Friday, June 2, 2017

Драцена - Аз жаргалын мод

АСУУЛТ - ХАРИУЛТ: Сайн байна уу? шилтэй хулс 3 жил болж байгаамаа саяхнаас усыг нь өдөр бүр солиод байхад өмхийрөөд бас гадна хальс нь хуураад уначлаа. Одоо хальсгүй хэсэгтээ хөгцтэй юм шиг болоод байна яаж арчлах вэ? Зөв зүгээр байж байгаад гэнэт харлаад илжрээд байна. Баярлалаа

Аз жаргалын хулс гэж нэрлээд байгаа нарийхан савх шиг "бамбук" нь жинхэндээ бол "Драцена Сандер" юм. Харин таны ургуулж байгаа нь "анхилуун драцена" буюу "Dracaena fragrans". Худалдаанд ихэнхидээ ийм тайрдасуудыг усанд хийгээд "Аз жаргалын мод", "Мөнгөний мод" гэж нэрлээд зардаг. 
  
Lucky Bamboo / Драцена Сандер                  Dracaena fragrans/Анхилуун драцена

"Lucky Bamboo" xулсыг бодвол анхилуун драцена нь усанд удаан амьдарч чаддаггүй. Иймд үндэс ургангуут тэжээллэг хөвсгөр хөрсөнд суулга гэсэн байдаг. Гадаадад ийм хөрөөдсөн тайрдасыг зарахдаа дагалдаж өгдөг заавар дээр нь хүртэл үндэс цухуйнгуут хөрсөнд суулга гэсэн байдаг.
Таны драцена үндэсээ гаргасан байгаа тул суулгахад уул нь бэлэн болсон байна. Гэхдээ муудаад эхэлсэн тул эмчилгээ хийх хэрэгтэй. Мөөгний гаралтай өвчлөл байна. Арга хэмжээ авахгүй бол яваандаа ийм болно.
1. Хэрэв муудсан хэсэг нь газар аваагүй, гүн ороогүй, зөвхөн гаднах хальс, өнгөн хэсэг төдий л өртсөн бол мөөгтэй тэмцэх фунгицид (Орос бодисуудаас Фундазол, Топсин, Топаз, Максим, Биофунгицид) хөвөн даавуунд шингээгээд ишийг сайтар үрж арчих. Халдварласан, үрэвсэлсэн газруудыг хэд хэд арчина. Эмчилгээг 6-7 хоноод давтаарай. Мэдээж фунгицидээр арчихын өмнө сайтар халуун бүлээн усанд бактерийн эсрэг савантай угаагаарай. Навчны үлдэгдэл, зөөлрөөд, боролсон, илжрээд эхэлсэн бүх зүйлээс салгаж цэвэрлэнэ. Таны драценагийн дээр байгаа болон зүүн талд харагдаж байгаа навч/мөчир борлоод зөөлрөөд, муудсан тул тасдаж авахаас өөр аргагүй. Ишрүүгээ гүн ороогүй бол мөөгний эсрэг бодисоор хэд хэдэн удаа арчиж өгөөд зүгээр болно. Биофунгицид Экстра худалдааны төвд заримдаа байдаг. ХААЯ-ны ард байрладаг үр зардаг жижиг дэлгүүрүүдэд бас байж магад. 
2. Хэрэв дээр бичсэнээр савантай усаар угаагаад, муудсан илжирсэн навч, нахиаг тасдаж аваад үзэхэд халдвар хатуу ишрүү нилээн гүн орсон байвал өвчилсөн, өнгө нь өөрчлөгдсөн хэсгүүдийг хусах, хэрэгтэй гэж үзвэл тайрах, ухаж авах гээд механик аргаар авч хаяхаас өөр арга байхгүй. Эрүүл өнгөтэй модны хэсэг гарч иртэл ухна. Өвчилсөн газарыг баттай авч хаяхын тулд эрүүл хэсэгээс ч гэсэн бага зэрэг авахад зүгээр. Энэ бүдүүн ишний гол цэг рүү халдвар ороогүй байвал учиртай. Аварч болдог.
Ишнээс тайрсаар 5-6 см өндөр тайрдас үлдсэн ч ургаад ирнэ. Түүнээс их идэгдсэн бол аврах гэж оролдоод нэмэргүй. Шинэ шархтай бүх хэсгүүдэд модны нүүрсний нунтаг түрхэж өгнө. Модны нүүрс олдохгүй бол фунгицид мөөгний эсрэг бодисуудаараа арчаад хатаана. 
3-4 цаг тод гэрэлээс болон халаалт/паарнаас хол газар хатаана. Дараа нь үндэс ургуулагч, идэвхижүүлэгч бодис түрхэж өгвөл сайн. Жишээ нь манайд зарагддаг Корневин, Гетероауксин.
Ийм драценаг хөрсөнд ургуулах хэрэгтэй тул шинэ нахиа гарч ирэнгүүт вермикулит, перлит, сфагнум хөвд, элсэнд суулгаж болно. Хөрс заавал ариутгасан байна. Мөөгний өвчинд өртөхдөө амархан байгаа тул бүх юм ариутгасан байх ёстой. Үндэс гартал цэвэр элсэнд зоогоод үлдээж ч болно. Хэт их чийг уснаас мөөгний өвчин дахиж гарч ирэх аюултай. Хөрсөө өлөн чийгтэй байлгаарай.
Фэн-шуйн ухаанаар бол тасалгааны хулс нь гэрт аз, хийморь, баян чинээлэг амьдрал дууддаг гэж үздэг. Ихэвчлэн "Хулс" гэсэн нэрэн дор жинхэндээ драценагийн нэг төрлийг худалдаалдаг. Фен-шуйгээр, хэрэв та хулс танд амжилт авчраасай гэж хүсэж байгаа бол өрөөнийхөө зүүн-урд хэсэгт байрлуулах ёстой юм байна. Мөнгө, эд баялагийн энергийг тодотгохын тулд хажууд нь 3 хөлт бах мэлхий тавь гэнэ. Тэгээд мөнгө орж ирэхийг хараад мартчих юм биш, мэдээж байнга арчилж тордож байх хэрэгтэй.
Амжилт, эд баялаг, эерэг энерги татахаас гадна амгалан тайван уур амьсгал, найз нөхдийн болон хайрын холбоог бататгадаг, урт удаан наслуулдаг гэж үздэг байна. Хятадууд хэдэн ширхэг хулсны ишийг үүднийхээ харалдаа газар вааранд хийж тависан бол орж ирсэн зочиндоо хүндэтгэл үзүүлж буйн шинж тэмдэг гэнэ.
"Аз жаргалын хулс" нь байрны найр, хурим, шинэ офисын нээлт гээд төрөл бүрийн арга хэмжээнд бэлэглэдэг байна. Хятадын заншлаар, хурим хийж буй хосууд ирсэн зочин бүрт хулсны 3 мөчир бэлэглэдэг байна - энэ нь урт удаан, аз жаргалтай хамтын амьдралыг бэлэгшээж байгаа гэнэ.
Мөчирний тоо мөн л учир утгатай: 3 мөчир - аз жаргал дууддаг; 5 мөчир - эд баялаг авчирдаг; 7 мөчир - эрүүл мэнд; 21 мөчир - ертөнцийн бүх юмны тэнцвэр. 4 мөчирнөөс зайлсхийдэг, дөрвийн тоо хятад хэлнээ "үхэл" гэдэг үгтэй ижил сонсогддог гэнэ. Харин 20 мушгирсан мөчир бол "Хайрын байшин" гэдэг нэртэй байна. Хятадад ийм бэлэг нь санаа тавьж байна, сэтгэл нэг байна, үерхэл гэсэн утгатай юм байна. Бэлэгдсэн зүйлээ идэвхижүүлэхийн тулд байрны/өрөөний урд, зүүн, зүүн-урд зүгт байрлуулах юм байна. 

Арчилгаа
Драцена Сандерийн – олон наст чимэглэлийн ургамал. Арчилгаа огт шаарддаггүй. Цэцгийн баглаанд боосон байхад ганцаараа үлддэг. Сандерийн драцена нь бутархаг төрөлд ордог.
Ус / хөрс: 
Усанд байлгадаг, хүсвэл хөрсөнд суулгаж болно. Драцена усанд их дуртай. хөрсөнд суулгасан бол зун маш сайн услана, өвөл - багавтар, тохируулж. Хөрсийг бүүр хатааж болохгүй. Ус солихдоо заавал шүүсэн, болж өгвөл ундны цэвэр ус байх хэрэгтэй. Мөн заавал тасалгааны хэмтэй, жаваргүй ус авна. Тэгэхгүй бол навч шарладаг. Услахдаа крантны усаар услаж болохгүй. Хлор ургамлыг үхүүлдэг. Хамгийн тохирсон ус - хайлуулсан ус. Үүний тулд цэвэр усны хуванцар саванд ус хийгээд хөлдөөгчинд хийж хонуулна. Дараа нь гаргаж гэсгээгээд, ёроолд тунасан хэсгийг асгана. Хайлсан усаар цэцгээ усладаг. Хэрэв таны хулсны навч шарлаж эхэлсэн бол та усалгааг буруу хийсэн байна.
Бордоо: 
Хэрэв таны мөчир усанд байдаг бол 2 долоо хоногт нэг удаа усыг нь сольж, мөн шингэн минерал бордоо дусааж өгч байна. Ердийн нөхцөлд эдгээр хэрэгцээт бодисоо хөрснөөс авдаг. Бордохдоо навчаар гоёдог ургамлын шингэн бордоо савтай усруу 1-2 дусаана.
Хөрсөнд ургаж байгаа хулсыг ойр ойрхон бордох хэрэггүй. 3 сард нэг удаа бордоход хангалттай.
Байршил:
хэт нарлаг цонхны тавцанаас хол байлга. Нарны шууд тусгал навчийг түлж хатсан цагаан толботой болгоно, мөн навч шарлуулж хатаана. Сандерийн драцена нь сарнисан гэрэлтэй газар сайн ургадаг.
Агаарын чийгшил:
агаарын хуурайшилтыг маш сайн даадаг, усаар шүрсэх шаардлагагуй. Навчны тоосыг байнга арчиж байна. Хаяа авч урсгал усанд ишийг бүхэлд нь угааж, наалдсан гөлгөр өнгөр болон навчнуудыг тоосноос нь салгаж өгдөг.
Агаарын дулаан: тааламжтай агаарын хэм +18–35°C. Агаарын хэм огцом өөрчлөгдөхөд мөн тоохгүй өнгөрдөг.
Сандерийн драценагийн мушгируулсан мөчир нь эрэгтэй хүнд зориулсан цэцгийн баглаанд тохирдог. Мөн дангаар нь эр хүнд бэлэглэж болдог байна. Учир нь хулс бол эр хүний бат бөх, хатуужил, мөхөшгүй зоригийг илэрхийлдэг гэнэ.
«Аз жаргалын хулсны» нүцгэн мөчир нь нэвт харагддаг саванд хийсэн байхад үзэмжтэй харагддаг байна. Мөн гидрогель, модны нүүрс, керамзитанд ч зоож тавьсан байх нь содон, гоё харагдуулна.
Хөрсөнд суулгах бол ямар ч хамаагүй цэцгийн хөрсний бэлдмэлийг элстэй хольж хэрэглэж болно. Савны ёроолд зузаан дренаж хийнэ. Хөрсөнд суулгасан хулсыг жилд нэг удаа - хавар шилжүүлдэг. Усанд ургуулж байгаа бол, хэт их ус хийж болохгүй, үндэсийг 1-2 см л бүрсэн байх ёстой. Эс тэгвээс иш илжирч болдог. Хэрэв иш хэт өндөр ургасан бол доороос нь тайрч, усанд хийж болно. Шинэ үндэс цагаан өнгөтэй байдаг, яваандаа энэ нь улбар шар өнгийн болж хувирдаг.

Үрслүүлэх арга:
- Мөчирний дээд үзүүрийг усанд эсвэл хөрсөнд үндэслүүлж,
- Унтсан нахиатай мөчир/ишний дунд хэсгээр.
Яваандаа суулгасан мөчирнөөс 70 сантиметр хүртэл өндөр жинхэнэ мод ургадаг. Урт иш нь өөрөө мушгиралдаад эхэлнэ гэж бүү хүлээгээрэй. Эргэлдсэн спираль гаргахын тулд мөчрийг хатуу зүйл тойруулж ороож, бэхэлж ургуулдаг. Энэ нь маш удаан, цаг хугацаа шаардсан ажил. 
Гэрийн нөхцөлд сандерийн драцена цэцэглэдэггүй гэдэг ч зөв арчлаад, аашийг нь олох юм бол цагаан өнгийн, нялуун хүрц үнэртэй сум шиг урт цэцэг гаргадаг байна.
Иш, мөчир шарлаад үхэж эхэлсэн бол - минерал бодис дутагдсаны шинж. Мөн навч шарлаад байвал - ойрд усаа солиогүй, хатуу ус хэрэглэсэн, хүйтэн ус хийсэн г.м. устай холбоотой шалтгаан байдаг байна.
Мөн навч шарлаж үхдэг гол шалтгаан - ердийн хөгшрөлт байж болно. Драценагийн навч ойролцоогоор 2 жил амьдардаг, дараа нь үзүүрээсээ эхэлж аажмаар шарлаад, хатдаг. Ердийн хөгшрөлт нь их удаан явагддаг - доод навчнаас эхэлж хатдаг. Үзэмжгүй цэцэг болгохгүйн тулд навчны хатсан үзүүрийг хайчилж тайрдаг. Үлдсэн тал навч, түүнээс бага 1/3 хэмжээтэй хэсэг хүртэл эх цэцгэндээ маш хэрэгтэй байдаг. Иймээс навчийг хамаагүй бүтнээр нь тасдах буруу.
Хэрэв залуу навч шарлаад, хатаад байвал - энэ нь хэт их усалснаас, хүйтэн ус хийснээс, жигд бус усалснаас, ус солиогүйгээс, хлортой ус хэрэглэсэнээс гээд устай болон усалгаатай холбоотой алдаанаас болдог байна.

АСУУЛТ - ХАРИУЛТ: Усанд ургуулдаг хэдэн хулсны мөчир маань дандаа муудаад, эвгүй үнэр гараад, ялзраад байх юм. Хэдэн сар болоод л шинэ хулс авч солих юм аа. Яагаад байдаг юм бол. Манай гэрийн энерги муу гэсэн үг үү?
Танай гэрийн энергетик үүнд нээх их хамаагүй болов уу. Хулсны арчилгааны талаар тусад нь бичнэ.
Давхардахгүйн тулд хэлэхэд усандаа модны үртэс хийчихвэл цаашид үндэс нь ялзраад байхгүй. Модны нүүрс их хэрэггүй, жижиг үртэс хийхэд л хангалттай. Эмийн сангуудад нүүрстэй эм байдагийг аваад талыг нь хийсэн ч болно.
Мөн цэцэгнийхээ усыг сардаа 1-2 удаа сольж байх ёстой ба мөчирнүүдээ урсгал усанд сайтар угааж бай. Усанд байсан хэсэг нь гулгамтай өнгөртэй болсон байдаг, тэрийг нь сайн угааж арилгах нь дээр. Уснаас дээш хэсэгийн тоосыг угаагаад өгөхөд навчны өнгө нь сэргээд ирдэг.
http://greenhome.org.ua/

1 comment: