Sunday, June 25, 2017

Цэцэг "спортлох" гэж юу гэсэн үг вэ?


Юүлүүргэнэ "Roulette Cherry"

Хэвшмэл нэршил: Спорт, хугаралт, химер
Ямар ургамал өртөх боломжтой: Бүх ургамал.
Гол шалтгаан: Генийн мутаци. 
Ихэвчлэн тохиолддог улирал/цаг: хавар, зун, ихэнхдээ агаарын темпертурын огцом хэлбэлзэл, хэт халуун орчинд байлгаснаас, хурц наранд халсанаас гэх мэт.  
Шинж тэмдэг: 
Байгалийн генетикийн мутациас болж ургамлын зарим хэсэг нь тухайн сортын шинж тэмдэгээс эрс өөр гарахыг хэлдэг. Энэ нь өөр өнгийн дэлбээ, өөр өнгийн навч, тэс өөр жимс гэх мэтээр илэрч болно. 
Ерөнхийдөө нэг ургамал дээр нэгээс хоёр мутаци байж болно. Жишээ нь салаалж ургасан шинэ мөчирнөөс өөр өнгийн цэцэг гарах, эсвэл дэлбээлсэн олон цэцэгний дунд ганц ширхэг содон өнгийн цэцэг гарах гэх мэт. Нэгэнт өөрчлөгдсөн, мутацид орсон мөчир/ургамлын хэсэг нь эргээд сортын шинж чанарлуугаа ордоггүй гэдэг. Тасалгааны ургамал дээр энэ нь яг батлагддаг. Харин Английн RHS (Royal Horticultural Society)-ийн бичсэнээр спортолсон өөрчлөлтүүд жилийн дараа эргээд сортын шинжрүүгээ ордог гэж бичсэн байдаг.

Спортолсон жимс
Гарах шалтгаан: 
Мутаци нь гэнэтийн болдог өөрчлөлт. Ургамлын эсийн дотор өөрчлөлт болсноос үүднэ. Заримдаа хэт хүйтэн/хэт халуун агаараас болно, заримдаа хорхой шавжинд баригдсанаас ч бас болно. 
Заримдаа мутаци нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Үүссэн эсийн хүрээнд л болоод өнгөрөх жишээтэй. Харин яг ургаж байгаа хэсэгт тэр эс нь байж таарвал тэрнээс дээш ургасан бүх хэсэг өөрчлөлттэй ургана. 
Химер гэдэг ойлголт нь генетикийн хувьд өөр өөр эд эстэй хэсгүүд нэг ургамал дээр зэрэг ургахыг хэлнэ. Жишээ нь, хризантема, сарнай, мандарваа, нил цэцэг зэрэг нь химер цэцэг гаргах дуртай. Химер нь өөр өөр өнгийн хэсгүүдтэй цэцгийг ер нь хэлдэг. 


ЛЕ - Фуксиевое Кружево сорт спортын хамт. Надаа бол спорт нь илүү таалагдаж байна. :)))))
 

Cпорт гэдэг нь арчилгааны буруугаас болдоггүй, энэ нь өвчлөл биш. Гэнэтийн мутаци тул ямар нэгэн проблем гэж хүлээж авах хэрэггүй. Хүсвэл тэрүүхэн хэсэгийг тайраад хаяж болно. 
Тасалгааны ургамлын хувьд спортолсон хэсгийг эх цэцэгнээс тайраад авсан нь дээр гэж үздэг. Спортолсон хэсгээс үрслүүлсэн ургамал нь спортолсон шинж тэмдэгтэй л ургана. Эх цэцэгний шинж тэмдэг эргээд гарахгүй.  


Юүлүүргэнэ, нил цэцгэнд хамгийн их спортолдог төрлүүд бол "Фэнтези" төрлүүд. Энэ нь нэг өнгийн дэлбээн дээр өөр өнгийн зураасан, толбон хээтэй сортуудыг хэлдэг. 
Бараг спортолдоггүй төрлүүд байдаг. Энэ нь ихэнхдээ энгийн, нэг өнгийн дэлбээтэй сортууд байдаг. 
Цэцэг ганган байх тусам спортлох нь амархан байдаг. 

"Шахиня" сорт, спортын хамт
 

Спорттой огт холбоогүй нэгэн үзэгдлийн тухай энд бас дурдахад гэмгүй. Генийн мутаци биш ч цэцэгний өнгөнд нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. Энэ нь цэвэр арчилгаа, ургуулж байгаа нөхцөл, орчноос хамааралтай юм. Агаарын температур, хөрсний найрлага, гэрэл зэрэг нь цэцэгний өнгөнд шууд нөлөөлдөг. Мөн нэг сорт өвөл нэг өнгөөр цэцэглэдэг бол зун огт өөр өнгө гаргадаг. 

Шимтэглээ "Marie Louise" сорт  спортын хамт
 

Нил цэцгийн хувьд ногоон аржгар эмжээртэй төрлүүдийг хүйтэнд байлгах тусам илүү их буржгар болдог ба цэцэгний хэмжээ илүү том болдог, цэцэг хагдарахгүй илүү удаан тогтдог, алаг навчтай бол навчны цагаан хэсэг илүү өргөн болж гардаг гээд олон зүйлүүд байдаг. 
Нил цэцэгний өнгө өөрчлөгддөг бас нэг шалтгаан бол - хөгшрөх тусам цэцэгний өнгө (ялангуяа хоёр өнгөт сортуудад) өөрчлөгддөг, цайвар хэсэг нь бүүр алга болж болно, эсвэл цэцэгний өнгө илүү бараан болж болно. Ийм тохиолдолд энэ бутыг залуужуулах хэрэгтэй болно. Алаг биш навчаар үрслүүлж гаргаж авна гэсэн үг. 

      ЕК-Белая Королева                                        ЕК-Белая Королева спорт
 

Сортын дагуу цэцэгтэй болохыг хүсвэл: 
1. Хамгийн энгийн зөвөлгөө бол - цэцэглэж байгаа үрсэлгээ худалдаж авч байх. Жишээ нь, шимтэглээ, нил, юүлүүргэнэ, сарнай, хризантема, мандарваа, гээд маш олон цэцэг спортлохдоо амархан байдаг. Цэцэглэсэн байхад нь аваарай.
2. Фэнтази төрлүүдээс навчаар үрслүүлж байгаа бол гарсан бүх зулзагнуудыг аль болох  бүгдийг нь ургуулж цэцэглэхийг нь хараарай. Мөн л спортлохдоо амархан шүү. 
3. Боломж байвал навч худалдаж авах биш, хажуугийн салгасан бут/зулзага авсан нь дээр байдаг. Ийм зулзагнууд сортын шинж тэмдэгээ авч үлдэхдээ илүү дээр байдаг. Спортлох нь бага.
4. Хэрэв үрсэлгээ, эсвэл бэлэн зулзага авч байгаа бол навчин дээр бараан пигмент толбонууд байхгүй байх ёстой. Цаанаасаа үүссэн толбо нь спорт байж болох өндөр магадлалтай. 

Спорт гэдэг нь өвчин биш, ямар нэгэн бодис, бордоо, хор цацаад эргээд сортруугаа орохгүй. 
Камелия спорт

Спорт нь гибридуудад илүү их тохиолддог, хэт ганган байх тусам илүү их спортолдог гэж дээр хэлсэн. Гибридуудыг гаргаж авах гэж маш олон эх-эцэгийн материал ашигласан байдаг тул спортлоход аль нэг ээж-аавын шинжрүүгээ эргэсэн байж болно. Гэхдээ спортлох гэдэг нь заавал ээж-аавруугаа буцаад өөрчлөгдсөн гэж ойлгож болохгүй.

Спортолсон олон ганган хувилбаруудыг шинэ сорт болгон бүртгэж авсан байдаг. Жишээ нь, Appleblossom Rosebud шимтэглээний спортолсон хувилбаруудаас Westdale Appleblossom, April Snow, Fischer's Appleblossom, Happy Appleblossom гэх мэтээр маш олон шинэ сортууд гарсан. Шимтэглээг ажиглахад зуны улиралд голдуу спортлоод байдаг.

                     Appleblossom Rosebud                             Happy Appleblossom Rosebud                  
 

           April Snow Rosebud                                    Westdale Appleblossom Rosebud
 
Ашигласан материал:
http://fialka-mini.ru/rekomendatcii-i-poleznaya-informatciya/sort-i-sport
https://www.rhs.org.uk/advice/profile?PID=259 
https://ok.ru/komnatnyrastishka/topic/65071738836478
http://my-flower.su/sport-rasteniy-pochemu-rasteniya-sportuyut/

Monday, June 19, 2017

Циперус - Шүхэр өвс

Латин нэр: Cyperus (Циперус)
Түгээмэл нэршил: Шүхэр өвс (Umbrella grass)
Овог: Cyperaceae
Эх нутаг: Мадагаскар арал
Нийт 600 төрөл зүйл байдаг. 
Навчаар гоёдог тасалгааны цэцэг. Мөн усан сан, аквариумны ургамал гэж ургуулдаг.
Тасалгаанд ургуулдаг гурван төрөл байдаг: Cyperus alternifolis L., Cyperus albostriatus, Cyperus papyrus L. 
Ургамлын өндөр 120 см хүрдэг. Нарийхан навчнууд нь 30 см урт ургадаг.
Зарим газар циперусыг эмчилгээнд хэрэглэдэг. Нүдний хараа сайжруулдаг, тархины цусан хангамжийг идэвхжүүлдэг гэж үздэг байна. Мөн нойргүйдэл, толгойн өвчинд хэрэглэдэг юм байна. 
АРЧИЛГАА
Тасалгааны нөхцөлд дасан зохицохдоо амархан. 
Байршил/Гэрэл: сүүдэрхэг газар ургаж чаддаг. Гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалсан тод гэрэлтэй газар навчны хэмжээ томроод сайхан ургадаг.  
Зуны улиралд гадаа тагтан дээр гаргана. 
Баруун болон зүүн тийш харсан цонхны тавцан илүү тохирдог. Тод гэрэлд дуртай, гэхдээ сүүдэрт ургаж чадна. Сүүдэрт байгаа цэцэгний ургалт муу, удаан, навч нарийсдаг гэдэгийг санаарай.  
Өвөл аль болох нар тусдаг цонхон дээр тавьна. Хиймэл гэрэлтүүлэгтэй газар сайхан ургадаг. Харин зуны халуунд хурц нартай цонхноос заавал авна. Наранд навч түлэгдээд толбонуудтай болдог, мөн үзүүр нь хатна. 
Урагшаа харсан цонхон дээр тавьдаг бол нарны тусгалыг сарниулж тюль хөшиг зэрэгээр халхална. 
Cyperus albostriatus

Усалгаа: Хөрс байнга чийгтэй байна. Хавар, зуны улиралд усаар дүүргэсэн өндөр суурь таваганд савтай цэцгээ дүрээд тавьчих нь илүү дээр байдаг. Эсвэл услагааг ойр ойрхон болон ихээр хийнэ. Намар өвөлдөө устай суурь тавагнаас гаргаж авсан нь дээр, услах усны хэмжээг багасгана, гэхдээ байнга, тогтмол хийж байна. Cyperus albostriatus суурь тавганд нь ус байлгахад дургуй гэдэгийг анхаарна уу.
Усалгааг доороос хийдэг. Хатуу усанд дургуй. Иймээс буцалсан, эсвэл шүүсэн ус хэрэглэдэг. Аквариумны давсгүй ус хэрэглэж болно. 
Хөрс дараагийн усалгаа хүртэл чийгтэй хэвээр байх ёстой. Хөрс бүрэн хатааж болохгүй. 
Агаарын чийгшил: маш өндөр байх ёстой. Эх нутаг нь чийглэг халуун тропикийн бүс тул хуурай агаар даахдаа муу. Орчны агаарыг усаар байнга шүршиж чийглэж байна. Эсвэл хажууд нь агаар чийгшүүлэгч төхөөрөмжүүд залгаж болно. Хуурай агаарт элдэв хорхой шавж амархан бий болдог. 
Агаарын дулаан: зун +20-25°С, өвөл дааж чадах хамгийн доод хэм +12-14°С, үүнээс доош бууруулж болохгүй. Халуун газрын ургамал гэдэгийг санаарай.
Өвөл хүйтэн цонхон дээр тавиад, хөрс даарснаас (хөрсний хэм +12°С-ээс доош) байвал ишний ёроолоор харлаад ялзардаг.
Бордоо: зун – арван өдөрт нэг удаа органик эсвэл органик-минерал бордоо хэрэглэнэ. Циперус минерал давс ихдүүлэхэд өвчилдөг. Иймээс дан органик бордоо хэрэглэсэн ч болно.

Аквариумтай усанд ургадаг

Хөрс: ялзмагт хөрс, хүлэрт хөрс, элс (4:1:1) эсвэл ялзмагт хөрс, навчин хөрс, ширгэн хөрс, элс (4:2:1:1) харьцаатай авч болно. Хөрс хөнгөн, тэжээллэг, рН бага байхад болдог. Хөрсөнд чийг барьж тогтоохын тулд бага зэрэг модны нүүрс, эсвэл тоосгоны үүрмэг хийж болно. Хэрэв хүсвэл тусгай гидрогель хольж бас болдог. Энэ нь хөрсний чийгийг хадгалахаас гадна элдэв бордоо, бодис өөртөө агуулдаг. Гэхдээ синтетик материал хөрсөнд хамаагүй холих дэмий санагддаг. 
Налж унасан урт өндөр ишнүүдийг ингээд тогтоосон нь үзэмжтэй харагддаг

Шилжүүлэн суулгалт: тасалгааны бусад бүх цэцэцгнүүдэд заавал доор нь дренаж хий гэдэг бол энэ цэцгэнд дренаж хэрэггүй
Циперус үндэсийг нь оролдоход их дургуй. Иймээс шилжүүлж суулгахдаа арай том саванд хуучин хөрсийг гөвөлгүй шууд шилжүүлээд, шинэ хөрсөөр зай завсарыг нь дүүргэдэг. Сав сонгохдоо чөлөөтэй, том, өндөр сав аваарай. Үндэс маш амархан ургадаг тул том сав дээр байдаг.
Шилжүүлэн суулгалтыг жилд нэг удаа - хавар 3-4 сард хийдэг. Залуу ургамлыг жил бүр шилжүүлж болно. Зөв арчилж ургуулсан бол амархан томорч савандаа багтахаа байдаг. Хөгшин ургамлыг харин шаардлага гарсан үед шилжүүлж суулгадаг.
Хэрэв үндэс гэмтсэн (шилжүүлж суулгахдаа санамсаргүй тасалсан, оролдсон, эсвэл үндэс илжирсэн, хөгцөрсөн) бол харалсан, гэмтсэн, тасарсан хэсгүүдээс болгоомжтой салгаад, амархан унаж байгаа хөрснөөс нь мөн цэвэрлэнэ. Ингэсний дараа шинэ хөрсөнд суулгаарай.
Үржүүлэх арга: үрээр, бут хувааж, навчин тавагтай хэсгээр. Үрээр үржүүлэх арга нь маш их цаг авсан удаан. Үрээр үржүүлэх бол чийгтэй хөрсөнд үрээ байрлуулаад, гадуур нь вакумдана. Агаарын хэм +18С байх бөгөөд байнга усаар шүршиж чийглэж байна. Удалгүй соёолоод ирнэ. Томроод ургангуут тусгаарлаж салгана. Үрсэлгээний (7-10 см) саванд 1-3 ширхэг үрсэлгээ суулгаан. 
Бут/үндэс хуваах нь илүү хялбар арга. Үүнийг хавар шилжүүлж суулгах үед хийдэг. 
Зулзаган бут хувааж салгах

Том бутыг үндэс хувааж үржүүлж болно.

Ишний үзүүрээр үржүүлэхэд навчин тавагтай хэсгийг тасдаж аваад, навчнуудыг 4 см урт үлдээж богиносгоод, ишнээс 10-15 см урт тайраад, "шүхэр"-тэй хэсгийг усанд доош харуулж дүрнэ. Хүсвэл эх цэцэгнээс салгалгүй устай саванд тонгойлгоод дүрж тогтооно.

Хоёр долоо хоноод нахиа гарч эхэлдэг. Жоохон томруулаад 20-25 хоногийн дараа хөрсөнд суулгаж болно.


Гарч болох хүндрэлүүд: яваандаа хөгшрөөд ирэхлээр иш нь шарлаад, үхдэг. Ийм ишнүүдийг угаар нь тайрна. Ингэснээр шинэ иш ургадаг.
Хэт хуурай агаар, чийг дутсанаас навчны үзүүр хатдаг. Орчны агаарыг чийглээд, усалгааг ихэсгээрэй. 
Циперус нь эсэргүйцэл сайтай, орчиндоо дасан зохицохдоо амархан, элдэв хорхой шавжинд тэсвэртэй ургамал. Гэхдээ, агаар хэт хуурай бол аалзан улаан хачиг дорхноо гараад ирдэг. Үүнээс гадна цагаан далавчит ялаа, бамбайт хорхой, ургамлын бөөс, гурилан өт зэрэгт баригддаг. Эдгээр нь бүгд буруу арчилгаанаас үүдэлтэй. Дөнгөж гарч ирсэн бол савантай усаар угааж хорхойнуудыг урсгаж арилгаж болно. Харин газар авсан бол "Актеллик" хороор шүршиж устгана.
Ашигласан материал:
http://www.ourhouseplants.com/plants/umbrella-grass-cyperus
http://sadovod55.ru/ciperus-uxod-razmnozhenie-peresadka
h
ttp://cveti-rasteniya.ru/ciperus-uxod-v-domashnix-usloviyax.html
http://flowersclub.info/index/0-372
http://rosyanka.sulfurzona.com/index.php?art=154
http://www.compkorea.ru/ciperus-uhod-i-razmnozhenie
http://www.jaycjayc.com/propagate-cyperus-umbrella-plant/

Tuesday, June 6, 2017

Оранж ногоодой буюу Мандарин ногоодойг үрээр тарих тухай

Түгээмэл нэр: Далавчит Хлорофитум (улбар шар ногоодой, мандарин ногоодой) 
Латин нэршил: Chlorophytum amaniense, Chlorophytum orchidantheroides 
Овог: Liliaceae 
Бусад ногоодойн төрлүүдэс тэс өөр. Үзэмжтэй харагддаг, бараан гүн ногоон өнгийн далбагар навчнууд нь тод улбар шар өнгийн иштэй. Бутны өндөр 40 см хүрдэг. Цэцэгний иш богинохон. Амархан үрлэнэ. 
Тасалгаанд ургуулдаг хоёр төрөл байдаг:
«GreenOrange» — өргөн навчны дундуур иштэйгээ адилхан улбар шар судал явсан байдаг; 
«FireFlash» — дээрхтэй маш төстэй, ялгаа нь гэвэл навчин дээр улбар шаргал судас байхгүй, бага зэрэг улбар туяатай.  
Үр шинэ бол суулгаад 3-4 долоо хоноод соёолж эхлэнэ. Хавар үр суулгах хамгийн тохиромжтой үе байдаг. Намар, өвөл суулгасан үр ургахдаа муу, удаан байдаг. 
Үрнүүдээ "Эпин-Экстра" эсвэл марганцын бүдэг уусмалд 24 цаг дэвтээнэ.
Хүсвэл үрнүүдээ хөвөн дээр байрлуулж соёолуулж болно. Эсвэл хүлэрт хөрс элстэй холиод, чийглээд дэвтээсэн үрнүүдээ байрлуулаад дээгүүр нь гялгар уутаар бүтээж вакумдна. Үрнүүд хоорондын зай 1 см-ийн байна.  
Хөрсөө бага зэрэг шүршихлээр үр доош сууж өгнө. Иймээс дээгүүр нь хөрсөөр хучих/булах хэрэггүй. Эсвэл үрнүүдээ хөрсөн дээр байрлуулаад дээрээс нь хуруугаараа зөөлөн доош дарж өгч болно. Соёолоход гэрэл хэрэгтэй. Шинэ үр бүгд ургадаг. Гэхдээ соёолох хугацаа нилээн удаан талдаа.  
Соёолсон үрсэлгээнүүд ургахдаа мөн л удаан. Гэхдээ салгаж суулгах/тусгаарлах гэж яарах хэрэггүй. Яагаад гэвэл ногоодой нь эхлээд үндсээрээ савыг дүүрэж байж дээрх хэсэг нь эрчимтэй ургадаг. Үндэс ургахдаа удаан, учир нь үндэс нь шүүслэг бүдүүн, булцуурхуу байдаг тул эхлээд тэрийгээ бүрдүүлэх болдог (яг л ердийн ногоодойтой адил).
Зураг дээр байгаа савтай үрсэлгээнүүд нь нэгэндээ 25-30 үр суулгасан байгаа. Хоорондын зай 1 см гэдэг нь яг таарсан. Учир нь хамаагүй цацсан үрнүүд дараа нь шигүү ургаад бие биенийхээ ургалтыг дараад байдаг. Үүнээс болоод ургалт бүүр удаан, ургасан үрсэлгээнүүд туниа муутай нарийхан жижигхэн юмнууд болдог.
Вакумдсан үрсэлгээнүүдээ өдөртөө хоёр удаа нээж агаар оруулж байна. Байнга шүршээд байх хэрэрггүй. Харж байгаад тохируулаад шүршигчээр услана. Энэ үрсэлгээний савны хэмжээ нь 10см. 4 сартай үрсэлгээнүүд.
Маш олон үр суулгасан тул 250-300 үрсэлгээг нэг нэгээр нь тусгаарлаж савлах хэцүү, гэхдээ одоо салгахгүй бол ургалт зогссон, гацсан байна. Томорсон үрсэлгээний усалгааг доороос хийсэн нь дээр.
Ер нь бол хэт услаж байхаар хатаас гээд, услахгүй нэг илүү хоносон нь дээр байдаг. Ус хэтрүүлсэн цэцэг доод навчнаасаа эхэлж харласаар навчнууд нь унаад байдаг.
Нэг нэгээр нь салгаж суулгана.
Шаардлагагүй бол навч шүрших хэрэггүй. Орчны агаарыг чийгшүүлж болно (доор нь устай поднос тавих, эсвэл xажууд нь агаар чийгшүүлэгч залгах гэх мэтээр).
Ус хэтрүүлэхлээр бас нэг зүйл ажиглагдсан нь навчны зарим хэсэг усанд нэвчсэн гэмээр нэвт нэвт дэвтээд, сонин судалтай болоод байснаа хөрс хатсаны дараа тэр нь арилж зүгээр болж байсан.   
Дараагийн ажигласан зүйл гэхээр - хүлэрт хөрс давамгайлсан хөрсөнд суулгасан ногоодой жирийн хар шороо, ялзмаг, элстэй хөрсөнд суулгасан ногоодойгоос муу ургаж байсан ба навчны өнгө бүдэг, гялгар биш байсан. 
Арчилгааны өөр нэг нууц нь бол хөрсөө (дээд хэсгийг) байнга сийрэгжүүлж байх.
Оранж ногоодойг хурц нарны гэрлээс хамгаална, наранд тавьбал навчны өнгө алдагдаж, цайраад, сульдаад эхэлдэг. Навчин дээр түлэгдсэн толбонууд үүснэ. Гэрэлсэг газар илүү эрүүл, өнгөлөг ургана. Навчны ишний улбар шарыг тод болгохын тулд хажуугийн нахиануудыг салгаж байх хэрэгтэй.
Хавар-зундаа долоо хоног бүр зааварт зааснаас нь 2 дахин шингэн найруулсан минерал комплекс бордоогоор бордож байна. Сард нэг удаа усандаа төмөрийн бэлдмэл хийж услана («Ферровит», «Төмөрийн хелат»).
Цэцэглэлт нь ургамлыг маш сульдаадаг тул цэцэгний ишийг таслаад байх нь дээр байдаг. Сульдсан бутны үзэмж эрс мууддаг. Бусдаар бол айхтар тусгай арчилгаа шаарддаггүй ургамал. 
https://forum.bestflowers.ru/t/xlorofitum-iz-semjan.31499/page-2
https://chto-posadit.ru/tsvetok-hlorofitum-zelenyy-i-oranzhevyy-uhod-v-domashnih-usloviyah-razmnozhenie-vidy-i-sorta/

http://flowersclub.info/forum/75-1482-1
http://homeflowers.ru/yabbse/index.php?showtopic=13870

Friday, June 2, 2017

Хятад сарнай

Гибискус Black Dragon
Гибискус (Hibiscus)
Овог: Malvaceae
Эх нутаг: Хятад, Энэтхэг, Африкийн газар нутгаар ургадаг. Эдгээр газруудад маш их нэр хүндтэй цэцэг юм байна. Жишээ нь, Малайзи улсын үндэсний цэцгээр тооцогддог. Гаити арлын сүлд цэцэг. Энэтхэгт хуримын ёслолын чимэглэлд хэрэглэдэг. Эмчилгээний эмийн ургамалд хэрэглэх, цай, хүнсэнд жимс болон үрийг нь хэрэглэх гээд маш их ач тустай гэнэ. Байгальд 3-4 төрлийн гибискус байдгаас тасалгааны цэцгээр Хятад Сарнай буюу Гибискус китайский (Hibiscus rosa-sinensis) илүү дэлгэрчээ.

Hibiscus rosa-sinensis
АРЧИЛГАА
Орос англи хэл дээр бичлэгүүд үзээрэй. Арчилгаа, тайралт , өвөлжилт, зун гадаа тарих гээд бүх талаас нь үзүүлсэн байгаа. Хэлийг нь ойлгохгүй байсан ч нэг үзчихэд илүүдэхгүй.
Агаарын температур: Дулаан газар ургах дуртай. Зун агаарын температур 20-25°С, өвөл 15-20°С байхад тохирно.


Гэрэл: Гэрэлсэг ургамал. Тод сарнисан гэрэлд дуртай, өглөө оройн наранд байлгаж болно. Хэрэв зуны улиралд урд зүгрүү харсан цонхон дээр тавих бол нарны гэрлээс хамгаалж байна. Өвөл гэрэл ихтэй газар, эсвэл урд зүгийн цонх яг таардаг. Ер нь бол хамгийн таардаг цонх бол баруун, зүүн тийш харсан. 

Усалгаа: Хавраас намар хүртэл элбэг сайн услаж байна. Хөрс байнга өлөн чийглэгдүү байх ёcтой. Өвлийн улиралд усалгааг багасгах хэрэгтэй. Хэт их устай байлгах, мөн хэт хуурайшуулахаас болгоомжлоорой. Хүйтэн усаар услаж болохгүй. 
Ус 1-3 хоног том амсартай задгай саванд байлгаж хлоргүй болгосон, агаарын дулаанаас 2-3 хэмээр бүлээн усаар услаж, шүршиж байна. Тал нь буцалсан ус байж болно.


Бордоо: 3 сараас 10 сар хүртэл цэцгээр гоёдог ургамлын минерал бордоогоор сард 2 удаа бордож байх хэрэгтэй. Органик бордоотой ээлжилж хэрэглэнэ.
Бордоог үндэсээр болон навчаар өгдөг. Шүрших усандаа сулхан найруулсан минерал бордоо хийж хэрэглэдэг.
Үндэсээр бордохын өмнө эхлээд ургамлыг заавал бүлээн усаар усалдаг. 20 минут өнгөрсний дараа бордоотой усаар услана.
Хөрс: Хөрс тэжээллэг, нягтаршсан хүнд биш, аль болох хөвсгөр, сийрэг, агаар сайн нэвтрүүлдэг байна. Хөрсөнд элс (болж өгвөл голын элс), ширгэн шороо, бага зэрэг хөвд, ялзмаг байхад болдог. Мөн шувууны сангас хийвэл гарах цэцэгний тоонд нөлөөлдөг. Дренажинд харин модны нүүрс авч хэрэглэх илүү тохиромжтой.


Агаарын чийгшил: Байнга усаар шүршиж байна. Хуурай агаарт зохицоод ургаад байдаг ч шүршүүлэх дуртай. Илүү ургадаг. Бактери, микроб навчинд тогтохоос сэргийлнэ. Усандаа минерал бордооноос сулхан найруулж шүршиж, навчаар бордолт хийх нь илүү үр дүнтэй байдаг. Үүнээс гадна хятад сарнайг элсэн чихэр найруулсан усаар шүршдэг. Чихэртэй усанд дуртай. Навч илүү гялгар, өнгөлөг болдог. Хэрэв бусад ургамлын навчийг чихэртэй усаар шүршихэд хатахдаа усны дугуй дугуй гялтгар толбо болж үлддэг бол хятад сарнайн навчин дээр тэгдэггүй. Навчны гадаргуй бүхэлдээ гялалзаад, өнгөлөг болоод ирдэг.

Шилжүүлэн суулгах: Үүнийг 3-5 саруудад хийдэг. Шилжүүлж суулгахдаа мөчрүүдийг сайн танаж, хэлбэржүүлж өгдөг. Урт мөчирний талыг тайрна. Шинээр ургасан мөчир дээр 3-4 дэх навч гарангуут оройг нь чимхэж өгч байна. Энэ нь сагалгар мод ургахад нөлөөлнө. Гэхдээ санаж байх гол зүйл бол хамгийн сүүлийн навч цэцэгрүү харсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, навчны ёроолоос шинэ мөчир гараад ургахад чиглэлийг анхаарч аль навчийг үлдээх вэ, алийг чимхэх вэ гэдгээ сайн бодоорой. Мөчир нь цэцэгний дотогш ургахаар байвал саглагар харагдуулдаг тул үлдээж болно.
Штамб мод
Хэрэв үндэс хэт хөгжсөн, ургасан байвал багасгаж тайрна. Энэ нь олон шинэ мөчир салаалж гархад түлхэц болдог, улмаар олон цэцэг гарч ирнэ гэсэн үг. Цэцэг мөчирний үзүүрт гардаг тул олон шинэ мөчир гарвал цэцэг ч мөн олон гарна. Суулгах сав чөлөөтэй, том байх хэрэгтэй.
Хятад сарнайг 5-6 нас хүртэл нь жил бүр шилжүүлж суулгадаг. Харин түүнээс хөгшин бол, мөн маш том саванд ургадаг бол 3-4 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг.
 
Ургуулж байгаа цэцэгнээсээ үр хураагаад авч болно
Үрсэлгээ:
  
Усанд үндэслүүлж болно
7-8 саруудад үрслүүлэх нь илүү байдаг. Үрсэлгээнд уян, модорхог болж хатаагүй мөчирний үзүүрээс 10-15 см урттай, 3-5 навчтай хэсгийг тайрч авна. Үндэс идэвхижүүлэгч байгаа бол 6-8 цаг дүрээд, байхгүй бол гумины бордооны бүдэг шар уусмалд мөн 6-8 цаг дүрнэ.

Гумины идэвхижүүлэгч нь нилээн хүчтэй тул хэтрүүлбэл түлэх магадлалтай. Гумины уусмал нь шар айрагнаас цайвар байхаар найруулаарай. Хэрэв гумины бордоо байхгүй бол марганцын бүдэг ягаан уусмалд мөн байлгаж болно. Номоороо бол эдгээр уусмалын аль нэгэнд 10-16 цаг байлгах ёстой гэдэгч би удаадгүй, 5-6 цаг болгоод л хөрсөнд суулгадаг. Суулгахдаа хүлэрт хөрс буюу үр бойжуулагчинд суулгаж болно. Эсвэл хөнгөн хөрстэй үрсэлгээний саванд суулгана. Суулгацаа гялгар уутанд хийж амсрыг боогоод, дулаан гэрэлтэй газар тавьна, гэхдээ нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. Хөгц ургахаас сэргийлж өдөртөө 2 удаа нээж 10-15 минут агаар оруулна. Улаан, ягаан цэцэгтэй төрөл нь бусад өнгийн сарнайг бодвол илүү хурдан үндэслэдэг.
Үрсэлгээ хийх (орос хэл дээр)
Ургалт хурдан тул үрсэлгээгээний нахианы үзүүрүүдийг явцын дунд байнга чимхэж байна. 1-2 долоо хоногийн дотор навчны доороос шинэ мөчир гарч эхэлнэ. Харин 2-3 сарын дараа үрсэлгээ маань цэцэглэж таныг баярлуулна. 
Мод болж хатуурсан мөчрийг уусмалд хийлгүй шууд гумины идэвхижүүлэгчтэй хөрсөнд суулгаж болдог. Гумины бордоо хатуу мөчир үрслүүлэхэд сайн. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй.
Ховор сортуудыг залгалт хийж үржүүлдэг
Тропик хибискус (энэ бичлэгийг эхнээс нь зургаар нь чимээд байгаа том том цэцэгтэй гибрид сортууд)-ыг үрслүүлэх их удаан бөгөөд заримдаа тэр бүр амжилттай төгсдөггүй процесс байдаг. Ховор нандин, мөн ааштай сортуудыг залгалт хийж үржүүлдэг.

3 өнгө нэг модон дээр
Заримдаа хэд хэдэн өнгийн, сортын цэцгийг нэг суурьд залгаж ховор нандин мод гаргаж авч болно. 
Цэцэглэлт: Ер нь бол хавраас намар хүртэл цэцэглээд өвөл амардаг ч хүн бүрийн ургуулсан нөхцөл өөр өөр тул цэцэглэлт янз янз байна. Хамгийн гол санах зүйл бол: хятад сарнай хангалттай их гэрэлтэй газар цэцэглэдэг. Гэрэл муутай газар ургахын хувьд ургана, гэхдээ цэцэгний бундуу гарахгүй. Бундуу гарсан ч дэлгэрч чадахгүй унаад байна. Өдрийн хэт хурц нар л биш бол нарны гэрэлд дуртай байдаг.
Цэцэглэхгүй байх нэг шалтгаан нь буруу бордоо хэрэглэснээс болдог. Азот буюу N гэсэн үзүүлэлт нь фосфор Р, калий К зэргээс бага байвал сайн. Азот навчлуулдаг, иш, мөчир, ногоон масс ургуулдаг бол калий, нэн ялангуяа фосфор нь цэцэг бундуу хөгжүүлдэг юм.
Цэцэглэхгүй байвал сэрүүн, гэрэл ихтэй газар байршуулаарай.

Хятад сарнайн том мод цэцэглэхгүй байх өөр нэг шалтгаан - бүх хүч энерги нь ургалтанд явчихдаг. Иймээс хавар шилжүүлэн суулгахдаа илүү мөчрүүдийг тайраад, зөв хэлбэртэй болгодог. Энэ нь цэцэглэлтийг ихэсгэнэ.
Хэрэв аль нэг арчилгааг буруу хийсэн бол, эсвэл агаарын температур эрс хэлбэлзэж савалсан газар байлгасан бол, өдөр нь халуун наранд шараад, шөнө нь онгорхой цонхны доор дааруулаад байдаг бол цэцэг, бундуугаа болон зарим тохиолдолд бүүр бүх навчаа гөвдөг.
Бордоо хэтрүүлвэл ургамал хямардаг. Заримдаа  бүх цэцэг, бундуугаа тэр чигээр нь хаях явдал гарна.
Хятад сарнайн цэцэг дэндүү том, хүнд тул туяхан иш нь удаан дийлдэггүй. Хэрэв цэцгийг нь хажуугийн цэцэгний мөчир дээр, эсвэл өөр тулгуур дээр түшиж өгвөл цэцэг унахгуй 4-7 хонодог. Тулж түшиж өгөхгүй бол цэцэг нэг өдрийн л настай.
  
Хатаад үхсэн мэт болсон цэцэг 5 сарын дараа навчилсан байгаа байдал нь

Хятад сарнай үхсэн мэт навч, цэцгээ бүгдийг гөвсөн бол хаях гэж бүү яараарай. Заримдаа хэт их стрессд орсон цэцэг ийм амралт үед орж унтдаг. Амралт үе нь 1-3 сар үргэлжилдэг. Энэ үед 7 хоногт нэг услаад, хөрсийг сийрэгжүүлээд байхад яваандаа шинээр навч гарч нойрноосоо сэрдэг.
Алаг навчтай гибискус
Би 5 сарын дундаас сарнайнуудаа гадаа шилэн хаалттай тагтан дээр гаргаж тавьдаг. Гэхдээ шууд гадаа гаргачихаж бас болохгүй, бага багаар тод гэрэлд дасгаж байж тавихгүй бол навч гэрэлд цохиулж, арилдаггүй цагаан хатсан толбонууд бий болдог. Энэ нь цэцэгний үзэмжинд муугаар нөлөөлдөг. 5 сард шөнө хүйтэн байдаг тул гэрт оруулж хонуулдаг, харин 6 сар гаргаад цаг агаар тавигдаад ирэхлээр байнга гадаа байлгана. Нарны хурц гэрлээс хамгаалж өгнө. Ялангуяа 11-15 цагийн хооронд нар шилний цаанаас хүчтэй шарж байдаг тул хамгаалсан нь дээр. Өдөртөө хэд хэдэн удаа усаар сайн шүршиж байна.
 Хоёр өнгийн цэцэг нэг модон дээр
9 сарын дундуур, эсвэл сүүлээр гэртээ оруулж ирнэ. Оруулж ирэхийн өмнө хөрсийг бүтээж байгаад сайн бүлээн шүршүүрт оруулах хэрэгтэй. Энэ нь янз бүрийн хорхой шавьж гэрт орж ирэхээс хамгаалдаг. Мөн хэрэв дэлгүүрүүдэд байвал "Эпин-Экстра" бодисоор бүх ургамлуудаа шүршээд гэртээ оруулсан нь дээр. Хэт их гэрэлд байсан цэцэг гэнэт харанхуй гэрт орж ирээд дасах гэж бас л стресст ордог. Шинэ нөхцөлд дасаж амжаагүй байтал халаалт ирээд хуурай халуун, бөгчим агаарт дасах гэж хэцүүддэг. Зарим ургамлуудын навч шарлаад бүгд унадаг. Хятад сарнай харьцангуй гайгуй давдаг ч Эпин-ээр шүршсэн байхад маш сайн. Эпин стрессдсэн ургамлыг сэргээж өгдөг, эсэргүйцэл сайжруулдаг.
Мөн өөр нэг бэлтгэл ажил бол гэрт оруулж ирэхээс өмнө урьдчилан сэргийлж элдэв хорхой шавьжны эсрэг хор цацсан нь дээр байдаг. Задгай агаарт байсан цэцгүүдийг заавал хороор шүршинэ. Хаалттай тагтан дээр байсан ч гэсэн хороор шүршиж байж оруулсан нь дээр гэж зөвөлмөөр байна. Дараа нь гэрт оруулж ирэхэд гадаа хүйтэрсэн байхад элдэв хор шүрших хэцүү. Ихэнхи хор токсик бодис агуулдаг. Хаалттай орчинд байгаа бидэнд тийм агаар амьсгалаад суух хэцүү. Иймээс бүх ажилбаруудыг гадаа байхад нь хийгээд оруулсан нь дээр.
БОНСАЙ ХЙИХ
Гибискусын ямар ч модноос бонсай хийж болдог гэдэг. Гэхдээ Куперын хятад сарнайгаар илүү хийх дуртай байдаг юм байна. Ургалт хурдан тул хэдхэн жилийн дотор гоё бонсай болдог. Хятад сарнай нь том навчтай тул тэр бүр бонсайд таардаггүй байж болно. Хятад сарнайнаас бонсай хийхэд анхаарах нэг зүйл – гаргаж авах модны өндөр 40 см-аас доошгүй байх ёстой.
Байршил: Бүтэн жилийн турш гэрэлтэй, нарлаг газар. Хурц нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй. Зун нь гадаа гаргаж болно. Гадаа гаргахад ихэнхдээ навч нь унадаг, гэхдээ буцаад ургаад ирнэ. Өвөл харин 16—20°С дулаантай өрөөнд байрлуулдаг.
Хөрс: Шавар, элс, хүлэр зэргийг жижл хэмжээтэй авсан холимог. Залуу цэцгийн хөрсийг жил бүр солих шаардлагатай бол хөгшин цэцгийн хөрсийг 2-4 жилд нэг удаа.
Усалгаа: Зун өвөлгүй адил л их ус хэрэглэдэг. Нэг тогтмол хэмнэлээр услаж байх хэрэгтэй. Алдаг оног, хэзээ таарсан үедээ услаад байвал цэцэг унадаг. Карантны ус хэрэглэж болно.
Тэжээл: 3 дугаар сараас 8 лугаар сар хүртэл хоёр долоо хоног бүр бонсайд зориулсан органик бордоо хэрэглэдэг. Жилийн бусад үед сард нэг удаа борддог.
“Мөчирний титэм” бий болгох арга: Хэлбэрт оруулахад хэцүү цэцэг гэж тооцогддог. Мөчир нь маш хурдан модлог болоод хатуураад, бүдүүрээд ирдэг тул. Үүнээс гадна салаалж шинэ мөчир гарах нь бага байдаг. Шинэхэн мөчрийг төмөр утасны тусламжтай маш болгоомжтой хүссэн чиглэлрүү ургуулж болно.
Арай хөгширсөн мөчирнүүдийг удаан хугацаагаар доош хүндрүүлэгч зүүж, эсвэл татаж байж хүссэн хэлбэртэй оруулна. Мөчир 10—20 см урттай болоод ирэхээр 1-3 навч үлдээгээд 1/3-ыг нь тайрч хаядаг. Залуу цэцэг хэлбэржүүлж байгаа бол эхний жилүүдэд цэцэглэхийг нь хүлээх хэрэггүй. Эхний 1-3 жилд зөв “титэм” гаргаж авахаа бодох хэрэгтэй. Харин хэлбэржсэн бонсай модны богино мөчирнүүдийг цэцэглэж дуусангуут тайрч авдаг. Сайн цэцэглэж байгаа мөчирнүүдийг тайрч болохгүй. Ургалт үе эхлэхэд шинэ залуу мөчирнүүдийг модорсон хэсэг хүртэл нь тайрнa.
Хаанаас олж авах вэ: Мөчрөөр үрслүүлдэг. Цаг хэмнэх үүднээс шууд 2, 3 наст цэцэг авдаг.

ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД:
1. Навч шарлаад унаад байна:
- ойрд хөрс солиогүй, тэжээл дутсан үед ингэж шарлаж унадаг.
- сав багадсан, үндэсээр дүүрсэн бол мөн ингэж шарладаг.
- хүйтэн усаар услаад байвал, цонхны хүйтэн чулуун тавцан дээр тавьснаас хөрс даарах, улмаар үндэс хайрагдаж, хөлдөхөд шарлаж унана.
- олноор шарлаж унах нь мөн хөрс хатааснаас болдог.
- хүйтэн салхинд, нэвт салхинд, онгорхой цонхны доор өвөл тавьсан г.м.-ээс болдог.
- доод навчнууд шарлаад унах нь ердийн хөгшрөлт. Үүнийг тоохгүй байж болно.
2. Бордоо хэтрүүлсэн: Бордоо хэтрүүлсэн бол навчны ирмэг өөрчлөгднө. Мөн навчин дээр толбо үүснэ. Цэцэглэхгүй гацна.
3. Навчны захаар борлоод, хатаад, бор өнгийн толбо үүсээд байвал:
Байнга усархаг хөрсөнд байлгадаг бол, доод суурь тавганд дандаа устай байдаг бол навчны захаар бор өнгийн хатсан толбонууд үүсдэг.
4. Нематод
Бусад цэцэгнээс илүү хятад сарнайн дээр ажиглагддаг зүйл бол үндэс дотор хялгасан өт - нематод үүрэлсэн. Ийм ургамлыг устгадаг.
5. Антракноз
Навчин дээр ийм төрлийн бараан толбо үүсээд, навчны үзүүрээр хар бор өнгийн өөрчлөлтүүд гардаг. Энэ өвчлөл нь дулаахан чийглэг орчинд үүсдэг. Ихэнхидээ хүлэмжинд үрждэг. Гэмтсэн навчнуудыг түүж аваад, ургамлаа фунгицид бодисоор системтэй шүршинэ. Хэдэн долоо хоногоор ургамлаа усаар шүрших хэрэггүй, усалгаагаа цөөлж багасгана.
6. "Усан хаван"
Усан хаван нь буруу усалгааны үр дүн. Хэт их усыг навч ууршуулж амжихгүйгээс ийм өөрчлөлтүүд гардаг. Навч, иш, мөчир, цэцэг гээд хаана ч гарч болдог. Ийм зүйлүүд мөн гэрэл дутсанаас бий болдог. Нэгэнт ийм болсон навчнуудыг түүж аваад, усалгаагаа тохируулж хийж байх хэрэгтэй, мөн гэрэлд ойр байрлуулна. Яваандаа шинэ эрүүл навч гарна.
Дээр №3-д бичсэнээр навчны захаар өөрчлөлтүүд явагдаж эхлэнгүүт шууд ус ихдүүлээд байгаагаа мэдэж хөрс хатаах арга хэмжээ авна.   
 
Хэрэв өдөр халуун наранд цэцгээ услаад, шөнө нь цонхоо онгойлгоод сэрүүн хоноод байвал ийм зүйл гарах нь баараггүй. Өдөр, шөнийн температурын хэлбэлзэл хэт их байх нь төрөл бүрийн өвчлөл авчирдаг.
7. Хлороз
 
Навчны судас хоорондын өнгө цайраад болон гадаргуй нь ингэж өөрчлөгдөөд байвал энэ нь хлороз юм. Энэ бодисын дутагдал, илүүдэл гэж хэлж болох юм. Хлорозны талаар блогны "Цэцгийн арчилгаа" гэсэн хэсгээс дараа нь үзээрэй.
8. Усалгаа хэтрүүлвэл:
-Удаан хугацаагаар хатаасан цэцгээ гэнэт хэт их усаар уславал хөрснөөс ус сорж авдаг хялгасан үндэснүүд илжрээд үхдэг. 
-навч ногооноороо хатдаг. Мөчир, иш ч гэсэн хатдаг. 
9. Бундуу, цэцэг олноор унаад байна
- гэрэл дутсан бол
- тэжээл дутсан бол
- хүйтэнд байлгасан, салхинд тавьсан бол. Өвөл агаар оруулах бол цэцгээ цонхноосоо холдуулж байж цонхоо нээгээрэй.
- бундуулсан цэцэгний байршил солиод байж болохгүй. Гэрэл тусах өнцөг өөрчлөгдөхөд л унаж эхэлдэг.
- хуурай агаараас болж унадаг.
10. "Нүцгэн" харагдах бут:
Навч сулхан, хөгжил муутай, цэцэг бундуу огт байхгүй бол тэжээл дутсанаас болно. Байдал засартал долоо хоногт нэг удаа бордож байх. 
11. Хорхой шавьж:
Аалзан хачигт идүүлсэн навч зүүгээр хатгасан мэт ийм нэвт нэвт цэгнүүдтэй болдог. Навчийг гэрэлд барьж харвал цоо хатгасан цэгнүүд нь илүү харагдна.
Аалзан хачигнаас гадна жирийн улаан хачиг байдаг. Навчин дээр ийм ул мөр үлдээдэг.
Аалзан хачиг хуурай халуун, бөгчим агаараас гарна. Мөн цагаан далавчит эрвээхэй, ширх зэрэг нь хятад сарнайг сүйтгэдэг тул зориулалтын хор авч хэрэглээрэй.
3-4 удаа 10-14 хоногийн зайтай тохирсон хорооор шүрших. Навчны ар тал, иш, мөчир зэрэгийг сайн шүршиж норгоно.
Хорхой шавьжтай болчихлоо гээд гартаа таарсан хор авч хэрэглээд байж болохгүй.
Тохирохгүй хор, эсвэл зөв хор авсан ч буруу найруулж хэрэглэхэд үр дагавар нь нэг иймэрхүү байна.
 
Хорны уутан дээр яг ямар ямар хорхой шавьж устгаж чадахыг нь бичсэн байдаг. Аль болох гэртээ хор хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Ихэнхи хор токсик бодистой.

Хэрэгтэй байж болох зарим зөвөлгөө:
1. Ийм хамаг навч нь унасан модыг залуужуулж, шинэчлэхийн тулд:
  
Залуужуулах тайралт хийнэ. Үхсэн, илжирсэн үндэснээс нь цэвэрлэнэ. Шинэ хөрсөнд суулгана. Тайрсан мөчирний үзүүрүүдээс шинэ үрсэлгээ хийж авна.
2. Ийм ургаж байгаа үрсэлгээг олон мөчиртэй болгохын тулд заавал гол үзүүрийг чимхэх хэрэггүй. Өөр нэг арга байдаг нь ургамлын ишийг налуулж шинэ нахиа гарахыг өдөөж өгөх.
Жишээ нь, ишийг нь улаанаар зурсан шиг далийлгаад тогтоож бэхэлнэ. Шараар тэмдэглэсэн газруудад шинэ нахиа буюу ирээдүйн мөчир гарна. 
3. Үр бойжуулагчинд үндэслүүлж авсан үрсэлгээгээ саванд суулгаад, хурдан ургуулах гээд дээд үзүүрийг нь тайрсан боловч огт өөрчлөлт гарахгүй удлаа гэнэ.
Энэ хүний гаргасан алдаа - үр бойжуулагчаас шууд ийм том саванд, ийм их хөрсөнд гэнэт суулгасан. Хэт том саванд дасахдаа удаан. Ихэнхидээ үндэс дийлэхгүй илжирдэг. Тос савтай хөрсний хэмжээгээр хэт их ус хийгээд байдаг. Тэр их усыг уух, ууршуулах навч, ногоон масс байхгүй. Ургамлын хамаг анхаарал, хүч тэжээл нь савыг үндэсээр дүүргэхэд чиглэсэн байгаа. Иймээс дээд хэсэг ургахгүй гацдаг. 
Удаан ингээд байхаар цэцэгчин байдлыг аврах зорилгоор хий дэмий л ус ихээр хийгээд байдаг. Удалгүй үндэс илжрээд алга болно. 
Жинхэндээ яах ёстой вэ гэхээр: савнаас нь гаргаад, жижиг саванд эхлээд суулгана. Шинэ хуурай хөрсөнд суулгаад, үл ялиг услана, хүсвэл "Эпин-экстра" шүршиж болно. Бордох болоогүй. Бордож болохгүй. Эрт байна.
Эхний жижиг савандаа дүүртэл үндэс гаргасны дараа нь дараагийн ээлжийн саванд суулгана. Дараагийн сав нь өргөөшөө 2-3 см том байхад л болно. Гэх мэтээр аажмаар саваа томруулдаг. Шууд том саванд ямар ч цэцэг суулгаж болохгүй.
4. Үрслүүлсэн гибискусын савны ханаар ийм ногоон замаг ургаад байна.
Ногоон замгархуу зүйл нь гэрэлд ургадаг. Нэг удаагийн стакан нь нэвт харагдуулдаг тул гэрэлд ургаж эхэлсэн байна. Энэнээс нь салгах хэрэгтэй. Сайн зүйл биш. Нэгэнт үндэс сайн ургаад ирсэн байгаа тул нэг мөр 7-8 см саванд суулгаж болно. Шинэ саванд, шинэ хөрсөнд суулгана. Энэ замагаа аль болох хусаж цэвэрлээд, эсвэл угаагаад суулгаарай.
Бусад бичлэгүүд:
Хятад сарнай: Үрслүүлэх аргууд
Хувирамтгай хибискус
Хятад сарнай: Ерөнхий арчилгаа
Хибискус тайралт