Wednesday, April 14, 2010

Аглаонема

Аглаонема (Aglaonema)
Ботаник нэр: Aglaonema spp.
Англи нэр: Chinese Evergreen
Овог: Araceae (Aroid)
Aglaonema грек үгнүүдээс бүрдсэн ‘aglos’ тод, гялгар, ‘nema’ утас. Цэцэгний дохиурны хэлбэртэй холбоотой гэнэ.
Европ, Америкт тархахаас хэдэн зуун жилийн өмнө Хятадууд хар ногоон өнгийн Aglaonema modestum тарьж эхэлсэн байна. Үүнээс болоод аглаонемаг "Chinese Evergreen" буюу "Хятад мөнхийн ногоон" гэж нэрлэх болжээ.
Эх нутаг: Энэтхэг, Бангладеш, Филиппин, Малайн арлуудаар ургадаг. Ихэвчлэн бороо ихтэй ширэнгэн халуун бүсийн ой болон голын хөвөөгөөр ургадаг юм байна. Харин өнгөлөг гибридуудыг Тайланд, Индонезид ихэвчлэн гаргаж авсан байна.
Аглаонема – навчаар гоёдог мөнхийн ногоон бүт. Ойролцоогоор 70 см өндөр. Залуу ургамалд иш гэхээр зүйл байдаггүй, хөгшрөх тусам богинохон иш бий болдог. Навч зузаан, 12-15 см урт. Төрөл сортоосоо хамаарч навчны өнгө янз янз байдаг. Зөв арчилвал цэцэглэдэг. Цэцэг нь жижигхэн, цайвар ногоон нөмрөгтэй, үзэмж муутайдуу. Цэцэглэлт дуусангуут тод улаан өнгийн жимс бий болдог. Жимс нь дотроо үртэй. Үр боловсорч дуустал 6-8 сар болдог.
Ароидын төрлийн бусад бүх ургамлын адил аглаонема нь хортой шүүстэй. Шүүс нь амны хөндийг хорсгож, хавдааж, хөндүүр болгохоос гадна зарим тохиолдолд хэсэг хугацаанд авиа гаргаж болохгүй болдог байна.
Мэдрэмтгий арьстай хүмүүс шилжүүлж суулгах, тайралт хийх зэрэг ажил хийхдээ бээлий өмсөөрэй. Бага насны хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтадтай айлд байлгах хэрэггүй. 
ТӨРӨЛ
Aglaonema modestum
40-50 см өндөртэй мөнх ногоон бут. Навч зуувандуу, 15-20 см урт, 6-10 см өргөн, шовх үзүүртэй, угаараа дугуйрсан, тод товоож гарсан судалтай, жигд ногоон өнгийн. Жимс - улаан өнгийн. 
Aglaonema commutatum
тэгш ургасан урт иштэй, навчны урт 30 см хүрдэг, 10 см өргөнтэй, урт нарийхан бариултай. 3-6 цэцэг багцаар гардаг. Нарийхан, 6 см хүртэл урт годонтой, бүдэг ногоон нөмрөгтэй. Жимс нь улаан өнгийн. Тод улаан жимс нь ногоон навчны дунд тодорч, үзэмжтэй харагдуулдаг байна.
Aglaonema commutatum хамгийн их сонирхдог сортууд:
Aglaonema commutatum var. warburgii 
Aglaonema commutatum var. maculatum 
Aglaonema commutatum var. elegans
Aglaonema "Pseudobracteatum" 
Aglaonema "Malay Beauty"
Aglaonema "Treubi" 
Aglaonema «Silver Queen»
Aglaonema "Silver King"
Aglaonema nitidum
Aglaonema costatum
Aglaonema pictum
Aglaonema marantifolium
Аглаонема гибрид
Аглаонема Sexy Red
АРЧИЛГАА
Гэрэл
Аглаонема гэрэл их шаардаад байдаггүй. Жигд ногоон өнгийн навчтай төрлүүдийг сүүдэрхэг газар ургуулж болно. Харин алаг эрээн навчтайг нь сарнисан гэрэлд байлгадаг. Шууд нарны тусгалд тавих хэрэггүй, навч түлэгдэж толбо үүсдэг.
Аглаонема Super Pride
Агаарын дулаан
Ургахад тааламжтай орчин нь +20-25°C. Өвөл +16-18°C хэмээс доош буулгаж болохгүй. Богино хугацаанд + 10-12°C хэмд байж чадна. Агаарын хэм эрс дээш доош хэлбэлзэх, мөн нэвт салхи зэргээс хамгаалж байх хэрэгтэй. Амархан өвчилж үхдэг.
Цэцэглэлт
Агаарын чийгшил
Аглаонема өндөр чийгшилтэй орчинд байдаг. Зуны халуунд заавал өдөр бүр усаар шүршиж байна. Хүйтэн сэрүүн, мөн бүрэнхий өдрүүдэд болгоомжтой тохируулж шүршиж байх хэрэгтэй. 
Aglaonema "Super White"
Орчны агаарын чийгийг ихэсгэх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээ нь чийгтэй хайрга, керамзит дээр тавих, агаар чийгшүүлэгч хажууд нь ажиллуулах, тогтмол навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх, бүлээн шүршүүрт угаах зэрэг. Навчинд гялалзуулдаг лак цацаж болохгүй.
Аглаонема Reina
Усалгаа
Идэвхтэй ургалт үед хөрсний дээрх үе хатангуут сайн услаж байна. Намар - өвлийн улиралд тогтмол, гэхдээ тохируулж (хөрсний өнгөн үе хатаад 1-2 хоносны дараа) усладаг. Услахдаа 2-3 хоног задгай, том амсартай саванд хонуулсан, сайтар зөөлрүүлсэн бүлээн усаар услана. Хөрсийг хэт устай байлгах мөн хэт хатаагаад байх аль аль нь аюултай.
Аглаонема 'Pride of Sumatra'
Бордоо 
Ургалт үед шингэн, шохой агуулаагүй минерал бордоогоор сард 2 удаа бордно. Амралт үе ойртоход багасгасаар өвөл огт борддоггүй.
Аглаонема pink dwarf
Хөрс
Хөрс аль болох хөнгхөн, агаар ус сайн нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Навчин хөрс, хүлэр болон элс (2:1:1) холиод, дээр нь бага зэрэг модны нүүрсний үүрмэг хийх хэрэгтэй. 
Гидропоникийн аргаар ургуулахад тохирдог.
Аглаонема Moonlight Bay
Шилжүүлж суулгах
Залуу байхад нь жил бүр шилжүүлдэг, харин хөгшрөх тусам 3-5 жилд нэг удаа. Аглаонема багавтар саванд илүү сайн ургадаг. Үндэс нь саваа битүү дүүргэхэд ургалт нь илүү байдаг.
Аглаонема Millie
Гарч болох хүндрэлүүд
Ихэнхдээ ширх, бөөс, хачиг зэрэгт баригддаг. 
Навч шарлаад, хэлбэр нь өөрчлөгдөх, хатах, унах зэрэг үзэгдлүүд гарна. Ургамлын ургалт зогсож, яваандаа үхдэг. Хэт халуун, хуурай агаартай өрөөнд дорхноо улаан аалзан хачиг үүрэлдэг.
Аглаонема Golden Bay
Навч, навчны уг, бариул зэргийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Үүрэлсэн тохиолдолд спирттэй хөвөнгөөр навчнуудыг арчиж хорхойг түүж авдаг. Дараа нь хүчтэй шүршүүрт оруулах, эсвэл усанд угаах хэрэгтэй. Их үүрэлсэн бол Актеллик, эсвэл Фуфанон (15-20 дусал 1 л усанд) найруулж шүршинэ. Хэт их үржсэн бол илүү хүчтэй хор хэрэглэх болно.
Aglaonema Mutiara
Мөөгний гаралтай өвчлөлүүд дундаас хамгийн их тааралддаг нь саарал хөгз/илжрэлт (Botrytis төрлийн мөөг). Мөн навчны толбожилт гэх өвчинд амархан өртдөг. Эдгээртэй тэмцэхэд фунгицид бодис хэрэглэнэ (орос бодисоос жишээ нь "Фитоспорин").
Аглаонема Diamond Bay
Навч хумигдаад, үрчийгээд үзүүр нь борлоод байвал — агаар хэт их хуурай байна. 
Навч хумигдаад захаараа борлоод байвал — нэвт салхинд тавиад байна, эсвэл хэт хүйтэн агаар, цонхноос сийгээд байна.
Aglaonema brevispathum
Навчин дээр цайвар шаргал толбо үүсээд байна — нарны гэрэлд түлэгдсэн.
Ургалт зогссон, навч захаараа улаан бор болоод байвал — хэтэрхий хатуу усаар услаад байна, эсвэл хэтэрхий хүйтэн усаар услаад байна.
Thai Aglaonema
ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Аглаонемаг үрээр, бут салгаж, мөн ишээр үржүүлж болдог.
1. Үрээр:
Үр тарихдаа 2 - 3 сард хөнгхөн сэвсгэр хөрсөнд тараагаад бүлээн усаар шүршээд, вакумддаг. Хөрс тогтмол чийглэг байна. Өдөртөө 2 удаа нээж агаар оруулна. Томроод ургаад ирэнгүүт нэг нэгээр нь 7 см диаметртэй савнуудад тусгаарладаг. Усалгааг багавтар, тааруулж хийнэ. Нарны шууд гэрлээс халхална. Зун ийм залуу ургамлыг баруун хойд, зүүн хойд зүгрүү харсан цонхон дээр байрлуулах нь дээр. 
2. Ишний хэсгээр хөрсөнд үрслүүлэх арга: (Гадны цэцэгчдийн туршлагаас шууд аваад явлаа. Холбоосуудыг нь дараад үзэж болно.)
Хавар иштэй нь доороос нь тайрдаг. Тайрч авсан хэсгийг 10-12 см уртай хэд хэд болгож зүснэ. Навчтай хэсгийг нь шууд саванд суулгаад, доод иштэй хэсгийг чийгтэй элс, хөвдөнд зоогоод +22-25°C дулаан газар байрлуулна. Сайн үндэслэсэн, хүчээ авч эхэлсэн үрсэлгээнүүдээ нэг нэгээр нв саванд суулгадаг. Эх цэцэгний тайралтаас үлдсэн хэсгийг хаях хэрэггүй. бага багаар услаад байвал шинээр навч ургаад сэргээд ирдэг. 
1. Аглаонема доороосоо нүцэгрээд, халзраад, хажуу тийш унаад байвал ийм ургамлыг залуужуулах хэрэгтэй. Үзүүрээс нь шинээр тайрч үндэслүүлж, шинэ ургамал гаргаж авна гэсэн үг.
2. Хамгийн их ургасан ишийг хөрснөөс 2–3 см өндөр үлдээгээд тайрна.
3. Секатор хэрэглэж байгаад тайрсан урт ишийг 10-15 см урттай хэд хэдэн хэсэгт хуваана.
4. Хуваасан хэсэг бүрийг доод талын навчнуудаас нь салгана.
5. Саванд дренаж хийгээд, дээрээс нь том ширхэгтэй голын элс, эсвэл хөвд голын эслтэй авч хийнэ.
6. Бэлэн хөрсөө сайн услана.
7. Үрсэлгээнд бэлдсэн хэсгүүдээ өндөрийх нь тал хүртэл хөрсөнд булна. Маш сайн услаад, дулаахан газар тавьна.
8. Хэрэв хавар, зун хийж байгаа бол 2–3 долоо хоногийн дараа, хэрэв өвөл хийж байгаа бол 4–6 долоо хоногийн дараа үндэслэдэг. Үндэслэсэн үрсэлгээг хэд хэдээр нь нэг саванд суулгаж болно. Мөн тайрсан эх цэцэгнээс ч гэсэн шинэ нахиа ургаад ирнэ.
3. Хамгийн төвөггүй үржүүлэх арга бол бут хуваах.
4-5 сард шилжүүлэн суулгалт хийх, хөрс солих үеэр хийдэг. Яаж бут хувааж үржүүлэх вэ?Аглаонемагийн ‘Miss Thailand’ гэх хөөрхөн ягаан өнгийн бутан дээр үзүүлъе.
1. Савнаас нь болгоомжтой гаргаад, орооцолдсон үндсийг аль болох сулалж, хөрснөөс салгана.
2. Үндэс хэтэрхий их орооцолдсон бол хурц ариутгасан хутгаар шууд дээрээс нь доошоо зүсээд хэд хэдэн хэсэгт хуваасан нь дээр.
Хэрэв хөрсийг салгаж болж байвал нэг нэгээр нь дээрх зураг дээр үзүүлсэн шиг салгаж авна. Хэрэгтэй бол хурц хутгаар зарим үндсийг тасдаж болно. Аль болох үндэс гэмтээхгүй, зүсэхгүй байх үүднээс нэг нэгээр нь салгаарай.
3. Салгасан хэсэг бүрийг тус тусад нь савнуудад суулгана. Сайн чанартай хөрс авсан нь дээр. Хөрсөө чигжиж, доош дарж нягтруулж өгнө. Aглаонема нь хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй. Ямар ч хөрсөнд ургаад байдаг. Гол нь сайн агаар, ус нэвтрүүлдэг байх хэрэгтэй.
4. Суулгацуудаа сарнисан нар үзэхээр гэрэлтэй, дулаахан газар байрлуулна. Усалгааг тогтмол хийнэ. Бут хуваагаад 3 долоо хоног өнгөрсний дараа: шинээр навч гарч эхэлсэн байна. Мөн доороос нь шинэ нахиа олноор гарч байна. Салгасан бутнууд маань шинэ хөрс, савандаа идээшжээ.
 
4. Дараагийн нэг үржүүлэх арга нь - агаарт үндэслүүлэх арга.
Aglaonema “Silverado” ундааны саванд суулгаад жил гаруй хугацаанд иймэрхүү ургав. Зай эзэлсэн энэ бутны 3 мөчрийг нь тайраад хөрсөнд эсвэл усанд үндэслүүлээд авч болно. Өөр нэг арга нь эх цэцэгнээс нь салгалгүйгээр агаарт үндэслүүлэх арга. Үүний тулд:
- Ишийг нь нүцгэлэх үүднээс зарим навчнуудыг нь тасдаад авна.
- Чийгтэй хөрс бэлдэнэ. Энэ тохиолдолд нил цэцэгний хөрс авсан байгаа. 
- Тугалган цааснаас 3 хэсэг бэлдэнэ.
- Нэг атга хөрс тугалган цаасан дээр тавиад
- Халзан болгосон ишийг ороож бооно.
- Ойролцоогоор 4 долоо хоног болоод үндэслэнэ. (Хийж байгаа улирал, эх цэцэгний хүчтэй чадалтай байдлаас энэ хугацаа нь арай удаан ч байж болно.)
Үндэслүүлэгч бодис хэрэглээгүй, зөвхөн чийгтэй хөрс авсан болно. 4 долоо хоног өнгөрөөд задалж үзэхэд ийм үндэс цухуйсан байв.
Эх цэцэгнээс нь тайрч аваад, хөрсөнд тус тусад нь суулгана. Харин эх цэцэг маань 6 долоо хоногийн дараа 10 шинэ нахиа гаргасан, яваандаа саглаасан өтгөн гоё бут болохоор байна.
2 сарын дараа бүгд шинэ шинэ навч гаргасан, давгуй болсон байгаа байдал.
Агаарт үндэслүүлэх арга нь бас ийм байж болно:
 
Ингэж ургасан цэцэгний доод жижиг мөчрийг үрслүүлэхээр тайраад усанд хийв. Сарын дараа үндэс цухуйсан байгаа нь:
Эх цэцэгнийхээ үлдсэн урт урт ишнүүдийг тайраад, мөн усанд үрслүүлсэн. Үндэслэсэн бүх шинэ үрсэлгэнүүдээ эх цэцэгний хажуугаар суулгав. Эх цэцэгний үлдсэн тайрдасуудаас шинээр олон нахиа гарч ургаад, бүгд нийлээд ийм үзэмжтэй гоё болов.
Хамгийн эхний зураг дээр байсан цэцэг маань одоо ийм болсон байна.
Усанд үндэслүүлсэн аглаонеманууд:
Усанд хийхийн оронд шууд хөвсгөр хөрсөнд, эсвэл цэвэр голын элсэнд үндэслүүлж болно. 

Киноны гол дүрд тоглосон цэцэг
http://itmakesadifferencetothesheep.blogspot.com/2011/03/propagating-chinese-evergreen.html
http://www.plant-care.com/indoor-air-layer-stem-cuttings-of-aglaonema.html
http://greenhome.org.ua/
https://www.google.mn/search?q=Aglaonema+seeds&rlz=1C1CHMO_enMN557MN557&espv=2&biw=1366&bih=643&source=lnms&tbm=isch&sa=X&ei=6uRdVIW1HM3naoTcgpgE&ved=0CAYQ_AUoAQ#tbm=isch&q=aglaonema+propagation&imgdii=_
http://www.floralworld.ru/encyclopedia/catalogue.html

No comments:

Post a Comment