Saturday, November 9, 2019

Аглая - Aglaia odorata

Аглая (Aglaia)
Хятад, Лаос, Таиланд, Вьетнам, Австралид тархсан модорхог ургамал. Нийт 100 гаруй төрөл байдаг ба үүнээс тасалгаанд ургуулдаг нь ганцхан Анхилуун Аглая буюу Aglaia odorata юм. 
Овог: Мелийн (Meliaceae)
Ургуулах чадвар: Анхлан цэцэг таригч 
Өндөр: Тасалгаанд 1,5-2 м, байгальд – 20-30 м хүртэл ургадаг.
Ургах хурд: Хурдан, нэг жилийн дотор 50 см ургадаг.
Ургах хугацаа: Олон наст.

Аглая хурдан ургадаг, тусгай арчилгаа шаарддаггүй, тайралт даахдаа сайн, хангалттай гэрэлтэй газар амархан цэцэглэдэг. Цэцэг шар өнгийн, жижигхэн, олон тооны, зөөлөн тод үнэртэй. 
Навч унжиж, нэвсийж ургадаг ба гэрэл рүү тэмүүлдэг. Хэрэв савтай цэцгээ байнга эргүүлж байхгүй бол модны титэм, болон мөчирнүүд цонх руу эргээд, нэг тал руу унжсан мод болдог. Үүнийг өрөөндөө байршуулахдаа тооцож байх хэрэгтэй. 


АРЧИЛГАА
Гэрэл
Жижгэвтэр модыг зүүн болон баруун талын цонхон дээр байрлуулсан нь дээр байдаг. Харин урд зүг рүү харсан цонхон дээр тавих бол цонхноос 1 метрийн зайтай байрлуулна. Тод сарнисан гэрэл тохирдог. Гэрлээ тааруулж, тохируулсан бол цэцэглэхдээ амархан, мөн цэцэгний үнэр илүү тод илэрдэг. 

Агаарын дудаан
Байвал зохих агаарын хэм +18-25°C. Хүйтэнд тэсвэр сайтай ургамал. Урьдчилан бэлдэж, дасгасан бол богино хугацаанд -10°C хүртэл хэмийг тэсэж чаддаг. Өвөл +10-15°C хэмд байлгаж амраах хэрэгтэй. Энэ тохиолдолд усалгааг маш бага, мөн цөөн хийнэ. 
Зундаа заавал тагтан дээр, эсвэл задгай агаарт гаргаж ургуулах нь зөв. 

Усалгаа
Хөрсний өнгөн үе 2 см гүн хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл, тааруулж, тохируулж услана. Усалгаа багадсан үед навчны товгор хээ алдагдаад, гундаад унжийна. Услангуут амархан сэргээд ирнэ. 
Жигд услаж байхгүй бол навчаа олноор гөвдөг. Усалгаа хооронд хөрсөө бүрмөсөн хатаагаад байж болохгүй. Нэг хатаагаад, дараа нь хэтэртэл услаад байвал доод навчнаасаа эхлээд унана. 
Цэцэгний сав доороо заавал дренажны нүхтэй байна. Хэтэрхий их ус чийг нь үндэс илжрүүлэх аюултай. 

Агаарын чийгшил
Аглая ямар ч нөхцөлд дасан зохицож чаддаг, гэхдээ чийглэг орчинд илүү налааж, тэнийж, навчны хэмжээ томроод, саглагар ургадаг. Агаарын чийгшил 50% болон түүнээс дээш байх ёстой.
Өвөл халаалт ирсэн үед агаарын чийгшил ихэсгэх тал дээр анхаарна. Хатууллаг ихтэй усаар шүршихээр навчин дээр толбо үүсэж, дараа нь арилгахад хэцүү болдог. Иймээс манантуулж цацдаг шүршигч хэрэглэх, мөн савтай модоо тойруулаад устай поднос, таваг зэрэг байрлуулах нь дээр байдаг. Тоостой навч шүршиж хэрэггүй.
Навчаар гоёдог ургамал тул навчаа үзэмжтэй байлгах үүднээс заримдаа шүршүүрт оруулж тоосноос салгана.

Хөрс
Тэжээл сайтай, ус доош сайн нэвтрүүлдэг (өөрөөр хэлбэл ус хадгалаад байх шаварлаг хөрс болохгүй) хөрс байна. Жишээ нь: хөвд, элс, хар шороо, хагас задарсан шилмүүс, бага хэмжээний шавар гээд. Хөрсний байх ёстой хүчиллэг:  рН =  5 - 6.


Бордоо
Хавар, зундаа бордоо тэжээл өгдөг. Иж бүрэн минерал бордоог 2 долоо хоногт нэг удаа бага тунгаар найруулж хэрэглэнэ. Бордохын өмнө эхлээд жирийн усаар услаад, 20 минутын дараа бордоотой шингэнээ өгнө. Цэцэглэлтийг өдөөхийн тулд Р (фосфор), K (калий) илүү агуулсан бордоогоор услана. 

Үржүүлэх арга
Аглаяг мөчрөөр үржүүлэх төвөгтэй гэж үздэг, гэхдээ болдог. Хавар хагас модорхог болсон мөчирний үзүүрээс 15-20 см урттайг тайрч аваад үндэслүүлэгч бодис ("Корневин")-д дүрээд дан вермикулитанд, эсвэл усанд хийнэ. Гадуур нь вакумдаж чийглэг орчин бүрдүүлнэ. Ойролцоогоор 2 долоо хоноод үндэслэдэг. Харин 3 долоо хоноод хөрсөнд суулгаж болно. 
Үндэслүүлэгч хэрэглээгүй бол удааширна.
Цэцэгчдийн ажигласнаар зун мөчрөөр ер үндэслэдэггүй. Мэдээж намар, өвөл мөчир үндэслэдэггүй. Хэрэв үндэслүүлэх шаардлагатай бол нэмэлт гэрэлтүүлэг, хүлэмжний чийгтэй дулаан орчин бүрдүүлээд туржиш болно. 
Үрээр үржүүлж болох ч үр гаргаж авах нилээн хүндрэлтэй. Учир нь эр, эм цэцэгүүд нь тасалгааны нөхцөлд тоос хүртэхдээ ховор. 

Цэцэглэлт
Цэцэг жижигхэн бөмбөлөг хэлбэртэй, нимбэгний зөөлөн үнэртэй. Гэхдээ зарим цэцэгчид үнэрийг нь мэдэрдэггүй. Үүнийг тайлбарлахдаа үнэр нь ихэнхдээ өглөө үүрээр илүү ялгардаг ба модны яг хажууд биш, жоохон зайтай байхад илүү мэдрэгддэг байна. 
Мөн үнэр илүү ялгарахад агаарын чийгшил, гэрэл болон агаарын дулаан маш их үүрэгтэй гэнэ. Гэрийн нөхцөлд тэр бүр цэцэглүүлж чаддаггүй цэцэгчид байдаг, иймээс навчаар гоёдог мод гэж ургуулдаг. 

Шилжүүлэн суулгах
Үндэсний хэмжээгээр саваа томруулна. Үндэсээр сав дүүрээд ирэнгүүт дараагийн том саванд шилжүүлнэ. Нэг метр өндөрт хүрээгүй залуу модыг жил бүр шилжүүлж суулгадаг. 
Харин том модыг 2 жилд нэг удаа шилжүүлж суулгана. Үндэс хүчирхэг, маш хурдан ургаж тэлдэг, хөрсийг бүрэн эзлэж савыг дүүргэдэг. 
Лаакдаагүй шавар саванд суулгасан нь дээр байдаг. Хэлбэр нь доогуураа өргөн, дугуйдуу сав илүү тохирдог. 
Доод навчис унаад (ялангуяа идэвхтэй ургалтын улиралд), шинэ нахиа нь хумигдсан, зангирсан, зөв хөгжөөгүй, жижигхэн хэмжээтэй гараад эхэлвэл сав томруулах болсоны дохио байдаг. 

Тайралт
Хавар бүр тайралт хийнэ. Гэхдээ түрүү жил шинээр гарсан мөчирнүүдийг тулгаж тайрч болохгүй, заавал богино ч гэсэн хэсэг үлдээх хэрэгтэй. Хатсан, үхсэн, гэмтсэн мөчирнүүдийг бүгдийг тайрна. 
Илүү өтгөрүүлж, хэлбэржүүлэхийн тулд ургалт үед (хавар, зун) нь чимхэлт хийж байх хэрэгтэй. Сүүлийн үеийн шинэ сортууд өөрсдөө салаалж мөчирлөөд байдаг тул чимхэлт тэр бүр хэрэггүй байдаг.  
Бонсай болгож ургуулахад тохиромжтой ургамал. 

Зарим онцлог
- Тогтмол, жигд услахгүй бол хөгшин навчнуудаас эхлээд хатаж унаад, яваандаа халзан мөчирнүүд үлдэж үзэмж үгүй болно. 
- Том модны хэлбэрийг тайралтаар өөрчилж, засаж болно. 
- Усаар шүршихдээ хатуу ус хэрэглэж болохгүй, мөн тоостой навчийг усаар шүршиж болохгүй. Навчис толботой болно.
- Элдэв хорхой шавжинд маш сайн тэсвэртэй ургамал. Фикус буюу Удамбор цагаан далавчит эрвээхий, бамбайт шавж, аалзан хачигт зэрэгт баригдаад байхад хажууд нь Аглайя зүв зүгээр ногоороод ургаад байна.



https://kwitkaman.com
https://saigonhoa.com
http://www.adenium-sib.ru
https://ukrflowers.info
http://www.flowersweb.info
https://floralworld.ru
http://www.prilichno.ru
https://all-begonias-tamaravn.blogspot.com

Tuesday, December 4, 2018

Залгалт хийсэн туршлага

Нэг модноос хэдэн өөр өөр сортын жимс ургаад гоё байна уу? Залгалт хийсний үр дүн. "Залгалт" гэж юу вэ?
"Залгалт" гэдэг нь энгийнээр хэлэхэд нэг ургамлын хэсгийг нөгөө ургамалд залгаж "нааж" ургуулахыг хэлж байгаа.
Ямар тохиолдолд хэрэглэдэг вэ:
- үндэслэхдээ муу цэцэг, ургамал байдаг. Гэрийн нөхцөлд үндэслэж өгдөггүй. Тэдний мөчирнөөс авч өөр, сайн үндэстэй ургамалд залгахад цааш ургаад байна. Жишээ нь азалия байна. Эсвэл хятад сарнайн зарим гибрид сортуудыг зөвхөн залгалтаар үрслүүлдэг. Яаж ч хичээгээд үндэс гардаггүй. Ийм тохиолдолд гибрид хятад сарнайн мөчрийг жирийн сортын хятад сарнайн мөчир дээр залгадаг. 
- ховор, нандин ургамлыг мөн ийм аргаар үржүүлээд байж болно. 
- жимс, ногооны төрлүүдэд их хэрэглэдэг. Жишээ нь, улаан лооль, жимсний бүх төрлийн мод, бут, гэрийн нөхцөлд хамгийн түгээмэл нь - нимбэгний мод залгах. Та үрээр нимбэг ургуулаад 10-20 жил цэцэглэхийг нь хүлээхгүй 2-3 жил болоод л жимслүүлээд авмаар байвал жимсэлдэг нимбэгтэй айлаас мөчир авчирч өөрийн модтой залгаж өгдөг. Ойролцоогоор 2 жилийн дараа цэцэглэдэг, жимсэлдэг болно. 
Гибрид ургамлууд маш ааштай төрлүүдэд орно. Хэрэв та ховор гибрид сортын мөчир олж авсан бол түүнийгээ усанд, эсвэл хүлэрт хөрсөнд үндэслүүлэх гэж цаг бүү алдаарай. Залгалт хийж бэлэн модтой болсон нь дээр. 
Орчин үеийн хэт ганган гибрид сортууд үндэслэхдээ маш муу, харин залгахад маш амархан суурь цэцэгтэйгээ наалддаг. Тэгээд ч усанд хийсэн мөчир үндэслэсэн ч удаан ургадаг, хэдэн жилийн дараа л цэцэглэдэг талтай. Залгалт хийснээр хурдан, найдвартай, эсэргүүцэл сайтаа цэцэг гарна. 
За ингээд залгалтыг сайн үндэс хөгжсөн ургамал дээр жимс цэцэг сайн гардаг ч юм уу, эмзэг, үндэс нь хөгждөггүй гээд төрөл бүрийн шалтгаануудаас болж хийдэг байна.
Залгалт хийх хугацаа
Залгалтыг хавар цэцэглэлт дууссаны дараа, 5-6 сард хийдэг. Тасалгааны цэцгэнд зун ч хийсэн болно.
Залгалтын хугацаа нь суурь мод, мөчирнүүдийн байдал, агаарын чийгшил, ариун цэвэр гээд олон юмнаас шалтгаалж хоёр долоо хоногоос хэдэн сар байж болно.
Залгалтыг олон янзаар хийдэг. Тасалгааны цэцгэнд хийх тул энэ удаа хамгийн хялбар, түгээмэл аргаас авч үзъе:
Залгалт хийсэн хибискус
Шаардагдах зүйлс:
1. Юуны өмнө залгалт хийх суурь модоо бэлдэнэ. Залгалт хийх суурь мод нь чадалтай байх хэрэгтэй. Туршилтанд тохирох хурдан ургадаг тасалгааны ургамал - хибискус, хим, нимбэгний мод, шимтэглэй.
Миний бэлдсэн мод нь - штамб буюу стандарт хэлбэртэй хим (абутилон). Зураг дээр бараг жил хагас ургуулсан байгаа байдал. Цэцэгний өнгө нь сайн таалагдахгүй байсан. 
 
JAVA сортын том цэцэгтэй хим
2. Шинэ цаасны хутга. Хэрэглэж байсан хутга бол спирттэй уусмалаар арчиж ариутгаж цэвэрлэнэ. Залгалт хийх бүрийдээ ариутгасан багаж хэрэглэж байна. Ажил эхлэхийн өмнө гараа сайн угаагаарай.
3. Эмнэлгийн резинэн бээлий. Ийм бээлий нь урагддаггүй, суналт сайтай, залгалт хийхэд тохирдог.
4. Залгалтаа гадуур нь вакумдах гялгар уут, уяа боолт, эсвэл хавчаар.
5. Хайч
6. Хэд хэдэн сортын мөчир бэлдэх хэрэгтэй:
     

     В. Жижиг улаан цэцэгтэй сорт 

Залгалт хийх арга:
Maш олон арга байдагаас хамгийн энгийн, хийхэд хялбар 2-3-ыг нь сонголоо.

Дээрх аргуудаас хамгийн хялбар, амархан, туршлагагуй хүнд эвтэйхэн нь сүүлийн арга байв.

Санаа авсан, дагаж хийсэн видео:
 
2014 оны 3 сард хийсэн залгалт
За ингээд бүх юмаа бэлдсэн, яаж хийхээ мэдээд авсан тул дээрх зааврын дагуу хийлээ. Харамсалтай нь түрүү жилийн бүх зураг устсан тул үзүүлэх юм хомс байна.
Анхааралдаа авах хэдэн зүйл:
1. Мөчир, суурь модондоо зүсэлт хийгээд удах хэрэггүй. Учир нь зүсэлт хийхээр цавууллаг, наалдамтгай бодис нь амархан хатдаг тул, тэрийг хатахаас өмнө амжиж боолтоо хийгээд авбал барьцалдаж наалдаж ургах нь илүү хурдан, мөн найдвартай.
2. Чанга ороох тусам залгалт хурдан наалдаж ургадаг. Эмнэлэгийн бээлий илүү тохиромжтой гэсэн тул үүнийг дандаа хэрэглэж ирсэн. Гэхдээ хүнсний "скоч" нэртэй ниллэг ороолтыг нарийхан хайчилж аваад хэрэглэж болно.
Эмнэлэгийн бээлийнээс ороох тууз бэлдэхдээ 2 см-ээс өргөн аваарай. Хэт нарийхан тууз сайн татахад тасарчихдаг, эсвэл сунаад утас шиг болчихдог.
3. Гадуур нь гялгар уутаар битүү вакумдна. Үүнийгээ нээж агаар оруулах шаардлага байдаггүй. Энэ уутныхаа буланд зүүгээр 2-3 нүх гаргавал агаар ороод байна.
За ийм болгосон модоо нарны халуун хурц гэрлээс хамгаална. Гэхдээ хангалттай тод гэрэлд тавьна. Усалгаа, дулаан хоёр дээр анхаарна. Бусад навчуудийг нь өдөр бүр шүршиж байна. Заримдаа сулхан бордоотой усаар шүршинэ. 3-4 долоо хоног хүлээнэ.
Залгасан мөчирнөөс шинэ нахиа ургаж эхэлвэл амжилттай боллоо гэсэн үг. Вакум орчноос нь бага багаар гаргаж, ердийн нөхцөлд дасгаж байж уутаа авна.
Амжилтгүй бол залгасан жижиг хэсгүүд харлаад, үхсэн нь мэдэгдэнэ. Тэгсэн тохиолдолд модоо жоохон амрааж, навч мөчрийг нь сэргээж байгаад дахиад хийгээрэй.
Сарын дараа 3 өнгийн цэцэгтэй мөчирнүүд бүгд амжилттай наалдаж ургасан байсан. Мод маань ажил дээр байсан тул зун амраад 3 долоо хоног ажилдаа очоогүй. 8 сарын сүүлээр ирсэн чинь жижиг улаан цэцэгтэй мөчир маань хатсан байв. Тиймээс залгалт хийсэн бол өөрөө хамт, хажууд нь байсан нь дээр юм билээ. :-))))))
Ингээд суурь модны цайвар ягаантай нийлээд 3 өнгийн цэцэг гардаг модтой үлдлээ. Хамгийн түрүүнд жижиг шар цэцэг гарав:
 
2014 оны 7 сард анхны залгалт цэцэглэлээ

 
Цаашдаа ингээд нөгөө 2 өнгө нь ч цэцэглэсээр байв. Гурван өнгө зэрэг цэцэглэснийг хараагүй.

 
2014 онд хийсэн залгаaдасууд ингэж сайн наалдаж ургасан байв.
2015 оны шинэ залгалт хийх бэлтгэл ажил:
1. Суурь модоо чангаруулах, хүчтэй болгох
Модоо гэрлүүгээ авчирлаа. Сав, хөрсийг нь сольсон. Хөрс: хөвсгөр орос бэлэн "Бегония" хөрс дээр гумус, перлит, модны нүүрс нэмэж хийсэн. Хатуу, удаан задардаг, хөрсөнд хийдэг үрлэн бордоо байвал хийвэл зүгээр. 6 сар задардаг тул бас амар. Надад бэлэн байсангүй.
Сулхан бордоотой усаар навчийг шүршиж бордож эхэлсэн. Удалгүй цэцэглээд, навч нэмээд сэргээд ирэв.
 
Энэ хавар жижиг шар цэцэг илүү хүчтэй, түрэмгий ургасан. Иймээс энэний мөчир дээр дараагийн залгалтаас хийнэ дээ гэж нүдлэж авав. Тэр доор улаанаар тодруулсан нь хар цэцэгтэй хим цэцэглэсэн байгаа нь.
Хар цэцэгтэй хим энэ жил мөчир нь их муу ургаж байна.
Бүдэг ягаан өнгө маань гоё тод өнгөлөг цэцэг гаргав.  За ингээд суурь мод бэлэн болов.

2. Модны мөчирнүүд ургаад, өөрчлөгдөөд, хаанаас ямар өнгө ургаж байгаа нь мэдэгдэхгүй болоод ирэв. Анх өнгө бичсэн хаяг мөчир бүрээс унжуулж байв.  
Яваандаа хаяг унах, хөдлөх, усаар шүрших бүрийд бичиг нь арилах гээд өөр арга зам хайх шаардлага гарав. Тиймээс ийм өнгө өнгийн жижиг модон хавчаар авлаа.
Шар цэцэгтэй мөчрийг шар хавчаараар,  хар цэцэгтэйг - улаан хавчаараар, бүдэг ягааныг ягаанаар гээд тус бүр тэмдэглээд хавчив.
3. Залгах сортуудаа бэлдэв: 2014 болон 2015 оны залгалтуудыг маань дэмжиж химний мөчирөөр хангасан цэцэгчин найз Б. Байгалмаа эгч, Б. Нямсүрэн нартаа баярлалаа.
     А. Цагаан цэцэгтэй хим: өвөл үрслүүлээд, ургуулаад бэлдэв:
 
     Б. Шар том цэцэгтэй хим. Энэ төрөл нь өвөл навчаа гөвдөг тул ирэх өвөл ямаршуу давахыг сайн мэдэхгүй л байна. Бас нэг туршилт, шинэ юм сурах юм даа. Цэцэглэж байгаа зураг хадгалж үлдээгүй тул цэцэгчин найз Даваацэцэгийн авсан зургийг тавив. 
Энэ хавар олигтой өөр юм бэлдэж чадсангүй. Энэ хоёрыг залгахаар ажилдаа гарав:
Залгалт 2015 оны 5 сарын 3-нд хийв:
 
Залгалт хийсний дараа модныхоо энэ олон навчнаас тайрав. Хамаг хүч, анхаарлыг залгалтандаа явуулахын тулд цэцэглэж байсан, бундуулсан байсан бүх мөчирний үзүүрүүдийг богиносголоо.

 2015 оны 5 сарын 26-ны өдөр:
Цагаан хавчаартай мөчир нь цагаан химнийх. Шинээр нахиа гараад, шинэхэн навч нь овоо томорсон байгаа нь.

Шар хим мөн залгалт амжилттай болсон: шинэ нахиа гаргасан, хуучин навчны хайчлаад үлдээсэн хэсгүүд хэмжээ нь томорсон байна.

Цагаан, шар хоёр залгалт хамтдаа. Түрүү жилийн залгалт хийсэн газруудыг маркераар будсан байгааг харж байгаа байх. Заримдаа тайралт хийхдээ хэт тайраад залгалтаа үгүй хийчих вий гэж айдаг юм. :-)))))) 

Түрүү жилийн улбардуу шар жижиг цэцэгтэйн мөчрнүүдийг улбар шар хавчаараар солив. Харин сая залгасан том шар цэцэгтэйг шар хавчаараар тэмдэглэв. Гадуур нь битүү боосон байсан гялгар уутнуудаа суллаад, амсарыг нь чөлөөтэй, задгай болгов. 7-10 хоногийн дараа бүүр авна.
 
Иймэрхүү маягаар 5 өнгийн цэцэгтэй модтой болов. Манайх нар үздэггүй байрлалтай тул гэрэл, нар маш их дутагдаж байна. Нартай бол бүх 5 өнгө цэцэглэхэд бэлэн.
Дараагийн залгалтын шинэ сортоо олсон байгаа. Амжвал энэ зун хийнээ. Тэгээд гэрэл гаргаад бүх өнгийг нь зэрэг цэцэглүүлчихвэл ч ингээд л унаад байх байхдаа.
  
PS: 2015-06-02  
Цагаан химний навч томорсоор:

Шар хим ч гэсэн шинээр нахиа гаргаад л байна.

2015-06-07
Түрүү жилийн жижиг шар цэцэгтэй залгасан мөчир цэцэглээд л байна. Сарын өмнө залгасан цагаан химний мөчир ургасаар...
 

2015-06-23
 
Цагаан цэцэгтэй мөчир                                                  Шар цэцэгтэй мөчир
2015-07-03
 

2015-07-09
 
Шар том цэцэгт залгаадас маань бундуулжээ. Цагаан нь бундуулж эхлээгүй байна.

2015-07-21