Tuesday, June 6, 2017

Оранж ногоодой буюу Мандарин ногоодойг үрээр тарих тухай

Түгээмэл нэр: Далавчит Хлорофитум (улбар шар ногоодой, мандарин ногоодой) 
Латин нэршил: Chlorophytum amaniense, Chlorophytum orchidantheroides 
Овог: Liliaceae 
Бусад ногоодойн төрлүүдэс тэс өөр. Үзэмжтэй харагддаг, бараан гүн ногоон өнгийн далбагар навчнууд нь тод улбар шар өнгийн иштэй. Бутны өндөр 40 см хүрдэг. Цэцэгний иш богинохон. Амархан үрлэнэ. 
Тасалгаанд ургуулдаг хоёр төрөл байдаг:
«GreenOrange» — өргөн навчны дундуур иштэйгээ адилхан улбар шар судал явсан байдаг; 
«FireFlash» — дээрхтэй маш төстэй, ялгаа нь гэвэл навчин дээр улбар шаргал судас байхгүй, бага зэрэг улбар туяатай.  
Үр шинэ бол суулгаад 3-4 долоо хоноод соёолж эхлэнэ. Хавар үр суулгах хамгийн тохиромжтой үе байдаг. Намар, өвөл суулгасан үр ургахдаа муу, удаан байдаг. 
Үрнүүдээ "Эпин-Экстра" эсвэл марганцын бүдэг уусмалд 24 цаг дэвтээнэ. Гэхдээ шинэ үр бол дэвтээхгүйгээр шууд ургадаг.
Хүсвэл үрнүүдээ хөвөн дээр байрлуулж соёолуулж болно. Эсвэл хүлэрт хөрс элстэй холиод, чийглээд дэвтээсэн үрнүүдээ байрлуулаад дээгүүр нь гялгар уутаар бүтээж вакумдна. Үрнүүд хоорондын зай 1 см-ийн байна.  
Хөрсөө бага зэрэг шүршихлээр үр доош сууж өгнө. Иймээс дээгүүр нь хөрсөөр хучих/булах хэрэггүй. Эсвэл үрнүүдээ хөрсөн дээр байрлуулаад дээрээс нь хуруугаараа зөөлөн доош дарж өгч болно. Соёолоход гэрэл хэрэгтэй. Шинэ үр бүгд ургадаг. Гэхдээ соёолох хугацаа нилээн удаан талдаа.  
Соёолсон үрсэлгээнүүд ургахдаа мөн л удаан. Гэхдээ салгаж суулгах/тусгаарлах гэж яарах хэрэггүй. Яагаад гэвэл ногоодой нь эхлээд үндсээрээ савыг дүүрэж байж дээрх хэсэг нь эрчимтэй ургадаг. Үндэс ургахдаа удаан, учир нь үндэс нь шүүслэг бүдүүн, булцуурхуу байдаг тул эхлээд тэрийгээ бүрдүүлэх болдог (яг л ердийн ногоодойтой адил).
Зураг дээр байгаа савтай үрсэлгээнүүд нь нэгэндээ 25-30 үр суулгасан байгаа. Хоорондын зай 1 см гэдэг нь яг таарсан. Учир нь хамаагүй цацсан үрнүүд дараа нь шигүү ургаад бие биенийхээ ургалтыг дараад байдаг. Үүнээс болоод ургалт бүүр удаан, ургасан үрсэлгээнүүд туниа муутай нарийхан жижигхэн юмнууд болдог.
Вакумдсан үрсэлгээнүүдээ өдөртөө хоёр удаа нээж агаар оруулж байна. Байнга шүршээд байх хэрэрггүй. Харж байгаад тохируулаад шүршигчээр услана. Энэ үрсэлгээний савны хэмжээ нь 10см. 4 сартай үрсэлгээнүүд.
Маш олон үр суулгасан тул 250-300 үрсэлгээг нэг нэгээр нь тусгаарлаж савлах хэцүү, гэхдээ одоо салгахгүй бол ургалт зогссон, гацсан байна. Томорсон үрсэлгээний усалгааг доороос хийсэн нь дээр.
Ер нь бол хэт услаж байхаар хатаас гээд, услахгүй нэг илүү хоносон нь дээр байдаг. Ус хэтрүүлсэн цэцэг доод навчнаасаа эхэлж харласаар навчнууд нь унаад байдаг.
Нэг нэгээр нь салгаж суулгана.
Шаардлагагүй бол навч шүрших хэрэггүй. Орчны агаарыг чийгшүүлж болно (доор нь устай поднос тавих, эсвэл xажууд нь агаар чийгшүүлэгч залгах гэх мэтээр).
Ус хэтрүүлэхлээр бас нэг зүйл ажиглагдсан нь навчны зарим хэсэг усанд нэвчсэн гэмээр нэвт нэвт дэвтээд, сонин судалтай болоод байснаа хөрс хатсаны дараа тэр нь арилж зүгээр болж байсан.   
Дараагийн ажигласан зүйл гэхээр - хүлэрт хөрс давамгайлсан хөрсөнд суулгасан ногоодой жирийн хар шороо, ялзмаг, элстэй хөрсөнд суулгасан ногоодойгоос муу ургаж байсан ба навчны өнгө бүдэг, гялгар биш байсан. 
Арчилгааны өөр нэг нууц нь бол хөрсөө (дээд хэсгийг) байнга сийрэгжүүлж байх.
Оранж ногоодойг хурц нарны гэрлээс хамгаална, наранд тавьбал навчны өнгө алдагдаж, цайраад, сульдаад эхэлдэг. Навчин дээр түлэгдсэн толбонууд үүснэ. Гэрэлсэг газар илүү эрүүл, өнгөлөг ургана. Навчны ишний улбар шарыг тод болгохын тулд хажуугийн нахиануудыг салгаж байх хэрэгтэй.
Хавар-зундаа долоо хоног бүр зааварт зааснаас нь 2 дахин шингэн найруулсан минерал комплекс бордоогоор бордож байна. Сард нэг удаа усандаа төмөрийн бэлдмэл хийж услана («Ферровит», «Төмөрийн хелат»).
Цэцэглэлт нь ургамлыг маш сульдаадаг тул цэцэгний ишийг таслаад байх нь дээр байдаг. Сульдсан бутны үзэмж эрс мууддаг. Бусдаар бол айхтар тусгай арчилгаа шаарддаггүй ургамал. 
https://forum.bestflowers.ru/t/xlorofitum-iz-semjan.31499/page-2
https://chto-posadit.ru/tsvetok-hlorofitum-zelenyy-i-oranzhevyy-uhod-v-domashnih-usloviyah-razmnozhenie-vidy-i-sorta/
http://flowersclub.info/forum/75-1482-1
http://homeflowers.ru/yabbse/index.php?showtopic=13870

No comments:

Post a Comment