үнэртэй, годон хэлбэртэй цайвар ногоон нөмрөгтэй.
АНХААР!
Ургамлын бүх хэсэг хортой шүүстэй. Шүүсийг нь онгорхой шарх, ам хамрын зөөлөн салст, нүдэнд хүргэж болохгүй. Хүүхэд болон гэрийн тэжэээр амьтад хүрэхээргүй газар байрлуулаарай.

АРЧИЛГАА
Гэрэл
Алоказия сарнисан тод гэрэлтэй газар сайн ургадаг. Нарнаас заавал хамгаалж халхална. Зүүн болон баруун тийш харсан цонхны тавцан илүү тохирдог.
Жигд нэг өнгийн навчтай төрлүүдийг хагас сүүдэрхэг, гэрэл бага тусдаг газар ургуулж болно. Харин алаг эрээн навчтай алоказияг тод сарнисан гэхэлд байлгана. Гэрэл дутвал алаг хээ алдагдаад жирийн ногоон өнгөтэй болно.
Залуу бутанд ургах явцад нь гэрэл маш их шаардагддаг. Гэхдээ нарны шууд тусгалд байлгаж болохгүй.
Агаарын дулаан
Алоказия дулаан орчинд дуртай. Хавар-зуны улиралд хамгийн тохиромжтой агаарын хэм +22-26°С, намар- өвлийн улиралд бол +18-20°С. Нэвт салхи болон агаарын хүйтэн урсгалаас хол байлгаарай.
Алаг навчтай төрөл (Alocasia macrorrhizos var. variegate)
Агаарын чийгшил
Алоказия чийглэг агаарт ургадаг. Далбагар том навчийг шүршиж байх сайн. Навч шүршихээс илүүтэй орчны агаарыг манатуулж нарийн шүршигчээр ус цацаж чийглэж байх нь илүү дээр байдаг. Мөн навчны тоосыг байнга чийгтнй алчуураар арчиж байгаарай.
Хүйтэн, наргүй бүүдгэр өдөр болгоомжтой шүрших хэрэгтэй.
Усалгаа
Хавар-зуны улиралд хангалттай сайн услана. Услахдаа бага багаар тасдаж удаан услана. 30 минутын дараа доошоо урсаж гарсан илүүдэл усыг асгана. Дараагийн усалгааг хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа хийнэ.
Өвөл бага, тохируулаж услах ба хөрсний өнгөн хэсэг хатсанаас хойш нэг хоноод хийдэг. Хөрсийг бүүр хатаах, мөн хэт чийгтэй байлгах нь (ялангуяа өвлийн улиралд) ургамлыг өвчлүүлдэг.
Бордоо
Ургалт үед алоказияг азот илүү агуулсан комплекс минерал бордоогоор хоёр долоо хоногт нэг удаа бордож байна. Азот дутагдаад ирвэл ургалт удааширдаг. Бордооны уутан дээр N-P-K гэсэн зүйлийг анхаарч аваарай. N буюу азот нь бусдаасаа их байх ёстой.
Өөрөөр хэлвэл навчаар гоёдог ургамлын бордоо хайж олоорой.

Алоказия реджинула (Alocasia reginula) "Back Velvet"-ээс гялгар навчаараа ялгардаг
Хөрс
Сайхан ургуулахын тулд ус, агаар сайн нэвтэрдэг хөвсгөр, сийрэг, бага зэрэг хүчиллэг (pH=5,5) хөрс байх ёстой. Хөрсний бүтэц:
- навчин хөрс 1,
- шилмүүст хөрс 1,
- хүлэрт хөрс 1,
- элс 0,5
- ялзмагт хөрс 1,
- хар шороо 1 гэж авч болно. Дээр нь хөвд, модны нүүрс нэмвэл сайн.

Pépinière Palmaris Alocasia portei
Шилжүүлэн суулгалт
Хавар хийнэ. Залуу ургамлыг шаардлага гарсан үед хийдэг бол насанд хүрсэн хөгшин бутыг 2-3 жилд нэг удаа.
Шилжүүлж суулгахдаа савыг нь томруулдаг. Үндэс оролдохгүй, хөрс гөвөхгүйгээр шууд том саванд шилжүүлж суулгаад, зай завсарыг нь шинэ хөрсөөр дүүргэдэг. Сав томруулах тухай эндээс уншаарай.
Шинэ сав нь хуучнаасаа 2-3 см-ээр том байна. Өндөрдүү саванд суулгадаг, Доор нь зузаан дренаж дэвсэж өгөөрэй. Дренажны тухай эндээс харна уу.

Үржүүлэх арга
Үрээр, зулзаган бут салгаж, мөн булцуут үндэс салгаж, булцуу хувааж, ишний дээд нахиагаар гээд олон аргууд байдаг.
Алаг навчтай төрлүүдийг үрээр үржүүлдэггүй. Навчны алаг хээ үрээр ургуулахад хадаглагддаггүй. Үрийг хурааж аангуутаа шууд суулгадаг. Хөрс хөнгөхөн, хөвсгөр байна. Гүнзгий булах хэрэггүй. Дээгүүр нь вакумдна. Тогтмол шүршиж чийглэж байна. Орчны хэм +22-24°C. Вакумаа өдөр бүр нээж агаар оруулж байна.
Ургаад ирсэн үрсэлгээнүүдээ тусгаарлаж, хооронд нь зайтай суулгана, Овоо томроод ирэхлээр нь 7-см саванд нэг нэгээр нь суулгана. Залуу үрсэлгээ нь жилийн дараа л том том навч гаргаж эхэлдэг.
Хэрэв зулзаган нахиа салгаж суулгах, эсвэл зулзаган бут, үндэс хуваах, ишний дээрх нахиагаар үржүүлэх гэх мэт аргыг хэрэглэх бол хуваасан, зүссэн газруудад модны нүүрс түрхээрэй.
Хөнгөхөн хөрсөнд амархан үндэслэдэг (хүлэрт хөрс, элстэй хольж болно). Хөрсөө доороос нь халааж байнга бүлээвтэр байлгана. Гадуур нь вакумдна. Агаарын хэм +20-25°C байна. Вакумаа өдөр бүр нээж агаар оруулж байна. Усаар шүршиж чийглэнэ.
Гарч болох хүндрэлүүд
Алоказия гурилан өт, улаан хачиг, аалзан хачиг, щитовка болон трипсанд баригддаг. Эдгээрийг бий болгодог гол шалтгаан -  хуурай, хэт дулаан агаар.
Хорхой шавьж үржсэн бол навч, ишийг савантай алчуураар сайн угааж арчина. Хэт их үржсэн тохиолдолд "Актеллик" хор (1-2 мл нэг литр усанд) найруулаад угааж арчина, шүршиж болно.
Ургалт удааширсан, гацсан бол — хөрсөнд азот бага байна гэсэн үг. Шүвтэрийн уусмалаар услаж болно (1г/л).
Навч унжийгаад байгаа бол — хөрс хатсан, эсвэл хэт усалсан. Усалгаагаа жигд хийж бай. Дараагийн шалтгаан нь хөрс тохироогүй. Хөрс дэндүү хүнд байж болно. Солих хэрэгтэй.
Навч гандаад, цайраад байвал - гэрэл дутсан. Гэрэлээ тохируул. Хэрэв удаан хугацаагаар сүүдэрхэг газар байлгасан бол шууд тод гэрэлд гаргаж болохгүй. Тод гэрэлд бага багаар дасгана. Өвлийн улиралд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй.
Навчны үзүүр борлоод хатаад байвал — хэт хуурай агаар, эсвэл усалгаа багадсан.
Навчин дээр хар толбонууд үүсээд байвал — дааруулсан, нэвт салхинд тавьсан.
Навч жижиг, үзэмжгүй байвал — гэрэл дутсан.
Навчны үзүүр шарлаад байвал — хатуу усаар, эсвэл хлортой усаар усалдаг, хөрсний тэжээл дутсан, эсвэл хөрсөн дэх азот ихэдсэн.
 АСУУЛТ - ХАРИУЛТ:
1. Үсэрхэг навчтай алоказияг шүрших хэрэгтэй юу?
Навчны доороос шүршиж болно. Заримдаа ус навчны дээр дусдаг. Ус дуссан газар бор толбонууд үүсдэг. 
Холоос орчны агаарыг нарийн ширхэгтэй шүршигчээр манантуулж шүршиж чийглэж болно. Бүлээн усаар шүршихэд навчин дээр элдэв толбо үлддэггүй. Хүйтэн жавартай усаар шүршихэд цагаан урт урт нарийхан зураасууд үлддэг.
Үүнээс гадна ароидын ургамлууд нэвт салхинд дургуй. Бага зэргийн зөөлөн салхинд ч байж чаддаггүй.
2. Хайруулсан, дааруулсан бол яах вэ?
"Эпин-экстра"-гаар шүршээд үзээрэй. Циркон, Эпинээр шүршээд, гадуур нь гялгар уутаар бүтээгээд (агаар солилцоо явуулахын тулд уутан дээрээ хэдэн нүх гаргана). Хагас сүүдэрхэг газар тавьна. Нарны гэрэл бага ч болов тусгаж болохгүй. Хэдэн өдөр тайван, оролдохгүй байлгаарай. Хэрэв сэргэхээр шинж тэмдэг гарсан бол бага багаар уутаа нээж байгаад аажмаар уутаа хэдэн өдрийн дараа авна. 
Хэрэв сэргэхээргүй бол навчнуудыг нь үндэсний дээгүүр тайрна. Хэтрүүлж услахгүй байвал хэсэг хугацааны дараа шинэ навч ургаад гарна. Хамгийн дааж чаддаггүй зүйл нь агаарын температурын огцом хэлбэлзэл.
3. Алоказия цэцэглэж эхэллээ. Цэцгийг нь үлдээх үү? Ургамалд муугаар нөлөөлөх үү? 
Алоказия амазоны цэцэглэсний дараа ургалт гацдаг. Бараг хоёр сар шинэ навч гардаггүй. Алоказия "Black Velvet" байнга цэцэглэхгээд байдаг, цэцэг бундууг нь тасдаж байхгүй бол мөн л ургалт гацаад, хуучин навчнууд нь үрчийгээд хэлбэр нь өөрчлөгдөөд ирдэг. Азотын бордоо хийгээд ч тус болдоггүй.
4. Шаргал толбо үүссэнээ яваандаа улбар шар болоод байгаа. Юунаас ийм зүйл болоод байна?
Хэтрүүлж услаад хүйтэнд байлгавал ийм толбо үүснэ. 
Бордоо хэртүүлвэл мөн ингээд байдаг тул бордоогоо сулхан найруулж хэрэгээрэй. Мөн нарны шууд тусгалд тавьбал толботдог. Услах усаа задгай саванд хонуулж хлоргүй болгоно. Мөн тал нь буцалсан ус байвал зүгээр. Услахдаа жаваргүй бүлээн болгож хэрэглээрэй.
Хөрсний дээрх өнгөн үе хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Хэтрүүлж услаад байж болно.
5. Алоказиягийн навч нойтон болоод үхээд байхаар нь тайрсан чинь иш нь мөн нойтон байна. Навчгүй мөртлөө навчны иш нь нойтон хэвээр байгаад байх юм. Бусад навчруугаа шилжих үү?
Хэтрүүлж услаад илжрүүлж байж болох юм . Хөрснөөс гаргаад үндэсийг нь шалгаад үзээрэй. Хөрсийг нь шинэ хуурай хөрсөөр сольж болно. Суулгахын өмнө үндэс, ишийг нь мөөгний эсрэг фундазол-оор шүршиж өгөөрэй. Амархан илрэх, хөгц ургах гээд байдаг тул фундазол тус болно. Нэг хэсэгтэй услахгүй хүлээгээрэй. Шүрших хэрэггүй.
6. Хумсын чинээ булцуу авлаа. Одоо яах ёстой вэ?
Аль нэг цэцэгний хажууд суулгачихвал илүү ургаад байх шиг. Дангаар нь саванд суулгаад, ус дулааныг анхаараад нэмэргүй үхээд байсан. Эпин-д дэвтээгээд ч нэмэргүй. Аль нэг навчаар гоёдог ургамлын хөрсөнд нь зоогоод мартсан байхад 2 сар болоод ургаад ирдэг. Хөрсөө бүүр хатаахгүй, мөн хэт услахгүй тохируулаад байхад болдог.

No comments:

Post a Comment