Wednesday, June 19, 2013

Циперус - Шүхэр өвс

Латин нэр: Cyperus (Циперус)
Түгээмэл нэршил: Шүхэр өвс (Umbrella grass)
Овог: Cyperaceae
Эх нутаг: Мадагаскар арал
Нийт 600 төрөл зүйл байдаг. 
Навчаар гоёдог тасалгааны цэцэг. Мөн усан сан, аквариумны ургамал гэж ургуулдаг.
Тасалгаанд ургуулдаг гурван төрөл байдаг: Cyperus alternifolis L., Cyperus albostriatus, Cyperus papyrus L. 
Ургамлын өндөр 120 см хүрдэг. Нарийхан навчнууд нь 30 см урт ургадаг.
Зарим газар циперусыг эмчилгээнд хэрэглэдэг. Нүдний хараа сайжруулдаг, тархины цусан хангамжийг идэвхжүүлдэг гэж үздэг байна. Мөн нойргүйдэл, толгойн өвчинд хэрэглэдэг юм байна. 
АРЧИЛГАА
Тасалгааны нөхцөлд дасан зохицохдоо амархан. 
Байршил/Гэрэл: сүүдэрхэг газар ургаж чаддаг. Гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалсан тод гэрэлтэй газар навчны хэмжээ томроод сайхан ургадаг.  
Зуны улиралд гадаа тагтан дээр гаргана. 
Баруун болон зүүн тийш харсан цонхны тавцан илүү тохирдог. Тод гэрэлд дуртай, гэхдээ сүүдэрт ургаж чадна. Сүүдэрт байгаа цэцэгний ургалт муу, удаан, навч нарийсдаг гэдэгийг санаарай.  
Өвөл аль болох нар тусдаг цонхон дээр тавьна. Хиймэл гэрэлтүүлэгтэй газар сайхан ургадаг. Харин зуны халуунд хурц нартай цонхноос заавал авна. Наранд навч түлэгдээд толбонуудтай болдог, мөн үзүүр нь хатна. 
Урагшаа харсан цонхон дээр тавьдаг бол нарны тусгалыг сарниулж тюль хөшиг зэрэгээр халхална. 
Cyperus albostriatus

Усалгаа: Хөрс байнга чийгтэй байна. Хавар, зуны улиралд усаар дүүргэсэн өндөр суурь таваганд савтай цэцгээ дүрээд тавьчих нь илүү дээр байдаг. Эсвэл услагааг ойр ойрхон болон ихээр хийнэ. Намар өвөлдөө устай суурь тавагнаас гаргаж авсан нь дээр, услах усны хэмжээг багасгана, гэхдээ байнга, тогтмол хийж байна. Cyperus albostriatus суурь тавганд нь ус байлгахад дургуй гэдэгийг анхаарна уу.
Усалгааг доороос хийдэг. Хатуу усанд дургуй. Иймээс буцалсан, эсвэл шүүсэн ус хэрэглэдэг. Аквариумны давсгүй ус хэрэглэж болно. 
Хөрс дараагийн усалгаа хүртэл чийгтэй хэвээр байх ёстой. Хөрс бүрэн хатааж болохгүй. 
Агаарын чийгшил: маш өндөр байх ёстой. Эх нутаг нь чийглэг халуун тропикийн бүс тул хуурай агаар даахдаа муу. Орчны агаарыг усаар байнга шүршиж чийглэж байна. Эсвэл хажууд нь агаар чийгшүүлэгч төхөөрөмжүүд залгаж болно. Хуурай агаарт элдэв хорхой шавж амархан бий болдог. 
Агаарын дулаан: зун +20-25°С, өвөл дааж чадах хамгийн доод хэм +12-14°С, үүнээс доош бууруулж болохгүй. Халуун газрын ургамал гэдэгийг санаарай.
Өвөл хүйтэн цонхон дээр тавиад, хөрс даарснаас (хөрсний хэм +12°С-ээс доош) байвал ишний ёроолоор харлаад ялзардаг.
Бордоо: зун – арван өдөрт нэг удаа органик эсвэл органик-минерал бордоо хэрэглэнэ. Циперус минерал давс ихдүүлэхэд өвчилдөг. Иймээс дан органик бордоо хэрэглэсэн ч болно.

Аквариумтай усанд ургадаг

Хөрс: ялзмагт хөрс, хүлэрт хөрс, элс (4:1:1) эсвэл ялзмагт хөрс, навчин хөрс, ширгэн хөрс, элс (4:2:1:1) харьцаатай авч болно. Хөрс хөнгөн, тэжээллэг, рН бага байхад болдог. Хөрсөнд чийг барьж тогтоохын тулд бага зэрэг модны нүүрс, эсвэл тоосгоны үүрмэг хийж болно. Хэрэв хүсвэл тусгай гидрогель хольж бас болдог. Энэ нь хөрсний чийгийг хадгалахаас гадна элдэв бордоо, бодис өөртөө агуулдаг. Гэхдээ синтетик материал хөрсөнд хамаагүй холих дэмий санагддаг. 
Налж унасан урт өндөр ишнүүдийг ингээд тогтоосон нь үзэмжтэй харагддаг

Шилжүүлэн суулгалт: тасалгааны бусад бүх цэцэцгнүүдэд заавал доор нь дренаж хий гэдэг бол энэ цэцгэнд дренаж хэрэггүй
Циперус үндэсийг нь оролдоход их дургуй. Иймээс шилжүүлж суулгахдаа арай том саванд хуучин хөрсийг гөвөлгүй шууд шилжүүлээд, шинэ хөрсөөр зай завсарыг нь дүүргэдэг. Сав сонгохдоо чөлөөтэй, том, өндөр сав аваарай. Үндэс маш амархан ургадаг тул том сав дээр байдаг.
Шилжүүлэн суулгалтыг жилд нэг удаа - хавар 3-4 сард хийдэг. Залуу ургамлыг жил бүр шилжүүлж болно. Зөв арчилж ургуулсан бол амархан томорч савандаа багтахаа байдаг. Хөгшин ургамлыг харин шаардлага гарсан үед шилжүүлж суулгадаг.
Хэрэв үндэс гэмтсэн (шилжүүлж суулгахдаа санамсаргүй тасалсан, оролдсон, эсвэл үндэс илжирсэн, хөгцөрсөн) бол харалсан, гэмтсэн, тасарсан хэсгүүдээс болгоомжтой салгаад, амархан унаж байгаа хөрснөөс нь мөн цэвэрлэнэ. Ингэсний дараа шинэ хөрсөнд суулгаарай.
Үржүүлэх арга: үрээр, бут хувааж, навчин тавагтай хэсгээр. Үрээр үржүүлэх арга нь маш их цаг авсан удаан. Үрээр үржүүлэх бол чийгтэй хөрсөнд үрээ байрлуулаад, гадуур нь вакумдана. Агаарын хэм +18С байх бөгөөд байнга усаар шүршиж чийглэж байна. Удалгүй соёолоод ирнэ. Томроод ургангуут тусгаарлаж салгана. Үрсэлгээний (7-10 см) саванд 1-3 ширхэг үрсэлгээ суулгаан. 
Бут/үндэс хуваах нь илүү хялбар арга. Үүнийг хавар шилжүүлж суулгах үед хийдэг. 
Зулзаган бут хувааж салгах

Том бутыг үндэс хувааж үржүүлж болно.

Ишний үзүүрээр үржүүлэхэд навчин тавагтай хэсгийг тасдаж аваад, навчнуудыг 4 см урт үлдээж богиносгоод, ишнээс 10-15 см урт тайраад, "шүхэр"-тэй хэсгийг усанд доош харуулж дүрнэ. Хүсвэл эх цэцэгнээс салгалгүй устай саванд тонгойлгоод дүрж тогтооно.

Хоёр долоо хоноод нахиа гарч эхэлдэг. Жоохон томруулаад 20-25 хоногийн дараа хөрсөнд суулгаж болно.


Гарч болох хүндрэлүүд: яваандаа хөгшрөөд ирэхлээр иш нь шарлаад, үхдэг. Ийм ишнүүдийг угаар нь тайрна. Ингэснээр шинэ иш ургадаг.
Хэт хуурай агаар, чийг дутсанаас навчны үзүүр хатдаг. Орчны агаарыг чийглээд, усалгааг ихэсгээрэй. 
Циперус нь эсэргүйцэл сайтай, орчиндоо дасан зохицохдоо амархан, элдэв хорхой шавжинд тэсвэртэй ургамал. Гэхдээ, агаар хэт хуурай бол аалзан улаан хачиг дорхноо гараад ирдэг. Үүнээс гадна цагаан далавчит ялаа, бамбайт хорхой, ургамлын бөөс, гурилан өт зэрэгт баригддаг. Эдгээр нь бүгд буруу арчилгаанаас үүдэлтэй. Дөнгөж гарч ирсэн бол савантай усаар угааж хорхойнуудыг урсгаж арилгаж болно. Харин газар авсан бол "Актеллик" хороор шүршиж устгана.
Ашигласан материал:
http://www.ourhouseplants.com/plants/umbrella-grass-cyperus
http://sadovod55.ru/ciperus-uxod-razmnozhenie-peresadka
h
ttp://cveti-rasteniya.ru/ciperus-uxod-v-domashnix-usloviyax.html
http://flowersclub.info/index/0-372
http://rosyanka.sulfurzona.com/index.php?art=154
http://www.compkorea.ru/ciperus-uhod-i-razmnozhenie
http://www.jaycjayc.com/propagate-cyperus-umbrella-plant/

No comments:

Post a Comment