Tuesday, May 1, 2018

Плюмбаго


Плюмбаго нь Өмнөд Африкаас гаралтай ургамал. Нутгийн ардууд уг ургамлын үндэсээр өөрсдийгөө хар тугалагын хордлогоос хамгаалдаг байсан байна. Үүнээс үүдээд Плюмбаго нэршилтэй болжээ. («plumbum» - латинаар «хар тугалга»).

Плюмбаго жижгэвтэр бутлаг ургамал. Цэцэг нь цайвар цэнхэр, хөх, ягаан, улаан гээд төрөл бүрийн өнгөтэй байдаг. Задгай талбайд 3−4 метр өндөр хүрнэ. Тасалгааны нөхцөлд саванд 1-2 метр урт ургадаг. Ургалт хурдан. Арчилгаа онцын их шаардаад байдаггүй. Үндэсний шүүсээр даавуу г.м. зүйлийг цэнхэр өнгөнд оруулах будаг гаргаж авдаг. 

АРЧИЛГАА

Гэрэл

Плюмбаго бага зэрэг шууд нарны тусгалд байрлуулахад сайн. Харин зуны хурц нарнаас хамгаална. Өвөлдөө нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө. Баруун болон зүүн зүг рүү харсан цонхон дээр илүү ургадаг. Урд зүг рүү харсан цонхны тавцан дээр заавал үдийн хурц нарнаас хамгаалж, сарнисан гэрэл гаргаж өгнө.

Агаарын дулаан

Зуны улиралд агаарын хэм +18-22С байна. Үүнээс халуун өдрүүдэд агаарын чийгшилийг нэмэж өгнө. Намар агаарын хэмийг аажмаар багасгасаар өвөл гэхэд +8-12С хэмд байлгана. Хэрэв хүйтний улиралд сэрүүн өвөлжүүлж, нэмэлт гэрэлтүүлэг тавихгүй бол плюмбаго навчаа гөвдөг. Агаарын урсгал байнга шинэчлэгдэж байх ёстой байдаг. Битүү орчинд мөн навчаа гөвдөг. Зун заавал гадаа агаарт гаргана. 

Усалгаа

Зун усалгааг хангалттай их хийнэ. Хөрсний өнгөн үе хатасхийнгүүт дараагийн услагааг хийнэ. Харин өвөл багавтар усаар зайтай услана. Усалгаа хооронд хөрс хатаж амжсан байх ёстой.
Усалгааг зөөлрүүлсэн, хлоргүй, жаваргүй бүлээвтэр усаар хийнэ.


Агаарын чийгшил

Жирийн үед тасалгаанд ургаж байгаа плюмбагог шүршээд байдаггүй. Хэрэв тасалгааны хэм +15С -аас дээш байх юм бол өдөр бүр орчин тойрны агаарыг зөөлөн бүлээн усаар шүршиж байх, эсвэл  өөр бусад аргаар агаарыг чийглэг болгох тал дээр анхаарна.
Зун гадаа гаргаж ургуулах ба +25С хэмээс дээш халсан тохиолдолд өдөртөө хэд хэдэн удаа байнга шүршиж байна.

Бордоо

Хавар 3 сараас эхлээд намар 9 сар хүртэл долоо хоногт нэг удаа минерал бордоогоор тэжээл өгнө. Гэхдээ заавар дээр байгаа тунгаас хоёр дахин бага, шингэвтэр найруулж хэрэглэнэ. Цэцэглэлтийг дэмжих үүднээс цэцэгт ургамлын бордоо хэрэглэнэ.

Хөрс, шилжүүлэн суулгах

Плюмбагог гурван нас хүртэл нь жил бүр шилжүүлж суулгадаг. Хавар 3 сарын эхээр савыг томруулж, хөрс сольж суулгана. Шинэ сав нь хангалттай том, зайтай, доороо илүүдэл ус урсаж гарах нүхтэй байна. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Хөрсөнд бэлэн универсал хөрс авч болно. Өөрөө бэлдэх бол: ялзмаг 1, ширгэн хөрс 4, элс 1, навчин хөрс 1, хүлэрт хөрс 1 гэж авна.  
Үзэмжтэй ургуулахын тулд 1-2 жил болоод шинэчлээд байсан нь дээр байдаг. Хэрэв 3-4 нас хүртэл нь ургуулсан бол сав томруулах, шилжүүлэн суулгах ажлыг 2-3 жилд нэг удаа хийж байхад болно.


Цэцэглэлт, тайралт

Зун цэцэглээд дууссан мөчир, нахиаг тайрна. Плюмбагог хавар бүр хэлбэржүүлж, титэм гаргаж тайрдаг. Мөчирнүүд нь уян хатан биш, хатуу тул хэлбэр оруулахыг аль болох эрт хийдэг. Штамб, мод, бут, унжсан хэлбэрээр гээд төрөл бүрээр хэлбэр оруулж болно. Хавар хийх тайралт нь нилээн богино байна – уртаашаа 5 см богино мөчирнүүд үлдээхэд болдог.
Өвөл сэрүүн өвөлжүүлж байж зун сайн цэцэглэлт гардаг. Дулаан газар өвөлжүүлсэн бол цэцэглэлт муу байна.

Үржүүлэх аргууд

Үрээр болон вегетатив аргаар үржүүлнэ. 
- Вегетатив арга
Хавар тайралтаас гарсан мөчирнүүдийн үзүүр хэсэгээс 10 см урт тасдаад, дан перлитэнд эсвэл хүлэрт хөрс, элстэй хольж суулгаж болно. Гадуур нь вакумдаад, +14-16С хэмд байлгаж үндэслүүлнэ. Өдөр бүр вакумаа нээж агаар оруулж, бүлээвтэр усаар шүршиж услана. Ойролцоогоор хоёр долоо хоноод үндэслэнэ. Үндэслэснээс хойш 3-4 сар болоод цэцэглэнэ.

-Үрээр үржүүлэх
Хүлэрт хөрс, элстэй холиод үрнүүдээ суулгана. Дээгүүр нь вакумдана. Дулаахан, +20С хэмтэй газар байлгаж ургуулна. 
Томроод ургах явцад нь тусгаарлаж, салгаж суулгана.


Гарч болох хүндрэлүүд
Элдэв хорхой шавж илэрсэн тохиолдолд шууд хор цацаж устгана. 
Ус чийг дутсан тохиолдолд навч бараантаад, хатдаг.
Гэрэл, тэжээл дутсан тохиолдолд ургалт удааширч, цэцэглэдэггүй. 
Плюмбаго хортой ургамал тул шилжүүлж суулгах, тайралт хийх зэрэг үед анхааралтай байж, заавал бээлий өмсөөрэй.


http://sazhaem.info/plants/blooming/plumbago/uhod-za-svinchatkoj-v-domashnih-usloviyah.html 

No comments:

Post a Comment