Wednesday, April 28, 2010

Цэцэгнээс жижигхэн хар ялаа нисээд байна уу?

Сциарид нь жижигхэн шумуул/ялаа/ (0,5—3 мм) юм. Өнгө нь ихэвчлэн саарал болон хар. Далавчтай, далавчгүй гэж байдаг. Томорсон үедээ хоололдоггүй тул цэцэгэнд хор хөнөөлгүй. Чийгтэй хөрсөнд өндөгөө гаргадаг. Хэд хоногийн дараа өт хэлбэртэй хөлгүй, 2-10 мм урттай авгалдайнууд гарч эхэлдэг. Өтний гэдэс толгой нь нэвт харагддаг. Үүгээр нь энэ ялааны авгалдайг бусад өт, цагариган хорхойноос ялгаж болдог байна. Авгалдай, өндөг нь хуурай хөрсийг тэвчиж чаддаггүй. Чийгтэй шорооноос гаргахад хэдэн минутын дотор үхдэг байна. 
Сциарид гэх энэ ялаа нь савтай цэцгэнд ариутгаагүй хөрсөөр дамжин ордог. Эсвэл цонхоор орж ирж чийгтэй хөрсөнд өндөгөө үлдээдэг. Бүрмөсөн энэ ялаанаас салж болдоггүй байна. Үржих, хооллох орчин нь байхад цацсан хорны үйлчилгээ дуусангуут буцаад нисээд эхэлдэг. 
Чийгтэй хөрс, хөрсөн дэх ялзарч байгаа органик бодис нь энэ ялааны үржих орчин болдог гэнэ.
Гэхдээ хүнийг хазахгүй. Ер нь бол ургамалд ч айхтар хор хөнөөл байхгүй гэж үздэг. 
Хөрсөнд амьдардаг, ялзмаг болон органик бодисоор хоололдог. Ялангуяа навчин хөрс, ялзмаг, компосттой хөрсөнд илүү дуртай. Хөрсөнд мөчир, модны үртэс байвал энэ ялаанд үүрлэх үржих cайхан орчин болно.
Ялаа нь хөрсний өнгөн хэсэгт 5-8 см гүн байралдаг. Иймээс усалгаа хооронд хөрсний өнгөн үеийг хатаах сайн байдаг. Үржиж амьдрах гол нөхцөл нь - чийгтэй хөрс. Иймд хөрсийг хатаах нь бага зэрэг ч болов үржлийг нь хянахад тус болно.
Нэг ялааны амьдрах хугацаа 7 - 10 өдөр. Энэ хооронд нэг ялаа нийт 200 өндөг гаргадаг байна. Өндөг, авгалдайнууд нь том ялаа болтол 2 -3 долоо хонодог, ингээд бүтэн жил дулаахан гэрт үржээд байна.
Ихэнхдээ намар, өвөл илүү үржиж байгаа нь мэдрэгддэг. Учир нь гадаа байгаа цэцгүүдээ намар гэрт оруулдагтай холбоотой. Гадаа байсан ялаа нь хуурай, дулаан гэрт орж ирээд бүүр их таатай үржиж эхэлнэ.
Том болсон ялаа нь ургамалд муугаар нөлөөлөхгүй ч авгалдай нь ургамлын үндэс идээд байдаг. Мөн том ялаа ч тэр, авгалдай нь ч тэр бусад цэцгэнд өвчин тараадаг. Иймээс цэцэг суулгахдаа заавал ариутгасан хөрс, ариутгасан сав хэрэглэж байна.
Хор хөнөөл
Цэцгийг зөв арчилж байхад цэцгэнд учруулах хор хөнөөл нь бага байдаг. Жирийн үед авгалдай нь ялзарч буй органикаар хоололдог. Хэрэв олноороо үржиж байгаа тохиолдолд цэцэгний хэсгээр хооллож эхэлдэг. Зарим төрлүүд нь, жишээ нь өргөст хэмхийн ялаа (Bradysia brunnipes Mg.) болон хүлэмжний ялаа (Plastosciosa perniciosa Edv) зөвхөн үндэсээр болон цэцэгний хөрстөй нийлсэн хэсгээр хоололдог байна.
Урьдчилан сэргийлэх болон устгах арга зам:
Бүрмөсөн устгагддаггүй, дахин дахин гарч ирээд байдаг. Хор хөнөөл нь тасалгааны цэцгэнд айхтар их биш ч олноор үржээд эхлэхээр хэцүү асуудал болно. Олноор үржиж байгаа нь муу агро арчилгаа хийсний шинж. Хөрсөнд бүрэн ялзарч дуусаагүй органик гаралтай зүйлс хийхээс болгоомжил: цэцэгний унасан навч, цэцэг, илжирсэн үлдэгдлүүд г.м.
Устгах арга хэмжээнд орхоос өмнө сциарид ялаа мөн биш гэдэгийг тогтоох хэрэгтэй. Учир нь жимснээс гаралтай бас ижил ялаа байдаг. Жимсний ялаа нь муудсан жимсний чанамал, компот, хэт боловсорсон жимсний үнэрээр нисч ирдэг Дрозофила нэртэй ялаа гэнэ.
Хөрсөө сийрэгжүүлж байх.


Шинэ ариутгасан сав, хөрсөнд суулгах. Халдвартай хөрс, булцуу, үндэс гэх мэт зүйлүүдийг устгах.

Дараагийн арга нь услах усандаа цитромон эсвэл аскофен (3 литр усанд тал эм) найруулж услах.

Шар өнгийн наалддаг цаас тавьхад илүү ялаа, хорхой цуглардаг байна. Ялааны наалддаг хор хөрсний дээгүүр, цэцэгний савны дээр тойруулаад эвтэйхэн тавьж өгдөг.

Цэцгэнд агаарын чийг ихэсгэх гэж тавьсан подностой усанд олноор орж үхсэн байдаг юм. Иймээс ялаа нисээд байвал подностой сав шууд тавьж эхэлдэг. Нисэж байгаа ялааг ийм аргаар түүж устгаад, хөрснөөс шинээр гарсан нь мөн адил наалдаад бага багаар цөөрсөөр, яваандаа 3-4 долоо хоногийн дотор алга болдог.

Мөн алимны цуу (винегар/уксус)-г шингэн аяга таваг угаагч савангийн дусалтай холиод цэцэгний хажууд тавьбал олноороо ингэж устдаг.

Хэрэв алины цууны үнэр хэт хурц, танд таалагдахгүй байвал дарсаар орлуулж болно.

Ямар ч шинэ цэцгийг шинээр авахдаа карантинд байлгах хэрэгтэй. 7 хоног тусад нь өөр өрөөнд тавьж элдэв өвчинтэй үгүй, хорхой шавьжтай үгүй зэргийг мэддэг.
Ялаа өндөгөө өнгөн хөрсөнд цацдаг. Иймээс хөрсний өнгөн хэсгийг 2-5см гүн хатааж байж дараагийн услалгааг хийж байвал үржих нөхцлийг багасгаж өгч байгаа.
Усалгааг доороос хийж байх. Гэхдээ энэ ялаа дренажны нүхээр орж бас үүрлээд байдаг. Иймд дренажны нүхрүү орхооргүй болгох хэрэгтэй.


Мөн үүрэлсэн цэцэгтэй савыг олох хэрэгтэй. Усалгаа эхэлхээс өмнө ус шүршихэд ялаа нисэж эхэлнэ, аль цэцэгнээс илүү гарч ирээд байна гэдгийг тодорхойлж авна. Эсвэл усалгаа хийхээс өмнө цэцэгний савыг сайн тоншиж өгөх, эсвэл бага зэрэг хүчтэй хөдөлгөхөд дренажны нүхнээс ялаанууд унаж харагддаг.
Аль цэцгэнд үүрэлснийг мэдээд авсан бол энэ цэцгийн хөрсийг шинээр солих хэрэгтэй - савыг ариутгаж, шинэ хөрсөө мөн ариутгана, цэцэгний иш, үндэсийг урсгал усанд сайн угаагаад марганцтай усанд 1-2 цаг болгоно. Хуучин хөрсөө ч гэсэн ариутгаад хатаагаад өөр цэцгэнд хэрэглэж болно.
Шумуулын эсрэг хэрэглэдэг, цахилгаанд залгадаг жижигхэн фумигатор залгаж болно. Нисэж байгаа хэдийг устгана, харин хөрсөнд байгаа авгалдай, өт зэргийг давхар хороор устгаарай.

Би заримдаа цэцэгнүүдээ аяга таваг угаадаг шингэн дусаасан усаар усладаг. Ингэснээр хөрсөнд хуримтлагдсан элдэв хужир, давс доош уусаж урсдагаас гадна жижиг өндөг авгалдайнуудыг мөн устгадаг. 

За тэгээд дээрх энгийн аргууд үйлчлэхгүй байвал химийн аргаар устгах үлдэнэ.
Ялаанаас салах нь нэг удаагийн үйлдлээр алга болгохоор амар зүйл биш. Тэр их үржсэн өндөг, авгалдайнуудыг удаа дараа хор хэрэглэж устгана.
Том ялааг устгадаг зүйл нь авгалдайг алдаггүй. Гол нь өндөг гаргаад байгаа том ялаанаас салах. Тэгэж байж ялааны тоог бууруулна. Үүнд зарим химийн хор хэрэг болно. Цэцэгрүүгээ хор цацах хэрэггүй. Бүх зүйл савтай хөрсөнд байгаа тул хороор услана. Хорны уут дээр хэд хоноод дараагийн давталтыг хийхийг бичсэн байдаг. 
Урьдчилан сэргийлэх үүднээс дахиж үржүүлэхгүйн тулд шинээр авсан цэцэг, ургамлаа юуны түрүүнд хороор услах нь дээр байдаг.

Бусад бичлэгүүд:
Fairy-гээр цэцэг услаж болох уу?

No comments:

Post a Comment